Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00645

 

 

 

Т.Хнэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00097 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Ххариуцагч Э П ӨХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, Б.Эрхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Азжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Түмэнжаргал овогтой Хулантахь миний бие 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Э П ӨХХК-ийн www....мэдээний сайтад улс төрийн албаны сэтгүүлчийн ажилд орсон. 2019 оны 4 дүгээр сар хүртэл ямар ч асуудалгүй ажлаа гүйцэтгэж удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг тухай бүрт нь гүйцэтгэж цалингаа бүрэн авч байсан. Гэтэл 2019 оны 04 дүгээр сард байгууллагын удирдлага солигдож О.Бгэх хүн захирлын албан тушаалд томилогдон ирснээр ажиллах нөхцөл эрс өөрчлөгдөж, ажлын байрны дарамт, цалин хөлсний асуудал, хамт олны хоорондын харилцаа зэрэг тэвчишгүй асуудлууд бий болж эхэлсэн. Цалин хөлсийг хугацаанд нь тавихгүй удаан хугацаагаар хойшлуулж, шалтгаангүйгээр цалингаас хасалт хийж эхэлсэн. Миний зүгээс тухай бүрт нь тайлбар тавилгүй ажил үүргээ гүйцэтгэж аль болох ойлголцож ажиллахыг хичээсэн ч үр дүнгүй улам л шүүмжилж үндэслэлгүйгээр загнах нь ихэссэн. Ганц миний хувьд биш бусад бүх ажилчид удирдлага солигдсоноос хойш маш их дарамтанд ажиллах болсон. Ажилчдын зүгээс цалин дутуу бодогдож орсон талаар захирлаас асуухад та нар удирдлагатайгаа цалин ярьдаг хэн юм, битгий надтай цалин ярь гэх зэргээр ажилчидтай зүй бусаар харилцдаг байсан. Захирлын бүхий л шахалт дарамтыг үл тоон үүрэгт ажлаа хийж байхад шалтгаангүйгээр хуучин захирал О руугаа явцгаа, та нартай ажиллаж чадахгүй гэх зурвас ажлын чатад удаа дараа ирүүлж эцэст нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ажилчдын чатад ажилчдыг илт дарамталсан зурвасыг илгээсэн. Мөн тухайн өдөр контент хариуцсан захирал Н.О ...цахим хуудсын мэдээллийг шэйрлэхгүй гэсэн зурвас илгээсэн бөгөөд ажилчдын зүгээс шаардлагыг тодруулж асуухад шэйрлэвэл та нартай ажиллаж чадахгүй гэж дарамталж ажилчдын хувийн орон зайд халдаж эхэлсэн. Миний бие ажлаас нэг ч удаа хоцроогүй, даалгасан үүрэг даалгавар, материалыг цаг тухайд нь биелүүлж ямар нэгэн зөрчил гаргалгүй ажлаа сэтгэлээсээ хийж байсан. Хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтан харилцан бие биенийхээ өмнө үүрэг хүлээдэг байтал О.Бнь ажилчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, шахаж дарамталж байсан. 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн цалингаас 200 000 төгрөг дутуу орж, маргааш өглөө 10.00 цагт захирал О.Батханд, контент хариуцсан захирал Н.Онар ганцааранг минь дуудаж бүтэн цаг хэл амаар доромжилж ажлаас гарахыг шаардсан. Цаашид тэвчишгүй хүнд дарамт шахалтанд орж ажлаасаа хөөгдсөн. Өрөөнөөс нь гараад ажлаа хийгээд сууж байтал орж ирээд чи яваагүй байгаа юм уу гэсэн. Би халагдах тушаалаа авъя гэхэд халагдах тушаал өгөхгүй, амралтын мөнгө ч өгөхгүй, чи өргөдлөө өгөөд яв гэсний дагуу би та нарын шаардсаны дагуу өргөдлөө өглөө гээд бичиж өгсөн. Халагдсан даруйдаа хөдөлмөрийн гэрээний хувь, ажилд орсон гарсан тушаал болон халагдсаны тэтгэмж, ажилласан хоногийн цалин бодуулах гэтэл огт авч хэлэлцээгүй. Би өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө өгөөгүй. Иймд Э П ӨХХК нь Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтаны өмнө хүлээсэн үүргээ зөрчиж албан шахалтаар хууль зөрчиж ажлаас халсан тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

   Хариуцагчийн тайлбарт: Ажилтан Т.Х нь Э П ӨХХК-д 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс ажилд орсон. Тэрээр ажиллах хугацаандаа компанийн дотоод журмыг удаа дараа ноцтой зөрчиж, санхүүгийн асар их дутагдал гаргасан нь баримтаар нотлогдсон. Энэ талаар аман байдлаар сануулга өгч байсан. Т.Хцалинг хассан, цалинг хугацаанд нь олгоогүй асуудал огт үүсээгүй болохыг Э П ӨХХК-ийн нийгмийн даатгалд илгээсэн тайлан болон ажилтнуудын цалинг сар бүрийн 5, 20-ны өдөр олгож байсан нь банкны баримтаар нотлогддог. Т.Х нь нэхэмжлэлдээ 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр контент хариуцсан захирал Х.Оюунсүрэн www....сайтын мэдээ мэдээллийг шейрлэж болохгүй гэж хэлсэн гэж бичсэн байна. Гэтэл тэрээр ажлаас гарах өргөдөлдөө гүйцэтгэх захирал О.Бта www....сайтын мэдээг тавьсан тохиолдолд ажиллуулахгүй гэж хэлсний дагуу ажлаа өгч байна. Зүй бус шаардлага гэж үзэж байна хэмээн бичсэн байна. Үүнийг түүний бичсэн ажлаас гарах өргөдөл болон шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй харьцуулан харж болно. Т.Х нь компанид ажиллах хугацаандаа С.Бямбацогт гишүүнтэй 2019 оны 04 дүгээр сард Э П ӨХХК-ийн байгуулсан гэрээний 2 000 000 төгрөгийг бэлнээр авсан. С.Бямбацогт албан мэдээ оруулах хүсэлтээ ирүүлж сарын өмнө гэрээний мөнгө өгсөн тул мэдээ оруулах хүсэлтээ компанид хүргүүлснээр түүнийг гэрээний мөнгийг компанид тушаагаагүйг мэдсэн. Тэрээр уг хугацаанд мөнгийг бэлнээр авсан болохоо байгууллагад огт мэдэгдээгүй. Түүнийг ажлаас гарсны дараа буюу 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр цагдаад мэдэгдэнэ гэсний дараа 15 цаг 17 минутанд Э П ӨХХК-ийн данс руу шилжүүлсэн. Ийнхүү компанийн гэрээ хийсэн 2 000 000 төгрөгөөс 200 000 төгрөгийг өөртөө авч 1 800 000 төгрөгийг шилжүүлсэн. Компанийн хөрөнгийг ийнхүү 2 сарын хугацаанд хувьдаа ашиглаж байсан нь тогтоогдсон. Т.Хд итгэж чуулганыг сурвалжлах эрх олгосон боловч тэрээр байгууллагын нэр хүндийг ашиглан УИХ-н гишүүн Н.Учралтай гэрээ байгуулж ...сайтад ...гишүүний мэдээ мэдээллийг удирдлагад мэдэгдэлгүй оруулах болсон. Үүнийгээ ...гишүүний сургуульд хүүхдээ үнэ төлбөргүй оруулж байгууллагын нэр хүндээр бартер хийсэн хэмээн тайлбарладаг. Холбогдох гэрээг асуухад аман гэрээ хэмээн тайлбар өгсөн нь байгуулсан гэрээгээ компанид өгч мэдэгдээгүй атлаа компанийн нэр хүндийг ашиглан өөртөө ашигтай нөхцөл байдал үүсгэсэн, компанийн дотоод журмыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Т.Х нь ажилд орсон, ажлаас гарсан тушаал, халагдсаны тэтгэмж авах тухай удирдлагад хандаагүй бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа ашиглаж байсан техник тоног төхөөрөмж, баримт бичиг бусад эд зүйлсийг хүлээлгэж өгөлгүй ажлаа орхин явж ажлаас гараад 5 хоногийн дараа өөрийн өмнөх захирал М.Оын www....сайтад мэдээ мэдээлэл түгээж өөрийн нэрээр нийтэлж эхэлсэн. Өмнө ажиллаж байсан компанид ажлаа хүлээлцэж, тооцоо нийлэхгүйгээр ажлаа өөрийн хүсэлтээр орхиж явсан. Ажлаас гарсны дараа сайтын нэр хүндийг ашиглан Киргиз улс руу амарсан бөгөөд түүний гаргасан санхүүгийн зөрчлийг тодруулахад тэрээр ажилтны нийгмийн асуудлыг шийдэх ёстой хэмээн удирдлагын тавьсан шаардлагыг эсэргүүцэн компанийн нэрийг барьж санхүүгийн зөрчил гаргаснаа зөвтгөн маргаан хийж зохисгүй авирласан. Мөн гүйцэтгэх захирал Л.МУул уурхайн яамтай хийсэн гэрээний хувийг авна хэмээн утсаар давшилж илт санхүүгийн ашиг сонирхолтой үйлдлийг удаа дараа гаргаж байсан. Түүнийг компанийн зүгээс дэмжиж БНХАУ-д 2019 оны 05 дугаар сард томилолтоор явуулсан бөгөөд захирал О.Бнь түүнийг ерөнхий редактороор томилохоор ярилцаж байсан. Гэтэл тэрээр өөрийн ажиллаж буй компанийг мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж, ажилдаа чин сэтгэлээсээ бус, ашиг сонирхлын үүднээс хандаж байсан тул Т.Хнэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Т.Х нь өрсөлдөгч байгууллага болох www....сайтын мэдээ, мэдээллийг өөрийн фэйсбүүк хуудсаар шейрлэж байсан учраас удирдлагын зүгээс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өрөөндөө дуудаж энэ талаар тайлбарлан хэлсэн боловч хүлээж аваагүй. Тэрээр ажлаас халагдах өргөдлөө өөрөө бичиж өргөдөлдөө энэ талаараа бичсэн байдаг. Т.Х нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн учраас ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх:    Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Т.Х Э П ӨХХК-ийн эрхлэн гаргадаг ...сайтын сэтгүүлчийн ажилд нь эгүүлэн тогтоож, Э П ӨХХК-аас 9 796 814 төгрөгийг гаргуулж Т.Хд олгож, Т.Хнийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч Э П ӨХХК-д даалгаж шийдвэрлэсэн байна. Мөн нэхэмжлэгч Т.Хулантахийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э П ӨХХК-аас 241 899 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаатарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Т.Х нь манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа удаа дараа зөрчил гаргасан, бид сануулаад өнгөрдөг байсан. 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр .... сайтын мэдээг өөрийн мэдээний хуудсанд дамжуулсан. Э П ӨХХК-ийн өрсөлдөгч компанийн сайтын мэдээг өрийн цахим хуудсаар дамжуулан нийтэлсэн. Энэ үйлдэл нь байгууллагын болон сэтгүүлчийн ёс зүйг зөрчсөн учир ажлын шаардлага тавихад өөрийгөө өмөөрч хэрүүл хийж, ажлаас гарах өргөдлөө өгөөд хуучин удирдаж байсан М.Оын сайтад ажилд орсон байсан. Ажлаас гарах өөрийн хүсэлтийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гэтэл шүүх үүнийг ажил олгогчийн зүй бус нөлөөллийн улмаас өргөдөл гаргасан, нэхэмжлэгч ажлаасаа чөлөөлөгдөх хүсэл зорилготой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн. Т.Х өмнөх удирдлага М.Отай байнга холбоотой байдаг бөгөөд түүний сайтын мэдээг нийтэд дамжуулж тараагаад, удирдлагаас тавьсан шаардлагыг эсэргүүцэн хэрүүл хийж, ажлаас гарсан өдрөөсөө .... сайтын мэдээг бэлтгэн ажиллаж эхэлсэн. Т.Ххувьд дараагийн ажил нь бэлэн байсан, өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч байгаа зэрэг нь харагдаж байхад үүнийг ойлгож дүгнээгүй. Мөн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 796 814 төгрөг гаргуулахаар шийдсэн. Гэтэл 1 423 188 төгрөгийн цалин авдаггүй, үндсэн цалин дээр сурталчилгааны гэрээний 5 хувийг авдаг боловч энэ нь харилцан адилгүй байдаг. Зарим үед гэрээгүй бол нэмэлт бодогдохгүй. Шүүхийн хэт нэг талыг барьж ажил олгогчийг буруутгасан энэхүү шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Т.Х нь хариуцагч Э П ӨХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Т.Х нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс Э П ӨХХК-ийн .............мэдээний сайтад улс төрийн албаны сэтгүүлчээр ажиллаж байгаад 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирлын Б/011 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /хх 25/

 

Хариуцагч тушаалын үндэслэлээ нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцласан гэж тайлбарладаг боловч энэ нь хэргийн 26 дугаар тал дахь ажилтнаас, ажил олгогчид 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гаргасан өргөдлөөр үгүйсгэгдэж байна.

 

Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэлээ ... ажил олгогчийн дарамт шахалтаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичсэн, миний хүсэл зориг биш ... гэж тайлбарладаг бөгөөд уг өргөдөлд ... таны шаардсаны дагуу ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна. Өрсөлдөгч .... сайтын мэдээллийг өөрийн цахим нүүр номондоо тавьсан тохиолдолд medee.mn-д ажиллуулахгүй гэсний дагуу ажлаа хүлээлгэн өгч байна, ажил хэргийн бус шаардлага тавьсан гэж үзэж байна гэж бичигджээ.

 

Ажилтан санаачилсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан зохицуулалт нь тухайн ажилтан гадны болон ажил олгогчийн зүгээс ямар нэгэн дарамт шахалтгүйгээр өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ цуцлах өргөдлөө ажил олгогчид гаргасан нөхцөлд хэрэглэгдэнэ.

 

Гэтэл нэхэмжлэгчийн ажил олгогчид гаргасан дээрх өргөдлийн агуулга нь талуудын Хөдөлмөрийн тухай хуулийн 5, 6 зугаар зүйлд заасан хөдөлмөрийн харилцааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийн хүрээнд зөрчил үүссэнээс үүдэлтэй гэж үзэхээр байна.

 

Шүүхээс энэ талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагчийн ... Т.Х нь удаа дараагийн үйлдлээр ноцтой зөрчил гаргасан, компанийг мөнгө олох хэрэгсэл болгож ашиглаж, ажилдаа чин сэтгэлээсээ бус ашиг сонирхлын үүднээс хандан өрсөлдөгч байгууллагын мэдээллийг өөрийн цахим хуудсанд байршуулдаг байсан гэх тайлбар нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан үндэслэлд хамааралгүй, энэ талаар тушаалд тусгагдаагүй байна. Шүүх нэхэмжлэгч талаас ирүүлсэн хэний дуу хоолой нь мэдэгдэхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан эсэх нь эргэлзээтэй аудио бичлэгийг нотлох баримтаар үнэлснийг буруу гэж үзэв.

 

Цалин хөлсний талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг ажлаас чөлөөлсөн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл 6 сар 19 хоног гэж тооцоолон энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9 796 814 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамтай нийцсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.а, 7.а-д ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал багтах, дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлохоор заасан.

Шүүх нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн сүүлийн 3 сарын цалин хөлсний /2019 оны 3, 4, 5 дугаар сарын цалин хөлс болох 1 450 000+670 000+2 149 565/ дунджаар 1 сарын дундаж цалин хөлсийг 1 423 188 төгрөг гэж тооцоолсон нь зөв. /хх 36/

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00097 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 699 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

А.МӨНХЗУЛ