Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2018/03030

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.С-д холбогдох

6,315,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, өмгөөлөгч О.М /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар: 2196/, хариуцагч Ц.С, түүний өмгөөлөгч Л.Н /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар: 1765/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт: Б.С нь хариуцагч Ц.С-ийн сууж байсан хүний эгч нь юм. Нийт 6,315,000 төгрөгийг шаардаж байгаа. Энэ нь талуудын хооронд үүссэн хэд хэдэн гэрээний харилцаатай холбоотой. Нэхэмжлэгч Б.С нь Турк улсад ажиллаж амьдардаг хүн юм. Нэгдүгээрт, 2014 оноос 2015 оны хооронд нийт 7 удаа 1,625,000 төгрөгөөр ахуйн хэрэглээний зүйлд зарцуулахаар аваад өгөөгүй. Хоёрдугаарт, 2017 оны 08 дугаар сард Ц.С байшиндаа засвар хийж, гэртээ паркетан шал, тогоор халдаг зуух шинээр авч тавихад мөнгө хэрэг болчихлоо гээд мөнгө зээлээч гэсэн. Тухайн үед Б.С-д мөнгө байхгүй байсан тул ээжийн тэтгэврийн зээлийг авахуулаад мөнгөө авчих, дараа нь төлье гэсэн. Тэгээд ээж тэтгэврийн зээл аваад 5,000,000 төгрөгийг Ц.С-д шилжүүлсэн. Хариуцагч энэ мөнгөнөөс 4,800,000 төгрөгийг төлсөн. 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Б.С-д 1,900 ам.долларыг А.Д-ийг Турк улсаас Монгол Улс руу явахад нь дайлгаад хариуцагч Ц.С-д өгсөн. Тэндээс 100 ам.долларыг нь ээжид өгөөд үлдсэний 1,800 ам.долларыг нь Ц.С авсан. Монгол мөнгөнд тооцоход 4,410,000 төгрөг болж байгаа. Энэ мөнгө бол байшин засварлахад зориулж зээлдүүлсэн мөнгө юм. Гуравдугаарт 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 364,500 төгрөгийг шилжүүлсэн. Эдгээр бүгд нийлээд 6,399,500 төгрөг болж байгаа. Гэхдээ 6,315,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2002 оноос хойш Б.С-ын дүү Б.А-тай гэрлэлттэй байсан ба хамт амьдраад 3 хүүхдийн аав, ээж болсон. Би зээлийн гэрээ гэж нэхэмжлээд байгаа мөнгийг аваагүй. Нэхэмжлэгч Б.С нь архичин, амьдрах чадваргүй өөрийн төрсөн дүү болох Б.А-д тусламж болгон өгсөн мөнгөө биднийг гэрлэлтээ цуцлангуут зээлсэн болгож нэхэмжилж байна. Бид гэрлэлтээ 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр цуцлуулсан. Манайх байшиндаа засвар хийхээр хадам ээж Б.Х-ээс 5,000,000 төгрөг зээлсэн. Би өөрөө Бид ББСБ-аас 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 4,000,000 төгрөгийн цалингийн зээл авч, дээрээс нь цалингийн 800,000 төгрөгийг нэмэн, нийт 4,800,000 төгрөгийг хадам ээжид өгсөн. Бусад ахуйн хэрэглээний зүйл, гутал хувцас авсан гэх 1,625,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Дүү А-тай нь хамт амьдарч байхдаа хүүхдүүддээ гутал хувцас авчирч өгдөг байсан. Тэдгээрийг эгчээсээ зээлээр авдаг байсныг нь мэдэхгүй. Би хувьдаа Б.С-с зээлж авч байгаагүй. Мөн 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 364,500 төгрөг бол Б.С Туркэд байхдаа Монголоос юм захиж авахуулсан. Тэр хэлээд байгаа 1,900 ам.долларыг би мэдэхгүй, аваагүй. Дөлгөөн Туркээс ирэхдээ эмээд өгөөрэй гээд 200 ам.доллар өгсөн. Тухайн үед хадам ээж хөдөө байсан тул ирэхээр нь би өгсөн. Өөр мөнгө мэдэхгүй. Гэрлэлт цуцлахад хашаа байшинг надад болон хүүхдүүдэд үлдээсэн тул надаас ингэж үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байна. Надад мөнгө өгч, гэрээ байгуулсан зүйл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Ц.С-д холбогдуулан 6,315,000 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлийг 2014-2015 оны хооронд 7 удаагийн үйлдлээр олгосон 1,625,000 төгрөг, хувийн орон сууцанд засвар хийхэд зориулан олгосон 4,410,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр олгосон 364,500 төгрөг, нийт 6,399,500 төгрөг байхаас 6,315,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч нь хадам эх Б.Х-ээс 5,000,000 төгрөгийн зээл авснаас 4,800,000 төгрөгийг буцаан төлсөн, Б.С-с зээл аваагүй тул төлбөрийн үүрэг байхгүй хэмээн маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй буюу нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Хэрэгт цугларсан баримтаас нэхэмжлэгч Б.С, хариуцагч Ц.С нарын хооронд үүргийн харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгөн хөрөнгө шилжүүлсэн, хариуцагч төлбөрийн үүрэг хүлээсэн болох нь тогтоогдохгүй байна.

Нэг. Нэхэмжлэгч 1,625,000 төгрөгийн шаардлагад холбогдуулан мөнгөн дүнг бичсэн гар бичмэлийг фото зургаар буулгасан бичиг гаргаж өгсөн ба энэ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, гар бичмэлийн мэдээлэл нь хариуцагчид мөнгө шилжүүлсэн агуулгагүй байх тул уг шаардлага хангагдах үндэслэлгүй.

Хоёр. Нэхэмжлэгч 4,410,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлийг 2017 оны 08 дугаар сард хариуцагч Ц.С хувийн сууцандаа засвар хийхэд зориулан мөнгө зээлэхийг хүсэхэд тэрээр Б.Х-ийн тэтгэврийн зээлийг авахуулаад хэрэглэж бай, удахгүй явуулна гээд 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 1,900 ам.доллар буюу 4,410,000 төгрөгийг Турк улсаас хүнээр дамжуулан хариуцагчид өгсөн гэжээ.

Хариуцагч Ц.С нь 2017 оны 8 дугаар сард тухайн үед хадам эх байсан Б.Х-ээс 5,000,000 төгрөгийг зээлж, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагаас зээл аван 4,800,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь хариуцагчийн тайлбар, гэрч Б.Х, Г.Б, Б.А нарын мэдүүлгээс тогтоогдож байна. /хх-37-38, 62/

Б.Г-н 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолтод ... 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр А.Д-өөр Турк улсаас эгч Б.С-ын дайлгасан 1900 ам.долларыг ногоон өнгийн пасканд тоолж үзүүлж гар цүнхэнд нь хийж бэлдээд эмээ Ц-оо өгөөрэй гээд Монгол Улс руу нисгэсэн болно. Хүү Дө-г Монгол Улсад газардсаны дараа утсаар лавлан эмээдээ мөнгөө өгсөн үү гэхэд Ц.С эгч цүнх уудлаад авсан гэж хэлсэн..., мөн А.Д ажил агуулга бүхий тодорхойлолтыг шүүхэд ирүүлжээ. Эдгээр хүмүүс нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй этгээд болох гэрчээр оролцож, мэдүүлэг өгөөгүй тул тодорхойлолтод дурдагдсан мэдээллийг үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй. Гэрч А.Ц нь ач хүү А.Д Турк улсаас ирэхдээ ногоон өнгийн жижиг цүнхтэй мөнгийг Б.С-д өгсөн боловч хэдэн ам.доллар байсныг хараагүй гэх ба гэрч зохигчдын маргаантай байгаа харилцаа, түүгээр гүйцэтгэх үүргийн талаар нотлоогүй тул хариуцагчийг 1800 ам.долларыг хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Гурав. Дараагийн шаардлагад хамаарах 364,500 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн нь Ц.С-ийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдоно гэх боловч дансны хуулгаас мөнгөн дүн хэнээс, юуны учир шилжүүлсэн нь тодорхойгүй тул энэхүү шаардлагыг нотолж чадахгүй.

Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээсэн зээлийн гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагчаас 6,315,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-с хариуцагч Ц.С-д холбогдуулан 6,315,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар гчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН