Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00159

 

                                                 Д.Хишигжаргалын нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар  

Сүхбаатар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/00386 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 869 дүгээр магадлалтай,

Д.Хишигжаргалын нэхэмжлэлтэй,

 “**********” ХХК-д холбогдох

Орон сууцны нөхөн олговор 26,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Нацагдоржийн гаргасан гомдлоор  

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, хариуцагчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Д.Хишигжаргал нь “********” ХХК-д холбогдуулан орон сууцны нөхөн олговор 26,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/00386 дугаар шийдвэрээр Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.5-д заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас нийт 20,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Хишигжаргалд олгож, үлдсэн 5,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Хишигжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “********” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 261,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Хишигжаргалд олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 869 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/00386 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Нацагдорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Орон сууцны тухай тухай хуулийн 15 дугаар зүйлийн 151.4-т орон сууцны сууц өмчлөгчид нь хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр шинээр баригдах орон сууцнаас эхний ээлжинд өмчлөх эрх эдлэх...” гэж заасан. Д.Хишигжаргал нь “********" ХХК-тай ямар ч гэрээ байгуулаагүй тул шаардах эрх үүсэхгүй. Түүнчлэн ашиглалтын шаардлага хангахгүй тухай мэргэжлийн хяналтын байгууллагын 2014.07.14-ний 01-01/05, 2015.02.04-ний өдрийн 02-07-089/137 дугаар шийдвэр, дахин төлөвлөж барилгажуулах тухай НЗД-ын 2015.02.24-ний А/151 дүгээр захирамж гарсны дараа сууц өмчлөгчдийн талаарх мэдээллийг шалгаж үзэхэд 12 өмчлөгч байсан тул тэдгээртэй “********" ХХК нь нэг бүрчлэн гэрээ байгуулж, шинээр баригдсан орон сууцнаас гэрээний дагуу өмчлүүлсэн. Иймд гэрээ байгуулаагүй этгээдийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй. Нэхэмжлэлд “... 13 тоот орон сууцыг буулгасны нөхөн төлбөр 1 м.кв-ыг 2,000,000 төгрөгөөр тооцож нийт 26,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. Уг байрыг “Түмэн карерь” ХХК буулгасан тул хэрэв буулгасны нөхөн төлбөр шаардаж байгаа бол тухайн хуулийн этгээдээс шаардах ёстой. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 151.5-т “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгч нь хуучин орон сууцаа зах зээлийн үнээр хөрөнгө оруулагчтай тохиролцон худалдах, эсхүл нөхөн олговор авах эрхтэй” гэж үзсэн ба анхан болон давж заалдах шатны шүүх ч мөн уг хэсгийг эш татсан. Гэвч ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт 2014 онд гаргах үед Д.Хишигжаргал нь тухайн орон сууцанд огт амьдарч байгаагүй бөгөөд өмчлөгч ч биш байсан. Харин 2015 онд нураагдаж, байхгүй болчихсон орон сууцанд тэрээр 2016 онд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан тул уг хэсгийг эш татах нь буруу юм.

4.1. Хариуцагчийн хувьд Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 151.6-д заасан “Засаг даргын шийдвэр гарснаар тухайн орон сууцыг мэдээллийн нэгдсэн сангаас хасч ашиглах эрх дуусгавар болно” гэснийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа ба НЗД-ын А/151 дүгээр захирамж 2015.02.24-нд гарснаас 1 жил гаруй хугацааны дараа буюу огт ашиглахгүй байгаа орон сууцанд 000610554 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг 2016.04.01-нд олгосон нь хуульд нийцэхгүй юм. Тухайн хэрэгт хамааралгүй буюу хариуцагчаас гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээг шат шатны шүүх үнэлж байгаа нь буруу. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Нацагдоржийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Анхан шатны шүүх Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.5-д заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас нийт 20,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Хишигжаргалд олгож, үлдсэн 5,200,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

7. Нэхэмжлэгч Д.Хишигжаргал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгч нь хуучин орон сууцаа зах зээлийн үнээр хөрөнгө оруулагчтай тохиролцон худалдах, эсхүл нөхөн олговор авах эрхтэй...” гэж тодорхойлсон байна.

8. Хариуцагч “********” ХХК “...Талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй учраас 13.1.4 дэх заалтыг хэрэглэх үндэслэл байхгүй. ...хууль хэрэглээний хувьд боломжгүй нөхцөл байдал учраад байна...” гэж мэтгэлцжээ.

Зохигчийн хооронд ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны нөхөн олговор авах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хангагдсан хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.

9. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

10. Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2016.04.01-ний өдрийн 0117380 дугаартай гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 2017.08.17-ны өдрийн 000610554 дугаартай гэрчилгээ, талуудын тайлбараар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон Төмөр замын 7 дугаар байрны 13 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууц нь анх Улаанбаатар Төмөр замын өмчлөлд байсан, нэхэмжлэгчийн эзэмшилд 2014.05.06-ны өдрийн орон сууц эзэмших эрхийн бичгээр, өмчлөлд нь Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2016.04.01-ний өдрийн тогтоолоор тус тус шилжиж, 2017.08.17-ны өдөр орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн нь тогтоогджээ.

Нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлийн талаар “*******” ХХК маргаж, уг орон сууцыг Д.Хишигжаргалд өмчлүүлсэн шийдвэр, үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд  Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэж 2018.12.19-ний өдрийн 508 дугаартай тогтоолоор “********” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын гурван талт гэрээ байгуулахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гурван талт гэрээ байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай бие даасан шаардлага гаргасан Д.Хишигжаргалын шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх Д.Хишигжаргалын орон сууцны өмчлөл болон шаардах эрхийн талаар хийсэн дүгнэлт нь Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.5-д заасан шаардлага, агуулгатай нийцжээ.

Д.Хишигжаргалын Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар хотхон, Төмөр замын гудамж 7 дугаар байрны 13 тоот хаягт байрлах, 13 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгө ашиглалтын шаардлага хангахгүй болж, Нийслэлийн Засаг даргын 2015.02.24-ний өдрийн А/151 дүгээр захирамжаар уг байрыг буулгаж дахин төлөвлөж барилгажуулахаар шийдвэрлэж, уг байрлалд шинээр орон сууц баригджээ.

12. Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.3-тАшиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр орон сууцны барилга барих хөрөнгө оруулагч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд сууц өмчлөгчдийг нүүлгэн шилжүүлэх, орон сууцаар түр хангах, шинэ орон сууцны ашиглалтад орох хугацаа, талбайн хэмжээ, үнэ, төлбөр, хариуцлагын асуудлыг тусгана” гэж заажээ.

Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар хотхон, Төмөр замын гудамж 7 дугаар байрыг буулгаж, шинээр барьсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

Хариуцагч нь 7 дугаар байрны сууц өмчлөгч нар шинээр баригдах байрны 1 м.кв талбайг 1,600,000 төгрөгт тооцож байсан болох нь 2016.03.06-ны өдрийн 16/03/08,  16/03/15 дугаартай Орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээнүүдийн хуулбараар тогтоогдож байна.

Шинээр баригдсан байранд 13 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц байхгүй тул дээрх гэрээнүүдийг үндэслэж шүүхээс нэхэмжлэгчийн орон сууцны 1 м.кв-ыг 1,600,000 төгрөгт тооцож, нөхөн төлбөрт нийт 20,800,000 төгрөг “*******” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Орон сууцны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн өмгөөлөгч Г.Нацагдоржийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/00386 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 869 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Г.Нацагдоржийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ