Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00295

 

 

 

 

 

 

 

 

 

                  ЖДҮХСнэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02440 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ЖДҮХС, хариуцагч “О М Б ” ХХК-д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 1 389 927 335 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хариуцагч Г.З, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад: Монгол Улсын Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн Газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2 дахь заалт, Төсөл сонгон шалгаруулах комиссын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийг үндэслэн ЖДҮХСтай 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2014/44 тоот Зээлийн болон Зээлийн барьцааны гэрээ байгуулан Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 26 дугаар байр, 26 тоотод байршилтай Ү-2205018458 улсын бүртгэлийн дугаартай 50м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Булган аймаг, Хангал сум 4 дүгээр баг, Нарс-2 хэсэг, Зүсмэл-2 тоотод байршилтай Ү-0413000041 улсын бүртгэлийн дугаартай 508,3 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 6302002608 нэгж талбарын дугаартай 17273 м.кв талбайтай эзэмшлийн газар зэргийг барьцаалан 1 000 000 000 төгрөгийг Мах боловсруулах үйлдвэрийн төслийн зориулалтаар 60 сарын хугацаатайгаар жилийн 3.3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл авсан. Зээл авснаас хойш зээлийн хүү 52 501 606 төгрөг төлсөн. Гэвч өнөөг хүртэл үндсэн зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг графикийн дагуу төлөөгүй 158 хоног хэтэрсэн тул Зээлийн гэрээний 6.1.1, 6.1.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээг цуцалж, “О М Б ” ХХК-аас дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөр 1 000 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 29 733 234 төгрөг, 158 хоногийн алданги 171 407 317 төгрөг, нотариатын төлбөр 11 500 төгрөг, нийт 1 201 152 051 төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгө болон бусад хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 1 389 927 335 төгрөг гаргуулж, гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн хариу тайлбарт: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг татгалзаж байна. Нэгэнт хугацаанаас өмнө гэрээг дангаараа цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэмж хүү алданги тооцохыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Гуравдагч этгээдийн тайлбарт: Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан иргэн Г.З нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн байна. Миний танил Э.С гэх хүн байдаг. Энэ хүн “би зээл авах гэж байгаа зээлийн баталгаа хэрэгтэй, нэн таатай хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл” гэсэн. Ингээд 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр уг хүсэлтийн дагуу 3 жилийн хугацаатай, Э.Сд Булган, Сэлэнгэ 3 дугаар баг Хялгант тосгон нарсны 2, зүсмэл 2-7 тоотод байрлах 000430393 тоот гэрчилгээтэй 17273 метр өөрийн өмчлөлийн орон сууц, газрыг барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэл олгосон. Итгэмжлэлээр, үйлдвэрийн зориулалттай газрын эзэмших эрхийг зээлийн барьцаанд тавиулах, холбогдох гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт төлөөлөн бүртгүүлэх, буцаан авах, лавлагаа өгөх, авах гэсэн эрхийг олгосон. Энэ итгэмжлэлийн хувьд Э.Сд энэ эд хөрөнгийг барьцаалах эрх олголоо гэж ойлгосон. 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн барьцааны гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ хийгдэхдээ “О М Б ” ХХК-тай байгуулсан.  Үүнээс харахад   уг гэрээ анх ямар нэг барьцааны гэрээгүй байгуулагдаад  6 хоногийн дараа буюу 2014 оны 11 дүгээр сарын  25-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан гэдэг нь харагдаж байна. гэрээ байгуулахдаа “О М Б ” ХХК-ийн захирал Э.С гэдэг статусаар гарын үсэг зурсныг  жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан хуулийн хувьд хүчин төгөлдөр итгэмжлэл гэж үзээд зээлийн барьцааны гэрээ хийж, Г.З барьцааны гэрээг Булган аймгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэ нь Э.Солонгийн гарын үсэг биш хэрэгт оролцож байгаа Г.Зын гарын үсгээр бүртгэл хийгдсэн байна гэсэн агуулгатай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоно.  Зээл авсан хүмүүс зээлийн мөнгөн хөрөнгөө хэрэглэж дуусаад, төлөх болохоор хариуцлага хүлээх хүн нь барьцаа хөрөнгийн өмчлөгчид болох Г.Буянжаргал, П.Э нар болсон. Итгэмжлэлийн бүх үг үсэг Э.Сд олгосон гэж бичигдээд зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С гэх хувь хүний регистрийн дугаартай хэсгийн дээд талд “О М Б ” ХХК-г гэж бичсэн байна. Гэхдээ итгэмжлэлийн үг үсгээр нь унших юм бол “О М Б ” ХХК-ийг төлөөлж байна гэсэн утга агуулга итгэмжлэлд байхгүй. Хэрэв  “О М Б ” ХХК-д олгож байгаа бол энэ итгэмжлэлийн ард хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар батлуулж хавсаргах ёстой. Гэтэл ийм нөхцөлтэй итгэмжлэлийг гэрээ хийснээс хойш 6 хоногийн дараа “О М Б ” ХХК-аас Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан дээр очиход үүнийг баталгаажуулаад барьцааны гэрээ үйлдэж байгаа нь энэ гэрээг дүгнэх шаардлагатай үйл баримт болсон байна гэж үзэж байна. Энэ талаар бидний гаргасан бие даасан шаардлагыг шүүх хүлээж аваагүй. 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр барьцаагүйг нь мэдсээр байж зээлийн гэрээ хийж, үүнээс 5 хоногийн дараа итгэмжлэлийг хувь хүн дээр хийлгэж, 6 дахь хоногт нь барьцааны гэрээ үйлдсэн нь хууран мэхлэх шинжтэй, гэмт хэргийн шинжтэй байвал үүнийг эрүүгийн журмаар талуудын гомдлоор шалгах байх. Иргэний хэргийн хүрээнд гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргасан гаргаагүй гэрээг шүүх дүгнэх бөгөөд зээлийн барьцааны гэрээ нь хууль зүйн хувьд хувьд хүчин төгөлдөр бус байгаа нөхцлийн шүүх харгалзан барьцаа хөрөнгөөс үүргийн гшйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “О М Б ” ХХК /РД: /РД:5890993/-аас зээлийн гэрээний үүрэгт 1 197 744 067 /нэг тэр бум нэг зуун ерөн долоон сая долоон зуун дөчин дөрвөн мянга жаран долоон/ төгрөг  гаргуулж, нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /РД:5290082/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 192 183 268 /нэг зуун ерөн хоёр сая нэг зуун наян гурван мянга хоёр зуун жаран найман/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “О М Б ” ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 26 дугаар байрны 26 тоот хаягт байрлах, улсыг бүртгэлийн Ү-2205018458 дугаарт бүртгэлтэй 50 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Булган аймгийн Хангал сум, 4 дүгээр баг, нарс-2 хэсэг, зүсмэл-2 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0413000041 дугаарт бүртгэлтэй, 2523.4 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай автогарааш, 508.3 м.кв талбай бүхий конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах гэрчилгээний 004430393 дугаар, нэгж талбарын 6302002608 дугаар бүхий 17 273 м.кв талбай  бүхий эзэмшлийн газар зэргийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “О М Б ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 6 146 670 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Зын давж заалдах гомдолд: Анхан шатны шүүх тооцооллын алдаа гаргасан гэж үзэж шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх шийдвэртээ хариуцагчаас үндсэн зээл 1 000 000 000 төгрөг, зээлийн хүү 26 336 750 төгрөг, алданги 171 407 317 төгрөг, нийт 1 197 744 067 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Зээлийн нийт алдангийг бодохдоо тооцооллын алдаа гаргасан бөгөөд хоног алдаж, буруу бодсон. Алдангийн нийт дүнгээс 645 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ дүнгээр шүүхийн шийдвэрийн дүнг бууруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үндсэн зээл, хүүтэй холбогдох хэсгийг нотлох баримтад үндэслэж зөв дүгнэсэн боловч алдангийн талаар хуульд нийцээгүй дүгнэлт хийжээ.

 

Нэхэмжлэгч ЖДҮХС нь хариуцагч “О М Б ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 389 327 335 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, хариуцагч “О М Б ” ХХК-ийн хооронд 1 тэрбум төгрөгийг, жилийн 3,3 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлдэх тухай зээлийн гэрээг, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр үүргийн гүйцэтгэлд Г.Буянжаргалын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205018458 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 26 дугаар байр 26 тоот, 50 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, П.Эын өмчлөлийн Ү-0413000041 дугаартай Булган аймаг, Хангал сум, 4 дүгээр баг, Нарс-2 хэсэг Зүсмэл-2 тоот, 2523,4 м.кв талбайтай үйлдвэрлэл, автогарааш, 508,3 м.кв талбай бүхий конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 000430393 дугаартай, 6302002608 нэгж талбарын дугаар бүхий Булган аймаг, Хангал сум, 4 дүгээр баг “Нарс-2” хэсэг Зүсмэл-2 тоот, 17273 м.кв талбай бүхий газрыг барьцаалан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулсан байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах итгэмжлэлийг П.Эаас 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, Г.Буянжаргалаас 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “О М Б ” ХХК-ийн захирал Э.Сд олгосон байна. /хх8-16/

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь зөв болжээ.

Зээлдэгч нь гэрээний хугацаанд үндсэн зээл 1 тэрбум төгрөгөөс гадна зээлийн хүүд 95 285 422 төгрөг, нийт 1 095 285 422 төгрөг төлөх үүрэгтэй, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл нийт 52 501 606 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 6.1.1, 6.1.2-т заасан үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нь үндэслэлтэй байна.

Шүүх хариуцагчаас төлөгдсөн 52 501 606 төгрөгийг нийт гүйцэтгэх үүрэг болох 1 095 285 422 төгрөгөөс хасч гүйцэтгэвэл зохих үндсэн үүргийн дүнг 1 026 336 750 төгрөг гэж тодорхойлсонд хариуцагч гомдол гаргаагүй байна.

Харин гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нөхцөлд хүлээх хариуцлага буюу алдангийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6.1.1-д “зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй 30 хоног хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн үлдэгдэлд 0,1 хувийн алданги тооцно” гэж тохиролцсон байх боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зээлийн гэрээ байгуулсан талууд гарын үсгээ зурж, баталгаажуулаагүй байхад анхан шатны шүүх зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн гэх үндэслэлээр алданги тооцсон нь буруу ба гэрээний хугацаа дуусаагүй тохиолдолд алданги тооцохгүй.  

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас алданги 171 407 317 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үндсэн зээл 1 тэрбум төгрөг, зээлийн хүү 26 336 750 төгрөгийг хариуцагч “О М Б ” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр П.Э оролцсон бөгөөд 508,3 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө мөн 17273 м.кв талбайтай эзэмшлийн газрыг зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээ хэлцэлд төлөөлөх, гарын үсэг зурах, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх, буцаан авах, лавлагаа өгөх бүрэн эрхийг “О М Б ” ХХК-д биш Э.Сд олгосон гэж тайлбарладаг.

 

Хэргийн 20-21 дүгээр талд авагдсан 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлд төлөөлүүлэгч талаас П.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдэгт “О М Б ” ХХК-ийг гээд Э.С гарын үсэг зурсан, “О М Б ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн лавлагаанд Г.З, Э.С нар итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд байх ба уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан итгэмжлэлд тавигдах шаардлагыг хангасан, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Гуравдагч этгээдийн хувьд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хийсэн гэх 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2014/44 дугаартай зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай шаардлага гаргасан боловч шүүх 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №12846 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж үзэж хүлээн авахаас татгалзсан байна. Гуравдагч этгээд нь маргаан бүхий асуудлаар тухайлан нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02440 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “О М Б ” ХХК-аас 1 026 336 750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 171 407 317 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “6 146 670” гэснийг “5 289 633” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                              

 

                              ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                     Н.БАТЗОРИГ

 

                                                ШҮҮГЧИД                     Ш.ОЮУНХАНД

 

                                                                                       А.МӨНХЗУЛ