Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2019/00126

 

 

 

 

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2019/00126

 

 

 

 

                                           О.Нын нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/01897 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч О.Нын нэхэмжлэлтэй, хариуцагч ИНЕГт холбогдох,

Гадаадад суралцсан хугацааны томилолтын зардал 22 843 347 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч О.Нын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: О.Н би 2012 оноос эхлэн ОХУ-ын Москвагийн иргэний нисэхийн техникийн улсын их сургуульд аспирантурт сурахаар мэдүүлгээ өгч эхэлсэн бөгөөд 2014 онд хувийнхаа зардлаар ОХУ-ын Москва хотод очин Москвагийн иргэний нисэхийн техникийн их сургуулийн аспирантурын шалгалтыг өгч тэнцэн, тус сургуулийн аспирантурт элссэн юм. Тус сургуулийн ректор, проректор нартай олон удаа уулзаж, ярилцсаны үр дүнд 4 жилээр, өдрөөр аспирантурт суралцах байсныг 3 жил эчнээгээр суралцахаар зөвшөөрүүлж, сургалтын төлбөрийг 42 хувиар буюу 690000 рублээр суралцахыг 405000 рубль/ 10875 ам.доллар/ болгон багасгасан. ...ИНЕГ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Лхагвасүрэнд ИНЕГ зардлаар аспирантурт суралцуулахыг хүсэж би 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өргөдлөө гаргасан. Миний өргөдлийг ИНЕГ даргын зөвлөлийн 2014 оны 13 дугаар хурлаар хэлэлцээд намайг ИНЕГ нэр дээр суралцуулахаар шийдвэрлэж, уг шийдвэрээ ИНЕГ даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/481 тоот тушаалаар миний 3 жилийн сургалтын төлбөрийг төлж, байгууллагын зардлаар суралцуулахаар албажуулан баталгаажуулсан юм. Энэхүү тушаалыг үндэслэн Москвагийн иргэний нисэхийн техникийн их сургууль болон ИНЕГ, О.Н нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 14С1-996/и дугаартай гурвалсан гэрээг байгуулсан. Намайг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудлын захирлын ажлаас улс төржин халсан. 2015 оны 4 дүгээр сараас хойш ИНЕГ удирдлага 3 удаа солигдон, ИНЕГ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Нямдаваа ажиллах болсон. Г.Нямдаваад удаа дараа аспирантурын сургалтандаа хамрагдья, сургалтын төлбөр, зардлыг минь гаргаж өгөөч гэж өргөдлөө гаргаж байсан. Мөн намайг сургалтанд хамруулахыг хүссэн албан тоотуудыг Москвагийн иргэний нисэхийн техникийн их сургуулийн ректор болон проректор нараас удаа дараа ИНЕГ даргад илгээж байсан. Гэтэл Г.Нямдаваа нь ИНЕГ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх бүхий л хугацаандаа Монгол улсын шат шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэн Чингис хаан олон улсын нисэх буудлын захирлаар намайг эгүүлэн томилохын оронд миний аспирантураар барьцаалан тохиролцоо хийхийг байнга шаардаж байсан. Сургалтын төлбөр хийгдэхгүйгээс улбаалан Москвагийн иргэний нисэхийн техникийн их сургуулийн аспирантураас намайг хасах, гэрээг хүчингүйд тооцох шийдвэрийг гаргах болсноо Москвагийн иргэний нисэхийн техникийн их сургуулийн ректор Елисеев.Б.П 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 15/1963 дугаартай албан бичгээр ИНЕГ дарга Л.Бямбасүрэнд мэдэгдсэн. Миний Москвагийн иргэний нисэхийн техникийн их сургуулийн аспирантурт суралцах гурван талт гэрээг цуцлах тухай тус сургуулийн шийдвэр гарсныг далимдуулан намайг гарцаагүй байдалд оруулан саналыг минь харгалзалгүйгээр эвлэрлийн гэрээг байгуулахаар тулгалт хийж, арга буюу аспирантураа төгсөн эрдмийн зэрэг цолоо хамгаалын тулд эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурахаас өөр гарц тухайн үед байгаагүй. Ингээд 6 удаа аспирантуртаа очиж суралцах ёстойгоос 3 удаагийн явах зардал болон сургалтын төлбөрийг ИНЕГ хариуцаж, намайг ИНЕГ Нисэх буудлуудын бодлого, зохицууллатын хэлтэст мэргэжилтнээр томилохоор, ийнхүү томилсноор О.Ныг Чингис хаан олон улсын нисэх буудлын захирлын албан тушаалд томилуулах шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаахаар тохиролцсон. Дээрх эвлэрлийн гэрээний дагуу хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас миний сургалтын төлбөр болон 3 удаагийн замын зардлыг төлсөн. Гэвч энэхүү эвлэрлийн гэрээ нь миний сурч боловсрох, хүнийг эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн тул миний биед ОХУ руу явсан бүх хугацааны томилолтын зардлыг олгох үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд миний техникийн ухааны доктор цолыг хамгаалахаар ОХУ-ын Москвагийн иргэний нисэхийн техникийн их сургуульд суралцсан 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуусталх хугацааны томилолтын зардал болох 15 539 339 төгрөг, ОХУ-ын Москва хотод 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд техникийн ухааны дэд эрдэмтний димпомын баримт бичгийн иж бүрдлийг хангуулах, эрдэмтний димпомоо гардан авах ажлаар томилолтоор явсан зардал болох 7 304 008 төгрөг, нийт 22 843 347 төгрөгийг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. О.Н нь Чингис хаан олон улсын нисэх буудлын захирлаар ажиллаж байгаад ИНЕГ даргын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. 3 шатны шүүхийн шийдвэрээр О.Ныг ажилд нь эгүүлэн тогтоосон. ИНЕГ зүгээс О.Ныг буцаан Чингис хаан олон улсын нисэх буудлын захирлын ажилд эгүүлэн тавих боломжгүй байсан учир харилцан тохиролцоё гээд О.Н нь 2017 онд эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг эвлэрлийн гэрээнд түүний ОХУ-ын Москва хотын Иргэний нисэхийн улсын техникийн их сургуульд суралцах төлбөр болон суралцах хугацааны 3 удаагийн томилолтын зардлыг төлөхөөр тохиролцсоны дагуу Иргэний нисэхийн ерөнхий газраас томилолтын зардлуудыг бүрэн олгож үүргээ биелүүлсэн. 4, 5 дахь удаагаа явах зардлыг төлнө гэж эвлэрлийн гэрээнд заагаагүй. Энэхүү зардлыг төлөх эсэхийг удирдлага зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 128 дугаар зүйлийн 128.1.9 дэх хэсэгт зааснаар хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас гадаадад суралцсан хугацааны томилолтын зардалд 22.843.347 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Над олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 367 461 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 367 461 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Над олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-н давж заалдах гомдолд: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “..........О.Нын ОХУ-ын.......сургуульд докторын зэрэг хамгаалах сургалтад 5 удаа авахаас 3 удаа явуулах хугацааны томилолтын зардлыг хариуцагч байгууллага төлөхөөр өөрчлөн тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна ”, мөн “.... О.Нын....сургалтад суралцахад олгох томилолтын зардлын хэмжээг багасгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан ........хязгаарлах, давуу байдал топгоохыг хориглоно гэснийг зөрчжээ." гэж дүгнэсэн. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 128 дугаар зүйлийн 128.1.9. дэх хэсэгт зааснаар ...........төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Над олгосугай.” гэж тогтоосныг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна. ИНЕГ даргын 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн зайгууллагын зардлаар суралцуулах тухай” А/481 дугаар тушаалаар “О.Нын 3 жилийн сургалтын төлбөрийг төлж байгууллагын зардпаар суралцуулах, суралцах хугацааны төлбөрт 10 875 ам.долларыг төсөвлөн зарцуулахыг Санхүү, эдийн засгийн газарт зөвшөөрсөн байдаг. Дээрх тушаал, нэхэмжлэгч О.Нын өөрийнх нь хүсэлт, сайн дурын үндсэн дээр ярилцан тохиролцож, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “ИНЕГ зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээ” байгуулсан. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1. “........Техникийн шинжлэх ухаан мэргэжлээр докторын сургалтад сургалтын зардал нийт 10 875 /арван мянга найман зуун далан тав/-н ам.долларын зардалтайгаар суралцуулахаар....”. Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.”ИНЕГ нь О.Ныг 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ОХУ-ын Москва хотын Иргэний нисэхийн техникийн их сургуульд техникийн шинжлэх ухаан” мэргэжлээр 3 жилийн хугацаагаар сургалтын зардал буюу энэ гэрээний 1.1-д заасан нийт зардлыг хариуцан сургана”, мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 “Жил бүр суралцагчийн ирүүлсэн сургалтын талаарх сургуулийн тодорхойлолт болон төлбөрийн дэлгэрэнгүй нэхэмжлэхийг үндэслэн сургалтын төлбөрийг шилжүүлнэ.”, мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.”Суралцагч нь...........энэ гэрээний 2.1-д зааснаас бусад бүх зардлыг өөрөө хариуцан суралцана.” гэж тус тус заасан. Иргэний нисэхийн ерөнхий газраас О.Над 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр сургалтын төлбөр 2 857 /хоёр мянга найман зуун тавин долоо/ ам.доллар, 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар-Москва-Улаанбаатар ирж очих онгоцны тийзний үнэ 1 667 100 /нэг сая зургаан зуун жаран долоон мянга нэг зуу/' төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 8 580 /найман мянга таван зуун ная/ ам.доллар сургалт, байр хоолны зардалд, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2.182 /хоёр мянга нэг зуун наян хоёр/ ам.доллар сургалтын төлбөрт, нийт 11 600 /арван нэгэн мянга зургаан зуун/ ам.долларыг сургалт, байр, хоолны зардалд тус тус шилжүүлсэн. Уг шилжүүлсэн мөнгөн дүн нь О.Нын сургалтын төлбөрт төлөх төлбөрөөс 725 /долоон зуун хорин тав/ ам.доллараар илүү төлсөн.

ИНЕГ нь нэхэмжлэгч О.Нын өөрийнх нь хүсэлт, сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр № 04/17 дугаар “Эвлэрлийн гэрээ” байгуулсан. Эвлэрлийн гэрээний 1 дэх заалтад “.... О.Ныг ОХУ-ын Москва хотын Иргэний нисэхийн улсын техникийн их сургуульд докторын зэрэг хамгаалах сургалтад 3 удаа явуулах бөгөөд ийнхүү суралцах хугацааны томилолтын зардалд 17 670 /арван долоон мянга зургаан зуун далан/ ам.долларыг 1 удаа явахад нь 5 890 /таван мянга найман зуун ерэн/ ам.доллар олгох замаар 3 хувааж өгнө ....” гэж тохиролцсон бөгөөд ИНЕГ нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, 17 670 /арван долоон мянга зургаан зуун далан/ ам.долларыг О.Над төлсөн.

Монгол Улсын Сангийн сайдын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Гадаад томилолтын зардпын хэмжээг шинэчлэн батлах тухай” 188 дугаар тушаалын 1 дэх заалтад “Гадаад оронд болох хурал, зөвлөгөөн, уулзалт, яармагт оролцох, гэрээ хэлэлцээр хийх, туршлага судлах зэрэг ажлаар гадаад оронд явагчдын гадаад албан томилолтын зам хоног, зочид буудлын зардлын хэмжээ”-г баталсан. Өөрөөр хэлбэл гадаадад сургуульд сурахад томилолтын зардал олгох эрх зүйн үндэс байхгүй болно.Иргэний нисэхийн ерөнхий газраас О.Над гэрээ ёсоор сургалтын төлбөрт 10 875 /арван мянга найман зуун далан тав/ ам.доллар төлөхөөс, 11 600 /арван нэгэн мянга зургаан зуун/ ам.доллар төлж, 725 /долоон зуун хорин таван/ ам.доллар илүү төлсөн. 2017 онд Монгол Улсын Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газраас ИНЕГ санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын материалд “Хөдөлмөрийн дотоод журмын 1.7.13-д заасныг зөрчин доорх 5 ажилтантай /О.Н/ 2-4 жилийн хугацаанд суралцах хугацааны докторын төлбөрт 235,7 мянган ам.долларыг төлж үргүй зардал гаргасан байна. Боловсролоо дээшлүүлэх чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг 100 хувь хариуцахаар гэрээ байгуулан төлж байгаа нь Хөдөлмөрийн дотоод журмын 1.7.13-д Аспирантур, эрдмийн зэрэг, цол хамгаалах сургалтын зардлыг ажилтан өөрөө хариуцах, хүсвэл /3.2.2.6/ .... ИНЕГ түүний харьяа байгууллагад 5-с доошгүй жил ажилласан ажилтан байгууллагад хэрэгцээ шаардлагатай мэргэжлээр боловсролоо дээшлүүлэхээр ажлын бус цагаар, үндсэн ажлаас чөлөөлөгдөхгүйгээр суралцахад нь хүсэлт, тодорхойлолтыг үндэслэн 1 жилийн сургалтын төлбөрийн 70 хувьтай тэнцэх 1 удаагийн тэтгэмж олгох гэсэнтэй нийцэхгүй байна" гэж дүгнэсэн. О.Н нь тус байгууллагад төлөх өр төлбөрийн асуудалтай /шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн мөнгө 11 000 000 төгрөг, гадаад томилолтын зардалд 1 333 ам.доллар илүү авсан зэрэг асуудлаар шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг үүсгэсэн/ болно.

            Тус байгууллага нэхэмжлэгч О.Нтай байгуулсан ИНЕГ зардлаар гадаадад суралцагчтай байгууллах сургалтын гэрээ, эвлэрлийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журам зэргээр хүлээсэн үүргээ давуулан биелүүлсэн. Иймд О.Нын гадаадад суралцсан хугацааны томилолтын зардал 22 843 347 төгрөгийг өгөх ямар ч хууль эрх зүйн үндэслэлгүй. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг үндэслэн тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь ОХУ-ын Москва хотын Иргэний нисэхийн техникийн улсын их сургуулийн аспирантурт суралцсан томилолтын зардалд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 15 539 339 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 7 304 008 төгрөг, нийт 22 843 347 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 2017 онд О.Нтай байгуулсан эвлэрлийн гэрээгээр тохиролцсоны дагуу түүний сургуульд суралцах төлбөр болон суралцах хугацааны 3 удаагийн томилолтын зардлыг бүрэн олгосон гэж маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ИНЕГтай байгуулсан эвлэрлийн гэрээ нь миний сурч боловсрох эрхийг зөрчсөн, хүнийг эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн” гэж тайлбарласан бөгөөд шүүх хэргийн 23-24 дүгээр талд авагдсан ИНЕГ, О.Н нарын хооронд хийгдсэн эвлэрлийн гэрээ, 67-70 дугаар тал дахь эрдмийн зэрэг горилогч болон сургууль, захиалагч нарын хооронд хийгдсэн 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №14С1-996/и гурвалсан гэрээ зэрэг баримтуудад дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ИНЕГ, О.Н нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ, эрдмийн зэрэг горилогч болон сургууль, захиалагч нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №14С1-996/и гурвалсан гэрээ, 2011 оны 09 дүгээр сарын 12-ны Монгол улсын Сангийн сайдын 188 тоот тушаал  зэрэг баримтууд ИНЕГ “архивын хуулбар үнэн” тэмдэг дарагдсан, түүнчлэн өнгөтөөр хуулбарласан хувь байна. /хх23-24, 67-70, 152-155, 131-134, 134-136/

Мөн тухайн маргаанд ач холбогдолтой байж болох хэргийн 95-96, 98-99 дүгээр тал дахь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 15/1963 дугаартай Москвагийн иргэний нисэхийн техникийн их сургуулийн ректор Б.П.Елисеевээс ИНЕГ дарга Л.Бямбасүрэнд “О.Ныг аспирантурт суралцуулах 3 талт гэрээг цуцлах тухай” албан бичиг, 17 дугаар тал дахь ИНЕГ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваагаас О.Над сургалтын төлбөрийг сайдаас өгсөн үүргийн дагуу төлнө, шүүхийн шийдвэрт туссан 21 000 000 төгрөгийг олгоно гэж гараар бичсэн тэмдэглэл зэрэг баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байна. 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлдэг тул хэргийн оролцогчоос шүүхэд ирүүлсэн нотлох баримт нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагатай. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон байх тул уг шийдвэрийг мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх эдгээр нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг хэргээс хасах ажиллагааг хийх шаардлагатай бөгөөд нотлох баримтыг хасах тохиолдолд хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх эсхүл хуульд заасан журмын дагуу хэргийн оролцогчид дахин баримтаа бүрдүүлж өгөх ажиллагаа хийгддэг журамтай. 

 

Давж заалдах шатны шүүхээс нотлох баримтын шаардлага хангахгүй баримтад үндэслэж маргааныг зөв шийдвэрлэсэн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/01897 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                  ШҮҮГЧИД                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                    А.МӨНХЗУЛ