Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2019/00105

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2019/00105

 

 

 

 

Анукост ХХК, Ц.Энхболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03404 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Анукост ХХК, Ц.Энхболдын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох, албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2018 оны 09-р сарын 11-ний өдрийн 9/20 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ц.Энхболдын гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхболдын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Манай компани Хаан банкнаас 13 удаа зээл авч, 12 удаагийн зээлийн 5-6 зээлийг хугацаанаас өмнө төлж, найдвартай зээлдэгч байсан. Хамгийн сүүлд авсан зээлийг буруу хөрөнгө оруулалт хийснээс болж санхүүгийн хүндрэл учирч, зээлээ төлж чадаагүй. Хаан банк 2014 оны 8-р сарын 27-ны өдөр зээл олгохдоо барьцаа хөрөнгийг 100 000 000 төгрөгөөр үнэлж, түүний 70 хувь буюу 70 000 000 төгрөгийн зээл олгосон, уг зээлээс 36 000 000 төгрөг л үлдсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10-р сарын 07-ны өдрийн 05315 дугаар шийдвэрээр Ц.Энхболд, Анукост ХХК-иас 56 818 686 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэж, үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 24-р байрны 43 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд би 2017 оны 11 дүгээр сард болон 2018 оны 5-р сарын 24, 2018 оны 6-р сарын 7-ны өдрүүдэд үл хөдлөх хөрөнгийг 134 000 000 төгрөгөөр үнэлэх үнэлгээний санал хэлж, анхны дуудлага худалдааг 93 800 000 төгрөг, 2 дахь дуудлага худалдааг 67 000 000 төгрөгөөр оруулахыг зөвшөөрсөн. Гэтэл Хөрөнгө эйстимэйт ХХК нь байрыг үнэлэхдээ үнэлгээг бууруулж 69 000 000 төгрөг болгон үнэлж, анхны дуудлага худалдаанд 48 500 000 төгрөгөөр оруулахаар болсон учраас хүлээн зөвшөөрөөгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 6-р сарын 11-ний өдөр гарсан үнэлгээг 2018 оны 6-р сарын 13-ны өдөр танилцуулж, энэ өдрөө байраа худалдан борлуулах 1 сарын хугацаа олгосон. Үнэлгээ танилцуулснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах байсныг мэдээгүй, 1 сарын хугацаанд гомдлоо гаргаж болох юм байна гэж ойлгосон. Эд хөрөнгийг өөрсдөө бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа олгож байна гэж бичиж авснаараа үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах эрхийг хаасан. Иймд 2018 оны 09-р сарын 11-ний өдрийн 9/20 тоот үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлгээ гаргуулж, албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунсүрэнгийн тайлбарт: Улсын дээд шүүхийн 2017 оны 02-р сарын 09-ний өдрийн 001/ХТ2017/00152 дугаар тогтоолоор Ц.Энхболд болон Анукост ХХК-иас 56 818 686 төгрөгийг гаргуулж, Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Ц.Энхболдын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003137 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 24-р байрны 43 тоот орон сууцыг битүүмжилж, хураах тогтоол үйлдсэн. Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад төлбөр төлөгчийн өгсөн 134 сая төгрөгийн үний саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүй. Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон 69 287 400 төгрөгөөр үнэлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар талуудад мэдэгдэж, мөн хуулийн 62-р зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгчийн хүсэлтээр өөрийн хөрөнгөө худалдан борлуулах 1 сарын хугацааг олгосон нь хууль зөрчөөгүй. Мөн хуулийн 55-р зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болохыг тайлбарласан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9-р сарын 26-ны өдрийн 102/ШЗ2018/12794 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн шүүхийн шийдвэр гарснаас хойш сайн дураар биелүүлэх хангалттай хугацаа өнгөрсөн байхад Ц.Энхболд нь нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Үнэлгээний тайланг мэдэгдэж, хуулийг тайлбарлаж өөрт нь ойлгуулсан. Энэ хугацаанд хөрөнгөө худалдан борлуулсан зүйл байхгүй өнөөдрийг хүрсэн гэжээ. 

Шүүх:  Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Энхболдын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205003137 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 24-р байрны 43 тоот орон сууцыг 69 287 400 /жаран есөн сая хоёр зуун наян долоон мянга дөрвөн зуу/ төгрөгөөр тогтоож, Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 9/20 дугаартай тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн Анукост ХХК, Ц.Энхболдын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Энхболдын гаргасан давж заалдах гомдолд: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний өмчлөлийн Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 24-р байрны 43 тоот орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 69 287 400 төгрөгөөр үнэлсэн бөгөөд миний бие 134 000 000 төгрөгөөр үнэлүүлэх үнийн саналыг явуулсан. Гэтэл хариуцагч байгууллага орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт зааснаар дахин шинээр үнэлгээ хийлгэх боломжтой байхад шүүхээс боломж олгоогүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч Анукост ХХК, Ц.Энхболд нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох, албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 9/20 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анукост ХХК, Ц.Энхболд нараас 56 378 794 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн 439 892 төгрөгийн хамт гаргуулан Хаан банк ХХК-д олгож, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205003137 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 24 дүгээр байр, 43 тоот орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 05315 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1951 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 00152 дугаар тогтоол гарсан байдаг боловч шүүхийн шийдвэр заавал биелэгдэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасан зарчим хэрэгжээгүй байна.

 

Хариуцагч шүүхийн хүчин төгөлдөр захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, барьцааны зүйл болох 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулжээ. /хх38, 39/

 

Төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй байх ба, төлбөр төлөгчөөс төлбөрт хураагдсан орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд 93 800 000 төгрөгөөр, хоёр дахь дуудлага худалдаанд 67 000 000 төгрөгөөр оруулах санал өгсөн нь талуудын тайлбар, Хаан банк ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 34/2676 тоот албан бичиг зэргээр тогтоогдсон байна. /хх1, 41, 55/

 

Төлбөр авагч Хаан банк ХХК 134 000 000 төгрөгийн үнийн саналыг эс зөвшөөрч, шинжээч томилох хүсэлт ирүүлснээр талуудыг үнийн талаар харилцан тохиролцоогүй гэж үзэх бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шинжээчээр томилогдсон Хөрөнгө эстимэйт ХХК дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 69 287 400 төгрөгөөр тогтоосон байна. Шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 4/10050 тоот, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4/14042 тоот албан бичгээр шинжээчээс тогтоосон үнэ болоод энэ үнийн 70 хувь болох 48 501 180 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг төлбөр төлөгчид мэдэгдэх ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасны дагуу явуулсан байна. /хх50, 52, 55/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас дээрх хугацаанд анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг төлбөр төлөгч нарт удаа дараа мэдэгдсэн боловч төлбөр төлөгч нар орон сууцаа худалдах, төлбөр авагчид төлбөрийг төлөх арга хэмжээ авсан нь нотлогдоогүй, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гаргаагүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт эд хөрөнгийн үнэлгээнд талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг төлбөр төлөгчид олгож, уг хугацаанд тухайн хөрөнгийг албадан борлуулах ажиллагааг зогсоох талаар заасан ба хариуцагчаас төлбөр төлөгчийн саналыг үндэслэн хөрөнгөө худалдан борлуулах боломжийг олгожээ. /хх51/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 9/20 тоот тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003137 дугаартай Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол 24 дүгээр байрны 43 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах шийдвэр гарсан байна. /хх13/

 

Нэхэмжлэгч өргөдөлдөө ...1 сарын хугацаа олгож байна гэж бичүүлж авснаар бидний эд хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах эрхийг санаатайгаар хааж, эрх ашгийг маань зөрчсөн, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт зааснаар дахин шинээр үнэлгээ хийлгэх боломжтой байхад уг боломжийг олгоогүйд гомдолтой байна гэж бичсэн байгаагаас үзвэл нэхэмжлэгчийг шинжээчийн тогтоосон хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргасан гэж үзэхээр байх ба шүүх энэ агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч тал төлбөрт хураагдсан эд хөрөнгийг шинжээч зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй, шинжээчийн үнэлгээг, зах зээлийн үнэ ханштай харьцуулсан баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03404 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

А.МӨНХЗУЛ