Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2019/00768

 

Ц.Э-, “А” ХХК нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03404 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 105 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ц.Э-, “А” ХХК нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох, албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 9/20 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-ын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 05315 дугаар шийдвэрээр “А” ХХК, Ц.Э- нараас 56 378 794 төгрөг гаргуулж, Хаан банкинд олгох, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 24 дүгээр байр 43 тоот, 29 м.кв 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд би 2017 оны 11 дүгээр сард болон 2018 оны 05 дугаар сарын 24, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрүүдэд үл хөдлөх хөрөнгийг 134 000 000 төгрөгөөр үнэлэх үнэлгээний санал хэлж, анхны дуудлага худалдааг 93 800 000 төгрөг, 2 дахь дуудлага худалдааг 67 000 000 төгрөгөөр оруулахыг зөвшөөрсөн. Гэтэл “Хөрөнгө эйстимэйт” ХХК нь байрыг үнэлэхдээ үнэлгээг бууруулж 69 000 000 төгрөг болгон үнэлж, анхны дуудлага худалдаанд 48 500 000 төгрөгөөр оруулахаар болсон учраас хүлээн зөвшөөрөөгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гарсан үнэлгээг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр танилцуулж, энэ өдрөө байраа худалдан борлуулах 1 сарын хугацаа олгосон. Үнэлгээтэй танилцуулснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах байсныг мэдээгүй, 1 сарын хугацаанд гомдлоо гаргаж болох юм байна гэж ойлгосон. Эд хөрөнгийг өөрсдөө бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа олгож байна гэж бичиж авснаараа үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах эрхийг хаасан.

Иймд 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 9/20 тоот үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлгээ гаргуулж, албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

... Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Ц.Э-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003137 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 24 дүгээр байрны 43 тоот орон сууцыг битүүмжилж, хураах тогтоол үйлдсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад төлбөр төлөгчийн өгсөн 134 000 000 төгрөгийн үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон 69 287 400 төгрөгөөр үнэлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар талуудад мэдэгдэж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгчийн хүсэлтээр өөрийн хөрөнгөө худалдан борлуулах 1 сарын хугацааг олгосон нь хууль зөрчөөгүй. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болохыг тайлбарласан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03404 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Э-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205003137 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 24-р байрны 43 тоот орон сууцыг 69 287 400 /жаран есөн сая хоёр зуун наян долоон мянга дөрвөн зуу/ төгрөгөөр тогтоож, Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 9/20 дугаартай тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн А ХХК, Ц.Э-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 105 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03404 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Анхан болон давж заалдах шатны шүүх “А” ХХК болон миний эрх ашгийг зөрчиж, хэт нэг талыг барьж хариуцагч талд үйлчилж, барьцааны хөрөнгийг хэт үнэгүйдүүлж, биднийг хохироож байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3-т заасныг зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар үүссэн маргааныг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “А” ХХК болон Ц.Э- нар нь үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааны үнэлгээ хийлгэх, албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 9\20 тоот тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шаардлагыг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

“А” ХХК болон иргэн Ц.Э- нь Баянгол дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102\ШШ2016\05315 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1951 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 001\ХТ2017\00152 дугаар тогтоолоор “Хаан банк” ХХК-д 56 378 794 төгрөгийн төлбөр төлөх үүрэг хүлээжээ. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 24 дүгээр байрны 43 тоот 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт заасан байна.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцааны эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнэлгээний талаар төлбөр төлөгчөөс өгсөн саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүй учир шинжээч томилон орон сууцны үнэлгээг гаргуулжээ.

Шинжээчээр томилогдсон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө Эстимейт” ХХК нь барьцааны зүйлийг 69 287 400 төгрөгөөр үнэлжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дээрх ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1., 55.2.2.-т заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоодог бөгөөд үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилдог байна.

Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө.

Төлбөр төлөгч болон авагч, өмчлөгч үл хөдлөх үнэлгээний талаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу тохиролцоогүй бол шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээч томилж, үнэлгээ хийлгэх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нар нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон орон сууцны үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур гэж үзсэнээ баримтаар нотлоогүйгээс гадна үнэлгээний талаар гомдол гаргах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 55 дугаар зүйлийн 55.7.-д заасан хугацааг хэтрүүлсэн байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03404 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 105 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

          ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН