Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01680

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01680

 

 

 

 

 

 

 

ПР ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/01239 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П ХХК-ийн хариуцагч ЭХБУТ ХХК, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан цахилгаан дамжуулах агаарын 2 шонг буулгуулж, хариуцагч нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас газар чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтуяа, хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг, гуравдагч этгээд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: П ХХК нь Байгаль орчин аялал зуучлалын яамны 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А359 дүгээр тушаалаар Хан-Уул дүүрэг, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалт газар нутагт 13.6 га талбайг ашиглах эрхтэй болсон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу дүүргийн Засаг дарга, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 2018214 дугаартай Богд хан дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг байгуулж, уг газрыг хууль ёсны дагуу ашиглаж байна. Засгийн газраас 2013 онд 118 дугаартай тогтоолыг баталж шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот төслийг хэрэгжүүлэхээр болж, уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар их тойрог 110 кв-ын 97 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг оруулсан байна. Уг ажлын хүрээнд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар Эрчим хүч барилга угсралтын трест ХХК нь цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлыг хийж гүйцэтгэхдээ манай компанийн ашиглах эрх бүхий газарт 2 ширхэг цахилгаан дамжуулах шугам босгож, компанийн газар эзэмших эрхэд үндэслэлгүйгээр халдсан. Тус 2 шонг буулгуулж, газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг өмнө нь тус газрыг эзэмших эрхтэй байсан Эс девелопмент ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд гаргасан байсан. Тус газрыг ашиглах эрхийг манай компани 2018 оны 9 дүгээр сард авсантай холбоотойгоор энэ хэрэгт нэхэмжлэгчээр солигдон оролцож байна. Гэтэл хариуцагч компани нь манай компанитай гэрээ байгуулж, Засгийн газраас шийдвэр гарсан зүйл байдаггүй. Иргэний тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.1.1, Газрын тухай хуулийн 3.1.5-д заасныг үндэслэн манай компанийн газар дээр барьсан цахилгаан дамжуулах агаарын шугамын 2 шонг албадан буулгуулж, газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-ийн хариу тайлбарт: Нэхэмжлэгч нь тус компанид холбогдуулан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар хийж буй Улаанбаатар хотын 220 мкв Сонгино дэд станцаас 110 мкв-ын Зайсан дэд станц хүртэлх 110 мкв-ын 50 км хоёр хэлхээт ЦДАШ-ын ажлын барилга угсралтын ажлыг зогсоох тухай нэхэмжлэлийг удаа дараа гаргасан байдаг бөгөөд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 900 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК нь нэхэмжлэлд заасан, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч бөгөөд захиалагч нь Монгол Улсын Засгийн газар болон Нийслэл Улаанбаатар хотын захиргаа юм. Тус компанийн хувьд Их тойрог цахилгаан дамжуулах агаарын шугамын трасс төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан-д заагдсан трассын дагуу Улаанбаатар хотын 220 м.кв-ын Сонгино дэд станцаас 110 мкв-ын Зайсан дэд станц хүртэлх 110 м.кв-аас 50 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын барилга угсралтын ажпыг хийж гүйцэтгэж байгаа. Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК нь захиалагчтай хийсэн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэж байгаа тул Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээн этгээд биш, харин захиалагч болох Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Эрчим хүчний яам хариуцна. Одоогийн хийж байгаа ажлын трассыг анх сонгох үед нэхэмжлэгч талын эзэмшиж байгаа газарт 1990-ээд оноос ашиглаж байсан 35 кВ-ын эрчим хүчний том шугам байдаг. Эрчим хүчний хуулийн хүрээнд уг шугамын хамгаалалтын зурвас дээр өөрсдийн трассыг сонгосон. Нэхэмжпэгч тал эрчим хүчний журмыг зөрчиж хамгаалалтын зурвас дотор барьсан 2 шугам дээр маргаан үүсгэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Манай компани уг 2 шугамыг барих үед тус газар хэн нэг хүний эзэмшил биш байсан. Уг 2 шугамыг босгож барьсны дараагаар нэхэмжлэгч тал тус газарт хашаа барьж манаачаар хамгаалуулж манай газарт шугам барьсан гэж маргасан. Их тойрог 97 км шугамын бүх багана босож битүүрсэн, одоо зөвхөн уг газар дээр байгаа хуулийн этгээд утас татуулахгүй байгаа бөгөөд утсыг татчихвал 97 км шугам битүүрч эрчим хүчний хангамж болон бусад бүх асуудлууд шийдэгдэх болно гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын хариу тайлбарт: Өндөр хүчдэлийн 110 кв-ын шугам буюу Их тойрог төсөл нь Монгол Улсын Их хурлын 2010 оны 23 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 114 дүгээр тогтоолоор тус тус батлагдсан байдаг. Энэ төслийн арга хэмжээнд гэр хорооллын нийт 124 900 айл өрхийн 40 хувь болон 49 960 айл өрхийн халаалтыг цахилгаанаар шийдвэрлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд төлөвлөгдсөн 20 байршлаас батлагдсан 12 байршилд баригдах орон сууцны хорооллын 45 хувь буюу 56 205 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах, шинээр баригдах 5 дугаар цахилгаан станцын эрчим хүчийг түгээх гол шугам болох зэрэг ач холбогдолтой. Энэхүү төсөл арга хэмжээнд манай байгууллага захиалагчийн буюу техникийн хяналт тавьж ажиллаж байгаа. Ашиглалтын газар дээр зөвшөөрөлгүйгээр ажил явуулж байгаа гэдэг нь үндэслэлгүй. 110 кв-ын шугам буюу Их тойрог төслийн Богд Хан уулын нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрч байгаа газрын асуудлыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Богд Хан-Уулын Дархан цаазат газрын захиргаа зэрэг байгууллагуудын санал зөвшөөрлийн дагуу шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч байгууллага нь маргах байсан бол тэдгээр байгууллагын гаргасан шийдвэртэй холбогдуулан маргах байсан болов уу гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Манай байгууллага захиалагчийн байр сууринаас оролцож байгаа. Иймд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь хариуцагч биш гэж үзэж байна. Энэхүү маргаан өмнө нь 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж, уг трассыг өөрчлөөгүй, анх батлагдсан трассын дагуу хийх ёстой гэдэг нь зүйтэй, газар ашиглалтыг бууруулсан эсэх талаар шинжээч томилж, шинжээчийн дүгнэлтийг Дээд шатны шүүхээс үнэлэх боломжгүй гэсэн үндэслэлээр буцаасан. Анхан шатны шүүх үүнтэй холбоотой дахин шинжээч томилсон боловч шинжээчийн дүгнэлтийг хэрэгт ирүүлээгүй, харин өмнөх үнэлэх боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлтийг дэмжиж байна гэсэн утга бүхий гарын үсэгтэй албан бичиг ирсэн байдаг. Нэхэмжлэгч талын газар дээр явсан трасс газар ашиглалтыг бууруулсан талаар шүүхэд үнэлэгдэх хэмжээний нотлох баримт цуглараагүй гэж үзэж байна. Уг маргаан нь Иргэний биш Захиргааны шүүхээр шийдвэрлэгдэх маргаан учир нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улсын хэмжээнд ач холбогдолтой ажлыг хийх талаар хэд хэдэн гэрээ байгуулсан байдаг. Улаанбаатар хотын Нисэх онгоцны буудал, хөшигтийн хөндийн барилга байгуулалт баригдаж дууссантай холбоотой энэ газрыг ашиглалтанд оруулах, хэвийн үйл ажиллагааг хангахад уг гэрээт ажил ач холбогдолтой. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд уг ажлыг яаралтай хийж дуусгах, шүүхийн маргаантай асуудлыг шийдэхтэй холбоотой тодорхой ажлууд хийгдсэн. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрх нь хууль зүйн хувьд авч үзэхэд учир дутагдалтай. Маргаан бүхий газарт баригдсан 2 ширхэг шонг буулгасан тохиолдолд улсын төсөвт их хэмжээний хохирол учирч, гүйцэтгэгч гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэх болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Шүүх:   Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Пийс ривер ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/358 дугаар тушаал, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр олгосон  0171114 дугаартай гэрчилгээ, гэрээний дагуу ашиглаж буй Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богд хан уулын дархан цаазат газрын Энхтайваны амны хязгаарлалтын бүсэд 13.6 га, Хүүшийн амны хязгаарлалтын бүсэд 2.4 га газарт баригдсан 2 ширхэг цахилгаан дамжуулах агаарын шугамын шонг /анкер тулгуур/ албадан буулгаж, уг газрыг хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ, Эрчим хүчний барилга угтсралтын трест ХХК нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.3-т зааснаар нэхэмжлэгч нь хохирол 16 345 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ талаар дахин шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309 900 төгрөгийн 239 700 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч нараас нийт 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуягийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагчаас шүүхэд хандан нотлох баримт гаргуулж, шинжээч томилох тухай хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч шүүх дээрх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, захирамжийн биелэлтийг хангалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасны дагуу шүүхийн шийдвэр хүчингүй болох үндэслэл болно. Хэрэг хянан шийдэврлэх ажиллагааны явцад Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/358 дугаар тушаалаар нэхэмжпэгч Эс деволопмент ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, тус хуулийн этгээдтэй байгуулсан газар ашиглах эрхийн гэрээг цуцалж шийдвэрлэснээр нэхэмжлэгч тал шаардлага гаргах эрхгүй этгээд болсон. Эс деволопмент ХХК-аас нэхэмжлэгчийг Пийс ривер ХХК-иар солих хүсэлт гаргаж, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу Пийс ривер ХХК-иар нэхэмжлэгчийг сольж шүүх хуралдааны ажиллагааг шинээр эхлэн явуулсан. Нэхэмжлэгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сольсон боловч шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлан авсан тул Эс деволопмент ХХК-ийн бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж бие даасан хоёр хуулийн этгээдийг нэг этгээд мэтээр тайлбарлан өмнө гаргасан захирамжаа зөрчиж, өөр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эс деволопмент ХХК татан буугдаагүй, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн зүйл байхгүй. 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Байгаль орчин, аялал жуучлалын сайдын А/359 дүгээр тушаалаар маргаан бүхий газрыг өөр хуулийн этгээд буюу Пийс ривер ХХК-д олгосон бөгөөд Пийс ривер ХХК нь уг газрыг ашиглах тухай хүсэлт гаргаж газар ашиглах эрхийг олж авахдаа тухайн газар дээр улсаас хийгдэж буй төсөл арга хэмжээний хүрээнд ЦДАШ-ын ажил аль хэдийн хийгдсэн байсныг мэдэж, хүлээн зөвшөөрснөөр газрын эрхийг олж авсан байдаг. Уг газар ашиглах эрхийг олж авахаас өмнө ЦДАШ- ын ажил хийгдсэн байсан тул тус компани нь нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр маргах эрхгүй. Шүүх дээрх байдлаар хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, нотлох баримтыг дутуу бүрдүүлэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасны улмаас Хөшигтийн хөндийд баригдсан шинэ нисэх буудал ашиглалтад орч чадахгүйд хүрээд байна. Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэглэх ёстой Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийг хэрэглэхгүйгээр Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийг шударга эзэмшигч бөгөөд эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал учирсан саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж үзсэн нь үндэслэлгүй. Пийс ривер ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан журмын дагуу Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/359 дугаар тушаалаар Богд Хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутагт 13.6 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болсон. Харин энэхүү газрыг Эс девелопмент" ХХК мөн л аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй байсан нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон байдаг. Эдгээр 2 компанийн гүйцэтгэх удирдлага нэг боловч Иргэний хуулийн 25.1-д заасны дагуу тус тусдаа эрх эдэлж, үүрэг хүлээн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар Эс девелопмент ХХК-ийн газар ашиглах эрх дуусгавар болж газар ашиглах гэрээ нь цуцлагдан, Пийс ривер" ХХК-д тухайн газрыг ашиглах эрх шинээр үүсэж, газар ашиглах гэрээг байгуулсан. Газар нутаг нь Үндсэн хуулиар хамгаалагдсан, тусгайлсан хуулиар зохицуулагддаг онцгой обьект бөгөөд бие даасан хуулиудаар газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгогдож, гэрээ байгуулагддаг. Нэхэмжлэгчийн хувьд тухайн газрыг эзэмших, өмчлөх эрхгүй бөгөөд зөвхөн газар ашиглах гэрээ болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан нөхцөл, болзлын дагуу ашиглах эрхтэй этгээд юм. Харин шүүх Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийг шударга эзэмшигч, газар өмчлөгч гэж үзсэн нь Иргэний хуулийн 90.1, 102.1, 102.4 дэх хэсэгт заасантай тус тус зөрчилдөж байна. Шүүх Пийс ривер" ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан Эс
девелопмент" ХХК-ийн бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж үзсэн нь хууль
бус бөгөөд үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд хэрэг
хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлан авах асуудлыг зохицуулсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д
газар ашиглагч нь ашиглаж байгаа газраа бусдад дамжуулан ашиглуулахыг
хориглосон ба тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу газар ашиглах
гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргаснаар Эс девелопмент" ХХК-ийн газар ашиглах
эрх дуусгавар болж нэхэмжлэгч Пийс ривер ХХК-д газар эзэмших эрх үүсэж газар
ашиглах гэрээг шинээр байгуулсан. Энэ тохиолдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан
шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан маргаантай эрх зүйн
харилцааны зохигчийн аль нэг нь нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон,
хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн
тохиолдолд хамаарахгүй. Маргаан бүхий газар дээр Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36
дугаар тогтоолоор батдлагдсан Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны
зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж Засгийн газрын 2013 оны 118, 2014 оны 114
дүгээр тогтоолуудын дагуу Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний
хангамжийг нэмэгдүүлэх Их тойрог 110 Кв-ын цахилгаан дамжуулах, агаарын
шугам, дэд станц барьж байгуулах ажлын хүрээнд 2 ширхэг тулгуур шонг 2014 оны
сүүлээр барьсан. Тухайн үед маргаан бүхий газрыг ашиглаж байсан Эс
девелопмент ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаснаар энэ ажил цааш үргэлжлэх
боломжгүй болж зогсонги байдалтай олон жил болж нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна. Эс девелопмент ХХК тухайн газрыг ашиглах эрхээсээ татгалзаж, гэрээгээ цуцлах хүсэлтээ 2018 оны 09 дүгээр сард гаргаснаар газар ашиглах эрх нь дуусгавар болсон бөгөөд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/359 дугаар тушаалаар Пийс ривер ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон. Пийс ривер ХХК-д 2018 онд газар ашиглах эрх олгох үед хүсэлт гаргасан газар дээр нь энэхүү 2 шон баригдсан байсан ба нэхэмжлэгч түүнийг хүлээн зевшөөрч тухайн газрыг ашиглахаар хүсэлтээ гаргасан. Хэрвээ энэхүү 2 шонгийн улмаас тухайн газрыг ашиглах боломжгүй нөхцөл байдал бий болно гэж үзсэн бол хүсэлтээ гаргахгүй байх, газрын хэмжээ, байршлыг өөрчлөх боломжтой байсан. Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35.1-д заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ гаргах ба Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-д заасны дагуу ашиглах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зургийг хавсаргаж өгөх үүрэгтэй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т холбогдуулан цахилгаан дамжуулах агаарын 2 шонг албадан буулгаж, хариуцагчийн хууль бус эзэмшил, ашиглалтаас газар чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйл 106.2 дах хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Эс девелопмент ХХК нь 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Богдхан уулын Дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Хүүшийн ам нэртэй газрын 2.4 га талбайг, 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Энхтайваны ам нэртэй газрын 13.6 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг тус тус 5 жилийн хугацаатай авч, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээг байгуулан ашиглаж байгаад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/358 дугаар тушаалаар газар ашиглах эрхийн хугацаа нь дуусгавар болж, тус хуулийн этгээдтэй байгуулсан гэрээг цуцласан байна. /1хх11-13, 15-17, 2хх79/

Тэрээр нэхэмжлэгч ПХХК Богдхан уулын Дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн ................газрын 13.6 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 5 жилийн хугацаатай авч, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг байгуулсан байна.

Эс девелопмент ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн жинхэнэ нэхэмжлэгчээр Пийс ривер ХХК-ийг солих хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Э ХХК-ийг Пийс ривер ХХК-аар сольжээ. Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Пийс ривер ХХК нэхэмжлэгчээр солигдож Э ХХК-ийн газар ашиглалттай холбоотой шаардах эрхийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа нь үндэслэлгүй байна. /2хх 68, 71-74/

Монгол Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлаж, тогтоолын хавсралтаар инженерийн дэд бүтцийн буюу дулаан, цахилгаан, усан хангамж ариутгах татуурга, мэдээлэл холбооны хангамжийн хүрээнд хийж гүйцэтгэх ажлыг тодорхойлсон байна. /2хх140-142/

Улмаар маргаан бүхий газар Эс девелопмент ХХК-ийн ашиглалтад байх хугацаанд Улаанбаатар Их тойрог сүлжээ төслийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын трассын 2 ширхэг шон босгосон, энэ ажлыг хариуцагч Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК нь Монгол Улсын Засгийн газар, Нийслэл Улаанбаатар хотын захиргааны захиалгаар хийж гүйцэтгэсэн, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь уг ажилд захиалагчийн хяналтыг тавьж ажилласан үйл баримт хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогджээ. /1хх50-53/

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй талаар зохицуулсан.

Хариуцагч Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК нь ажлын трассыг анх сонгох үед нэхэмжлэгчийн газарт 1990-ээд оноос ашиглаж байсан 35 кВ-ын эрчим хүчний том шугам байдаг. Эрчим хүчний хуулийн хүрээнд уг шугамын хамгаалалтын зурвас дээр өөрсдийн трассыг сонгосон гэж тайлбарлаж байна. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан.

Нэхэмжлэгч П ХХК-ийн хувьд маргаан бүхий газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу ашиглах эрхтэй этгээд болохоос өмчлөх, эзэмших эрхгүй. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3, 3.1.4-т газар өмчлөх гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах гэж, газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг тус тус ойлгоно гэж тус тус заажээ.

Хариуцагч Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Богд хан уулын дархан цаазат газрын Энхтайваны амны хязгаарлалтын бүс, ........... амны хязгаарлалтын бүс газарт барьсан 2 ширхэг цахилгаан дамжуулах агаарын шугамын шон нэхэмжлэгчийг газар ашиглах эрхийг олж авахаас өмнө буюу 2015 оны 09 дүгээр сард хийж дуусгасан байсан талаар талуудын хэн аль нь маргаагүй. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч Пийс ривер ХХК-ийн эрх зөрчигдсөн, газар ашиглагч нь газрын өмчлөгч, эзэмшигчтэй нэгэн адил эрхтэй байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Тэрээр ашиглалтын газар дээр нь 2 ширхэг цахилгаан дамжуулах агаарын шугамын шон баригдсан нөхцөл байдлыг мэдэж байсан боловч гэрээг эрх бүхий этгээдүүдтэй байгуулсан байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч буюу шударга эзэмшигчид маргаан бүхий газар дээгүүр трасс шугам барих бусад этгээдийн эрхийг хязгаарлах эрх үүсээгүй, дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газрыг зөвхөн хуульд заасан дээрх үндэслэлээр ашиглах эрхтэй тул Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасан хуулийн зохицуулалт нь энэ тохиолдолд хамаарахгүй.

Дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/01239 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гуравдагч этгээд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

А.МӨНХЗУЛ