Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/00869

 

 

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/00869

 

 

Д.Хнэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/00386 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Ххариуцагч Ш Г Т ХХК-д холбогдуулан гаргасан 26 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Д.Х миний бие ...7 дугаар байрны 13 тоот хаягт байрлах, 13 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн орон сууц эзэмших эрхийн бичгийн үндсэн дээр хувьчлан авч, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Гэтэл уг орон сууц нь ашиглалтын шаардлага хангахгүй болж дахин төлөвлөлтөд хамрагдан шинээр орон сууц баригдах болсон. Орон сууцны болон бусад хууль тогтоомжийн дагуу шинээр баригдах барилгаас хуучин барилгаас дутуугүй хэмжээний орон сууц өмчлөх эрхтэй байтал уг эрхийг маань зөрчиж Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас уг барилгыг буулгах шийдвэр гарган улмаар Ш Г Т ХХК уг барилгыг буулган миний өмч устгагдаад байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2018/0561 дугаар магадлалаар Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 72-р хотхон, Төмөр замын гудамж, 7 дугаар байрны 13 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Д.Х болон төсөл хэрэгжүүлэгч Ш Г Т ХХК-тай гурван талт гэрээ байгуулахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн бөгөөд уг магадлалыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 508 дугаар тогтоолоор хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан боловч уг гурван талт гэрээг байгуулах боломжгүй болж иргэн миний эрх зөрчигдөөд байна. Энэ талаар Ш Г Т ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсэн байдаг. Нураагдсан орон сууц 13 м.кв талбайтай бөгөөд Ш Г Т ХХК-ийн орон сууцны нөхцөл сайжруулах гурван талт гэрээний нөхцлөөр шинээр баригдах орон сууцнаас өмчлөх орон сууцны талбайн хэмжээ нь хуучин орон сууцны талбайн хэмжээн дээр 7 м.кв-ыг нэмж үнэ төлбөргүй өмчлүүлэх илүү талбай өмчлөх тохиолдолд 1 м.кв-ын үнийг 2 000 000 төгрөгөөр бодож өмчлөгч төлөхөөр тусгасан. Гэтэл Ш Г Т ХХК нь орон сууцаа нэгэнт барьж дууссан бөгөөд 20 м.кв талбайтай орон сууц байхгүй, 54 м.кв талбайтай орон сууц санал болгосон боловч миний бие зөрүү талбайн үнийг төлөх ямар ч боломжгүй 4 хүүхдийн хамт айлын хашаа, гэр түрээслэн амьдарч байгаа өрх толгойлсон эмэгтэй билээ. Нэгэнт гурван талт гэрээ байгуулах ямар ч боломжгүй болсон тул Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.5-д заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Гэхдээ Нийслэл хот, ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн гурвалсан гэрээний 2.4 дэх хэсэгт заахдаа 1 метр квадратыг 1 600 000 төгрөгөөр тооцсон байдаг тул 1 600 000 төгрөгөөр тооцож олговол татгалзах зүйлгүй. Орон сууцны тухай хуулийн 151.4, 151.5 дахь заалтуудад 3 сонголт байдаг. Дээрх зохицуулалт нь сууц өмчлөгчийн хувьд эрх олгосон зохицуулалт байдаг. Энэ байдлыг Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Буулгасан 7 дугаар байрыг мэдээллийн сангаас шүүж үзэхэд 12 өмчлөгчтэй байсан. Өмчлөгч тус бүртэй нь гэрээ байгуулсан. Гэтэл 13 өмчлөгч байна гээд гараад ирсэн. Гэтэл нийтийн зориулалттай орон сууцны ноолийн өрөө үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй байсан. 13 метр квадраттай орон сууцанд хүн амьдрахад бэрх юм. Нэхэмжлэгч амьдрах боломжгүй үл хөдлөх эд хөрөнгө дээр гэрчилгээ гаргуулж авчихаад маргаад байгаа. Орон сууцны тухай хуулийн 13.1.4 дэх заалтыг хэрэглэхийн тулд заавал гэрээ байгуулж байж шаардах эрхтэй. Талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй учраас 13.1.4 дэх заалтыг хэрэглэх үндэслэл байхгүй. Харин 13.1.5 дахь заалтаар шаардах үндэслэл байгаа. Гэхдээ заавал өмчлөгч байх ёстой. Тийм учраас хууль хэрэглээний хувьд боломжгүй нөхцөл байдал учраад байна гэжээ.

 

Шүүх: Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш Г Т ХХК-аас нийт 20 800 000 /хорин сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Хд олгож, үлдсэн 5 200 000 /таван сая хоёр зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Хулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ш Г Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 261 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Хд олгож шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч Г.Нацагдоржийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Д.Х нь Ш Г Т ХХК-тай ямар ч гэрээ байгуулаагүй тул шаардах эрх үүсэхгүй. Ашиглалтын шаардлага хангахгүй тухай Мэргэжлийн хяналтын байгууллагын 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 01-01/05, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 02-07-089/137 дугаар шийдвэр, дахин төлөвлөж барилгажуулах тухай Нийслэлийн засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/151 тоот захирамж гарсны дараа сууц өмчлөгчдийн талаарх мэдээллийг шалгаж үзэхэд 12 өмчлөгч байсан тул тэдгээртэй Ш Г Т ХХК нэг бүрчлэн гэрээ байгуулж, шинээр баригдсан орон сууцнаас гэрээний дагуу өмчлүүлсэн. Иймд гэрээ байгуулаагүй этгээдийн шаардлагыг хариуцагчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн хувьд 13 тоот орон сууцыг буулгаагүй бөгөөд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 72 дугаар хотхон, Төмөр замын гудамж дахь ашиглалтын шаардлага хангахгүй 7 дугаар байрыг Түмэн карерь ХХК буулгасан тул тухайн хуулийн этгээдээс шаардах ёстой. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.5 гэж үзсэн бөгөөд шүүх мөн хэсгийг иш татан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Гэвч ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарах үед Д.Х нь тухайн орон сууцны өмчлөгч байгаагүй тул нэхэмжлэгч шаардах эрхгүй, хуулийн дээрх заалтыг хэрэглэн шийдвэр гаргасан нь хууль хэрэглээний хувьд алдаа гаргаж байна. Хариуцагчийн хувьд Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.6-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын А/151 дүгээр захирамж 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гарснаас 1 жил гаруйн дараа огт ашиглахгүй байгаа орон сууцанд 000610554 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр олгосон нь хуульд нийцэхгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч Ш Г Т ХХК-д холбогдуулан нөхөн төлбөрт 26 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, шаардлагын үндэслэлээ ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгч нь хуучин орон сууцаа зах зээлийн үнээр хөрөнгө оруулагчтай тохиролцон худалдах, эсхүл нөхөн олговор авах эрхтэй гэх агуулгаар тайлбарласан.

Хэргийн 5, 6 дугаар талд авагдсан Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ............ дугаартай гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн .............. дугаартай гэрчилгээ, талуудын тайлбараар ...хаягт байрлах 1 өрөө орон сууц нь анх Улаанбаатар Төмөр замын өмчлөлд байсан, нэхэмжлэгчийн эзэмшилд 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн орон сууц эзэмших эрхийн бичгээр, өмчлөлд нь Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолоор тус тус шилжиж, 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн нь тогтоогдож байна. /хх5-6/

Нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлийн талаар хариуцагч Ш Г Т ХХК маргаж, уг орон сууцыг Д.Хд өмчлүүлсэн шийдвэр, үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч Д.Х гуравдагч этгээдээр оролцож Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын 3 талт гэрээ байгуулахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах тухай бие даасан шаардлага гаргасныг Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэж 2018 оны 508 дугаар тогтоолоор Ш Г Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн орон сууцны эзэмшил, өмчлөлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, нэхэмжлэгч нь Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.5 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгчийн өмчлөлд байсан орон сууц ашиглалтын шаардлага хангахгүй болж Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/151 дүгээр захирамжаар уг байрыг буулгаж дахин төлөвлөж барилгажуулахаар шийдвэрлэж, уг байрлалд шинээр орон сууц баригджээ. /хх82-85/

Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.3-т ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр орон сууцны барилга барих хөрөнгө оруулагч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулна гэж заасан боловч нэхэмжлэгчийн хэрэг Захиргааны хэргийн шүүхэд хэлэлцэгдэж байхад барилга баригдаад дуусчихсан байсан гэх, хариуцагчийн нэхэмжлэгчид 54 м.кв талбай бүхий орон сууцыг бусад хүмүүстэй байгуулсан гэрээний нөхцөлийн дагуу худалдан авах санал тавьсан боловч зөрүү мөнгийг төлөх санхүүгийн боломжгүй гэсэн, манайд 20 м.кв талбайтай орон сууц байхгүй гэх тайлбараар талуудын хооронд гэрээ байгуулагдах боломжгүй болсон нь тогтоогдож байна. Түүнчлэн зохигчдын тайлбараас гадна тухайн үйл баримтыг нотолсон Ш Г Т ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явуулсан 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичиг, тус компанийн бусад оршин суугчидтай 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан орон сууцны нөхцөл сайжруулах гурван талт гэрээ, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хамтран ажиллах гэрээ зэрэг баримтууд хэргийн 29, 59-81 дүгээр талд авагдсан байна.

Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.5 дахь хэсэгт ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгч нь хуучин орон сууцаа зах зээлийн үнээр хөрөнгө оруулагчтай тохиролцон худалдах, эсхүл нөхөн олговор авах эрхтэй гэж заасан нь хуучин орон сууц өмчлөгч нь төсөл хэрэгжүүлэгчид зөвхөн үнэ тохиролцон худалдах агуулгатай бус мөн талууд тохиролцоонд хүрэхээргүй нөхцөл байдал үүсвэл орон сууцтай дүйцэх хэмжээний нөхөн олговрыг шаардах эрхийг давхар агуулсан байна.

Хариуцагч Ш Г Т ХХК хуучин орон сууцны 1 м.кв талбайн хэмжээг 1 600 000 төгрөг байхаар тооцож бусад орон сууц өмчлөгчидтэй тохиролцсон байх тул орон сууцны 1 м.кв-ыг 1 600 000 /1 600 000*13 м.кв/ төгрөгөөр тооцож нөхөн төлбөрт нийт 20 800 000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгч гэж тооцох тухай Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх заалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тухайн тохиолдолд мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 буюу эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн байх зохицуулалт хамаарах бөгөөд нэхэмжлэгч өмчлөх эрхээ хуульд заасан журмын дагуу олж авсан байх тул бусад орон сууц өмчлөгчдийн нэгэн адил эрхээ хэрэгжүүлнэ.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/00386 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

А.МӨНХЗУЛ