Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 252

 

Н.А нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай         

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Н.Агийн өмгөөлөгч Б.Алтангэрэл, шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч Э.Ганбат, шүүгдэгч Н.А, Д.Д нарын өмгөөлөгч М.Гомборагчаа, шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Жаргалбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар                                                                            

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 01 дүгээр магадлалтай, Н.А, Б.Д, Д.Д, Г.Б нарт холбогдох 201513010089 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Дын өмгөөлөгч Э.Ганбат, шүүгдэгч Д.Д, Н.А нарын өмгөөлөгч М.Гомборагчаа, шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл, шүүгдэгч Н.Агийн өмгөөлөгч Б.Алтангэрэл нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2017 оны 11 дүгээр сарын 13-нд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Боржигон овогт Нийн А;

2.Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Бүргэд овогт Ды Д;

3.Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Тайж овогт Гын Б;

4.Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2010 оны 3 дугаар сарын 2-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Бы Д.

Шүүгдэгч Н.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Г.Б, Б.Д нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Н.А, Б.Д, Г.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Н.Аг бүлэглэн хүнийг алах гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Д, Г.Б нарыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Дийг бүлэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дид 3 жил хорих ял, шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар 12 жил 1 сар хорих ял, шүүгдэгч Г.Б, Б.Д нарт Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийг 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар 12 жил хорих ял тус тус шийтгэж,

шүүгдэгч Г.Б, Б.Д, Н.А нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Д.Дид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч Н.Агийн цагдан хоригдсон 584 хоног, Б.Дын цагдан хоригдсон 722 хоног, Г.Бын цагдан хоригдсон 741 хоног, Д.Дийн цагдан хоригдсон 445 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

шүүгдэгч Г.Б, Б.Д нарын барьцааны тус бүр 1.000.000 төгрөгийг шүүгдэгч нарт буцаан олгож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн түрийтэй хос гутлыг Б.Дад буцаан олгож, хугархай ташуур, улаан өнгийн судалтай хар малгай, sport гэсэн бичигтэй саравчтай хар саарал өнгийн малгай, хар өнгийн цахилгаан бороохой, Ерөөл гэсэн бичигтэй архины шилний хагархайг тус тус устгахыг даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3, 508.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баас 3.798.838 төгрөг, Н.Агаас 5.298.838 төгрөг, Б.Даас 2.798.838 төгрөг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Чад олгож, 2019 оны 12 дугаар сараас эхлэн Н.А, Б.Д, Г.Б нараас сар бүр 81.400 төгрөгийн төлбөр гаргуулж амь хохирогч Б.Аийн хүү А.У, охин А.С, А.Ш нарт тус бүр сард 27.133 төгрөгийн төлбөр тогтоож, тэднийг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар бүр олгуулах,

шүүгдэгч Г.Бын өмчлөлийн хөрөнгөнөөс 2.540.000 төгрөгийн үнэ бүхий 21 толгой буюу 2 бод, 19 бог мал, шүүгдэгч Н.Агийн өмчлөлийн 8.530.000 төгрөгийн үнэ бүхий 44 толгой буюу 11 бод, 33 бог мал, шүүгдэгч Б.Дын өмчлөлийн хөрөнгөнөөс 2.090.000 төгрөгийн үнэ бүхий 30 толгой бог малыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Дийн өмчлөлийн хөрөнгөнөөс 5.835.000 төгрөгийн үнэ бүхий 42 толгой буюу 7 бод, 35 бог мал битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.А, Д.Д нарын өмгөөлөгч М.Гомборагчаа, шүүгдэгч Б.Дын өмгөөлөгч Э.Ганбат, шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч С.Энхболд нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Дын өмгөөлөгч Э.Ганбат хяналтын журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.Шүүх Б.Дын үйлдэлд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж түүнийг “бүлэглэн” хохирогч Аийг алсан гэж үзсэнд гомдолтой байна. Гэрч Н мэдүүлэхдээ “...толгой дээр хүмүүс хоорондоо зодолдож байгаа харагдсан. Хоёр хэсэг хүмүүс байсан. Цаана байгаа хүмүүс нь бие биенээсээ зууралдаад харагдсан. Наад талд нь 5 тооны хүмүүс харагдсан, нэгнийгээ зодоод байгаа харагдсан... /хх-57/ гэжээ. Гэрч М.Нийн мэдүүлэгт хэлсэн цаана зууралдсан хүн нь Б, Д, наана нэгнийгээ зодоод байгаа 5 хүн нь А, Д, О, Б, хохирогч А нар болох нь тогтоогдсонтой тохирч байдаг. Наана гэх газарт хохирогч зодуулж унаж байхыг гэрч Н харсан. Дын хувьд хохирогчтой ямар ч харьцаанд ороогүй. Харин тусдаа Бтай маргалдан түүнд зодуулж хөнгөн гэмтэл авсан. Энэ үед хохирогчийг А, Д нар зодож байсан нь нотлогдсон.

2.Гэрч О мэдүүлэхдээ “Хохирогч А /нөгөө хүн/ Агийн дээр гарч сууж цохиж байхад манай нөхөр /Д/ гүйж очоод үл таних хүний нуруун тус газар нь нэг удаа өшиглөөд автал нөгөө хүн цаашаа өнхрөөд уначихсанаа сөхрөөд суучихсан... Б очоод үл таних хүний мөрөн тус газар түлхээд унагаад толгой руу нь гараагаа цохиод дараа нь өшиглөөд байсан, Д нуруун тус газар өшиглөсөн... /хх-54/ гэжээ. Гэрч Огийн мэдүүлгийг шүүх үнэлэхдээ алдаа гаргасан. Уг мэдүүлгээр “бүлэглэж” зодох үйлдэлд Д оролцож түүний хохирогчийг унагасан үйлдлийн дараа хохирогчийг сөхрөөд суух агшинд Б хохирогчийг түлхэж унагаж толгой руу нь гараар цохиж өшиглөсөн байхад Дид Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэстэй. А, Б, Д нарт Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа ганц Дийг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжгүй юм. Учир нь Эрүүгийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж...” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т: “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан. Шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй нь Дийг ганцаараа “бүлэглэсэн” гэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдсэнээс харагдаж байна.

Гэрч О нь Дийн эхнэр бөгөөд нөхрөө хамгаалах мэдүүлэг өгч, анх өгч байсан мэдүүлгээ өөрчилсөн. Гэрч О нь Б хохирогч Аийг сөхрөөд сууж байхад нь түлхэж унагаад толгой руу цохиж өшиглөсний дараа Д нуруунд нь өшиглөсөн гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлэгт дүгнэлт хийвэл хохирогчид Б тархины гэмтэл учруулсан үйлдлийн дараа Д нуруу руу өшиглөсөн болж байна. Гэвч хохирогчийн нуруунд нэг ширхэг ч гэмтэл /  хөхрөлт, шалбаралт/ тогтоогдоогүй, хохирогч нуруу нугасны гэмтлээр нас бараагүй болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Харин тархины хүчтэй доргилт, савалтын улмаас зөөлөн бүрхүүл доор цус харваж, түүний дараа үйлдэл хийх боломжгүй гэмтлээр нас барсан. Уг гэмтэл нь толгой, хүзүүний уулзвар хэсэгт хүч үйлчилснээс толгой савалж доргисноос үүссэн, уг хүч үйлчилсэн цэг нь хүзүүний зүүн ар хэсэг дэх 3x1.5 см тод цус хуралттай хэсэг байж болох нь тогтоогдсон. Быг хүзүүний зүүн хэсэгт өшиглөсний дараа хохирогч хөдөлгөөн огт хийгээгүй болох нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон.

3. Шүүгдэгч Б.Дад Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар ял шийтгэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь гэрч нарын мэдүүлгээр Д нь хохирогч Аийг А, Д, Б нар зодсон, /толгой руу нь цохисон, өшиглөсөн/ гэх үйлдлийн дараа нуруу руу нь өшиглөсөн гэж дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийг удирдлага болгож шийдвэрлэх байсан. Хохирогчийн биед нуруу, цээжинд ямар ч гэмтэл /хөхрөлт гэх мэт/ үүсээгүй нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.

Иймд Б.Дад холбогдох үйлдлийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож Дтой бүлэглэн нийтийн хэв журмыг бүлэглэж зөрчсөн... гэж үзэх бүрэн үндэстэй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн шүүгдэгчид ашигтай шийдвэрлэж өгнө үү" гэв.

Шүүгдэгч Н.А, Д.Д нарын өмгөөлөгч М.Гомборагчаа хяналтын журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.Анхан шатны шүүх нь Н.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн буюу хатгагч гэж үзэн ял шийтгэл оногдуулж байгаа нь буруу байна. Гэрч О нь 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн мэдүүлэгтээ “...Н.А чи яагаад байгаа юм бэ гэж хэлснээ нэгэн зүйлээр жирс хийх дуу гарахад Н.А эвхрээд уначихсан юм. Тэгээд талийгаач тус зүйлээрээ толгойн тус газар нь цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Б нь 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн мэдүүлэгтээ “...Эргээд харахад Н.А газар цасан дээр уначихсан, талийгаач түүний дээр гарчихсан нэгэн зүйлээр цохиод харагдсан. Тэгтэл Д, Б нар А болон талийгаач нарын зүг явж очоод миний ахыг зоддог хэн бэ гээд өшиглөөд авсан. А газар цасан дээр хэвтээ байдалтай цус нь гоожоод байтал, Д, Б нар талийгаачийг хөөгөөд талийгаач арагш ухраад босоо байдалтай нөгөө хоёртоо зодуулаад ухраад явж харагдсан. Тухайн үед талийгаачийг Д, Б нар хөлөөрөө өшиглөж, цохиод зодоод байгаа харагдсан. Тэгтэл А босоод тонгойгоод нүүрээ дагаж урсаад байгаа цусаа гараараа арчаад зогсож байсан..." гэх мэдүүлэг, яллагдагч Дын “...Н.Агийн нүүрэн тал нь цус болчихсон харагдсан, Г.Б түүний хажууд гүйгээд очсон. Тэгтэл талийгаач Н.А руу дөхөж очихоор нь би түүний араас тэвэрч аваад хажуу тийш нь түлхсэн, тэгтэл Г.Б талийгаач руу хандан ...миний найзын толгойг хага цохисон байна... гээд тэр хоёр хоорондоо зодолдоод эхэлсэн...” гэх мэдүүлэг, яллагдагч Г.Бын “...Нэгэн эмэгтэй хүний дуу гараад орилох шиг болохоор нь эргээд хартал Д талийгаачийн дээр гараад суучихсан, цаад талд нь Н.А зогсож харагдсан, би Агаас яасан бэ гэж асуухад талийгаачийг миний толгойг хага цохичихлоо гэж хэлсэн. Би Дын хамт талийгаач руу дөхөж очоод хэвтээ байдалтай байхад нь түүний бөгс рүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үед архи уусан байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна..." гэх мэдүүлэг зэргээс дүгнэлт хийхэд Н.Аг хатгагчаар оролцсон, бусдын амь насыг бүлэглэн хохироосон гэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлд “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг хатгагч гэнэ” гэж заасан байдаг. Гэтэл Н.А нь талийгаачид зодуулж эрүүл мэндээрээ хохирсон болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүд, яллагдагч нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. Харин Н.А нь талийгаачид зодуулж толгойн тус газраа хага цохиулчихлаа гэж хэлсэн байдаг. Энэ байдлаас өөр ямар нэгэн үйлдэл хийгээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл Н.А нь бусдыг хатгасан гэх гэмт хэргийн объектив талын шинж буюу үйлдэл нь тодорхойгүй байна. Н.А нь бусдыг алахад хүргэсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй. Мөн урьд нь талийгаачийн амь насыг хохироох талаар ямар нэгэн байдлаар бусдыг хатгасан, хөлсөлсөн үйл явдал хийгээгүй. Харин Б, Д нар талийгаачтай маргалдан зодолдож байх үйл явцад нас барсан болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч Бадамцэрэн, Отгонсүрэн, Батхуяг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Н.Аг бусдыг алахад хатгагчаар оролцсон гэм буруугүйд тооцож өгнө үү.

2.Д.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж уг ялыг биечлэн эдлүүлэхээр заасан нь шүүх хэрэглэх ёстой хуулийг бүрэн хэрэглээгүй байна. Учир нь Д.Д нь анх яллагдагчаар татагдсан цагаасаа эхлэн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг” үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа болон бусад баримтуудаар нотлогдож байдаг. Д.Дийн энэ үйлдлийн улмаас хэн нэгэнд хохирол, хор уршиг учраагүй байхад шүүх нь тухайн цаг хугацаанд болсон хүний амь нас хохирсон хэрэгтэй хамааруулан үзэж түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхээр заасан нь түүнд хуулиар олгосон боломжийг хязгаарласан шийдвэр болсон байна.

Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг нь 1-5 жилийн хорих ялын санкцтай буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг байна. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар түүнд оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзаж болохоор байна. Д.Дийн үйлдлийн улмаас ямар нэгэн байдлаар хохирол учраагүй байхад түүний үйлдлийг тусдаа үйлдэлтэй, тусдаа шүүгдэгч нартай, өөр зүйлчлэлтэй хүн амины хэрэгтэй холбогдуулан ял өгч эрх зүйн байдлыг нь дордуулж байна. Д.Дид оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзаж болохоор байна.

Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор Н.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хэрэгсэхгүй болгож, Д.Дид Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх, 6.7 дугаар зүйлийн 1.2 дугаар зүйлд заасныг журамлан тэнсэж хянан харгалзаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 01 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл хяналтын журмаар гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Магадлалд шүүгдэгч Д.Дийн үйлдлийг салган авч бусадтай бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай тогтоогдсон гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй байна. Учир нь шүүгдэгч Д талийгаачийн биед халдаж эхлэхэд, түүний үйлдлийг дэмжиж шүүгдэгч Д, А нар талийгаачийг хамтран зодсон байдаг. Энэ үйл баримт 3 дугаар хавтаст хэргийн 80 дугаар хуудас, 171 дүгээр хуудаст авагдсан гэрч Н.Бийн “ ...Д тэр залуугийн баруун шанаа руу гараараа цохиод тэр хоёр давхралдаад уначихсан, тэгсэн тэр залуу босч ирсэн байхад нь Д цээжин хэсэгт нь өшиглөж байхыг харсан” гэх мэдүүлгээр нотлогддог. Мөн гэрч З.Бгийн 1 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар хуудсанд авагдсан "...нэг хүнийг нөгөө хүмүүс нь ээлжлээд өшиглөж зодоод байгаа харагдсан, нэг хүн тэднийг салгаад байгаа бололтой боловч хүчрэхгүй байгаа байдал ажиглагдсан” мэдүүлгээр гэрч Б салгаж хүчрээгүй болохыг нотолдог. Харин шүүгдэгч Дийн эхнэр О, бэр эгч Б нарын хавтаст хэргийн 54, 56 дугаар хуудсанд авагдсан 2015.12.13-ны өдрийн мэдүүлгүүдэд Дийг зодооноос салгаж авсан гэх мэдүүлэг нь эргэлзээтэй төдийгүй өөрсдөө талийгаачийн биед халдсан байдал бусад гэрчийн мэдүүлгээс харагддаг.

Тухайлбал гэрч О, Б нар мэдүүлэхдээ Дийг Б зодооноос салгаж авсан, О нь тэр хоёрын ард зогсч байсан, талийгаач руу дөхөөгүй гэж хэлсэн нь мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэлд тусгагдсан байдаг. Гэтэл 3 дугаар хавтаст хэргийн 85 дугаар хуудсанд авагдсан гэрч Н.Бийн мэдүүлэгт “Дийн эхнэр би талийгаачийн гарнаас энийг булааж авсан юм гээд нэг хар өнгөтэй цахилгаан бороохой барьчихсан явсан” гэсэн, мөн тус цахилгаан бороохойг эд мөрийн баримтаар Дийн гэрээс эхнэр Огээс хураан авсан байдаг. Хэрэг гарах үед Д, түүний эхнэр нь талийгаачийг зодож, цохиж байсан талаар шүүгдэгч Б мэдүүлж байсан. Мөн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд шүүгдэгч Бын өшиглөсөн гэх байдлыг үзүүлсэн гэрч Огийн мэдүүлгийг шалгасан зураг 8, гэрч Бгийн мэдүүлгийг шалгасан зураг 6-д хохирогчийн байрлал зөрүүтэй байдаг нь гэрчүүдийн мэдүүлэг үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байдаг. Иймд эрүүгийн хариуцлагыг гэм буруутай үйлдэлд нь тохируулж оногдуулах шударга ёсны зарчмыг баримталж шүүгдэгч Д.Дийн үйлдэлд тохирох зүйлчлэл хийх хууль зүйн үндэслэлтэй байна. Гэрч О, Б нарын мэдүүлэг эргэлзээтэй, мөн бусад гэрчүүд мэдүүлэхдээ шүүгдэгч Г.Б талийгаачийн толгойд цохьсон гэх боловч толгойн хуйханд цус харвалт үүсгэх гэмтэл байгаагүй. Энэ талаар 4 дүгээр хавтаст хэргийн 176 дугаар хуудсанд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Г.Бд ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.09-ний 2020/ДШМ/01 дугаартай магадлалын шүүгдэгч Д.Д, шүүгдэгч Г.Б нарын үйлдэлд холбогдох хэсгийг хүчингүй болгон тохирох зүйл ангиар өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Н.Агийн өмгөөлөгч Б.Алтангэрэл хяналтын журмаар гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.2015 оны Эрүүгийн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан(1), хөлсөлсөн(2), гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн(3) хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан(4) хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно” гэсэн 4-н гол шинжийг заасан. Анхан шатны шүүх дээрх 4 шинжид байхгүй үндэслэлээр буюу Н.А нь бүлэглэн хүн алах гэмт хэрэгт Б.Д, Г.Быг “уриалан дуудаж авчран” гэх 2002 болон 2015 оны Эрүүгийн хуульд байхгүй үндэслэлээр шийтгэсэн.

Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хатгагчийг түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна” гэж заасан. Гэмт хэргийн хатгагчийг (Н.Аг) түүний хатгаснаар (уриалан дуудаж авчирснаар) үйлдсэн (бүлэглэн хүнийг алсан) гэмт хэргийн гүйцэтгэгчид (Б.Д, Г.Б нарт) оногдуулах ялаас багагүй ял оногдуулна. Өөрөөр хэлбэл Н.Аг, түүний “наадхаа алаач гэж хашгиран уриалан дуудсанаар” хохирогчийг бүлэглэн алсан Б.Д, Г.Бд оногдуулах ялаас багагүй ял оногдуулна... гэсэн ойлголтод хүрч байна.

Анхан шатны шүүх Н.Аг хүнийг санаатай бүлэглэн алах гэмт хэргийн хатгагчаар тогтоож, шийтгэсэн. Тэгвэл Н.А хатгагч юм бол хэн нь хатгуулагч (хөлслөгдөгч, ятгагдагч, татагдагч, гэмт хэрэг хийхэд зориуд хүргэгдэгч) юм. Хатгуулагч нь яаж хатгагдсан юм гэсэн асуултад хариулагдах учиртай. Хэрэв хатгагч гэж тооцох юм бол дараахь хүчин зүйлсийг хангасан байх шаардлагатай. Үүнд:

-Н. А хэнийг гэмт хэрэгт хатгасан бэ? -Б.Д, Г.Б нарыг,

-Б.Д, Г.Б нар ямар арга хэлбэрийн хатгалганд орсон бэ?

2015 оны Эрүүгийн хуульд заасан “хөлсөлсөн, гэмт хэрэг хийхэд татан оруулсан, гэмт хэрэг хийхэд зориуд хүргэсэн, бусдыг бусдаар дамжуулан хатгасан”, 2002 оны Эрүүгийн хуульд заасан “ятган сэнхрүүлсэн, заналхийлсэн, зоригжуулсан, өдөөн түлхсэн, бусад аргаар буюу шаналгасан” байх арга хэлбэрийн алинд ч хамаарахгүй байна.

3.Н.Агийн хатгалга буюу гэмт хэрэг хийхийг бусдаас (Б.Д, Г.Баас) шаардаж, тэдэнд хандаж гэмт хэрэг хийхийг:

-Ятган сэнхрүүлсэн - Үг хэлсэн

-Заналхийлсэн - Үг хэлсэн

-Зоригжуулсан - Үг хэлсэн

-Өдөөн түлхсэн - Үг хэлсэн

-Бусад аргаар буюу шаналгасан - Үг хэлсэн

-Хөлсөлсөн - Үг хэлж шан харамж өгсөн, өгөхөөр амласан үг хэлсэн

-Татан оруулахаар - Үг хэлсэн

-Гэмт хэрэг хийхэд зориуд хүргэсэн - Үг хэлсэн байх

4.Дээрхи үгнүүдийн аль нэгийг хэлснийг (хашгирахыг) -Б.Д, Г.Б нар сонссон байх

5.Сонссоны дараа тухайн хатгалгыг (үгийг) буюу ятгалгийг хүлээж авсан байх,

6.Хүлээн аваад гэмт хэрэг хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд орсон байх, улмаар түүний (Н.Агийн) гэмт хэрэг үйлдүүлэхээр хэлсэн ятган сэнхрүүлэх, заналхийлэл, зоригжуулалтын дор хүн алах гэмт хэргээ хийсэн байх.

Гагцхүү дээрхи хуулийн тусгайлсан шаардлагыг хангасан байж гэмт хэргийн хатгагч гэж үзэхээр хуульчлагдсан байна. Энэ дарааллаар хэргийн бодит байдалтай харьцуулъя.

1.Н.А нь Б.Д, Г.Б нарыг хохирогч Д.Аийг бүлэглэн алахад хатгасан эсэх,

2.Б.Д, Г.Б нар ямар арга хэлбэрийн хатгалганд орсон бэ? Энэ асуултад зөвхөн хатгалганд орсон Б.Д, Г.Б нар хариулах ёстой болохоос хөндлөнгийн Т.О гэх гэрч, түүний мэдүүлэг хариулах боломжгүй юм.

3.Н.Аг гэрч Т.О ...Н.А нь намайг цус нөжтэй маань хутгасан байхад та нар зүгээр өнгөрөөх үү, наадхаа алаач гээд хашгираад байсан гэх мэдүүлэг нь бусад нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдож байж нотлох баримтын шаардлага хангахаар хуульчлагдсан. Гэтэл өөр бусад байдлаар, бусад гэрчийн мэдүүлгээр нотлогдоогүй мэдүүлэг нь шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон. Уг мэдүүлгийн үгийг (хашгирааныг) тухайн газарт цуг дэргэд нь байсан гэрч Б, Э.Б, шүүгдэгч Б.Д, Г.Б, Д.Д, Н.А, ойр байсан гэх гэрч 3.Б, М.Н нарын нэгэн ч нотлодоггүй.

4.Дээрх Т.О гэрчийн мэдүүлэгт дурьдсан ...Н.А ... намайг цус нөжтэй маань хутгасан байхад та нар зүгээр өнгөрөөх үү, наадхаа алаач гээд хашгираад байсныг Б.Д, Г.Б нар сонссон байх учиртай бөгөөд хэргийн бодит байдалд тухайн хоёр шүүгдэгч буюу Б.Д, Г. Б нар нь дээрх “наадхаа алаач” гэсэн үгийг Н.Агаас сонсоогүй гэж мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд удаа дараа мэдүүлсэн байна.

5.Б.Д, Г.Б нар нь (хатгагдагч буюу үйлдэгч нар нь) Н.Агийн хатгасан (зөвхөн Т.Огийн бусад байдлаар нотлогдоогүй мэдүүлгийн үгийг) үгийг сонсоогүй байхад прокурор, шүүхүүд үйлдэгчид буюу Б.Д, Г.Б нар нь тухайн үгийг сонссон байж таараа гэх утгаар өөр бусад байдлаар нотлогдоогүй гэрчийн мэдүүлэг буюу зөвхөн Т.Огийн мэдүүлэгт хэт хөтлөгдөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

6.Сонссоны дараа тухайн хатгалгыг (үгийг) буюу ятгалгийг хүлээж авсан байх. -Б.Д, Г.Б нар нь “Алаач” гэх ятгалгыг сонсоод надад хандаж хэлж байгаа юм байна гэж ойлгож хүлээн авч, Н.Агийн хэлснээр, шаардсанаар, хашгирснаар хохирогчийг зодож алах юм байна гэж ойлгож, түүний нийгмийн аюулыг ухамсарласан байх учиртай.

7.Улмаар түүний (Н.Агийн) гэмт хэрэг үйлдүүлэхээр “Алаач” гэсэн тушаан шаардаж хашгирч хэлсэн үгийг сонсож, ойлгон зоригжиж, цаанаас гүйж ирээд хүн зодож алах гэмт хэрэг хийсэн байх.

8.Өөрөөр хэлбэл Н.А нь Б.Д, Г.Б нарыг хатгаж гэмт хэрэг хийлгэснийг Б.Д, Г.Б нар л мэднэ, эдгээр хүмүүс Н.Агийн хатгалгад орж хүн зодож алсан уу, хатгалгыг сонсоогүй хүн зодож алсан уу гэдгийг энэ хэргийг үйлдээгүй гэрч Т.Огээр нотлуулах боломжгүй юм. Үүнийг зөвхөн өөрсдийнх нь өгсөн мэдүүлэгт, тодруулж асууж байж Н.А тухайн гэмт хэргийн хатгагч гэдгийг тогтооно.

2015.12.10-ны өдөр 17 цагийн үед хохирогч Д.А нь шүүгдэгч Н.Аг 2 удаа Завхан аймгийн цагдаагийн албан хаагчийн албаны тусгай хэрэгсэл болох цахилгаан бороохойгоор (цахилгаан асаалттайгаар нь) цохисон болох нь гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, тухайн үйл явдлыг харсан гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогддог.

2015.12.13-ны өдрийн хураан авах тогтоолоор хар өнгөтэй, “РOLIСЕ” бичигтэй гар чийдэн бүхий цахилгаан хуучин бороохойг хураан авч /1хх-38/, 2015.12.18-ны өдрийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан. /1хх-40/

Н.А нь 2015 оны 12 сарын 10-нд хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас цагдаагийн албаны хэрэгцээнд ашиглаж байсан цагдаагийн албаны тусгай хэрэгсэл болох цахилгаан бороохойгоор толгойн тус газраа цохиулснаас толгойдоо гэмтэл авсан гэж тайлбарлаж байна. Уг тусгай хэрэгслийг эзэмших эрх нь эрх бүхий албан хаагч байх ба хэдийд ямар зорилгоор ашиглах, хүний биеийн хаана нь (толгойд цохихыг хатуу хориглодог) цохиж болох бүгд цагдаагийн ерөнхий газрын даргын тогтоосон дүрэм, журмаар цохицуулагддаг. Чухам яагаад энгийн хүнд явж байсан, хууль бусаар эзэмшиж байсан, хохирогч ямар зорилгоор зодолдож байгаа хүмүүс рүү ганцаараа цахилгаан бороохойтой очсон, ямар зорилгоор Н.Ан толгойн тус газар нь цахилгаанаар нь цохих болсон:

-Өөрийнхөө биеийг гэмт халдлагаас хамгаалах уу?

-Хүн хашраах, зодох уу?

Хэрэв хохирогч өөрийгөө гэмт халдлагаас хамгаалах байсан бол Н. Аг газар унатал нь бороохойдоод тэндээ зогсох, эсхүл тэндээ явах байсан.

Гэтэл хэргийн бодит байдалд Н.Аг газарт эвхэртэл цохиж унагаачихаад үргэлжлүүлэн дээр нь гарч суун толгойн тус газарт нь (хориглосон газарт) цахилгаан бороохойгоор үргэлжлүүлэн цохиж цус гаргаж, үйлдлээ зогсоогоогүй зодолдож байсныг шүүгдэгч Д.Д хохирогчийн хууль бус үйлдлийг таслан зогсоосон байна. Талийгаачийн согтолтыг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр /1хх-148/ 2.8 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.

...Гэмт хэрэг үйлдэхэд оролцсон хатгагч гэдэг нь хэн нэг этгээдийг гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхсэн, өөрөөр хэлбэл, түүнд тодорхой гэмт хэрэг үйлдэх шийдмэг бодол санаа төрүүлэхийн тулд идэвхтэй үйл ажиллагаа явуулсан этгээдийг хэлнэ. Эрүүгийн хуульд хатгагчийн тухай тодорхойлолт өгөхдөө тэр энэ үйл ажиллагаагаа хэрхэн, ямар аргаар хэрэгжүүлэхийг заагаагүй байна. Ер нь хатгагч үйл ажиллагаагаа явуулж тодорхой нөхцөл байдал, хатгагч нөлөөнд нь хатгагдан орж байгаа этгээд хоёрын хоорондын харьцаа зэргийг харгалзан үзэхгүйгээр хатгах арга, хэрэгслийг тодорхойлох боломжгүй юм. Амьдралын туршлагаас харахад хүний хийхийг хүсээгүй үйлдлийг түүний хүсэл зоригоос гадуур албадан хийлгэхэд ердийн арга үр дүн өгөхгүй нь мэдээж. Ямар нэг зүйл амлах, хахуульдах, өш хонзон, атаа жөтөөг нь дэвэргэх, ямар нэгэн хариуцлага хүлээхгүй мултарч болно гэж итгүүлэх, тушаах, үүрэг өгөх, цаашилбал заналхийлэх, хүч хэрэглэх, хуурч мэхлэх зэрэг боломжийн бүх аргыг хэрэглэнэ.

Улсын дээд шүүхийн 2003 оны 10 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт эдгээр аргын ... ятгах ... гэдэг нь гэмт хэрэг үйлдэх талаар бусдад зориг шийдэмгий байдлыг төрүүлэхийн тулд элдэв байдлаар өөрийн санаа бодлыг итгүүлж үнэмшүүлэх, тухай этгээдийн гэмт хэрэг үйлдэх эсэх тухай эргэлзээ, тээнэгэлзлийг арилган, гэмт хэрэг үйлдэхэд эргэлт буцалтгүй болгоход чиглэсэн ятгалга /ухуулга сэнхрүүлгэ/ хийсэн байхыг, “заналхийлэх” гэдэг нь бусдыг айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх, сэтгэл санааны дарамтанд оруулах зэргээр өөрийнхөө санаа бодлыг тулган гэмт хэрэгт оруулах буюу гэмт хэрэг үйлдэхээс өөр аргагүй байдалд хүргэх байдлаар илэрнэ. ...Бусад аргаар... гэдэг нь гэмт хэрэг үйлдэх санаа бодол төрүүлэх, шаналгах зэрэг аргуудыг хамааруулан ойлгоно” гэж тус тус тайлбарласан.

Иймд Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 01 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолыг өөрчлөн Н.Аг цагаатгаж өгнө үү” гэв.Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг нэг бүрчлэн, нарийвчлан тогтоогүйгээс шүүгдэгч нарын үйлдэлд хууль зүйн бодитой дүгнэлт хийж чадаагүй байна. Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн талаар нэг бүрчлэн тоочин бичиж, дүгнэх нь хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгч тус бүрийн үйлдэлд хууль зүйн бодит дүгнэлт хийх боломж нөхцөл бүрддэг. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч тус бүрийн үйлдлийг ялган, салгаж нэг бүрчлэн тогтоож хэргийн үйл баримтыг нэгтгэн дүгнээгүйгээс шүүхийн тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуульд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн бүрэлдэхүүнд “Бүлэглэн” гэсэн шинж тухайн зүйл хэсгийн үндсэн бүрэлдэхүүн болж шинээр орж ирсэн байхад энэ талаар эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлж, шүүгдэгч Н.А, Г.Б, Б.Д нарыг үйлдлээрээ нэгдэн талийгаачийг зодох явцад хохирогч амь насаа алдсан нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар хорих ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Д.Д нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, зодооныг хараад больцгоо гэж зүй ёсны шаардлага тавьсан иргэнд хүч хэрэглэж, танхайрсан гэж үзэхээр байна. Д.Д нь Н.Агийн дээрээс хохирогчийг өшиглөж унагаасны дараа талийгаач идэвхтэй хөдөлгөөн хийж байсан, Д.Д үүнээс өөр ямар нэг байдлаар талийгаачийг цохиж зодоогүй болох нь гэрч Бгийн мэдүүлгээр тогтоогдсон тул түүний үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд зохих дүгнэлтийг хийж, тухайн зүйл хэсгээр ял шийтгэл оногдуулсан шийдвэр үндэслэл бүхий болжээ. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь шударга ёсны зарчимд нийцнэ” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Дын өмгөөлөгч Э.Ганбат, шүүгдэгч Д.Д, Н.А нарын өмгөөлөгч М.Гомборагчаа, шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл, шүүгдэгч Н.Агийн өмгөөлөгч Б.Алтангэрэл нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.А, Б.Д, Д.Д, Г.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.        

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 10-ны орой 17 цагийн үед Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн нутаг “Mараа толгой” гэх газарт шүүгдэгч Н.А, Г.Б, Д.Д, Б.Д нар нь архи согтууруулах ундаа ууж, улмаар хэрүүл маргаан үүсгэн Г.Б, Д.Д нар хоорондоо зодолдож, Н.А нь Г.Быг ташуураар цохисон үйл баримт болж байх үед хохирогч Н.А ирж “яагаад зодолдоод байгаа юм бэ” гэж хэлсэн. Н.А түүний урдаас очиж “чи дуугүй бай” гэж хэлэхэд Н.А нь Н.Аг газарт унагаан дээр нь гарч суугаад цахилгаан бороохойгоор толгойн тус газар нь цохих үед Д.Д гүйж очин хохирогч Н.Аийг нуруун тус газар өшиглөж Н.Агийн дээрээс унагаасан. Д.Дийн араас гэрч Э.Б гүйж очин түүнийг бүснээс нь татаж Н.А, Н.А нараас салгаж холдуулсны дараа Н.А “намайг алах гэж байхад та нар зүгээр өнгөрөөх гэж байгаа юм уу, алаад өг” гэж хашгирсан. Г.Б, Б.Д нар хүрч ирэн хохирогч Н.Аийг түлхэж унагаагаад Г.Б түүний толгой руу гараараа цохиж, өшиглөсөн, харин Б.Д хохирогчийн биеийн урд хойд талаас нь буюу ар нуруу цээж орчим өшиглөж зодсоны улмаас амь хохирогч Н.Аийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины 2 тал бөмбөлгийн чамархайн дэлбэн бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархины хажуу ховдлуудын цус харвалт … бүхий гэмтэл учирч, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх нотлох баримтыг шинжлэн судалж, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч Г.Б, Б.Д нарыг бүлэглэж, танхайн сэдэлтээр талийгаач Д.Аийг зодож алсан, мөн шүүгдэгч Д.Дийг бусадтай бүлэглэн олон нийтийг илтэд үл хүндэтгэн бусдыг зодож танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн талаар хийсэн хууль зүйн дүгнэлтийг хэргийн жинхэнэ байдалд нийцсэн гэж үзэв.

Шүүгдэгч Г.Б, Б.Д нарын бүлэглэж хүнийг санаатай алсан үйлдэл нь тухайн үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11-д заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Д.Дийн бүлэглэж танхайрсан үйлдэл нь тухайн үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан бөгөөд шүүхээс 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх зарчмыг баримтлан шүүгдэгч Г.Б, Б.Д нарын бүлэглэж хүнийг танхайн сэдэлтээр санаатай алсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар, шүүгдэгч Д.Дийн бусадтай бүлэглэж танхайрсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх Г.Б, Б.Д, Д.Д нарт оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Нэр бүхий шүүгдэгч нарт зүй ёсны шаардлага тавьсан хохирогч Н.Аийг шүүгдэгч Н.А нь “чи дуугүй бай” гэж хэлэн түүнтэй маргаан үүсгэн ноцолдож, улмаар Н.А нь цахилгаан бороохойноор Н.Агийн толгойн тус газар цохих үед Н.А “намайг алах гэж байхад та нар зүгээр өнгөрөөх гэж байгаа юм уу, алаад өг” гэж бусдыг зодоонд уриалсан үйлдэл нь “хүнийг санаатай алах” гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэх шинжийг бүрэн хангаагүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл Н.Агийн үйлдэлд “хүнийг санаатай алах” талаар ятгах, заналхийлэх болон бусад аргаар тухайлан хэн нэгэн хүнийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд өдөөн түлхсэн, зоригжуулсан, энэхүү гэмт хэргийг үйлдэх талаар бусадтай урьдчилан хүсэл зорилгоо нэгтгэж, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд гарцаагүй хүргэсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.

Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд шүүгдэгч Н.А нь танхайн сэдэлтээр амь хохирогч Н.Атай марган зодолдож, улмаар Н.А нь Н.Аг унаган дээр нь сууж, цахилгаан бороохойгоор толгойд нь цохих үед шүүгдэгч Д.Д, Г.Б, Б.Д нар нь өөрсдийн хүсэл зоригийн дагуу үйлдлээрээ нэгдэж, Д.Д нь Н.Аийг Н.Агийн дээрээс өшиглөж унагаасан, улмаар Г.Б, Б.Д нар нь Н.Аийг бүлэглэн зодож, биед нь үхэлд хүргэх хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч Н.Агийн хувьд тухайн үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д заасан “бүлэглэн олон нийтийг илтэд үл хүндэтгэж танхайрах” гэмт хэргийг үйлдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон байхад анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна гэж үзэв.

Ийнхүү 2015 оны 12 дугаар сарын 10-ны орой үйлдэгдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, … эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх … эрхийг зөрчиж, … олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэргээр зүйлчлэх нь Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчимд нийцнэ.

Иймд энэ талаар өмгөөлөгч Б.Алтангэрэл, М.Гомборагчаа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, прокуророос шүүгдэгч Н.Ад 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Н.Ад 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Н.Ад холбогдох Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад тухайн гэмт хэргийн гэм хорын хохирлыг Н.Агаас гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг шүүгдэгч Г.Б, Б.Д нарт нэмж хариуцуулах, мөн шүүх амь хохирогч Б.Аийн 3 хүүхдэд тэжээгчийн алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулахдаа тооцооллын алдаа гаргасныг зөвтгөж, амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардал 10.937.300 төгрөг, амь хохирогчийн 3 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 5.888.064 төгрөг, нийт 16.825.364 төгрөгийг шүүгдэгч Г.Б, Б.Д нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Б, Б.Д нараас гэм хорын хохирол гаргуулахдаа Г.Бын төлсөн 3.000.000 төгрөг, Б.Дын төлсөн 2.000.000 төгрөгийг тус тус хасч тооцсон болно.

Шүүгдэгч Н.А, Д.Д нар нь танхайн сэдэлтээр амь хохирогч Н.Аийн эрх чөлөөнд халдсан хэдий ч түүний биед үхэлд хүргэх хүнд гэмтэл учруулаагүй, харин шүүгдэгч Г.Б, Б.Д нарын хохирогч Н.Аийг өшиглөж зодсон үйлдлээс түүнд “гавал тархины битүү гэмтэл, тархины 2 тал бөмбөлгийн чамархайн дэлбэн бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархины хажуу ховдлуудын цус харвалт бүхий гэмтэл учирч, нас барсан талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хяналтын шатны шүүхэд ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцож, анхан шатны шүүхээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул шүүгдэгч Г.Б, Б.Д нарын бүлэглэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг эс зөвшөөрч өмгөөлөгч Э.Ганбат, Э.Баасандэмбэрэл нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т заасан “Хүнийг санаатай алах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “Танхайн сэдэлт” нь 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх шинжээс хасагдсан бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх үед үйлдэгдсэн “Танхайн сэдэлтээр хүнийг бүлэглэж санаатай алсан” хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлээс гадна 20.16 дугаар зүйлд зааснаар давхар зүйлчлэх нь хууль буцаан хэрэглэх зарчимд нийцэхгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шүүгдэгч Н.А, Б.Д, Г.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад прокуророос шүүгдэгч Б.Д, Г.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож, тухайн хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д заасан “хүнийг алах” гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилж, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанарыг харгалзан шүүгдэгч Д.Дид 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон байх тул шүүгдэгч Д.Дид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх талаар өмгөөлөгч М.Гомборагчаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрт шүүгдэгч, хохирогчоос бусад хүний /шүүгч, нарийн бичгийн дарга, улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч/ ургийн овгийг нэг бүрчлэн бичихийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгайлан шаардаагүй болохыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 01 дүгээр магадлалын тогтоох хэсэгт:

“Прокуророос шүүгдэгч Г.Б, Б.Д нарт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар нэгтгэн зүйлчилсүгэй.”,

“Прокуророос шүүгдэгч Н.Ад 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.”

“Шүүгдэгч Н.Аг 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэсэн нэмэлт өөрчлөлт тус тус оруулсугай.

 

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “шүүгдэгч Боржигон овогт Нийн Аг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан бүлэглэн хүнийг алах гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” гэснийг,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Н.Ад Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар 12 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар” гэснийг,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “шүүгдэгч Н.Ад оногдуулсан 12 жил 1 сарын хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад” гэснийг тус тус хүчингүй болгосугай.

 

3.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3, 508.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баас 5.412.682 төгрөг, Б.Даас 6.412.682 төгрөг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Чад олгож, 2019 оны 12 дугаар сараас эхлэн Г.Б, Б.Д нараас сар бүр 81.408 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, амь хохирогч Б.Аийн хүү А.У, охин А.С, А.Ш нарт тус бүр сард 27.136 төгрөгийн төлбөр тогтоож, тэднийг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар бүр олгосугай.” гэж өөрчилсүгэй.

 

4.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтаас “шүүгдэгч Н.Агийн өмчлөлийн 8.530.000 төгрөгийн үнэ бүхий 44 толгой буюу 11 бод, 33 бог мал” гэснийг хасаж, шүүгдэгч Н.Агийн эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

5.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дын өмгөөлөгч Э.Ганбат, шүүгдэгч Д.Дийн өмгөөлөгч М.Гомборагчаа, шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                ДАРГАЛАГЧ                                              Б.ЦОГТ

                                                ШҮҮГЧ                                                       Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                                                   Ч.ХОСБАЯР