Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01682

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01682

 

 

 

 

 

 

 

 

Норт эйшиа инвестмент ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/02081 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Норт эйшиа инвестмент ХХК-ийн хариуцагч Б.Алимантуяад холбогдуулан гаргасан 222 190 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Чойжилсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Норт эйшиа инвестмент ББСБ ХХК нь Б.Алимантуяатай 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ЗГ1705001 дугаартай зээлийн, ЗБ1705001 дугаартай барьцааны, 11-933028 тоот барьцаалбарын гэрээг тус тус байгуулан 85 000 000 төгрөгийг сарын 3.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч Б.Алимантуяа нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 2 жил 7 сар 29 хоногийн хугацаанд зээлийн хүүд 104 975 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 19 832 200 төгрөг төлөхөөс зээлийн хүүд 17 000 00 төгрөг төлсөн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээл 85 000 000 төгрөг, зээлийн хүү 103 275 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19 832 200 төгрөг, нийт 208 107 200 төгрөг төлөөгүй. Б.Алимантуяа 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ эс биелүүлж, төлбөрөө төлөхийг шаардсан боловч одоог хүртэл зээлээс төлөлт төлөөгүй. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дууссан. Иймд зээлдэгч Б.Алимантуяатай байгуулсан гэрээний дагуу үндсэн зээл 85 000 000 төгрөг, хүү 103 275 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19 832 200 төгрөг нийт 208 107 200 төгрөг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 3 сар 10 хоногийн хугацааг нэмж тооцон 14 082 800 төгрөгөөр нэмэгдүүлж, үндсэн зээл 85 000 000 төгрөг, үндсэн хүү 115 010 666.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22 179 333.33 төгрөг нийт 222 190 000 төгрөг гаргуулна. Үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарны гудамж, 802 байр, 504 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-2204042050 дугаартай, орон сууцны зориулалттай 139.49 м.кв талбайтай, 5 өрөө үл хөдлөх хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарт: Орон сууцаа барьцаалж 85 000 000 төгрөгийн зээл авсан. Нэхэмжлэгч нэхэмжлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй. Хавтаст хэргийн 135 дугаар талд авагдсан баримтанд Норт эйшиа инвестмент ББСБ-ын хөрөнгийг 200 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж нэг тэрбум төгрөг болгосон хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гарсан байна. Мөн хувьцаа эзэмшигч Д.Золжаргал 66.66 хувь, Ж.Жаргал 33.34 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Гэтэл компани 1 000 000 төгрөгийн дүрмийн сантай болсон. Иймээс уг зээл нь одоо нэхэмжлэл гаргаж байгаа Норт эйшиа инвестмент ХХК-ийн хөрөнгө мөн эсэх, компани 999 000 000 төгрөгөөр хөрөнгөө бууруулсан бол үлдсэн 999 000 000 төгрөгтэй холбоотой асуудал яригдах ёстой. Ттэрбум төгрөгийн хөрөнгөтэй ББСБ нэхэмжлэл гаргасан бол маргахгүй байсан. Гэтэл 1 000 000 төгрөгийн хөрөнгөтэй компани нэхэмжлэл гаргасан, хэн шаардах эрхтэй болох нь тодорхой биш байна. Норт эйшиа инвестмент ХХК-д төлбөр төлсний дараа өөр компани шаардлага гаргаж магадгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Банкны үйл ажиллагаатай холбоотой шаардах эрх нэхэмжлэгчид байхгүй, хүү нэхэмжлэх эрхгүй гэжээ.

  Шүүх:   Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б.Алимантуяагаас зээл 85 000 000 төгрөг, хүү 78 381 333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 795 066 төгрөг, нийт 171 176 399 /нэг зуун далан нэгэн сая нэг зуун далан зургаан мянга гурван зуун ерэн ес/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Норт эйшиа инвестмент ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 51 013 601 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Б.Алимантуяагийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204042050 дугаарт бүртгэлтэй, 000411264 дугаарт гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарны гудамж, 802 байр, 504 тоотод байршилтай, 139.49 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 339 100 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1 013 832 /нэг сая арван гурван мянга найман зуун гучин хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Алимантуяагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх манай өмгөөлөгчийн 1 000 000 000 төгрөгөөр үнэлэгдэх хувьцаатай Норт эйшиа инвестмент ББСБ ХХК-аас 1 000 000 төгрөгөөр үнэлэгдэх хувьцаатай нэхэмжлэгч шаардах эрхийг хэрхэн шилжүүлж авсан, түүний хэмжээ хязгаарын талаар эргэлзээтэй байна гэсэн үндэслэлийг компанийг эрх зүйн чадвар-тай хольж ойлгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ нь гуравдагч этгээд ББСБ-ын шаардах эрхийг гарган ирж надаас дахин мөнгө нэхэмжлэх, илүү төлбөрт орох боломжийг бий болгож, миний эрх ашгийг зөрчиж байна. Түүнчлэн нэхэмжлэлийн дүнг багасгасан үндэслэлээ зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооноос Норт эйшиа инвестмент ББСБ ХХК-ийн Банк бус санхүүтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл-ийг хүчингүй болгосон 2019 оны 05-р сарын 08-ны өдрөөр тасалбар болгож байгаа нь учир дутагдалтай гэж үзэж байна. 2019 оны 02-р сарын 10-ны өдрийн дотор дүрмийн сангаа 1 400 000 000 төгрөгт хүргэж чадаагүйгээс Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсныг харгалзан үздэггүй юм гэхэд, Норт эйшиа инвестмент ББСБ ХХК нь 2019 оны 04-р сарын 22-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 19/02 дугаар тогтоолоор Норт эйшиа инвестмент ББСБ ХХК-ийн Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрлийг бүхэлд нь хүчингүй болгосугай. гэж шийдвэрлэсэн. Гэтэл шүүх эдгээр цаг хугацааг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Норт эйшиа инвестмент ХХК нь хариуцагч Б.Алимантуяад холбогдуулан зээл 85 000 000 төгрөг, зээлийн хүүд 115 010 666.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 22 179 333.33 төгрөг, нийт 222 190 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Б.Алимантуяа 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Норт эйшиа инвестмент ББСБ ХХК-аас бизнесийн хэрэгцээнд зориулж 85 000 000 төгрөг, 12 сарын хугацаатай сарын 3.8 хувийн хүүтэй зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-2204042050 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарны гудамж, 802 байр 504 тоотын 139.49 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг барьцаалсан байх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. /хх9-13/

Хэргийн 11 дүгээр талд авагдсан зээл эргэн төлөлтийн хувиараас үзэхэд зээлдэгч нь гэрээний хугацаанд буюу 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл үндсэн зээлд 85 000 000 төгрөг, зээлийн хүүд 39 298 334 төгрөг, нийт 124 298 334 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зээлийн хүүд 1 700 000 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй болох нь нэхэмжлэгчийн гаргасан зээл тооцооллын хүснэгтээр тогтоогдсон. Хариуцагч нь нэхэмжлэгчийн уг тооцооллыг үгүйсгэж маргаагүй. /1хх15/

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Шүүх нэхэмжлэгчийг банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзсэн нь зөв.

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 111 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Норт эйшиа инвестмент ББСБ ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Энэ нь зээлдэгч тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоос өмнөх хугацааны буюу тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх 23 сар 27 хоногийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй. Шүүх шаардах эрхийн үндэслэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч зээлийн тооцооллыг буруу хийсэн байх тул залруулж байна. /хх8/

 

Хариуцагчийн гүйцэтгэвэл зохих нийт үүргийг тооцоход үндсэн зээл 85 000 000 төгрөг, зээлийн хүүд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 77 520 000 төгрөг /85 000 000*3.8 хувь*24 сар / төлөхөөр байх боловч төлсөн 1 700 000 төгрөгийг хасч 75 820 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 7 582 000 төгрөг /75 820 000*20хувь/2/, нийт 168 399 735 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. /1хх15/

 

Хариуцагчийн хуулийн этгээдийн эрх зүйн чадварын талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна. Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт компани нь тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг хуульд заасны дагуу холбогдох эрх бүхий байгууллагын бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч компанийн банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болж, хуулийн этгээдийн нэр, дүрмийн санд өөрчлөлт орсон хэдий ч компанийн бусдад олгосон зээлийг шаардах эрх өөр байгууллагад шилжсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хуулийн этгээдийн эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болох тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж Норт эйшиа инвестмент ХХК-ийг Норт эйшиа инвестмент ББСБ ХХК-ийн хариуцагчтай байгуулсан гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзсэнийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй. /1хх79-84/

 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дах хэсэгт зааснаар гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхтэй, Я.Чойжилсүрэнг гүйцэтгэх захирлаар томилсон нь улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан байна. /1хх81-82, 148-149/

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/02081 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 171 176 399 /нэг зуун далан нэгэн сая нэг зуун далан зургаан мянга гурван зуун ерэн есөн төгрөг/ гэснийг 168 399 735 /нэг зуун жаран найман сая гурван зуун ерэн есөн мянга долоон зуун гучин таван төгрөг гэж, нэхэмжлэгч Норт эйшиа инвестмент ББСБ ХХК-д олгож гэснийг нэхэмжлэгч Норт эйшиа инвестмент ХХК-д олгож гэж, 51 013 601 төгрөг гэснийг 53 790 265 төгрөг гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дах заалтын 1 013 832 /нэг сая арван гурван мянга найман зуун гучин хоёр төгрөг гэснийг 999 948 /есөн зуун ерэн есөн мянга есөн зуун дөчин найман төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 1 339 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

А.МӨНХЗУЛ