Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2018/03404

 

 

 

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2018/03404

Улаанбаатар хот

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                   

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: “А” ХХК,

 

Нэхэмжлэгч: Ц.Э-д нарын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Нийслэлийн ШШГГат холбогдох холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох, албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2018 оны 09-р сарын 11-ний өдрийн 9/20 тоот тогтоол хүчингүй болгохыг хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ц.Жавзанпагма нар оролцов.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гарасан тайлбартаа: Хаан банкнаас манай компани 13 удаа зээл авч, 12 удаагийн зээлийн 5-6 зээлийг хугацаанаас өмнө төлж, найдвартай зээлдэгч байсан. Хамгийн сүүлийн зээлийг буруу хөрөнгө оруулалт хийснээс болж санхүүгийн хүндрэл учирч, зээлээ төлж чадаагүй. ХААН банк 2014 оны 8-р сарын 27-ны өдөр зээл олгохдоо барьцаа хөрөнгийг 100 000 000 төгрөгөөр үнэлж, түүний 70 хувь буюу 70 000 000 төгрөгийн зээл олгосон, зээлээс 36 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болтлоо Төлсөн. Баянгол дүүргийн шүүхийн 2016 оны 10-р сарын 07-ны өдрийн 05315 дугаар шийдвэрээр Ц.Э, “А” ХХК-иас 56 818 686 төгрөгийг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн. Үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 24-р байрны 43 тоот 29 м.кв талбай бүхий  2 өрөө байрыг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд би 2017 оны 11 дүгээр сард болон 2018 оны 5-р сарын 24, 2018 оны 6-р сарын 7-ны өдрүүдэд үл хөдлөх хөрөнгийг 134 000 000 төгрөгийн үнэлгээний санал хэлж, анхны дуудлага худалдааг 93 800 000 төгрөг, 2 дахь дуудлага худалдааг 67 000 000 төгрөгөөр оруулахыг зөвшөөрсөн. Гэтэл Хөрөнгө эйстимэйт ХХК нь байрыг үнэлэхдээ үнэлгээг бууруулж 69 000 000 төгрөг болгон үнэлж, анхны дуудлага худалдаанд 48 500 000 төгрөгөөр оруулахаар болсон тул хүлээн зөвшөөрөхгүй. Нийслэлийн ШШГГазарнь 2018 оны 6-р сарын 11-ний өдөр гарсан үнэлгээг надад 2018 оны 6-р сарын 13-ны өдөр танилцуулж, энэ өдрөө надад байраа худалдан борлуулах 1 сарын хугацаа олгосон. Үнэлгээ танилцуулснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах байсныг би мэдээгүй, 1 сарын хугацаанд гомдлоо гаргаж болох юм байна гэж ойлгосон. Эд хөрөнгийг өөрсдөө бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа олгож байна гэж бичиж авснаараа үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах эрхийг хаасан. Иймд үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлгээ гаргуулж, албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2018 оны 09-р сарын 11-ний өдрийн 9/20 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын дээд шүүхийн 2017 оны 02-р сарын 09-ний өдрийн 001/ХТ2017/00152 дугаар тогтоолоор  Ц.Э болон “А” ХХК-иас 56 818 686 төгрөгийг гаргуулж, Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн.    Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Ц.Э-ын өмчлөлийн  Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003137 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 24-р байрны 43 тоот орон сууцыг битүүмжилж, хураах тогтоол үйлдсэн. Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад төлбөр төлөгчийн өгсөн 134 сая төгрөгийн үний саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүй.  Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон 69 287 400 төгрөгөөр үнэлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар талуудад мэдэгдэж, мөн хуулийн 62-р зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгчийн хүсэлтээр өөрийн хөрөнгөө худалдан борлуулах 1 сарын хугацааг олгосон нь хууль зөрчөөгүй байна. Мөн хуулийн 55-р зүйлийн 55.7 дахь  хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болохыг тайлбарласан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9-р сарын 26-ны өдрийн 102/ШЗ2018/12794 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн шүүхийн шийдвэр гарснаас хойш сайн дураар биелүүлэх хангалттай хугацаа өнгөрсөн байхад Ц.Э нь нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Үнэлгээний тайланг мэдэгдэж, хуулийг тайлбарлаж өөрт нь ойлгуулсан. Энэ хугацаанд хөрөнгөө худалдан борлуулсан зүйл байхгүй өнөөдрийг хүрсэн гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК болон Ц.Э нар нь ШШГГ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааны үнэлгээг хийлгэх, албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2018 оны 09-р сарын 11-ний өдрийн 9/20 тоот тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 05315  дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1951 тоот магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугар сарын 09-ний өдрийн 00152 дугаар тогтоолоор “А” ХХК, иргэн Ц.Э нараас 56 388 961 төгрөг гаргуулж ХААН банкинд олгох, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Ц.Э-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205003137 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 24-р байрны 43 тоот орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн, шийдвэр хүчинтэй /хх 9-12, 30-36/ байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заажээ.

 

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 03-р сарын 30-ны өдрийн “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 04515 тоот захирамж, 0512 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа хийгдсэн /хх 28-29, 38-39/, улмаар төлбөр төлөгч нар 2017 оны 11 дүгээр сар, 2018 оны 5-р сарын 24 болон 2018 оны 6-р сарын 07-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах 134 000 000 төгрөгийн үнэлгээний санал хэлж, анхны дуудлага худалдааг 93 800 000 төгрөг, 2 дахь дуудлага худалдааг 67 000 000 төгрөгөөр оруулахыг зөвшөөрсөн, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байна.

 

Төлбөр төлөгчийн үнийн саналыг төлбөр авагч ХААН банк зөвшөөрөөгүй тухайгаа 2018 оны 3-р сарын 12-ны өдрийн 34/2676 тоот албан бичгээр мэдэгдсэн /хх 55/, улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 06-р сарын 07-ны өдрийн 140 тоот “Шинжээч томилох тухай” тогтоолоор Хөрөнгө -Эйстимэт ХХК-г шинжээчээр /хх 42/ томилжээ. 

 

Шинжээч 2018 оны 06-р сарын 11-ний өдрийн дүгнэлтээр тухайн хөрөнгийг 69 287 400 төгрөгөөр үнэлэхдээ /хх 43-49/ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8-р зүйлд заасан үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан стандартын дагуу үнэлсэн байна.

Шийдвэр гүйцэтгэгч энэ үнэлгээний 70 хувиар тооцож дуудлага худалдааны санал болгох доод үнийг 48 501 180 төгрөгөөр тогтоож төлбөр төлөгч “А” ХХК, Ц.Э нарт 2018 оны 06-р сарын 12-нд мэдэгдсэн /хх 50/, төлбөр төлөгч нар өөрийн өмчлөлийн орон сууцаа 1 сарын дотор худалдан борлуулах, төлбөрийг байгууллагын дансанд шилжүүлэх тухайгаа 2018 оны 06-р сарын 13-ны өдөр бичгээр /хх 51/  мэдэгджээ. 

 

Энэ хугацаанд төлбөр төлөгч нар орон сууцаа худалдах, төлбөр авагчид төлбөрийг төлөх ямар нэг арга хэмжээ авсан нь нотлогдоогүйгээс гадна шийдвэр гүйцэтгэгч дахин 2018 оны 08-р сарын 28-ны өдөр үнэлгээний талаар мэдэгдсэн /хх 52/, төлбөр төлөгч Ц.Э “үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах эрхийг санаатайгаар хаасан” тухай шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд гомдол гаргасныг 2018 оны 9-р сарын 06-ны өдрийн 4-26 тоот тогтоолоор /хх 54/ шийдвэрлэсэн байна.

 

Эдгээрээс дүгнэвэл, шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй, төлбөр төлөгч нь энэ хуулийн 55-р зүйлийн 55.7 дахь  хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзнэ.

 

Нөгөө талаас, нэхэмжлэгчийн “үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин гаргуулах” гэсэн шаардлага нь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 9/20 тоот тогтоолыг хүчингүй болгох шаардлагын үндэслэл болохоос гадна нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтаа гаргах, цуглуулах үүрэгтэй байдаг. Гэвч нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Э-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205003137 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 24-р байрны 43 тоот орон сууцыг 69 287 400 /жаран есөн ся хоёр зуун наян долоон мянга дөрвөн зуу/ төгрөгөөр тогтоож, “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 9/20 дугаартай тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн “А” ХХК, Ц.Э-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.   

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан

өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Р.АЛТАНТУЯА