Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00096

 

 

                                         Ш.О-ийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00354 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 799 дүгээр магадлалтай,

Ш.О-ийн нэхэмжлэлтэй,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилгүй байсан хугацаанд тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор 

шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.О, түүний өмгөөлөгч Б.Онолтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. 

Нэхэмжлэгч Ш.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2003 оноос Сайншанд татах хэсгийн хүний нөөцийн тасгийн даргаар ажиллаж эхэлсэн. 60 нас хүрээгүй тул 20-оос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлж 55 нас хүрч өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. УБТЗ-аас 2016-2018 онуудад хүний нөөцийн чиглэлээр хийгдсэн дотоод хяналт шалгалтын дүгнэлтээр Хүний нөөцийн тасгийн ажил бүрэн хангалттай, хангалттай, хэвийн гэсэн үнэлэлт авсан байдаг. Харин 2018.12.12-ны өдөр Улаанбаатар хотод намайг дуудан ирүүлж, хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан Замын орлогч дарга Х.Амгалан санхүүгийн шалгалтын дүнгийн хурал хийж, уг хурлаар намайг өөртөө хуурамч тушаал гаргаж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан, ажилчдын ээлжийн амралтыг хугацаанд нь гаргаж өгдөггүйгээс санхүүгийн ажилд хүндрэл учруулж хохироосон, ажилчдад илүү мөнгө олгож байгууллагыг хохироосон тул Ш.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Энэ өдрөөс өнөөдрийг хүртэл надад сахилгын шийтгэлээр халсан тухай шийдвэрийг танилцуулаагүй. Гэнэтийн цочролд орсны улмаас миний эрүүл мэнд хэвийн ажиллах боломжгүй болсон. Татах хэсэгт 2018.11 дүгээр сард хийгдсэн дотоод хяналт шалгалтын дүнгийн хуралд энэ талаарх мэдээллийг надад танилцуулаагүй. Уг хуралд оролцсон Татах хэсгийн дарга, Ерөнхий ня-бо нар хурлын шийдвэрийг удирдах ажилтны зөвлөгөөнд танилцуулж тамга тэмдэг түших эрхийг удирдлагууд өөрийн болгож авсан, тэр өдрөөс эхлээд ажлын байр болон ажилчид, орон нутагт Ш.О шоронд орж байгаа гэнэ, байгууллагаас их хэмжээний мөнгө завшсан гэх мэт гүтгэлгийн үг тарж, ах, дүү, найз нөхөд маань хүртэл сэтгэлээ шаналгаж байна. Удирдлагын зүгээс үзүүлж буй ажлын байрны дарамт шахалтын улмаас, 800 гаруй ажиллагсадтай Хүний нөөцийн тасагт хүний нөөцийн зааварлагч ажиллах талаар тушаалд заасан байхад орон тоог баталж шийдвэрлэж өгөөгүй. Хууль зүйн албаны дарга н.Минжмаа загнаж дарамталсан, Зүтгүүрийн аж ахуйн албаны дарга Ш.О-ийг 2018.10 дугаар сард өндөр насны тэтгэвэрт нь гаргах тухай шахалтыг Хүний нөөцийн албанд бичгээр өгсөн байдаг. УБТЗ-ын захиргаа 2018.12 дугаар сарын хурлын шийдвэрээ хүчинтэй байлгахын тулд Цагдаад шалгуулж байгаа нэрээр миний эрхийг зөрчсөөр байгаа. Энэхүү хурлын шийдвэрийн улмаас гэнэтийн цочролд орж миний эрүүл мэнд цаашид хэвийн ажиллах боломжгүй болсон учир 2019.02.20-ны өдөр ажилдаа орж, захиргааны энэхүү дарамт шахалтын дор ажиллах боломжгүй байгаа тул 03.20-ны өдрөөс ээлжийн амралтаа авч биеэ эмчлүүлэн цаашид ажлаас халагдах тухай өргөдлөө 2019.03.10-ны өдөр удирдлагуудад өгсөн.

Миний бие энэхүү дарамтын улмаас ажлын байранд гэмтэл авч удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болохоор цаашид 2 сарын хугацаанд акт авах боломжтой байсан боловч дээд шатны эмнэлгийн шинжилгээнд явахаар шийдвэр авсан тухайгаа Татах хэсгийн дарга Д.Хорлоод танилцуулаад 06.11-ний орой Сайншандаас Улаанбаатарт ирэхэд 06.11-ний өдрийн тушаал гарсан байсан. Үүнээс хойш Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын Ш.О-тэй байгуулсан 2019.06.11-ний өдрийн Б-1-228 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг миний бие 2019.06.12-ны өдөр хүлээн авсан. Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны хүсэлтээр гэрээг цуцлахдаа бусдын шахалт шаардлага, хөндлөнгийн нөлөөлөл, зүй бус оролцоогүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ гэж заасан байдаг. Гэтэл бодит байдал дээр Ш.О нь өөрийн хүсэлтийг өгөхдөө надад ажлын байрны дарамт шахалт учруулж байна, хүндрэлтэй байна гэдгээ өргөдөлдөө тусгасан боловч үүнийг харгалзаж үзээгүй. Энэхүү өргөдлийг Улаанбаатар төмөр замын Хүний нөөцийн алба хийгээд, орлогч дарга н.Амгалан нарт тус тус гаргасан байдаг. Эдгээр өргөдлүүдэд ажлын байрны дарамт байгаагаас хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хүсэлт гаргасан ч үүнийг харгалзаж үзэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. 2018.12.12-ны өдөр түүнтэй хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар хурлаар шийдвэрлэсэн. Энэ хурлын шийдвэр бүхэлдээ Ш.О-тэй холбоотой дарамтын шинжтэй асуудлыг хэлэлцэж хөдөлмөрийг гэрээг цуцлах талаар ярьсан. Ингээд 2018.12.12-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хурлын шийдвэрийг гаргасан. Тус ангийн дарга Сайншанд дахь татах хэсгийн дарга н.Хорлоо гэх хүнээс энэ хүний ажлын байрыг хүлээлц гэж шаардаж байсан. Иймд Ш.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дарамт шахалт үзүүлж цуцалсан тул ажилд нь эргүүлж тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.        

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ш.О нь УБТЗ-д 2003 оноос эхэлж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Улмаар УБТЗ-ын Хүний нөөцийн албанд 2019.03.11-ний өдөр гаргасан өргөдөл болон хүсэлтийг нь харгалзан 2019.06.11-ний өдрийн Б-1-228 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Замын даргын тушаал гарсан. Энэхүү тушаал нь ажилтны өөрийн санаачлагаар гаргасан хүсэлтэд үндэслэсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т нийцсэн бөгөөд хууль хэрэглээний алдаагүй. Нэхэмжлэгч дарамт шахалтын улмаас биеийн эрүүл мэнд нь муудаж, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон, улмаар цаашид ажлаас халагдах тухайгаа бичиж өгсөн гэж тайлбарладаг. Дурдсан дарамт шахалт гэх үйлдлүүд нь ажил олгогч болох УБТЗ-ын удирдлага болон түүний ажиллаж байсан Сайншанд татах хэсгийн удирдлагатай огт хамааралгүй бөгөөд УБТЗ-ын өөр салбар нэгжийн даргатай үүссэн хувийн тааламжгүй харилцаагаа ажил олгогчоос ажлын байрны дарамт шахалт, зүй бус нөлөөлөл үзүүлсэн мэтээр тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч Ш.О-ийн УБТЗ-ын Хүний нөөцийн албанд 2019.0З.11-ний өдөр гаргасан өргөдөлд ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон байдаг. Өөрөөр хэлбэл өргөдөлд дурдсан маргаан нь ажил олгогч болох УБТЗ-ын захиргаа, Сайншанд татах хэсгийн удирдлагатай хамааралгүй болох нь өргөдлөөс тодорхой харагддаг.        

Тухайн өргөдлийг гаргахад ажил олгогчийн зүгээс ямар нэгэн оролцоо байгаагүй бөгөөд ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан өргөдлийг хүлээн авч нэхэмжлэгчтэй тохиролцсон хугацаагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй. Ажлаас халагдах хүсэлтээ өөрөө гаргаж өгөөд түүнийгээ шахалт дарамт үзүүлсэн гэж ор үндэсгүй тайлбарлаж байгаа нь шударга ёсны зарчимд үл нийцнэ. Нэхэмжлэгчийг ажлаас халагдах тухай өргөдөл гарга гэж УБТЗ-ын нэг ч ажилтан тулгаагүй бөгөөд гагцхүү өөрийнх нь санал, санаачлагаар үүссэн үйл баримт юм. УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан замын орлогч даргын 2018.12.12-ны өдөр хийсэн хурлаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Сайншанд татах хэсгийн хүний нөөцийн тасгийн даргын албан тушаал нь УБТЗ-ын удирдах газрын мэдлийн албан тушаал бөгөөд ажилд томилох, ажлаас халах шийдвэрийг зөвхөн Замын даргын эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэдэг. Нэхэмжлэгч Замын даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Замын даргын өмнөөс түүний орлогч нар шийдвэр гаргаж ажлаас халах, хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх байдаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00354 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 зааснаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилгүй байсан хугацаанд тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Ш.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 799 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00354 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ш.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Хөдөлмөрийн гэрээ цуцлахдаа хууль зөрчиж, эрхийг маань хязгаарлан дээд шатны эмнэлэгт онош тодруулах шинжилгээ өгөх хууль ёсны эрх ашгийг маань үл хүндэтгэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үүгэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ш.О нь 2017.03.06-ны өдрөөс Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн хүний нөөцийн тасгийн даргаар ажиллаж байгаад тус нийгэмлэгийн замын даргын 2019.06.11-ний өдрийн Б-1-228 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байх бөгөөд түүний ажил олгогчид гаргасан өргөдөл, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар ажил олгогчийн зүгээс дарамт шахалт үзүүлсэн, зүй бус нөлөөлөл байсан гэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэн. Ш.О нь 2019.03.11-ний өдөр УБТЗ-ын орлогч дарга Х.Амгалан, Хүний нөөцийн албаны дарга Д.Пүрэвдорж нарт ...ажил үүрэг гүйцэтгэхэд туйлын хүндрэлтэй, байнга шаардлага дарамт шахалтанд ажиллах нь бэрхшээлтэй байна. Ажлын байрны дарамт байнгын бухимдалтай, итгэлгүй ажиллах нь эрүүл мэнд, сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсгэж байх тул цаашид ажиллах боломжгүй байна... гэж ажлын байрны дарамт түүнд хүргэсэн нөхцөл байдлын талаар тодорхой бичсэн байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15, 16 дугаар зүйлд заасны дагуу хуулийн хугацаанд ямарваа нэг хэлбэрээр хариу мэдэгдээгүй. Ийм дарамт байсан эсэхийг огт шалгаагүй.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч Ш.О өргөдөл, хүсэлтээ хүлээлгэн өгснөөс хойш өөрөө ажлын байраа орхиж яваагүй, тухайн цаг хугацаанд өвчтэй байсан нь цалингийн нягтлан бодогч А.Цолмонтуяагийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгосон жагсаалтаар нотлогддог. Мөн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг хэрэглээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасан албан тушаалыг хэвээр хадгалах заалт зөрчигдсөн байхад энэ талаар огт дүгнэлт хийгээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Ш.О Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилгүй байсан хугацаанд тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...ажилтны өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан өргөдлийг хүлээн авч нэхэмжлэгчтэй тохиролцсон хугацаагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй, ажлаас халагдах хүсэлтээ өөрөө гаргаж өгөөд түүнийгээ шахалт дарамт үзүүлсэн гэж ор үндэсгүй тайлбарлаж байна... хүсэлтийг нь харгалзан 2019.06.11-ний өдрийн Б-1-228 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай замын даргын тушаал гарсан нь хуульд нийцсэн...” гэж маргажээ.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3, 116 дугаар зүйлийн 116.3. дахь заалтад нийцсэн байна.

Ажил олгогч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2019.06.11-ний өдрийн Б-1-228 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 43 дугаар зүйлийн 43.2, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дүрмийн 22 дугаар зүйлийн “а” заалтыг үндэслэн, Сайншанд татах хэсгийн Хүний нөөцийн тасгийн дарга Ш.О-ийн хувийн өргөдөл, хүсэлтийг харгалзан үзэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019.06.11-ний өдрөөс дуусгавар болгож цуцалжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д ажилтны өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг зохицуулсан байна.

Ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах агуулга бүхий өргөдөл нь бичгээр гарсан байхаас гадна өөрийн хүсэл зоригийг сайн дурын үндсэн дээр илэрхийлсэн, ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөлгүй байх учиртай.

Үүнээс гадна нэхэмжлэгч Ш.О нэхэмжлэлдээ зарим удирдлагын гүтгэлэг, зүй бус дарамт шахалтаас болж өргөдөл гаргасан гэх утга бүхий зүйлийг дурьдсан боловч энэ тухайгаа тэрээр нотлоогүй, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлийн талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2., 35.1.3ээлжийн амралттай, эмчийн магадлагаатай байгаа тохиолдолд ажил олгогч ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүрэгтэй гэж заажээ.

Нэхэмжлэгч Ш.О хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдөлдөө 2019.03.20-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа эдэлж, ээлжийн амралтын хугацаа дуусмагц хөдөлмөрийн гэрээг цуцлахыг хүсчээ. Түүнчлэн тэрээр 2019.04.22-ны өдрөөс 2019.06.08ы өдрийг дуустал хугацаанд өвчтэй байгааг мэдэгдэж, эмчийн магадлагааг холбогдох ажилтанд өгсөн тул ажил олгогчоос ээлжийн амралт, өвчтэй байсан хугацааг дуусгаж хөдөлмөрийн гэрээг цуцалсныг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Ш.О ээлжийн амралттай, өвчтэй буюу эмчийн магадлагаатай байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөөсөө татгалзан буцаан авах боломжтой байсан хэдий ч түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэр гараагүй байхад энэ тухай хүсэлтээ ажил олгогчид гаргаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхсайханы хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00354 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 799 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ЭРДЭНЭСУВД 

       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                            ШҮҮГЧИД                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                               Г.ЦАГААНЦООЖ

                                                                                Д.ЦОЛМОН