Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2020/00386

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Х/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Ш” ХХК/РД: /-д холбогдох,

 

26 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, хариуцагчийн өмгөөлөгч Г. Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Д.Х миний бие Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 72-р хотхон, Төмөр замын гудамж 7 дугаар байрны 13 тоот хаягт байрлах, 13 м.кв талбайтай, нэг өрөө, Орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр олгосон Орон сууц эзэмших эрхийн бичгийн үндсэн дээр Орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу хувьчлан авсан бөгөөд уг хувьчлал дээр үндэслэн улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болно.

Гэтэл миний өмчлөлийн энэхүү орон сууц нь ашиглалтын шаардлага хангахгүй болж дахин төлөвлөлтөд хамрагдан шинээр орон сууц баригдах болсонтой холбоотой өмчлөгч миний бие Орон сууцны хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу шинээр баригдах барилгаас хуучин барилгаас дутуугүй хэмжээний орон сууц өмчлөх эрхтэй байтал энэхүү эрхийг маань зөрчин Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас уг барилгыг буулгах шийдвэр гарган улмаар “Ш” ХХК уг барилгыг буулган миний өмч устгагдаад байна.

Орон сууцны тухай хууль болон бусад хууль, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 90 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам” холбогдох хууль тогтоомжид зааснаар дахин барилгажуулах ажиллагааг явуулахад орон сууц өмчлөгч нь Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.4-д “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгчид нь хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр шинээр баригдах орон сууцнаас эхний ээлжинд өмчлөх эрх эдлэх бөгөөд шинээр өмчлөх орон сууцны талбайн хэмжээ хуучин орон сууцны талбайн хэмжээнээс багагүй байна” гэж заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2018/0561/ дугаар магадлалаар Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 72-р хотхон, Төмөр замын гудамж, 7 дугаар байрны 13 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Д.Х болон төсөл хэрэгжүүлэгч “Ш” ХХК-тай гурван талт гэрээ байгуулахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн бөгөөд уг магадлалыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 508 дугаар тогтоолоор хэвээр үлдээж, шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан боловч уг гурван талт гэрээг байгуулах боломжгүй болж иргэн миний эрх зөрчигдөөд байна.

Энэ талаар “Ш” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсэн байдаг. Учир нь миний нураагдсан барилга 13 м.кв талбайтай бөгөөд “Ш” ХХК-ийн Орон сууцны нөхцөл сайжруулах гурван талт гэрээний нөхцлөөр шинээр баригдах орон сууцнаас өмчлөх орон сууцны талбайн хэмжээ нь хуучин орон сууцны талбайн хэмжээн дээр 7 м.кв-ыг нэмж үнэ төлбөргүй өмчлүүлэх илүү талбай өмчлөх тохиолдолд 1 м.кв-ын үнийг 2.000.000 төгрөгөөр бодож өмчлөгч төлөхөөр тусгасан байдаг билээ.

Гэтэл “Ш” ХХК нь орон сууцаа нэгэнт барьж дууссан бөгөөд 20 м.кв талбайтай орон сууц байхгүй, 54 м.кв талбайтай орон сууц байгаа гэж санал болгосон боловч миний бие зөрүү талбайн үнийг төлөх ямар ч боломжгүй 4 хүүхдийн хамт айлын хашаа, гэр түрээслэн амьдарч байгаа өрх толгойлсон эмэгтэй билээ. Миний бие дээрх орон сууцаа нураалгасанаас хойш орон гэргүй айлын хашаа, гэр түрээслэн амьдарч эрхээ зөрчүүлсээр өнөөдрийг хүрч байгаа бөгөөд нэгэнт гурван талт гэрээ байгуулах ямар ч боломжгүй болсон тул Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.5-д “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгч нь хуучин орон сууцаа зах зээлийн үнээр хөрөнгө оруулагчтай тохиролцон худалдах, эсхүл нөхөн олговор авах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Иймд нэхэмжлэгч Д.Хын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 72-р хотхон, Төмөр замын гудамж 7 дугаар байрны 13 тоот орон сууцыг буулгасны нөхөн төлбөр 1 м.кв-ийг 2.000.000 төгрөгөөр тооцож нийт 26.000.000 /хорин зургаан сая/ төгрөгийг хариуцагч “Ш” ХХК-иас гаргуулж өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгч Д.Хын өмгөөлөгч Б.Ганпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.Хын хувьд эрхээ эдлэе гээд Орон сууцны тухайн хуулийн 151.4-д заасан заалтыг сонгосон бол 13 метр квадрат үл хөдлөх эд хөрөнгө дээрээ нэмж урамшууллын 7 метр квадратыг авахаар байсан. Гэтэл Захиргааны хэргийн шүүх дээр маргаад явж байх хугацаанд нийтийн эрх зүйн хүрээнд гурвалсан гэрээ байгуулах эрхээ эдлэх боломжгүй болсон. Энэ нь хавтаст хэрэг авагдсан “Ш” ХХК-иас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан албан бичгээр нотлогддог. Тийм учраас Д.Х нь Орон сууцны тухайн хуулийн 151.5-д заасан нөхөн олговроо гаргуулахаар нэхэмжилсэн. Нөхөн олговрыг нэхэмжлэхдээ Д.Хын байрны зөрүүг 2,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн. Гэхдээ Нийслэл хот, ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн гурвалсан гэрээний 2.4 дэх хэсэгт заахдаа 1 метр квадратыг 1,600,000 төгрөгөөр тооцож огтоосон байдаг. Өмгөөлөгчийн хувьд 1,600,000 төгрөгөөр тооцож олговол татгалзах зүйл байхгүй. Тэгэхдээ шүүх хэсэгчилээд шийдвэрлэх боломжтой. Орон сууцны тухай хуулийн 151.4 болон 151.5 дахь заалтуудад 3 сонголт байдаг. 1. Төсөл хэрэгжүүлэгч компанитай тохиролцоод зах зээлийнх нь үнээр тохиролцоод худалдаж авах, 2. Гурвалсан гэрээ байгуулж авах, 3. Эхний сонголтууд байхгүй бол нөхөн олговор авах гэсэн сонголт байдаг. Дээрх зохицуулалт нь сууц өмчлөгчийн хувьд эрх олгосон зохицуулалт байдаг. Энэ байдлыг Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна хангаж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ““Ш” ХХК-д холбогдуулан гаргасан Д.Хын нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

“Ш” ХХК болон Д.Х нарын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй тул түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

Хариуцагч “Ш” ХХК-ийн өмгөөлөгч Г.Нацагдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны хэргийн шүүхийн магадлал, тогтоолыг харахаар тухайн үед “Ш” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Буулгасан 7 дугаар байрыг мэдээллийн сангаас шүүж үзэхээр 12 өмчлөгчтэй байдаг. 12 өмчлөгчтэй байсан учраас тус бүртэй нь гэрээ байгуулсан. Тэгж байтал 13 өмчлөгч байна гээд гараад ирсэн. Яагаад 13 өмчлөгчтэй болчихвоо гээд шалгаад үзсэн чинь тухайн нийтийн зориулалттай орон сууцны ноолийн өрөөнд үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээтэй байсан. 13 метр квадраттай орон сууцанд хүн амьдрахад бэрх юм. Нэхэмжлэгч амьдрах боломжгүй үл хөдлөх эд хөрөнгө дээр гэрчилгээгээ гаргуулж авчихаад, маргаад байгаа. Хууль хэрэглээний хувьд 13.1.4 болон 13.1.5 дахь заалтуудыг иш татаад байна. 13.1.4 дэх заалтыг хэрэглэхийн тулд заавал гэрээ байгуулж байж шаардах эрхтэй. Талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй учраас 13.1.4 дэх заалтыг хэрэглэх үндэслэл байхгүй. Харин 13.1.5 дахь заалтаар шаардах үндэслэл байгаа. Гэхдээ заавал өмчлөгч байх ёстой. Тийм учраас хууль хэрэглээний хувьд боломжгүй нөхцөл байдал учраад, байгаа юм.” гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Х хариуцагч “Ш” ХХК-д холбогдуулан нөхөн төлбөр 26 000 000/хорин зургаан сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Ш” ХХК нь хариуцагч болон Д.Х нарын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй тул түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргасан.

 

2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Д.Хд 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Хын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/151 дүгээр захирамжаар ашиглалтын шаардлага хангахгүй болсон Баянзүрх дүүрэг, 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 7-р байрыг дахин төлөвлөж барилгажуулахаар шийдвэрлэсэн болох нь Монгол Улсын Дээд Шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 508 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-т “Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр ... эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн ... хувьчлан авах эрхтэй.”, 11 дүгээр зүйлд “Орон сууц хувьчлах товчоо орон сууц хувьчлах ажлыг хэрэгжүүлэхдээ дараахь бүрэн эрхтэй:”, 6-д “өмчлөх эрхийн гэрчилгээ олгох;” гэж заасан.

 

Улаанбаатар Төмөр Зам нь 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууц эзэмших эрхийн бичгээр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байр, 13 тоот, 13/арван гурав/ м.кв талбайтай сууцыг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь Монгол Улсын Дээд Шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 508 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо нь 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолоор 13 тоот, 13/арван гурав/ м.кв орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгч нь өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 0117380 дугаар гэрчилгээний болон 000610554 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Баянзүрх дүүрэг, 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 7-р байрны оронд шинээр орон сууцны барилга барих хөрөнгө оруулагчаар хариуцагч нь шалгарсан болох нь Монгол Улсын Дээд Шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 508 дугаар тогтоолын хуулбар, 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 16/03/08 дугаар Орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний болон 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн № 015-16 Хамтран ажиллах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.3-т “Ашиглалтын шаардлага хангахгүй ... орон сууцны оронд шинээр орон сууцны барилга барих хөрөнгө оруулагч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд сууц өмчлөгчдийг ... шинэ орон сууцны ашиглалтад орох хугацаа, талбайн хэмжээ, үнэ, төлбөр, хариуцлагын асуудлыг тусгана.” гэж заасан.

 

Монгол Улсын Дээд Шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 508 дугаар тогтоолоор Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Засаг дарга нь гурван талт гэрээ байгуулах үүрэгтэй болохыг тогтоосон байх боловч төсөл хэрэгжүүлэгч “Ш” ХХК болон сууц өмчлөгч тохиролцон орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж болохыг, мөн төсөл хэрэгжүүлэгч “Ш” ХХК-ийн орон сууцыг худалдан авах, гэрээний үнийг харилцан тохиролцох эрхийг хязгаарлахгүй болохыг дурджээ.   

 

Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.5-д “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон ... орон сууцны сууц өмчлөгч нь хуучин орон сууцаа зах зээлийн үнээр хөрөнгө оруулагчтай тохиролцон худалдах, эсхүл нөхөн олговор авах эрхтэй.” гэж заасан.

 

Хариуцагч нь Баянзүрх дүүрэг, 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлаж байсан 7-р байрыг буулгаж, 13 тоот орон сууц устсан байх тул нэхэмжлэгч нь нөхөн олговор авах эрхтэй байна.

 

Хариуцагч нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “Түмэнкарерь” ХХК-тай № 18/002 Барилгын буулгах болон суурийн ухмалын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ байгуулж 7-р байрыг буулгуулсан болох нь Буулгах ажлын төлөвлөгөөний болон № 18/002 Барилгын буулгах болон суурийн ухмалын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь байрыг буулгахад нэхэмжлэгч 7-р байрны 13 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан гэж маргаж байх боловч Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 7-р байрны 13 тоот орон сууцны өмчлөгч байсан болох нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 0117380 дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 7-р байрыг буулгах үед нэхэмжлэгч нь хариуцагчийн хувьд 13 тоот орон сууны өмчлөгч байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй байх тул нэхэмжлэгч нь нөхөн олговор авах эрхтэй.

 

Хариуцагч болон 7-р байрын сууц өмчлөгч нар шинээр баригдах байрны 1/нэг/ м.кв талбайг 1 600 000/нэг сая зургаан зуун мянга/ төгрөгөөр тооцож байсан болох нь 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 16/03/08 дугаар Орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний болон 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 16/03/15 дугаар Орон сууцны нөхцөл сайжруулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь орон сууцны 1/нэг/ м.кв-ыг 1 600 000/нэг сая зургаан зуун мянга/ төгрөгөөр тооцоход татгалзахгүй гэх тайлбар гаргаж байна.

 

Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас нөхөн төлбөрт 20 800 000/13х1600000=20800000/ /хорин сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 5 200 000/26000000-20800000=5200000/ /таван сая хоёр зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ш” ХХК-иас нийт 20 800 000/хорин сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Хд олгож, үлдсэн 5 200 000/таван сая хоёр зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ш” ХХК-иас нийт 20 800 000/хорин сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Хд олгож, үлдсэн 5 200 000/таван сая хоёр зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Хын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 261 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Хд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ХИШИГБАТ