Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/00799

 

 

 

 

Ш.Онэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00354 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Охариуцагч УБТЗхолбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаан нэхэмжлэгч Ш.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх, Н.Баттуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие 2003 оноос Статах хэсгийн хүний нөөцийн тасгийн даргаар ажиллаж эхэлсэн. 60 нас хүрээгүй тул 20-оос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлж 55 нас хүрч өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. УБТЗ-аас 2016-2018 онуудад хүний нөөцийн чиглэлээр хийгдсэн дотоод хяналт шалгалтын дүгнэлтээр Хүний нөөцийн тасгийн ажил бүрэн хангалттай, хангалттай, хэвийн гэсэн үнэлэлт авсан байдаг. Харин 2018 оны 12 сарын 12 ны өдөр Улаанбаатар хотод намайг дуудан ирүүлж, хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан Замын орлогч дарга Х.А санхүүгийн шалгалтын дүнгийн хурал хийж, уг хурлаар намайг өөртөө хуурамч тушаал гаргаж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан, ажилчдын ээлжийн амралтыг хугацаанд нь гаргаж өгдөггүйгээс санхүүгийн ажилд хүндрэл учруулж хохироосон, ажилчдад илүү мөнгө олгож байгууллагыг хохироосон тул Ш.Обайгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Энэ өдрөөс өнөөдрийг хүртэл надад сахилгын шийтгэлээр халсан тухай шийдвэрийг танилцуулаагүй. Гэнэтийн цочролд орсны улмаас миний эрүүл мэнд хэвийн ажиллах боломжгүй болсон. Татах хэсэгт 2018 оны 11 сард хийгдсэн дотоод хяналтын шалгалтын дүнгийн хуралд энэ талаарх мэдээллийг надад танилцуулаагүй. Уг хуралд оролцсон Татах хэсгийн дарга, Ерөнхий ня-бо нар хурлын шийдвэрийг удирдах ажилтны зөвлөгөөнд танилцуулж тамга тэмдэг түших эрхийг удирдлагууд өөрийн болгож авсан, тэр өдрөөс эхлээд ажлын байр болон ажилчид, орон нутагт Ш.О шоронд орж байгаа гэнэ, байгууллагаас их хэмжээний мөнгө завшсан гэх мэт гүтгэлгийн үг тарж, ах, дүү, найз нөхөд маань хүртэл сэтгэлээ шаналгаж байна. Удирдлагын зүгээс үзүүлж буй ажлын байрны дарамт шахалтын улмаас, 800 гаруй ажиллагсадтай Хүний нөөцийн тасагт хүний нөөцийн зааварлагч ажиллах талаар тушаалд заасан байхад орон тоог баталж шийдвэрлэж өгөөгүй. Хууль зүйн албаны дарга н.Мзагнаж дарамталсан, Зүтгүүрийн аж ахуйн албаны дарга Ш.Оийг 2018 оны 10 сард өндөр насны тэтгэвэрт нь гаргах тухай шахалтыг Хүний нөөцийн албанд бичгээр өгсөн байдаг. УБТЗ-ын захиргаа 2018 оны 12 сарын хурлын шийдвэрээ хүчинтэй байлгахын тулд Цагдаад шалгуулж байгаа нэрээр миний эрхийг зөрчсөөр байгаа. Энэхүү хурлын шийдвэрийн улмаас гэнэтийн цочролд орж миний эрүүл мэнд цаашид хэвийн ажиллах боломжгүй болсон учир 2019 оны 02 сарын 20-ны өдөр ажилдаа орж, захиргааны энэхүү дарамт шахалтын дор ажиллах боломжгүй байгаа тул 03 сарын 20-ны өдрөөс ээлжийн амралтаа авч биеэ эмчлүүлэн цаашид ажлаас халагдах тухай өргөдлөө 2019 оны 03 сарын 10-ны өдөр удирдлагуудад өгсөн. Миний бие энэхүү дарамтын улмаас ажлын байранд гэмтэл авч удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болохоор цаашид 2 сарын хугацаанд акт авах боломжтой байсан боловч дээд шатны эмнэлгийн шинжилгээнд явахаар шийдвэр авсан тухайгаа Татах хэсгийн дарга Д.Хорлоод танилцуулаад 06 сарын 11-ний орой Сайншандаас Улаанбаатарт ирэхэд 06 сарын 11-ний өдрийн тушаал гарсан байсан. Үүнээс хойш .......... УБТЗын даргын Ш.Обайгуулсан 2019 оны 06 сарын 11-ний өдрийн Б-1-228 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг миний бие 2019 оны 06 сарын 12-ны өдөр хүлээн авсан. Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны хүсэлтээр гэрээг цуцлахдаа бусдын шахалт шаардлага, хөндлөнгийн нөлөөлөл, зүй бус оролцоогүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ гэж заасан байдаг. Гэтэл бодит байдал дээр Ш.О нь өөрийн хүсэлтийг өгөхдөө надад ажлын байрны дарамт шахалт учруулж байна, хүндрэлтэй байна гэдгээ өргөдөлдөө тусгасан боловч үүнийг харгалзаж үзээгүй. Энэхүү өргөдлийг УБТЗын Хүний нөөцийн алба хийгээд, орлогч дарга н.Амгалан нарт тус тус гаргасан байдаг. Эдгээр өргөдлүүдэд ажлын байрны дарамт байгаагаас хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хүсэлт гаргасан ч үүнийг харгалзаж үзэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр түүнтэй хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар хурлаар шийдвэрлэсэн. Энэ хурлын шийдвэр бүхэлдээ Ш.Охолбоотой дарамтын шинжтэй асуудлыг хэлэлцэж хөдөлмөрийг гэрээг цуцлах талаар ярьсан. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хурлын шийдвэрийг гаргасан. Тус ангийн дарга Сдахь татах хэсгийн дарга н.Хорлоо гэх хүнээс энэ хүний ажлын байрыг хүлээлц гэж шаардаж байсан. Иймд Ш.Обайгуулсан хөдөлмөрийн гэрээг дарамт шахалт үзүүлж цуцалсан тул ажилд нь эргүүлж тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

  Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ш.О нь УБТЗ-д 2003 оноос эхэлж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Улмаар УБТЗ-ын Хүний нөөцийн албанд 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гаргасан өргөдөл болон хүсэлтийг нь харгалзан 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б-1-228 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Замын даргын тушаал гарсан. Энэхүү тушаал нь ажилтны өөрийн санаачилгаар гаргасан хүсэлтэд үндэслэсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалтад нийцсэн бөгөөд хууль хэрэглээний алдаагүй. Нэхэмжпэгч дарамт шахалтын улмаас биеийн эрүүл мэнд нь муудаж, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон улмаар цаашид ажлаас халагдах тухайгаа бичиж өгсөн гэжээ. Дурдсан дарамт шахалт гэх үйлдлүүд нь ажил олгогч болох УБТЗ-ын удирдлага болон түүний ажиллаж байсан Статах хэсгийн удирдлагатай огт хамааралгүй бөгөөд УБТЗ-ын өөр салбар нэгжийн даргатай үүссэн хувийн тааламжгүй харилцаагаа ажил олгогчоос ажлын байрны дарамт шахалт, зүй бус нөлөөлөл үзүүлсэн мэтээр тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч Ш.ОУБТЗ-ын Хүний нөөцийн албанд 2019 оны 0З дугаар сарын 11-ний өдөр гаргасан өргөдөлд ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон байдаг. Өөрөөр хэлбэл өргөдөлд дурдсан маргаан нь ажил олгогч болох УБТЗ-ын захиргаа, Статах хэсгийн удирдлагатай хамааралгүй болох нь өргөдлөөс тодорхой харагддаг. Тухайн өргөдлийг гаргахад ажил олгогчийн зүгээс ямар нэгэн оролцоо байгаагүй бөгөөд ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан өргөдлийг хүлээн авч нэхэмжлэгчтэй тохиролцсон хугацаагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй. Ажлаас халагдах хүсэлтээ өөрөө гаргаж өгөөд түүнийгээ шахалт дарамт үзүүлсэн гэж ор үндэсгүй тайлбарлаж байгаа нь шударга ёсны зарчимд үл нийцнэ. Нэхэмжлэгчийг ажлаас халагдах тухай өргөдөл гарга гэж УБТЗ-ын нэг ч ажилтан тулгаагүй бөгөөд гагцхүү өөрийнх нь санал, санаачилгаар үүссэн үйл баримт юм. УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан замын орлогч даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хийсэн хурлаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ. Статах хэсгийн хүний нөөцийн тасгийн даргын албан тушаал нь УБТЗ-ын удирдах газрын мэдлийн албан тушаал бөгөөд ажилд томилох, ажлаас халах шийдвэрийг зөвхөн Замын даргын эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэдэг. Нэхэмжлэгч Замын даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Замын даргын өмнөөс түүний орлогч нар шийдвэр гаргаж ажлаас халах, хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх байдаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

   Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗд холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Ш.Онэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

 

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгсийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч байна. Шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй, хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлтийг хийлгүйгээр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг илт хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл нь ажил олгогчийн шахалт, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хөдөлмөрийн гэрээг иуцлахаар ажилтны өөрийн хүсэл зоригийн дагуу гаргасан бичгийн хүсэлт байна гэжээ. Замын орлогч дарга Х.А, Дотоод Хяналт хэлтсийн орлогч дарга Ж.Пнар нь хүний нөөцийн ажилтан Ш.Оямар ч холбогдолгүй санхүүгийн дүнгийн хуралд дуудаж, бид тагнуулын газарт ажиллаж байсан тагнаж илрүүлнэ хэмээн хөрөнгө мөнгө зарцуулдаг санхүүгийн эрх бүхий ажилтны гүйцэтгэдэг ажлыг дур мэдэн хийсэн мэтээр тулган хүлээлгэж, гэмт хэрэг үйлдсэн болгож үндэслэлгүйгээр буруутгаж ажлаас халах хурлын шийдвэр гаргаж бүлэглэн айлган сүрдүүлсэн. 2018 онд Статах хэсэгт хийгдсэн санхүүгийн шалгалтаар Ш.Охолбогдолтой ямар ч зөрчил үүсээгүй болох нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хурлийн шийдвэр, акт баримтаар тогтоогдсон байхад өөрт нь танилцуулаагүй мэдэгдээгүй асуудлыг тулган хүлээлгэж буруутгахаар ажлыг нь шударга бусаар үнэлж дуудан ирүүлж дарамталсан.Цагдаагаар айлган дарамталж ээлжийн амралтаа эдлэх, ажлаас халагдах өргөдлийг бичүүлсэн байдаг. УБТЗ-ын Хүний нөөцийн албаны дарга П.Пгаргасан 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн өргөдөлдөө ажлын байрны дарамт түүнд хүргэсэн нөхцөл байдлын талаар тодорхой дурьдсан байдаг. Энэ талаар УБТЗ-ын Статах хэсгийн дарга н.Хорлоог гэрчээр асуухад УБТЗ-ын Хууль зүйн албанаас Ш.Оийг ажлыг нь хүлээлцүүлэх албан бичгийн дагуу ажлыг нь хүлээлцүүлсэн үү гэхэд өвчтэй байсан учраас чадаагүй гэжээ. Дээрх хурлын шийдвэр гарснаас хойш Ш.Оийг хууль бусаар халахаар дарамт, шахалт үзүүлж байсан нь тогтоогддог. Байгууллагын тамга тэмдэг түших тухай тушаалаар Ш.Оийг томилсон, эрх олгосон нь хүчингүй болоогүй, мөн эрх бүхий албан тушаалтан тамга тэмдгийг хүлээн авах үйлдэл хийгээгүй байхад тамга тэмдэг түшсэн нь хувь хүний буруутган хууль бус шийдвэр гаргаж албан тушаалаараа далайлгасан. Ажил олгогч үндэслэлгүйгээр ажлаас халах шийдвэр гаргаж, ажилдаа ирэхэд нь ажлыг нь хүлээлцүүлэхээр дарамтлан ажил хөдөлмөр эрхлэх тэвчишгүй орчинг бий болгосон байдаг. Ажил олгогч Ш.Оийг байгууллагад хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдсэн зэргээр байнгын дарамт шахалтанд оруулж байна. Ажил олгогч буюу УБТЗ-ын дарга нь Ш.Оөргөдөлтэй танилцаж хэрхэн шийдвэрлэх талаар хариу өгөөгүй ба ажилтантай харилцан тохиролцсон баримтгүй байдаг. Харин Ш.Оийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгаас дээд шатны эмнэлэгт онош тодруулах эмнэлэгийн шинжилгээ хийлгэхээр Улаанбаатар хот уруу явуулсан. Иймд тэрээр 2019 оны 6-р сарын 11-ныхаа орой чөлөө хүссэн өргөдлөө ажил олгогчид өгсөн боловч СТатах хэсгийн дарга Д.Хорлоо Ш.Оийг чөлөө хүсэхээр Улаанбаатар хот руу явж байгаа талаар НК-Албаны даргадаа мэдэгдсэн тул шуурхай арга хэмжээ авч 6 дугаар сарын 11-ний орой ажлаас халах тушаалыг нь гаргасан байдаг ба түүнээс хойш долоо хоногийн дараа ажил хүлээлцсэн. Нэхэмжлэгч өргөдлөө 201 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гаргаж, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр УБТЗ-ын Статах хэсгээс хот руу ирж чөлөө хүссэн өргөдөл гаргасан боловч түүнд хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал гардуулж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасантай нийцэхгүй. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа түүнийг өвчтэй ээлжийн амралттай байсан хугацаанд Хөдөлмөрийн хуулийн дагуу халж болохгүй байсан гэх боловч Ш.О нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр эмнэлэгийн шинжилгээ хийлгэх захиргааны чөлөөтэй байсан. Ш.О нь УБТЗ-д 17 жил шахам ажиллахдаа Хөдөлмөрийн чадвар алдалт буюу өвдөж байгаагүй. Харин гүтгэлэг, ажлын байрын дарамт бүхий 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хурлын улмаас сэтгэл санаа нь хямарч, унаж гэмтсэний улмаас бие нь өвдөж, эрх чөлөө нь хязгаарлагдсан байдаг. Ажлын байранд гэмтэл авч удаан хугацаагаар өвчтэй байхад Хүний нөөцийн Албаны дарга нь СТатах хэсгийн даргад Ш.Оажлыг хүлээлцүүлэхийг үүрэг болгосон, УБТЗ-ын Цагдаагийн газарт 3 дугаар сарын 11-ний өдөр яаралтай бэлэн байлга, ажлыг нь түдгэлзүүлж, Авилгатай тэмцэх газарт шилжүүлнэ хэмээн байнгын дарамт зүй бус нөлөөл үзүүлж байсан. Энэ нь орлогч дарга Х.Агийн удирдсан хурал, Ж.П гаргасан шийдвэрийн дагуу хийгдэж буй зүй бус нөлөөлөл, ажлаас халагдах өргөдлөө бичих дарамт шахалт байсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ш.О ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ ажил олгогчийн байнгын дарамт шахалтын улмаас ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй болж, улмаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичсэн. Хөдөлмөрийн гэрээг цуцлах нь миний хүсэл зориг байгаагүй гэж тайлбарласан нь үндэслэл муутай байна. Шүүх хэргийн 101-102 дугаар тал дахь нэхэмжлэгчээс ажил олгогчид гаргасан өргөдлийн агуулгыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасантай харьцуулан дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч Ш.О нь 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс УБТЗын Статах хэсгийн хүний нөөцийн тасгийн даргаар ажиллаж байгаад тус Нийгэмлэгийн Замын даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б-I-228 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байх бөгөөд түүний ажил олгогчид гаргасан өргөдөл, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар ажил олгогчийн зүгээс дарамт шахалт үзүүлсэн, зүй бус нөлөөлөл байсан гэх үндэслэл тогтоогдсонгүй. /хх4/

 

2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох тухай өргөдөлдөө ... 2010, 2016 онуудад тухайн байгууллагад ҮЭХ-ны даргаар ажиллаж байсан М.Энхбаяр, Орон сууцны 3-р ангийн дарга И.Ганболд, НГЧ 3-ын бичээч н.М .., зэрэг хүмүүс ажил хэрэгтэй нь холбогдуулан маргаан үүсгэж байсан талаар дурьдаж, тэрээр 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн НЗт-н удирдсан шуурхай хурлаар дотоод хяналтын хэлстийн дарга Ж.Пнь намайг албан тушаалаа ашиглан байгууллагаас их хэмжээний мөнгө завшсан, Ч.М-д үндэслэлгүйгээр нэг сарын тэтгэмж олгож байгууллагад хохирол учруулсан хэмээн дүгнэсэн тул хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр гаргахад дээрх олон худал мэдүүлэлүүд нөлөөлсөн гэж үзэж байна. Дээрх хурлын шийдвэрээс хойш ажил үүрэг гүйцэтгэхэд туйлын хүндрэлтэй байнгын хардлага, дарамт шахалтад ажиллах бэрхшээлтэй байна. Ажлын байрны дарамт шахалт байнгын бухимдалтай, итгэлгүй ажиллах нь биеийн эрүүл мэнд, сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж эрсдэл үүсгэж байх тул цаашид ажиллах боломжгүй байна. Ээлжийн амралтын хугацаа дуусмагц хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлтэй байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэж бичсэн байна. Ажил олгогч гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлэх бөгөөд нэхэмжлэгчийн өргөдөлд дурьдсан нэр бүхий хүмүүс ажил олгогч бус, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ажилтан байна.

 

Ажилтан хоорондын таарамжгүй харилцаа, байгууллага дотооддоо ажил үүргийн хувьд шалгалт хийж, үр дүнг танилцуулсан нөхцөл байдлыг ажил олгогчийн зүй бус нөлөөлөл, шахалт, дарамт гэж үзэхгүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч УБТЗ-ын НВА албанаас төлөвлөгөөт шалгалт явуулж, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хуралдаанаар түүний ажил байдлын талаарх дүгнэлтийг танилцуулсан цаг хугацаанаас хойш 3 сарын дараа хөдөлмөрийн гэрээгээ цуцлах өргөдөл гаргасан байх ба дээрх хугацаанд ажил олгогчийн зүгээс ажилтанд гаргасан сөрөг хандлагагүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрөө хөдөлмөрийн гэрээ цуцлагдах өдрөө ... ээлжийн амралтаа 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эдэлж, хугацаа дуусмагц хөдөлмөрийн гэрээгээ цуцлана гэж тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгчийн ажил олгогчид гаргасан ажлаас чөлөөлөгдөх дээрх хүсэлт нь ажилтны өөрийнх нь хүсэл зориг байх тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээг ажилтаны санаачлагаар цуцлах, хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй гэж заасан бөгөөд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй.

 

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00354 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

А.МӨНХЗУЛ