Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2020/01239

 

 

 

 

 

           2020          05          11

                            183/ШШ2020/01239

 

                                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: П ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Э ХХК  

Хариуцагч: Н ОНӨААТҮГ-т тус тус холбогдох,

 

Цахилгаан дамжуулах агаарын 2 шонг албадан буулгуулж, хариуцагч нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас газар чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч П ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: П ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Байгаль орчин аялал зуучлалын яамны А359 дүгээр тушаалаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богд хан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалт газар нутагт 13.6 га талбайг ашиглах эрхтэй болсон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “сум, дүүргийн засга дарга хуулийн 36-д заасан шийдвэрийг үндэслэн иргэн аж ахуйн нэгж байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж заасны дагуу дүүргийн Засаг дарга, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2018214 дугаар “Богд хан дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” гэрээ байгуулж, уг газрыг хууль ёсны дагуу ашиглаж байна. Засгийн газраас 2013 онд 118 дугаартай тогтоол гарч, тус тогтоолоор шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот төслийг хэрэгжүүлэхээр болж, 1 дүгээр  хавсралтын 1 дэх заалтуудын их тойрог гэсэн 110 кв-ын 97 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг оруулсан байна. Дээрх ажлын хүрээнд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар Э  ХХК нь цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлыг хийж гүйцэтгэхдээ манай компаний ашиглах эрх бүхий газарт 2 ширхэг цахилгаан дамжуулах шугам босгож, компанийн газар эзэмших эрхэд үндэслэлгүйгээр халдсан. Тус 2 шонг буулгуулж, газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг өмнө нь тус газрыг эзэмших эрхтэй байсан Э.Д ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд гаргасан байдаг бөгөөд газар ашиглах эрхийг манай компани 2018 оны 9 дүгээр сард авсантай холбоотойгоор уг хэрэгт нэхэмжлэгчээр солигдон оролцож байна. Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар Засгийн газар аймаг нийслэл, сум дүүргийн Засга дарга газар ашиглагчтай гэрээ байгуулж газрыг тусгай хэрэгцээнд ашиглаж болно эсвэл Газрын тухай хуулийн 46.2 дахь хэсэгт зааснаар Засгийн газар шийдвэр гаргасан байх ёстой байдаг. Гэтэл хариуцагч компани нь манай компантай гэрээ байгуулсан, Засгийн газраас шийдвэр гарсан зүйл байдаггүй. Иргэний тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 хэсэгт зааснаар шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа боловч эзэмших ашиглах эрхийг хэрэгжүүлэхэд хэн нэг нь саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгийн нэгэн адил шаардах эрхтэй, 92.1.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүний эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, Газрын тухай хуулийн 3.1.5-д газрыг чөлөөлөх гэж газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрхи барилга байгууламж бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж залруулах зэрэг хуульд зааснаар газрыг өмчлөгчид эргүүлж нь өгөхөд саадгүй болохыг ойлгоно гэж тус тус заасныг үндэслэн манай компаний газарт барьсан цахилгаан дамжуулах агаарын шугамын 2 шонг албадан буулгуулж, газрыг чөлөөлүүлж өгнө үү. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан хэний захиалгаар барьсан талаар тодруулах шаардлагатай талаар шүүхээс ажиллагаа хийгдэж, уг зөрчил арилсан. Мөн шинжээчийн дүгнэлтийн талаар шинжээч нар өмнөх нөхцөл байдал хэвэндээ байгаа учир дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй гээд өмнөх дүгнэлтээ тодруулж, эрх үүрэгтэйгээ танилцсан тул энэ талаарх зөрчил мөн арилсан гэж үзэж байна”

 

Хариуцагч Э ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь тус компанид холбогдуулан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар хийж буй Улаанбаатар хотын 220 мкв Сонгино дэд станцаас 110 мкв-ын Зайсан дэд станц хүртэлх 110 мкв-ын 50 км хоёр хэлхээт ЦДАШ-ын ажлын барилга угсралтын ажлыг зогсоох тухай нэхэмжлэл удаа дараа гаргасан байдаг бөгөөд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 900 тоот шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Гэтэл 2015 оны 8 дугаар сарын 25-нд дахин нэхэмжлэл гаргаж, бидэнд огт хамааралгүй асуудлаар шүүхэд хариуцагчаар татуулж удаа дараа гэрээт ажил тасалдуулж байгаа нь ойлгомжгүй байна. Э ХХК нь дээрх нэхэмжлэлд заасан, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч нь бөгөөд захиалагч нь Монгол Улсын Засгийн газар болон Нийслэл Улаанбаатар хотын захиргаа юм. Тус компанийн хувьд Байгаль орчин ногоон хөгжлийн яамны шинжээч Д.Э , Т.П нар гарын үсэг зурж баталгаажуулан Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэр бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Г, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Н нарын танилцаж гарын үсэг зурсан, хүчин төгөлдөр, “Их тойрог цахилгаан дамжуулах агаарын шугамын трасс төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан”-д заагдсан трассын дагуу Улаанбаатар хотын 220 мкв-ын Сонгино дэ станцаас 110 мкв-ын Зайсан дэд станц” хүртэлх 110 мкв-ын 50 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байгаа болно. Иймээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Э ХХК нь гүйцэтгэгч бөгөөд зөвхөн захиалагчтай хийсэн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэж байгаа тул Монгол Улсын Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйл /Барилгын хөрөнгө оруулагч, захиалагчийн эрх, үүрэг/-д заасан дагуу холбогдох эрх зүйн актуудын хүрээнд уг ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх газрын болон бусад зөвшөөрөл авах үүрэг хүлээх, хариуцлага хүлээн субъект нь биш, харин захиалагч болох Н болон Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Эрчим хүчний яам хариуцах юм. Одоогийн хийж байгаа ажлын трансыг анх сонгох үед нэхэмжлэгч талын эзэмшиж байгаа газарт 1990-ээд оноос ашиглаж байсан 35 кливатын эрчим хүчний том шугам байдаг. Эрчим хүчний хуулийн хүрээнд уг шугамын хамгаалалтын зурвас дээр өөрсдийн трассыг сонгосон. Нэхэмжлэгч тал эрчим хүчний журмыг зөрчиж хамгаалалтын зурвас дотор барьсан 2 шугам дээр маргаан үүсгээд байгаа үйл баримтыг үндслэлгүй гэж үзэж байна. Манай компани уг 2 шугамыг барих үед тус газар хэн нэг хүний эзэмшил биш байсан. Уг 2 шугамыг босгож барьсны дараагаар нэхэмжлэгч тал тус газарт хашаа барьж манаачаар хамгаалуулж манай газарт шугам барьсан гэж маргасан. Их тойрог 97 км шугамын бүх багана босож битүүрсэн, одоо зөвхөн уг газар дээр байгаа хуулийн этгээд утас татуулахгүй байна. Уг утсыг татчих юм бол уг 97 км шугам битүүрч дээр яригдсан Эрчим хүчний хангамж болон бусад бүх асуудлууд шийдэгдэх болно” гэв.

 

Хариуцагч Н ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан өндөр хүчдэлийн 110 кв-ын  шугам буюу “Их тойрог” төсөл нь Монгол Улсын Их хурлын 2010 оны 23 дугаар тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 114 дүгээр тогтоолоор тус тус батлагдсан байдаг. Энэ төслийн арга хэмжээнд гэр хорооллын нийт 124900 айл өрхийн 40 хувь болон 49960 айл өрхийн  халаалтыг  цахилгаанаар шийдвэрлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд төлөвлөгдсөн 20 байршлаас батлагдсан 12 байршилд баригдах орон сууцны хорооллын 45 хувв буюу 56 205 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах, шинээр баригдах 5 дугаар цахилгаан станцын эрчим хүчийг түгээх гол шугам болох зэрэг ач холбогдолтой. Энэхүү төсөл арга хэмжээнд манай байгууллага захиалагчийн буюу техникийн хяналт тавьж ажиллаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох ашиглалтын газар дээр зөвшөөрөлгүйгээр ажил явуулж байгаа гэдэг үндэслэлгүй. 110 кв-ын шугам буюу “Их тойрог” төслийн Богд Хан-Уулын нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрч байгаа газрын асуудлыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Богд Хан-Уулын Дархан цаазат газрын захиргаа зэрэг байгууллагуудын санал зөвшөөрлийн дагуу шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч байгууллага нь маргах байсан бол тэдгээр байгууллагын гаргасан шийдвэртэй холбогдуулан маргах байсан болов уу гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Уг хэрэгт хариуцагчаар оролцож байгаа манайх бол зөвхөн захиалагчийн байр сууринаас оролцож байгаа. Иймд Н нь хариуцагч биш гэж үзэж байна. Энэхүү маргаан өмнө нь 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж, уг трассыг өөрчлөөгүй байна, анх батлагдсан трассын дагуу хийх ёстой гэдэг нь зүйтэй, газар ашиглалтыг бууруулсан эсэх талаар шинжээч томилж, шинжээчийн дүгнэлтийг дээд шатны шүүхээс үнэлэх боломжгүй гэсэн үндэслэлээр буцаасан. Дахин анхан шатны шүүх үүнтэй холбоотой шинжээч томилсон боловч шинжээчийн дүгнэлтийг хэрэгт ирүүлээгүй, харин өмнөх үнэлэх боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлтийг дэмжиж байна гэсэн утга бүхий гарын үсэгтэй албан бичиг ирсэн байдаг. Нэхэмжлэгч талын газар дээр явсан трасс газар ашиглалтыг бууруулсан талаар шүүхэд үнэлэгдэх хэмжээний нотлох баримт цуглараагүй гэж үзэж байна. Уг маргаан нь Иргэний биш Захиргааны шүүхээр шийдвэрлэгдэх маргаан учир нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улсын хэмжээнд ач холбогдолтой ажлыг хийх талаар хэд хэдэн гэрээ байгуулсан байдаг. Улаанбаатар хотын Нисэх онгоцны буудал, хөшигтийн хөндийн барилга байгуулалт баригдаж дууссантай холбоотой энэ газрыг ашиглалтанд оруулах, хэвийн үйл ажиллагааг хангахад уг гэрээт ажил ач холбогдолтой. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд уг ажлыг яаралтай хийж дуусгах, шүүхийн маргаантай асуудлаар шийдэхтэй холбоотой тодорхой ажлууд хийгдсэн.  Нэхэмжлэгчийн газар ашиглах эрх нь хууль зүйн хувьд авч үзэхэд учир дутагдалтай асуудлууд байдаг. Нөгөө талаар нэхэмжлэгчийн шаардаж байгаа маргаан бүхий газарт баригдсан 2 ширхэг шонг буулгасан тохиолдолд улсын төсөв их хэмжээний хохирол учирхаар байна. Гүйцэтгэгч гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэх болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Д ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд хариуцагч Э ХХК-д холбогдуулан газар ашиглах эрхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоож, Улаанбаатар хотын Сонгино дэд станцаас Зайсан дэд станц хүртэлх 110 мкв-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамыг 139 дүгээр тулгуураас Яармагийн гүүр хүртэлх 2 км шугам барих ажлыг трассын дагуу явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “...хохирол 16 345 600 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, улмаар 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “... төрийн эрх бүхий байгууллагаас өгсөн зааварчилгааг зөрчиж, буруу зураг төслөөр манай компанийн ашиглаж буй газарт барьсан цахилгаан дамжуулах агаарын 2 шонг албадан буулгуулж, БОАЖсайдын тушаалаар ашиглуулахаар олгосон 2011/78 дугаар гэрчилгээний дагуу ашиглаж буй 13.1 га газар, 2011/67 дугаар гэрчилгээний дагуу ашиглаж буй 2.1 га газрыг хариуцагчийн хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх” гэж өөрчлөн, хохирол 16 345 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу татан авч, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ыг хамтран хариуцагчаар оролцуулжээ.

 

1 дүгээр хавтаст хэргийн 11-14 дүгээр талд авагдсан газар ашиглах гэрчилгээнүүд болон түүний хавсралтуудаар Э.Д ХХК нь Богдхан уулын Дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар нутгийн Хүүшийн ам гэх нэртэй газрын 2.4 га талбайг, мөн Энхтайваны ам гэх нэртэй газрын 13.6 га талбайг тус тус аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2011/67, 2011/78 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээг авсан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/57 дугаар тушаалыг үндэслэн энэхүү газар ашиглах эрхийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай сунгасан болох нь нотлогдож байна.

 

Улмаар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/358 дугаар тушаалаар, нэхэмжлэгч Э.Д ХХК-ийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богд хан уулын дархан цаазат газрын Энхтайваны амны хязгаарлалтын бүсэд 13.6 га, Хүүшийн амны хязгаарлалтын бүсэд 2.4 га газрын аялал жуулчлалын зориулалтаар авсан дээрх газар ашиглах эрхийг дуусгавар болгож, тус хуулийн этгээдтэй байгуулсан гэрээг цуцалж, мөн сайдын, мөн өдрийн А/359 дүгээр тушаалаар уг газрыг Пийс ривэр ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар, 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 0171114 дугаартай гэрчилгээг олгожээ.

 

Уг гэрчилгээг үндэслэж, П ХХК нь тус шүүхэд 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийг солих тухай хүсэлт гаргасныг шүүх 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн тул тус шүүх хуралдаанаар П ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э ХХК, “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-т тус тус холбогдох цахилгаан дамжуулах агаарын 2 шонг албадан буулгуулж, хариуцагч нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас газар чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Э.ДХХК, П ХХК-иуд нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “...Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж заасан тус тусдаа хуулийн этгээд байх боловч Э.ДХХК нь П ХХК-ийн 40 хувийн хувьцааг эзэмшдэг, мөн дээрх компаниудын гүйцэтгэх удирдлага Ж.Мөнхнаран байгаа зэргээс үзвэл, тус компаниуд Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлд заасан нэгдмэл сонирхолтой этгээд байна.

 

Түүнчлэн, Э.Д ХХК-ийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богд хан уулын дархан цаазат газрын Энхтайваны амны хязгаарлалтын бүсэд 13.6 га, Хүүшийн амны хязгаарлалтын бүсэд 2.4 га газрын аялал жуулчлалын зориулалтаар авсан дээрх газар ашиглах эрхийг П ХХК-д олгосонтой холбогдуулж тус компанийн эрх дуусгавар болж, гэрээг цуцлагдсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрхээс дүгнэхэд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэгч солих хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Маргаантай эрх зүйн харилцааны зохигчийн аль нэг нь уг эрх зүйн маргаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн/ бол шүүх тэрхүү зохигчийг сонирхогч этгээд буюу эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах явдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно” гэж заасантай нийцсэн, Э.ДХХК-ийн эрх залгамжлагч нь П ХХК байх тул мөн хуулийн 30.2-т зааснаар П ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан Э.Д ХХК-ийн бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ. 

 

Иймд нэхэмжлэгч П ХХК нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандан шаардлага гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.    

 

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй.зааснаар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 106.3-т “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус заасан.

 

Харин энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалт байлгаж байх, өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий этгээд нь тухайн эд юмсыг эзэмших эрхгүй байх урьдчилсан нөхцлүүд бүрдэх ёстой.  

 

Хэргийн баримтаас үзэхэд Э.Д ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зөвшөөрөлтэйгээр ашиглаж байсан дээрх газар дээгүүр Улаанбаатар хотын ерөнхий цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор хэрэгжиж буй “Их тойрог” цахилгаан дамжуулах агаарын шугамын трасс дайран өнгөрөхөөр зураг төсөл хийгдэж, уг зураг төслийн дагуу төсөлд захиалагчийн хяналт тавин ажиллаж буй “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ болон гүйцэтгэгч Э ХХК нараас Э.Д ХХК-ийн ашиглалтын газар дээр цахилгаан дамжуулах агаарын шугамын барилгын ажил гүйцэтгэж, улмаар  трассын 2 ширхэг шон буюу /анкер тулгуур/ босгосон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрэл зураг, шүүхийн хэлэлцүүлэгт Э ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд С.Сүхтөмөрийн гаргасан “... маргаж буй газарт ...нэг шугам нь хуучин буюу өнгөрсөн зун барьсан зураг, 1 шугам нь манай барьсан шугам” гэх тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

        Монгол Улсын Их хурлын 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолоор “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг баталж, уг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг  боловсруулж, хэрэгжүүлж эхлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгаж, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 118 дугаар тогтоол болон уг тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2014 оны 4 дүгээр сарны 04-ний өдрийн 114 дүгээр тогтоолоор “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээг баталж, тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Улаанбаатар хот болон орон нутагт баригдах орон сууцны хотхон, хороолол, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажлын жагсаалтад “Их тойрог” 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын ажил багтжээ. 

 

        Дээрх тогтоолуудаар “Их тойрог” 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг шинээр барьж байгуулах талаар шийдвэрлэснээс бус хаана, ямар газар дээр барих, цахилгаан дамжуулах агаарын шугам хаагуур дайран өнгөрөх талаар шийдвэрлээгүй атал төслийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн Нийслэлийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газраас хийлгэсэн “Их тойрог” цахилгаан дамжуулах агаарын шугамын трасс төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, 110 кв-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын трассын план зурагт агаарын шугам Э.Д ХХК-ийн ашиглалтын газрын гол хэсгийг дайран өнгөрөхөөр тусгагдсан байна. /1хх63-65/

 

Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Засгийн газар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно”, 46.2-т “Засгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг уг шаардлага арилтал захиргааны журмаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглах тухай шийдвэр гаргаж болно” гэж тус тус заасан.

 

Хуулийн дээрх заалтуудаар, бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд ... ашиглахаар бол Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсан байх, хэрэв нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг уг шаардлага арилтал ... нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд ... ашиглах бол Засгийн газар шийдвэр гаргахаар тус тус зохицуулжээ.   

 

        Гэтэл нэхэмжлэгч Э.Д ХХК-ийн Богдхан уулын Дархан цаазат газар,  тусгай хамгаалалттай газар нутгийн Хүүшийн ам гэх нэртэй газрын 2.4 га газар, мөн Энхтайваны ам гэх нэртэй газрын 13.6 га газрыг ашиглах эрх хүчинтэй байхад цахилгаан дамжуулах агаарын шугам дайран өнгөрч буй хэсгийг тусгай хэрэгцээнд ашиглах талаар газар ашиглагчтай урьдчилан тохиролцож гэрээ байгуулаагүй, Засгийн газраас тусгай хэрэгцээнд ашиглах талаар шийдвэр гаргаагүй байхад “Их тойрог” 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлын захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэгч болон гүйцэтгэгч нараас уг газар дээр зөвшөөрөлгүй цахилгаан дамжуулах агаарын шугамын барилгын ажил гүйцэтгэж байгаа нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн, хариуцагч нарын гаргасан эрх бүхий байгууллагуудын зөвшөөрөл, шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэх тайлбар хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Н ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б  “...Э.ДХХК-ийн эзэмшилд газар байх үед тус газар дээр 2 шон барьсан асуудал тогтоогдоогүй, УИХурлын 23 дугаар тогтоолын хавсралтын 1.2.6-д заасан цахилгаан хангамжийн зураг төслийг хэрэгт хавсаргаснаар маргаан бүхий газар дээгүүр тус трасс явсан эсэх нь нотлогдох байсан. 2016 оны Дээд шүүхийн тогтоолоор зураг байхгүй гэсэн үндэслэлээр буцаасан” гэж тайлбарлан маргасан боловч гүйцэтгэгч байгууллагын төлөөлөгч СЕЕ.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дээрх тайлбар болон хэрэгт авагдсан Э.Д ХХК-иас газар ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж, цахилгаан дамжуулах агаарын шугамын трассыг өөрчлөх санал гаргасныг төсөлд оролцогч талууд хүлээн зөвшөөрч трассын өөрчлөлтийн талаар саналаа солилцож байсан талаарх Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2/1169 тоот, Э ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1/158 тоот, трассын өөрчлөлтийн солбилцлын цэгийн координатын зураг, Э.Д ХХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 572 тоот, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 10/3352, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 10/3670 тоот албан бичгүүдээр тус тус тогтоогдож байх тул хариуцагчийн дээрх татгалзал үндэслэлгүй, Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолын хавсралт болон зургийг гаргуулах нь тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж шүүх дүгнэсэн болно.

 

        Иймд нэхэмжлэгч П. ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/358 дугаар тушаал, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр олгосон  0171114 дугаартай гэрчилгээ, гэрэний дагуу ашиглаж буй Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богд хан уулын дархан цаазат газрын Энхтайваны амны хязгаарлалтын бүсэд 13.6 га, Хүүшийн амны хязгаарлалтын бүсэд 2.4 га газарт баригдсан 2 ширхэг цахилгаан дамжуулах агаарын шугамын шонг /анкер тулгуур/ албадан буулгаж, уг газрыг хариуцагч  Н. ОНӨААТҮГ, “Эрчим хүчний барилга угтсралтын трест”ХХК нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх хариуцагчийн маргаж буй шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг, мөн нэхэмжлэгч хохирол шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд дахин гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг тус тус дурдаж, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309 900 төгрөгийн 239 700 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч нараас нийт 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.   

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

       1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/358 дугаар тушаал, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр олгосон  0171114 дугаартай гэрчилгээ, гэрээний дагуу ашиглаж буй Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богд хан уулын дархан цаазат газрын Энхтайваны амны хязгаарлалтын бүсэд 13.6 га, Хүүшийн амны хязгаарлалтын бүсэд 2.4 га газарт баригдсан 2 ширхэг цахилгаан дамжуулах агаарын шугамын шонг /анкер тулгуур/ албадан буулгаж, уг газрыг хариуцагч “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ, Э ХХК нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.3-т зааснаар нэхэмжлэгч нь хохирол 16 345 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ талаар дахин шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309 900 төгрөгийн 239 700 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч нараас нийт 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэг-чид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 


 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ