Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2019/00860

 

Ж гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02440 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 295 дугаар магадлалтай,

Ж гийн нэхэмжлэлтэй,

“О ” ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1,389,927,335.00  төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Учралбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чанцалням, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.        

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад: Монгол Улсын Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн Газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2 дахь заалт, Төсөл сонгон шалгаруулах комиссын 2014 оны 10 сарын 15-ны өдрийн шийдвэрийг үндэслэн Ж тай 2014 оны 11 сарын 19-ний өдөр 2014/44 тоот Зээлийн болон Зээлийн барьцааны гэрээ байгуулан Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 26 дугаар байр, 26 тоотод байршилтай Ү-2205018458 улсын бүртгэлийн дугаартай 50 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Булган аймаг, Хангал сум 4 дүгээр баг, Нарс-2 хэсэг, Зүсмэл-2 тоотод байршилтай Ү-0413000041 улсын бүртгэлийн дугаартай 508,3 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 6302002608 нэгж талбарын дугаартай 17273 м.кв талбайтай эзэмшлийн газар зэргийг барьцаалан 1,000,000,000 төгрөгийг Мах боловсруулах үйлдвэрийн төслийн зориулалтаар 60 сарын хугацаатайгаар жилийн 3.3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл авсан. Зээл авснаас хойш зээлийн хүү 52,501,606 төгрөг төлсөн. Гэвч өнөөг хүртэл үндсэн зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг графикийн дагуу төлөөгүй 158 хоног хэтэрсэн тул Зээлийн гэрээний 6.1.1, 6.1.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээг цуцалж, “О ” ХХК-аас дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөр 1,000,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 29,733,234 төгрөг, 158 хоногийн алданги 171,407,317 төгрөг, нотариатын төлбөр 11,500 төгрөг, нийт 1,201,152,051 төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгө болон бусад хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2018 оны 09 сарын 25-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 1,389,927,335 төгрөг гаргуулж, гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг татгалзаж байна. Нэгэнт хугацаанаас өмнө гэрээг дангаараа цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэмж хүү, алданги тооцохыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбарт: Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан иргэн Г.Зоригт нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн байна. Миний танил Э.Солонго гэх хүн байдаг. Энэ хүн би зээл авах гэж байгаа зээлийн баталгаа хэрэгтэй, нэн таатай хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл гэсэн. Ингээд 2014 оны 11 сарын 24-ний өдөр уг хүсэлтийн дагуу 3 жилийн хугацаатай, Э.Солонгод Булган, Сэлэнгэ 3 дугаар баг Хялгант тосгон нарсны 2, зүсмэл 2-7 тоотод байрлах 000430393 тоот гэрчилгээтэй 17273 метр өөрийн өмчлөлийн орон сууц, газрыг барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэл олгосон. Итгэмжлэлээр, үйлдвэрийн зориулалттай газрын эзэмших эрхийг зээлийн барьцаанд тавиулах, холбогдох гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт төлөөлөн бүртгүүлэх, буцаан авах, лавлагаа өгөх, авах гэсэн эрхийг олгосон. Энэ итгэмжлэлийн хувьд Э.Солонгод энэ эд хөрөнгийг барьцаалах эрх олголоо гэж ойлгосон. 2014 оны 11 сарын 25-ны өдөр зээлийн барьцааны гэрээ, 2014 оны 11 сарын 19-ний өдөр зээлийн гэрээ хийгдэхдээ “О ” ХХК-тай байгуулсан. Үүнээс харахад уг гэрээ анх ямар нэг барьцааны гэрээгүй байгуулагдаад 6 хоногийн дараа буюу 2014 оны 11 сарын  25-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан гэдэг нь харагдаж байна. Гэрээ байгуулахдаа “О ” ХХК-ийн захирал Э.Солонго гэдэг статусаар гарын үсэг зурсныг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан хуулийн этгээдийн хувьд хүчин төгөлдөр итгэмжлэл гэж үзээд зээлийн барьцааны гэрээ хийж, Г.Зоригт барьцааны гэрээг Булган аймгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэ нь Э.Солонгын гарын үсэг биш хэрэгт оролцож байгаа Г.Зоригтын гарын үсгээр бүртгэл хийгдсэн байна гэсэн агуулгатай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоно.  Зээл авсан хүмүүс зээлийн мөнгөн хөрөнгөө хэрэглэж дуусаад, төлөх болохоор хариуцлага хүлээх хүн нь барьцаа хөрөнгийн өмчлөгчид болох Г.Буянжаргал, П.Эрдэнэбат нар болсон. Итгэмжлэлийн бүх үг үсэг Э.Солонгод олгосон гэж бичигдээд зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Солонго гэх хувь хүний регистрийн дугаартай хэсгийн дээд талд “О ” ХХК-ийг гэж бичсэн байна. Гэхдээ итгэмжлэлийн үг үсгээр нь унших юм бол “О ” ХХК-ийг төлөөлж байна гэсэн утга агуулга итгэмжлэлд байхгүй. Хэрэв “О ” ХХК-д олгож байгаа бол энэ итгэмжлэлийн ард хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар батлуулж хавсаргах ёстой. Гэтэл ийм нөхцөлтэй итгэмжлэлийг гэрээ хийснээс хойш 6 хоногийн дараа “О ” ХХК-аас Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан дээр очиход үүнийг баталгаажуулаад барьцааны гэрээ үйлдэж байгаа нь энэ гэрээг дүгнэх шаардлагатай үйл баримт болсон байна гэж үзэж байна. Энэ талаар бидний гаргасан бие даасан шаардлагыг шүүх хүлээж аваагүй. 2014 оны 11 сарын 19-ний өдөр барьцаагүйг нь мэдсээр байж зээлийн гэрээ хийж, үүнээс 5 хоногийн дараа итгэмжлэлийг хувь хүн дээр хийлгэж, 6 дахь хоногт нь барьцааны гэрээ үйлдсэн нь хууран мэхлэх шинжтэй, гэмт хэргийн шинжтэй байвал үүнийг эрүүгийн журмаар талуудын гомдлоор шалгах байх. Иргэний хэргийн хүрээнд гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргасан гаргаагүй гэрээг шүүх дүгнэх бөгөөд зээлийн барьцааны гэрээ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус байгаа нөхцлийг шүүх харгалзан барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02440 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “О ” ХХК /РД: /РД:5890993/-аас зээлийн гэрээний үүрэгт 1,197,744,067 төгрөг  гаргуулж, нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /РД:5290082/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 192,183,268 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “О ” ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 26 дугаар байрны 26 тоот хаягт байрлах, улсыг бүртгэлийн Ү-2205018458 дугаарт бүртгэлтэй 50 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Булган аймгийн Хангал сум, 4 дүгээр баг, нарс-2 хэсэг, зүсмэл-2 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0413000041 дугаарт бүртгэлтэй, 2523.4 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай авто гараш, 508.3 м.кв талбай бүхий конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах гэрчилгээний 004430393 дугаар, нэгж талбарын 6302002608 дугаар бүхий 17 273 м.кв талбай  бүхий эзэмшлийн газар зэргийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “О ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 6,146,670 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 295 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02440 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “О ” ХХК-аас 1,026,336,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 171,407,317 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “6,146,670” гэснийг “5,289,633” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чанцалнямын хяналтын журмаар гаргасан гомдолд: Магадлалд тооцооллын алдаа гаргасан гэж үзэж магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх магадлалдаа хариуцагчаас үндсэн зээл 1,000,000,000 төгрөг, зээлийн хүү 26,336,750 төгрөг нийт 1,026,336,750 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Зээлийн нийт хүүг бодохдоо тооцооллын алдаа гаргасан бөгөөд хоног алдаж, буруу бодсон гэж үзэж байна. Хүүгийн нийт дүнгээс 904,100 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ дүнгээр шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн уг хэргийн нөхцөл байдлаас үзэхэд зээлийн гэрээг байгуулсны дараа иргэн Солонго, П.Эрдэнэбатаас итгэмжлэл авч уг итгэмжлэлээр олгосон эрхийг гуйвуулан Барьцааны гэрээ байгуулсан. Уг гэрээг эрх олгогдоогүй этгээд бүртгүүлсэн зэрэг баримтуудыг хэргийг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзээгүй. Иймд хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ.

Нэхэмжлэгч Ж  нь “О ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,389,927,335.00  төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлага гаргасан, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тул үндсэн зээлийг төлөхөд татгалзахгүй, харин зээлийн хүү, алдангийг төлөх үндэслэлгүй гэж хариуцагч маргажээ.

2014 оны 11 сарын 19-ний өдөр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь “О ” ХХК-тай 1,000,000,000.00 төгрөгийг 365 хоногт 3.3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, зээлийн үндсэн төлбөрийг буцаан төлөхөөс чөлөөлөх хугацаа 12 сар, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцох нөхцөлийг тохиролцож зээлийн гэрээ байгуулж, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 26 дугаар байрны 26 тоот хаягт байрлах, улсыг бүртгэлийн Ү-2205018458 дугаарт бүртгэлтэй 50 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Булган аймгийн Хангал сум, 4 дүгээр баг, Нарс-2 хэсэг, Зүсмэл-2 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0413000041 дугаарт бүртгэлтэй, 2523.4 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай автограж, 508.3 м.кв талбай бүхий конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах гэрчилгээний 004430393 дугаар, нэгж талбарын 6302002608 дугаар бүхий 17 273 м.кв талбай  бүхий эзэмшлийн газар зэргийг уг зээлийн барьцаанд тавьж, барьцааны гэрээ байгуулагдсан байна.

Талууд зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч хүлээн авсан болон гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийг зөрчсөн эсэх талаар маргаагүй, харин гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсантай холбоотой зээлийн хүү, алдангийг төлөхгүй гэж хариуцагч маргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн барьцаа хөрөнгийн өмчлөгч П.Эрдэнэбат бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, түүний зээлдэгчид олгосон итгэмжлэл хуульд заасан шаардлагыг хангаагүй, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлгүй, барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбар гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо баталгаажуулж гарын үсэг зурсан,  барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн үүргийн эрх зүйн зохицуулалтад нийцсэн байна.

Талууд гэрээгээр хүү, алдангийг тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасанд нийцсэн бөгөөд нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.4.6-д зааснаар байгуулагдаж, Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн  19.1.3-т зааснаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох эрхтэй этгээд мөн байх бөгөөд зээлдэгч нь нийт 52,501,606.00 төгрөгийг буцаан төлж, 2016 оны 4 дүгээр сараас эхлэн төлбөр төлөх хуваарийг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. 

Нэхэмжлэгч анх шүүхэд 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШЗ2018/09864 дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамжаар нотлогдож байх тул 04 дүгээр сарын 21-ний өдөр гэрээ цуцлагдсан гэж тодорхойлон, зээлдүүлэгчийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс хойшхи хугацааны  хүү, алдангийг шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зохигчдын хооронд хийгдсэн зээлийн гэрээний 2.1.8, 10.2.1, 10.2.2-т үндэслэгдсэн, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1,  225 дугаар зүйлийн 225.1, 225.2,  205 дугаар зүйлийн 205.1-д заасныг зөрчөөгүй байна.                              

Зээлдэгч 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 872 хоногт 78,838,356.00 төгрөгийн хүү төлөх үүрэгтэйгээс үлдэх 26,336,750.00 төгрөгийн үндсэн хүү, алдангид 171,407,317.00 төгрөг, үндсэн зээл 1,000,000,000.00 төгрөгийн хамт  хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцжээ.

2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн барьцааны гэрээ нь  хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх тул үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй, эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д нийцсэн гэж үзнэ. 

Гуравдагч этгээд П.Эрдэнэбат нь “О ” ХХК-д биш, харин иргэн Э.Солонгод итгэмжлэл олгосон, барьцааны эрхийг Э.Зоригт улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хуульд нийцэхгүй гэж тайлбарласан ч хэрэгт авагдсан баримтаар энэ нь няцаагдсан, түүнчлэн барьцааны бүртгэлийн талаар маргасан баримт хэрэгт авагдаагүй тул гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлд гуравдагч этгээд эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангагдсан тухай зөв дүгнэсэн байх тул   гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чанцалнямын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа  “алдангийн талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй” гэсэн нь буруу юм.

Өөрөөр хэлбэл, “..зээлийн гэрээний 6.1.1-д зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй 30 хоног хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн үлдэгдэлд 0,1 хувийн алданги тооцно гэж тохиролцсон байх боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зээлийн гэрээ байгуулсан талууд гарын үсгээ зурж, баталгаажуулаагүй байхад анхан шатны шүүх зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн гэх үндэслэлээр алданги тооцсон нь буруу гэж нэхэмжлэлийн шаардлагаас алданги 171,407,317.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон” давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн анзын зохицуулалтад нийцээгүй, шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн байна.

Учир нь зээлийн гэрээнд эргэн төлөлтийн хуваарьт талууд гарын үсэг зурснаар 6.1.1-д заасан нөхцөл хүчин төгөлдөр үйлчлэх тухай тусгайлсан нөхцөл заагдаагүй, түүнчлэн эргэн төлөлтийн хуваарь нь талууд гарын үсэг зурагдах хэсэггүй байх тул давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т нийцээгүй гэж  үзнэ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлт хууль хэрэглээний хувьд алдаатай байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлд хамаарах тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 295 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02440 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чанцалнямын хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,250.00 /хорин зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

           ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН