| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2018/04424/И |
| Дугаар | 210/МА2019/00258 |
| Огноо | 2019-02-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2019/00258
“Э” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03753 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Э” ББСБ ХХК хариуцагч Д.Өт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 238 520 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг зохигчдын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Б.Б, хариуцагч Д.Ө, хариуцагчийн өмгөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад: Манай компани хариуцагч Д.Өтай 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 80 000 000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон ба бид уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагчийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намъяанжүгийн гудамж-2, 170 дугаар байр, 100 тоот хаягт байрлах 54.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалахаар барьцааны гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл зээлийн хүүнд 51 120 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6 243 180 төгрөг, нийт 57 363 180 төгрөг төлсөн. Зээлийн гэрээнд зааснаар тус зээлийг А.Лхагвасүрэн, Д.Ө нар авч ашигласан, бид Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дахь хэсэгт зааснаар зээлийг бүхэлд нь хариуцагч Д.Өаас нэхэмжилж байгаа бөгөөд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах шаардлагыг мөн адил гаргасан.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид зээлийг төлөх талаар удаа дараа мэдэгдсэн байхад үгүйсгэсэн тайлбар өгч байгааг зөвшөөрөхгүй. Одоо зээлийн үлдэгдэл 80 000 000 төгрөг, хүү 127 800 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30 720 000 төгрөг, нийт 238 520 000 төгрөг болсон. Хариуцагч мөнгө аваагүй гэж маргаж байгаа боловч А.Лхагвасүрэнгийн данс руу мөнгийг шилжүүлсэн. Аль нэг хүссэн зээлдэгчийн дансруу мөнгийг шилжүүлдэг, тэрээр өөрөө зээлийг авсан гэдгийг хариу тайлбартаа хэлсэн, өөрт учирсан хохирлыг А.Лхагвасүрэнгээс нэхэмжлэх эрхтэй. Гэрээний үндсэн үүрэг биелэгдэж дуусах хүртэл хугацаанд хүү тооцох зохицуулалттай.
Иймд, хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Өийн тайлбарт: 2013 оны 6 дугаар сард А.Лхагвасүрэн надтай уулзаад зээл авахад туслаач гэж ярилцсаны дагуу би уг зээлийг авахаар тохиролцсон. Гэтэл 30-35 сая орчим төгрөгийн зээлийг авна гэж ярилцсан байтал 80 000 000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зуруулсан, миний бие тухайн гэрээтэй сайн танилцаж амжаагүй, яаруу, сандарч гарын үсэг зурсан нь гэрээнээс харагддаг. 80 000 000 төгрөгийг надад өгөөгүй, гэрээ байгуулсан хугацаанаас хойш нэг ч удаа нэхэмжлэл ирээгүй, 51 000 000 төгрөгийн хүү төлсөн гэсэн ямар учиртайг мэдэхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа энэ талаар мэдсэн.
Миний бие А.Лхагвасүрэнтэй уулзаж чадаагүй, тэрээр Дархан-Уул аймагт 144 айлын орон сууц барьж байгаа гэсэн. Уг байр нь “Э” ББСБ ХХК-ийн барьцаанд байх ёстой. Зээлийн гэрээний үндсэн зээлдэгч Д.Ө, хамтран зээлдэгч А.Лхагвасүрэн гэсэн 2 хүн байна. Гэтэл хариуцагчаар зөвхөн Д.Өийг татсан, гэрээний хугацаа 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дууссан байхад энэ талаар түүнд мэдэгдээгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар мөнгөн хөрөнгийг бэлнээр шилжүүлэх, аль эсхүл Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 21.2 болон 21.4 дэх хэсэгт тус тус зааснаар зээлдэгчийн нэр дээр данс нээж олгох ёстой. Гэтэл зээлийг хариуцагчийн данс руу бус, харин А.Лхагвасүрэн гэх хүний дансанд шилжүүлсэн байна.
Нэхэмжлэлийн үнийн дүн анх 80 000 000 төгрөг зээлсэн байтал одоо 238 000 000 төгрөг болсон байна. Зээлийн эргэн төлөлтөөс харахад 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш 7 080 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 3 006 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 3 720 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 14 640 000 төгрөг, хамгийн сүүлд төлөхдөө 3 720 000 төгрөг нийт 32 760 000 төгрөг төлсөн. Гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг хүүнд суутгаж авсан байна. Гэвч Иргэний хуулийн 216.2, 216.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш төлсөн 32 760 000 төгрөгийг үндсэн зээлээс хасах ёстой бөгөөд 47 200 000 төгрөг болж байна, ямар үндэслэлээр 238 520 000 төгрөг болсон бэ гэдгийг тодруулах шаардлагатай, шударга ёсны зарчим алдагдсан гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн хариуцагч Д.Өаас 74 003 393.04 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 164 516 607 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Д.Ө шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-2204023535 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намъяанжүгийн гудамж-2, 170 дугаар байр, 100 тоот хаягт байрлах 54.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 420 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 598 167 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК-ийн давж заалдах гомдолд: Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийг зөрчсөн.
Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг үлэмж их хэмжээгээр бууруулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлдэгч Д.Ө нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь зээлийн хүү их хэмжээгээр хуримтлагдах шалтгаан болсон байхад зээл олгогчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Иргэн Д.Ө, "Э ББСБ” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 09 сарын 24-ний өдрийн 14/054 тоот зээлийн, 14/054А тоот барьцааны гэрээнүүд нь Монгол улсын Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтуудаар зохицуулагдана. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл, зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, 24 дүгээр зүйл, зээлийн гэрээний хүү, зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж, 30 дугаар зүйл, зээл төлүүлэх ажиллагаа 1-д зээлийн гэрээнд заасан нөхцлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ гэж тус тус зохицуулсан.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Монгол улсын Иргэний хуулийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй байна хэмээн зөв дүгнэсэн атлаа 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны 34 сарын хүүнээс зээлдэгчийг үндэслэлгүйгээр чөлөөлж шийдвэрлэсэн. Шүүх зээлдэгч Д.Өийн зээлийн хүү, торгуульд төлсөн нийт 57 363 180 төгрөгөөс 6 243 180 төгрөгийг нь үндсэн үүргээс хасаж тооцсон, мөн нэмэгдүүлсэн хүүний талаарх тохиролцоо нь ойлгомжгүй хэмээн дүгнэсэнтэй маргахгүй. Д.Өаас нэмэгдүүлсэн хүүнд төлсөн 6 243 180 төгрөгийг үндсэн үүргээс хасахад үндсэн үүрэг нь 73 756 820 төгрөг болж байгаа бөгөөд ББСБ нь гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамаарч үүрэг бүрэн биелэгдэх хүртэл зээлдэгчээс хүү тооцох эрхтэй гэдгийг анхан шатны шүүх мартсан байна.
Түүнчлэн 73 756 820 төгрөгийн зээлийн үлдэгдэлд тооцогдох 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны 34 сарын хүү болох 116 867 612 төгрөгийг тооцолгүй орхиж ББСБ-ын хуулиар хамгаалагдсан хууль ёсны эрх ашгийг ноцтой хохироосон шийдвэр гаргасан.
Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд хандах хүртлээ зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан " ....нэхэмжлэгч нь гэрээний 7.2, 9.2.3-т тус тус заасан зээлийг төлүүлэх арга хэмжээ аваагүйгээс улбаалан нэгэнт төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн,..." гэх үндэслэл нь зээлдэгчийг хүүнээс чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хууль зүйн үндэслэлгүй хасагдсан 116 621 039 төгрөгийг нэмж тооцон, шийдвэрийн дүнг 190 624 432 төгрөг болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Өийн давж заалдах гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. “Э ББСБ” ХХК, иргэн А.Лхагвасүрэн, Д.Ө миний бие зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг зээлийг “Э ББСБ” ХХК, А.Лхагвасүрэн нар иргэн миний оролцоогүй өөр хоорондоо шилжүүлж, уг зээлийг А.Лхагвасүрэн өөрийн мэдлээр 100 хувь захиран зарцуулсан.
Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 3 дугаар сард дуусгавар болсон байхад “Э ББСБ” ХХК, А.Лхагвасүрэн нар надад мэдэгдэлгүй харилцан тохиролцож гэрээг сунгаж, 2015 оны 12 сар хүртэл А.Лхагвасүрэн нь “Э ББСБ” ХХК-д нийт 57 363 180 төгрөгийн хүү, төлбөр төлсөн байна. Нэг талаас “Э ББСБ” ХХК, нөгөө талаас Д.Ө нар тус тусын 80 000 000 төгрөгийн хөрөнгөөр дэнчин тавьж, харилцан ашигтай эдийн засгийн үйл ажиллагаанд орсон гэж үзвэл “Э ББСБ” ХХК өөрийн 80 000 000 төгрөгийн хөрөнгөөс 57 000 000 төгрөгийг буцаан олж мөн надаас 74 000 000 төгрөг гаргуулж, энэ хугацаанд 131 000 000-80 000 000=51 000 000 төгрөгийн нэмүү өртөг үйлдвэрлэнэ. Мөн хугацаанд 80 000 000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгөө эдийн засгийн ямар нэгэн эргэлтэнд оруулах боломжоо бүрэн алдаж, “Э ББСБ” ХХК, А.Лхагвасүрэн нарын зээлийн гэрээний үүргийн харилцан үл ойлголцлын золиос болон өөрийн орон сууцаа алдах байдалд орсон. 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ байгуулснаас хойш “Э ББСБ” ХХК биечлэн болон утсаар, хаягаар 1 ч удаа уулзаж, холбогдож зээлийн гэрээний үүргийн талаар сануулж, мэдэгдээгүй. Зээлийн гэрээ байгуулж байхад “Э ББСБ” ХХК-ийн байнгын харилцагч А.Лхагвасүрэн уг зээлийн үүргийг 100 хувь өөрт хариуцахыг гэрээ байгуулсан 3 тал мэдэж байсан бөгөөд энэ утгаар “Э” ББСБ нь гэрээний үүргийн талаар чимээгүй явсаар гэнэт 2018 оны 9 дүгээр сард шүүхэд зээлийн барьцааг албадан гүйцэтгэх нэхэмжлэл гаргасан нь А.Лхагвасүрэн ба “Э ББСБ” ХХК-ийн бусад зээл, санхүүгийн асуудал, үл ойлголцолтой холбоотой байж болохыг үгүйсгэхгүй. “Э ББСБ” ХХК нь уг зээлийг 100 хувь захиран зарцуулж, зээлийн үүргийг хариуцаж байсан иргэн А.Лхагвасүрэнг зээлийн гэрээний салшгүй нэг тал гэдгийг мэдсээр байж иргэн Д.Өаас 238 520 000 төгрөг гаргуулан, зээлийн барьцааг хангуулахаар хэт нэг талыг барьсан. Хэдийгээр миний бие зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч уг зээлийн 80 000 000 төгрөгийг надад олгоогүй, захиран зарцуулаагүй, зээлийн эргэн төлөлтийн тухайд надад нэг ч удаа хандаж байгаагүй тул уг зээлийг хариуцах үндэслэлгүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК нь хариуцагч Д.Өт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 238 520 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК нь хариуцагч Д.Ө, иргэн А.Лхагвасүрэн нартай 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 80 000 000 төгрөг 6 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлдүүлэн, үүргийн гүйцэтгэлд Д.Өийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204023535 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2, Намъяанжугийн гудамж 170 дугаар байр, 100 тоот 54,6 м.кв орон сууцыг барьцаалан, хамтран зээлдэгч А.Лхагвасүрэнгийн 5076250424 тоот Хаан банкны данс руу гэрээний зүйлийг шилжүүлэн өгсөн байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэг, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгтэй нийцсэн байх тул нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй болно.
Зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.
Хариуцагч нь “... н.Лхагвасүрэн өөрөө зээлээ төлнө гэж тусламж гуйсан, би зээлийн гэрээтэй танилцаж амжилгүй яаруу гарын үсэг зурсан, 80 000 000 төгрөгийг аваагүй, зээл авсан данс минийх биш, ” гэж тайлбарладаг боловч уг шалтгаан нөхцөл нь зээлдэгчийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид байна гэж зааснаас үзэхэд хариуцагч Д.Ө, иргэн А.Лхагвасүрэн нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох тул үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагч Д.Өаас зээлийн гэрээний үүргийг шаардсан нь буруу биш.
2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэрээний хугацаа дууссан, энэ хугацаанд зээлдэгч талаас үндсэн зээлд 80 000 000 төгрөг, зээлийн хүүд 21 720 000 төгрөг, нийт 101 720 000 төгрөг төлөх үүрэгтэй боловч зээлдэгч нь зээл эргэн төлөх хуваарийг зөрчиж, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 9 удаагийн төлөлтөөр нийт 57 363 180 төгрөг төлжээ.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй боловч шүүх энэ талаар хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.
Зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийн биелэлтэд доголдол гарсан нөхцөлд зээлдүүлэгч нь гэрээний 6.1.10-6.1.14.4-т заасан арга хэмжээг авахаар зохицуулсан байхад уг арга хэмжээг аваагүй, гэрээний хугацаа дууссанаас хойш 3 жил 6 сар 4 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэтэрсэн хугацааны хүү нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимтай нийцэхгүй байна.
Анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, дүгнэх журамтай нийцсэн байна.
Талуудын хооронд хийгдсэн гэрээний 4.8 дахь заалт буюу нэмэгдүүлсэн хүүтэй холбогдох тохиролцоо нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй тул шаардах эрхгүй болно.
Иймд шүүхээс хариуцагчийн гүйцэтгэх үүргийг тооцоолж үндсэн зээлийн үлдэгдэлд 74 003 393,04 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардах эрхтэй болно.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/03753 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 741 055 төгрөг, хариуцагчаас 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 598 170 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
А.МӨНХЗУЛ