Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2020/02081

 

 

 

 

 

                         2020        06          08

    101/ШШ2020/02081

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-24, Парк плэйс 0 тоот хаягт байрлах Н э и ХХК /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 0 байр, 0 тоот хаягт оршин суудаг Монгол овогт Б.А /рд: 0/-д холбогдох,

 

222,190,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Ч, хариуцагч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Н э и ББСБ” ХХК нь зээлдэгч Монгол ургийн овогтой Б.А-тай 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ЗГ1705001 дугаартай “Зээлийн гэрээ”, ЗБ1705001 дугаартай “Барьцааны гэрээ”, 11-933028 тоот барьцаалбарын гэрээг тус тус байгуулан 85’000’000.00 төгрөгийг нэг сарын 3,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч Б.А нь 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн байдлаар өнгөрсөн 2 жил 7 сар 29 хоногийн хугацаанд 85’000’000.00 төгрөгийн зээлд 104’975’000.00 төгрөгийн зээлийн хүү, 19’832’200.00 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөс 1’700’000.00 төгрөгийн зээлийн хүү төлсөн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 85’000’000.00 төгрөгийн зээл, 103’275’000.00 зээлийн хүү, 19’832’200.00 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийт 208’107’200.00 төгрөгийг төлөөгүй байна. Зээлдэгч Б.А нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ үл биелүүлэн, удаа дараа төлөхийг шаардсан боловч одоог хүртэл зээл болон хүүг тогтоосон хугацаанд төлөөгүй. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дууссан. Иймд зээлдэгч Б.Атай байгуулсан зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээл 85’000’000.00 төгрөг, үндсэн хүү 103,275,000.00 төгрөг, гэрээний 1,2,5 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү 19,832,200.00 төгрөг нийт 208,107,200.00 төгрөг нэхэмжилсэн. Үүн дээр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 3 сар 10 хоногийн хугацааг нэмж тооцон 14,082,800 төгрөгөөр нэмэгдүүлж, үндсэн зээл 85,000,000.00 сая төгрөг, үндсэн хүү 115,010,666.67 төгрөг, гэрээний 1,2,5 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү 22,179,333.33 төгрөг нийт 222,190,000.00 төгрөг нэхэмжилж байна. Үүргийн гүйцэтгэлийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хороо, Нарны гудамж, 0 байр, 0 тоот хаягт байрлалтай гэрчилгээний 0, улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, орон сууцны зориулалттай 139,49 м.кв талбайтай, 5 өрөө үл хөдлөх хөрөнгөөр хангуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

85,000,000 төгрөгийн зээл авсан, орон сууцаа барьцаалсан. Ч нэхэмжлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй. Хавтаст хэргийн 135-р хуудаст авагдсан баримт дээр Н э и ББСБ-ын хөрөнгийг 200,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж нэг тэрбум төгрөг болгосон байна. Энэ талаар хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гарсан байна. Хавтаст хэргийн 245-р хуудаст авагдсан баримтад хувьцаа эзэмшигч Д.З 66.66%, Ж.Ж 33,34% хувьцаа эзэмшигч болсон. Гэтэл компани 1,0 сая төгрөгийн дүрмийн сантай болсон байна. Иймээс уг зээл нь одоо нэхэмжлэл гаргаж байгаа Норт эйшиа и ХХК-ийн хөрөнгө мөн эсэх, компани 999,0 сая төгрөгөөр хөрөнгөө бууруулсан бол үлдсэн 999,0 сая төгрөгтэй холбоотой асуудал яригдах ёстой. Өнөөдөр тэрбум төгрөгийн хөрөнгөтэй ББСБ нэхэмжлэл гаргасан бол маргахгүй байсан. Гэтэл 1 сая төгрөгийн хөрөнгөтэй компани нэхэмжлэл гаргасан. Хэн шаардах эрхтэй болох нь тодорхой биш байна. Н э и ХХК-д төлбөр төлсний дараа өөр компани шаардлага гаргаж магадгүй. Хэн нэхэмжлэх эрхтэй вэ, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд өнөөдрийн нэхэмжлэгч А-с нэхэмжлэх эрхтэй гэж харагдахгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Банкны үйл ажиллагаатай холбоотой шаардах эрх нэхэмжлэгчид байхгүй, хүү нэхэмжлэх эрхгүй гэв.

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Норт э и ХХК нь хариуцагч Б.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 208,107,200 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 14,082,800 төгрөгөөр нэмэгдүүлж, зээл 85,000,000 төгрөг, хүү 115,010,666.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,179,333.33 төгрөг, нийт 222,190,000 төгрөг нэхэмжилжээ.

 

Хариуцагч Б.А, түүний өмгөөлөгч нар нь банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн сан нэг тэрбум төгрөг байснаа тусгай зөвшөөрөл хүчингүй болсны дараа компанийн дүрмийн сан 1,000,000 төгрөг болж буурсан тул нэхэмжлэгч  нь банк бус санхүүгийн байгууллагын олгосон зээлийг нэхэмжлэх эрхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           

2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №ЗГ1705001 дугаартай Н Э И ББСБ ХХКиас зээлдэгч Б.Атай байгуулсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Н Э И ББСБ ХХКиас зээлдэгч Б.Ад 85,000,000 төгрөгийг, сарын 3,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж, зээл эргэн төлөх хуваарь гаргажээ.

 

            2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ЗБ1705001 дугаартай Барьцааны гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.А-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, 0 дугаарт гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарны гудамж, 0 байр, 0 тоотод байршилтай, 139,49 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

           

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 183 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Н э И ХХК-д банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, тус хорооны 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 111 дугаар тогтоолоор Н Э И ББСБ ХХКийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, компанийн оноосон нэрээс ББСБ тэмдэглэгээг хасуулж, үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөхийг Н э ББСБ ХХК /Я.Ч/-д үүрэг болгосон байна. /1 хавт 8, 76 тал/

 

            Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1-т Банк бус санхүүгийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-т Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээд /цаашид "зээлдэгч" гэх/-д олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох /цаашид "зээл" гэх/ гэнэ. гэж заажээ.    

 

            Санхүүгийн зохицуулах хорооны дээр дурдсан тогтоолоос үзэхэд Н э и ББСБ ХХК нь банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх хугацаандаа буюу 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Б.Атай зээлийн гэрээ байгуулсан нь хуулийн дээрх зохицуулалттай нийцэж байна.

 

            Хариуцагч зээлийн гэрээний дагуу 85,000,000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т зээлдэгчийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцох, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлсэн байх тул зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, барьцааны гэрээ Иргэний хуулийн 154, 156 дугаар зүйлд нийцсэн байна.           

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 1,700,000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан зээл, хүүгийн тооцоолол бодсон баримтаар тогтоогдож байгаа ба хариуцагч үүнээс их мөнгө төлсөн гэх боловч хэдэн төгрөг, хэзээ төлсөн талаар тодорхой тайлбарлахгүй, түүнтэй холбоотой нотлох баримтаа гаргаагүй байна.

 

Үүнээс хойш зээлийн гэрээний хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөр төлөх үүргээ хариуцагч биелээгүй байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэгчийг банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх хугацаанд хамаарах хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзлээ. 

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээрх эрхэлнэ. Үйл ажиллагааг эрхлэх эрх тусгай зөвшөөрөл авсан өдрөөс үүснэ гэсэн тул нэхэмжлэгч Н э и ХХК-ийн иргэний эрх зүйн чадвар хэвээр байна.

 

Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Компани нь хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд компани нь үйл ажиллагаагаа эрхлэхэд шаардагдах эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т Компани нь тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг хуульд заасны дагуу холбогдох эрх бүхий байгууллагын бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ гэж заасан тул компанийн үйл ажиллагааны чиглэл, дүрмийн сан өөрчлөгдсөн байдал нь хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадварт нөлөөлөхгүй, компанийн тухай хуулийн зохицуулалтаар компанийн хувьцаа эзэмшигч компанийн дүрэмд өөрчлөлт оруулах журмаар шийдвэрлэх асуудал юм.

 

Иймээс нэхэмжлэгч Н э и ХХК нь зээлдүүлэгч Н э и ББСБ ХХК, зээлдэгч Б.А нарын байгуулсан зээл, барьцааны гэрээний үүргийг шаардах эрхтэй, харин хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаагаар /2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр/ тооцож гаргуулах нь хуульд нийцнэ гэж үзэж хариуцагчаас үндсэн зээл 85,000,000 төгрөг, хүү 78,381,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,795,066 төгрөг, нийт 171,176,399 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 51,013,601 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт авагдсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол бодсон баримт нь гэрээгээр тохирсон зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололтой тохирч байгааг дурдав.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хариуцагч Б.Агийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, 0 дугаарт гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарны гудамж, 0 байр, 0 тоотод байршилтай, 139,49 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б.Агаас зээл 85,000,000 төгрөг, хүү 78,381,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,795,066 төгрөг, нийт 171,176,399 /нэг зуун далан нэгэн сая нэг зуун далан зургаан мянга гурван зуун ерэн ес/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н Э И ББСБ ХХКд олгож, нэхэмжлэлээс 51,013,601 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Б.Агийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204042050 дугаарт бүртгэлтэй, 0 дугаарт гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарны гудамж, 0 байр, 0 тоотод байршилтай, 139,49 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,339,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,013,832 /нэг сая арван гурван мянга найман зуун гучин хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ЦЭРЭНДУЛАМ