Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2022/00425

 

“Н Э И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/02081 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1682 дугаар магадлалтай,

“Н Э И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Ад холбогдох

222,190,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Чойжилсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Н Э И” ХХК нь Б.Ад холбогдуулан 222 190 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/02081 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б.Агаас зээл 85,000,000 төгрөг, хүү 78,381,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,795,066 төгрөг, нийт 171,176,399 /нэг зуун далан нэгэн сая нэг зуун далан зургаан мянга гурван зуун ерэн ес/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н Э И ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 51,013,601 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Б.Агийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-............. дугаарт бүртгэлтэй, .............дугаарт гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарны гудамж, 802 байр, 504 тоотод байршилтай, 139.49 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,339,100 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1,013,832 /нэг сая арван гурван мянга найман зуун гучин хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1682 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/02081 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “171 176 399 /нэг зуун далан нэгэн сая нэг зуун далан зургаан мянга гурван зуун ерэн есөн төгрөг/” гэснийг “168 399 735 /нэг зуун жаран найман сая гурван зуун ерэн есөн мянга долоон зуун гучин таван төгрөг” гэж, “нэхэмжлэгч “Н Э И ББСБ” ХХК-д олгож” гэснийг “нэхэмжлэгч “Н Э И” ХХК-д олгож гэж, “51 013 601 төгрөг” гэснийг “53 790 265 төгрөг” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дах заалтын “1 013 832 /нэг сая арван гурван мянга найман зуун гучин хоёр төгрөг” гэснийг “999 948 /есөн зуун ерэн есөн мянга есөн зуун дөчин найман төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 1 339 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа хяналтын гомдолдоо: Магадлал нь шийдвэрийг хариуцагч Б.А эс зөвшөөрч гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан боловч 1,000,000,000 төгрөгөөр үнэлэгдэх хувьцаатай байсан “Н Э И ББСБ” ХХК-иас шаардах эрхийг хэрхэн шилжүүлж авсан, түүний хэмжээ хязгаар нь яаж хэмжигдэх зэргээ нотлож чадаагүй 1,000,000 төгрөгөөр үнэлэгдэх хувьцаатай нэхэмжлэгчийн “эрх зүйн чадвар”-тай хольж ойлгон шийдвэрлэсэн хэсэгт үндсэлэл бүхий дүгнэлт хийлгүй орхисон нь: 1. 2019.02.10-ны өдөрний дотор дүрмийн сангаа 1,400,000,000 төгрөгт хүргэж чадаагүйгээс “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа” эрхлэх боломж үгүй болсон, 2. “Н Э И ББСБ” ХХК нь өөрөө 2019.04.22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлынхаа 19/02 дугаар тогтоолоороо ““Н Э И ББСБ” ХХК-ийн Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрлийг бүхэлд нь хүчингүй болгосугай.” гэж шийдвэрлэсэн, 3. Дүрмийн сангийн хэмжээ 999,000,000 төгрөгөөр хорогдсон, 4. Үүнийг хувьцаа эзэмшигчид хэрхэн хуваан авсан, зэргээс үүдэлтэй асуудлыг зохицуулдаг Компанийн тухай хууль болон Иргэний хуулийн шаардах эрх шилжихтэй холбоотой хэрэглэх ёстой бүхий л заалтыг хэрэглэсэнгүй гэж үзэж байгаа тул ийнхүү хариуцагчийн өмгөөлөгчийн хуваарь Б.Энхзаяа миний бие энэхүү гомдлыг хяналтын журмаар гаргалаа. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

6. Нэхэмжлэгч “Н Э И” ХХК нь хариуцагч Б.Ад холбогдуулан зээл 85,000,000 төгрөг, зээлийн хүүд 115,010,666.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 22,179,333.33 төгрөг, нийт 222,190,000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч зээл авснаа маргаагүй боловч “Н Э И” ХХК дүрмийн сангаа бууруулж хэд хэдэн хувьцаа эзэмшигчтэй болсон, хэн нь зээлийн үүргийг шаардах, хэнд нь шаардах эрх шилжсэн нь тодорхой бус тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх хариуцагчаас 171,176,399 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх зээлийн тооцооллыг залруулж 168,399,735 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Хоёр шатны шүүх Санхүүгийн Зохицуулах хорооноос “Н Э И” ХХК-ийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон 2018.08.11 өдөр хүртэл хугацаагаар хариуцагчийн биелүүлэх үүргийг хязгаарласан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг зөрчөөгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

8. Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2017.05.11-ний өдрийн гэрээгээр Б.А нь “Н Э И” ББСБ ХХК-аас бизнесийн хэрэгцээнд зориулж 85,000,000 төгрөг, 12 сарын хугацаатай, сарын 3.8 хувийн хүүтэй зээлэхээр тохирч, үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-............. дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарны гудамж, 802 байр 504 тоотын 139.49 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг барьцаалжээ.

9. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ, гэрээний хугацаа дуусахад хариуцагч нь үндсэн зээлд 85,000,000 төгрөг, зээлийн хүүд 39,298,334 төгрөг, нийт 124,298,334 төгрөг төлөхөөс 1,700,000 төгрөгийг төлсөн, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй., давж заалдах шатны шүүх үндсэн зээл 85,000,000 төгрөг, зээлийн хүүд 75,820,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 7,582,000 төгрөг нийт 168,399,735 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь үндэслэлтэй болжээ. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

10. Нэхэмжлэгчийг уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар зээлдүүлэгч “Н Э И” ББСБ ХХК-ийн өмнө үүргээ гүйцэтгэх ёстой. Тус компанийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон, дүрмийн сан нь буурсан, хэд хэдэн хувьцаа эзэмшигч байгаа хэдий ч энэ нь хариуцагчийн зээл аль нэг хувьцаа эзэмшигчид шилжсэн гэх агуулга биш юм. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ.” гэж заасан тул хариуцагч Б.А нь “Н Э И” ХХК-д үүргээ гүйцэтгэх ёстой, энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1682 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн  гомдлын хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 999,949 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД