Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/00773

 

“П р” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/01239 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1680 дугаар магадлалтай,

“П р” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Э х б у т” ХХК, “Н х о г” ОНӨААТҮГ-т тус тус холбогдох

Цахилгаан дамжуулах агаарын шугамын 2 шонг буулгуулж, хариуцагч нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М, хариуцагч “Н х о г” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Л.Б,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч “П р” ХХК-аас “Э х б у т” ХХК, “Н х о г” ОНӨААТҮГ-т тус тус холбогдуулан цахилгаан дамжуулах агаарын шугамын 2 шонг буулгуулж, хариуцагч нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас газар чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/01239 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “П р” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/358 дугаар тушаал, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр олгосон  0171114 дугаартай гэрчилгээ, гэрээний дагуу ашиглаж буй Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богд хан уулын дархан цаазат газрын Энхтайваны амны хязгаарлалтын бүсэд 13.6 га, Хүүшийн амны хязгаарлалтын бүсэд 2.4 га газарт баригдсан 2 ширхэг цахилгаан дамжуулах агаарын шугамын шонг /анкер тулгуур/ албадан буулгаж, уг газрыг хариуцагч “Н х о г” ОНӨААТҮГ, “Э х б у т” ХХК нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.3-т зааснаар нэхэмжлэгч нь хохирол 16,345,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ талаар дахин шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,900 төгрөгийн 239,700 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч нараас нийт 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1680 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/01239 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1.  Шүүх Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Магадлалыг хянавал хэсэгт “...нэхэмжлэгч газрыг ашиглах эрхтэй тул Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалт нь энэ тохиолдолд хамаарахгүй” гэж дүгнэсэн байна. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж заасан ба энэ заалт нь эзэмших, ашиглах эрхийг хамгаалсан заалт байна. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж заасан ба эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг олж авч байгаа арга нь хууль ёсны бол түүнийг шударга эзэмшигч гэж заасан байна.

Манай компани нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу хүсэлт гаргаж, холбогдох баримтуудыг бүрдүүлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018.09.17-ны өдрийн А/359 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг олж авсан, Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах 0171114 дугаар гэрчилгээ болон газар ашиглах гэрээний дагуу тухайн газрыг 5 жилийн хугацаанд ашиглана гэж мэдэлдээ авсан тул шударга эзэмшигчид хамаарна.

Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.” гэж заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийг бусдад эзэмшүүлэх ойлголт хуульд байхгүй, зөвхөн ашиглуулдаг. Өөрөөр хэлбэл тус газрыг төртэй гэрээ байгуулан ашиглах хугацаандаа өөрийн мэдэлд байлгаж, бусдын халдлагаас хамгаалах эрх, үүрэгтэй.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс “шударга эзэмшигч” эзэмших ашиглах эрхээ хамгаалуулах эрхтэй, ашиглагч хуулийн 92.1-д зааснаар шаардах эрхгүй гэж зөвхөн эзэмшигч, ашиглагч гэсэн үгэнд тулгуурлан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Ашиглах эрхтэй бол бусад этгээд хууль бусаар халдаж байсан ч шаардах эрхгүй байна гэсэн ойлголт байхгүй.

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1-т “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлнэ” гэж, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т “Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан ба газар ашиглагч нь газар эзэмшигчийн адил тухайн газрыг эзэмших, ашиглах, мэдэлдээ байлгах, бусдын хууль бус халдлагаас хамгаалах эрхтэй.

4.2.    Магадлалд “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “П р” ХХК нэхэмжлэгчээр солигдож “Э д" ХХК-ийн газар ашиглалттай холбоотой шаардах эрхийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа нь үндэслэлгүй байна...” гэж дүгнэсэн.

Тус газрыг ашиглах эрх манай компанид шилжин ирсэн. “Э д” ХХК-ийн хүсэл зоригоор шилжиж ирээгүй ч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/359 дүгээр тушаал гарснаар тус газар ашиглах эрх, газар ашиглах эрх олж авсантай холбоотой бусад эрх, үүрэг манай компанид шилжин ирсэн. Бид өмнө “Э д” ХХК-ийг газар дээрх 2 шонг буулгуулахаар нэхэмжлэл гаргаад явж байсныг мэдэж байсан, харилцан хамаарал бүхий компаниуд. Иймд газар ашиглах эрхийг олж авсны дараа маргаанд нэхэмжлэгчээр солигдон үргэлжлүүлэн орох хүсэлтэй байсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан “шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн” гэдэгт маргааны зүйл нь бусдад шилжсэнээр шаардах эрх, хүлээх үүрэг бусдад шилжсэнийг хамааруулан ойлгох ба манай компани эрх залгамжлан авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. “П р” ХХК нь газар ашиглах эрхийг олж авсан байхад, уг газар ашиглах эрхийн талаар шаардах эрхгүй мэт дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй байна.

4.3. Ашиглалтын газар дээр нь 2 ширхэг цахилгаан дамжуулах агаарын шугамын шон баригдсан нөхцөл байдлыг мэдэж байсан боловч гэрээг байгуулсан гэх тухайд, мэдэж байж байгуулсан нь тус агаарын 2 шонг барьсан асуудлыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш юм.

Бидэнд газар ашиглах эрх олгохдоо тус газар дээр байгаа шонгийн асуудлыг шийдвэрлэлгүй үлдээсэн. Харин газар ашиглах эрх олгохдоо 2 шон, трасс барьсан асуудлыг шийдэж байж олгоно гэх эрх төрд байсан. Тийм байхад төрөөс газар ашиглах эрх олгосон нь уг маргаантай асуудлыг шүүхээр шийдүүл гээд нээлттэй үлдээсэн гэж ойлгож байна. Бид агаарын шон баригдсаныг зөвшөөрсөн зүйл байхгүй бөгөөд маргаан бүхий газарт 2 шонг барьсныг зөвшөөрөөгүй учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт болон нэхэмжлэл шүүхэд бичиж өгснөөр тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч “П р” ХХК нь хариуцагч “Э х б у т” ХХК, “Н х о г” ОНӨААТҮГ-т холбогдуулан тус компанийн эзэмшлийн газар дээр барьсан цахилгаан дамжуулах агаарын шугамын 2 шонг албадан буулгуулж, газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “...тус компани Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018.09.17-ны өдрийн А/359 тушаал, 0171114 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу 13.6 га газрыг ашиглах эрхтэй болсон. Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 1, 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу газар ашиглах эрх хэрэгжиж, эрх дуусгавар болоогүй байхад манай эрх бүхий газарт 2ш цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьсан байдаг. Бид “Э д” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа...” гэж тодорхойлжээ.

Хариуцагч “Н х о г” ОНӨААТҮГ: “...Улс нийтийн хэмжээнд эхлүүлсэн, Улсын Их Хурлын тогтоолоор батлагдаж, зураг төслийн дагуу хийгдээд явж байгаа ажил. Нэхэмжлэгч нь захиргааны байгууллагад холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, уг маргаан нь Иргэний биш захиргааны шүүхээр шийдвэрлэгдэх маргаан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж,

Хариуцагч “Эрчим хүчний барилга угсралт трест” ХХК: “...Одоогийн хийж байгаа ажлын трассыг анх  сонгох үед нэхэмжлэгч талын эзэмшиж байгаа газарт 1990-ээд оноос ашиглаж байсан 35 кв-ын эрчим хүчний том шугам байдаг. Эрчим хүчний хуулийн хүрээнд уг шугамын хамгаалалтын зурвас дээр өөрсдийн трассыг сонгосон. Манай компани уг 2 шугамыг барих үед тус газар хэн нэг хүний эзэмшилд байгаагүй, 2 шугамыг босгож барьсны дараагаар нэхэмжлэгч тал тус газарт хашаа барьж манаачаар хамгаалуулж, манай газарт шугам барьсан гэж маргасан.     

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан шударга эзэмшигч, тэрээр өөрийн эзэмшлийн зүйлээ ашиглах, эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэг этгээд саад болж байвал саадыг арилгуулахаар шаардах эрхтэй, Их тойрог 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам нэхэмжлэгчийн эзэмшил газрыг дайран өнгөрөхдөө газар ашиглагчтай нь харилцан тохиролцоогүй нь хууль зөрчсөн гэх үндэслэл зааж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг зөв тогтоогоогүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, магадлалын хянавал хэсэгт маргаантай харилцааг зохицуулсан хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч магадлалын Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэсэн хуулийн зохицуулалтыг бичилгүй орхигдуулсан байх тул хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийж хууль хэрэглээний алдааг залруулах боломжтой гэж үзлээ.

8. Хэрэгт цугларсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

8.1. “Э д” ХХК 2011.11.04-ний өдөр Богдхан уулын Дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Хүүгийн ам нэртэй газрын 204 га талбайг, 2011.12.12-ны өдөр Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Энхтайваны ам нэртэй газрын 13.6 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг тус тус 5 жилийн хугацаатай авч, 2013.12.26-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээг байгуулан энэхүү газар дээр зориулалтын дагуу аялал, жуучлалын цогцолбор төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байсан.

2015.08.25-ны өдөр “Э х б у т” ХХК-д холбогдуулан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалга, хөрөнгө оруулалтаар Их тойрог 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын барилгын ажлыг гүйцэтгэхдээ барилга угсралтын ажлыг  БОНХАЖЯ-аар баталгаажуулсан трассын дагуу гүйцэтгэх үүргээ зөрчиж, нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газар барилгын ажлыг гүйцэтгэж, цахилгаан дамжуулах агаарын шугамын 2 шон барьсан үндэслэлээр тус газарт баригдсан агаарын шугамын 2 шонг албадан буулгуулахыг шаардаж нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг шүүхэд хянагдах хугацаанд буюу 2018.09.17-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/358 дугаар тушаалаар “Э д” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, тус хуулийн этгээдтэй байгуулсан гэрээг цуцалж, БОАЖСайдын 2018.09.17-ны өдрийн А/389 тушаалаар Хүүшийн ам нэртэй газар 13.6 га талбайг аялал, жуучлалын зориулалтаар ашиглах эрхийг “П р” ХХК-д 5 жилийн хугацаатай олгожээ.

Дээрх эрхийг үндэслэн “П р” ХХК 2018.10.11-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай №2018/214 дугаартай гэрээ байгуулсантай холбогдуулан “Э д” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн нэхэмжлэгчийг солих хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, нэхэмжлэгч “Э д” ХХК-ийг “П р” ХХК-аар сольсон.

8.2. Монгол Улсын Их Хурлын 2013.02.08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хадлагын баримт бичгийг баталж, тогтоолын хавсралтаар инженерийн дэд бүтцийн буюу дулаан, цахилгаан, усан хангамж, ариутгах татуурга, мэдээлэл холбооны хангамжийн хүрээнд хийж гүйцэтгэх ажлыг тодорхойлсон.

Нэхэмжлэлд дурдсан өндөр хүчдэлийн 110 кв-ын шугам буюу Их тойрог төсөл нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 114 дүгээр тогтоолоор батлагдсан бөгөөд гэр хорооллын нийт 124,900 айл өрхийн 40% буюу 49,960 айл өрхийн халаалтыг цахилгаанаар шийдвэрлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд төлөвлөгдсөн 20 байршлаас батлагдсан 12 байршилд баригдах орон сууцны хорооллын 45% буюу 56,205 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангагдах, шинээр баригдах цахилгаан станцын эрчим хүчийг түгээх гол шугам болох ач холбогдолтой.

110 кв-ын шугам буюу Их тойрог төслийн Богдхан Уулын нутаг дэвсгэр дээгүүр трасс дайран өнгөрч байгаа газрын асуудлыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яам, Богдхан Уулын Дархан цаазат газрын захиргаа зэрэг байгууллагуудын санал зөвшөөрлийн дагуу шийдвэрлэж, барилга угсралтын ажил явагдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.

8.3. Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Засгийн газар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно, 46.2-т Засгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг уг шаардлага арилтал захиргааны журмаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглах тухай шийдвэр гаргаж болно гэж тус тус зохицуулсан.

Анхан шатны шүүх “...хариуцагч нь нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газарт цахилгаан дамжуулах агаарын шугамын барилгын ажил гүйцэтгэхдээ “Э д” ХХК-аас хуульд заасан журмын дагуу зөвшөөрөл аваагүй нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2-т зааснаар маргаантай эрх зүйн харилцааны зохигчийн аль нэг нь /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн үндэслэлээр/ уг эрх зүйн маргаанаас гарсан бол шүүх тэрхүү зохигчийг сонирхогч этгээд буюу эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан этгээдийн бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.

“Э д” ХХК-ийн маргаан бүхий газар эзэмших эрх дуусгавар болсноор тэрээр эрх зөрчигдсөн талаар нэхэмжлэл гаргах эрхгүй болсон тул уг эрх зүйн маргаанаас гарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан эрх залгамжлуулах үндэслэлд хамаарахгүй.

Харин маргаан бүхий газрыг ашиглах эрхтэй болсон “П р” ХХК-ийг нэхэмжлэгчээр солихыг хүссэн тул шүүх нэхэмжлэгчийг сольсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.

Иймд “П р” ХХК нь өөрийн ашиглах эрх бүхий газрыг ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч үндэслэлгүйгээр халдсан гэх нэхэмжлэл гаргаж буй биеэ даасан нэхэмжлэгч юм.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ойлгоно гэж зохицуулсан.

Нэхэмжлэгч “П р” ХХК нь цахилгаан дамжуулах агаарын шугамын 2 шон боссон, агаарын шугам татагдсан газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг хүлээн авсан тул уг шон байгаа нь түүний газар ашиглах эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасан эрхээ хамгаалуулах шаардлага үүсээгүй гэж үзнэ.  

Энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, шүүх Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

9. Дээр дурдсан үндэслэлээр “...“П р” ХХК нь “Э д” ХХК-тай харилцан хамаарал бүхий компани, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар “Э д” ХХК-ийн эрхийг залгамжлан авсан байхад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...өөрийн ашиглах эрх бүхий газрын ашиглах эрхийн талаар шаардлага гаргах эрхгүй ...гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй...” гэх хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

10. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т нийцэж байх тул магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1680 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “П р” ХХК-аас 2020.08.20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.ЗОЛЗАЯА

                           ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

                                                                                            Б.МӨНХТУЯА

                                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ    

                                                                                            Х.ЭРДЭНЭСУВД