| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2020/00242/И |
| Дугаар | 210/МА2020/01643 |
| Огноо | 2020-07-24 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2020/01643
| 2020 оны 07 сарын 24 өдөр | Дугаар 210/МА2020/01643 |
М.Гантулгын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/01556 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Гантулгын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 22 646 ам.доллар, 34 168 820 төгрөгийг төлбөр төлөгч Т.Тэнгисээс гаргуулан төлбөр авагч талд шилжүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 9/841 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 50 мянгат 28 дугаар байр 30 тоотод байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны гэрчилгээг гаргуулах, барьцааны үүрэг ногдуулсан бүртгэлийг дуусгавар болгох тухай албан тоотыг М.Гантулгаас гаргуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг, түүний өмгөөлөгч О.Баясгалан, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаартай шийдвэрээр хариуцагч Т.Тэнгисээс 13 000 ам.доллар, 34 168 820 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Есөн дэлбээ ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Т.Тэнгисээс 22 646 ам.доллар, 34 168 820 төгрөг гаргуулан гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн 97 дугаартай тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учраас 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр гэрээ байгуулсан. Тухайн үед Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай гэрээ байгуулахдаа манайх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулал зардлыг тооцохын тулд доллараар тооцох боломжгүй учраас шүүхийн шийдвэр гарсан өдрийн ханшаар тооцож, 22 646 ам.долларыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрийн долларын ханш 1 400 төгрөгөөр тооцож, 31 711 420 төгрөг гэж бодож 34 168 820 төгрөг, шүүхийн улсын тэмдэгтийн хураамж 480 543 төгрөг гээд нийт 66 360 783 төгрөг гаргуулах гэрээ хийсэн. Шүүхийн шийдвэрт 2013 онд хийсэн зардал урамшууллын гэрээний тухай ярьж байгаа. Түүнээс биш зардал урамшууллын гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдана гэсэн хуулийн заалт байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн шийдвэр заавал биелэгдэх талаар хуульчилсан ба 11.1-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан. Т.Тэнгисээс доллар болон төгрөг гаргуулах шийдвэр гарчихсан байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дур мэдэн мөнгө гаргуулж байгаа нь манай эрх ашгийг ноцтой хохироож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай 2013 онд байгуулсан гэрээний дагуу 1-2 жилийн дотор төлбөр төлөгдсөн бол манайх маргахгүй байх байсан. Магадгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад 6 жилийн дараа төлбөр төлөгдсөн байгаа. Төлбөрийг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Т.Тэнгисээс шийдвэр гүйцэтгэх албаны дансанд 62 410 783 төгрөг болон 4 000 000 төгрөг хийсэн байсан. Энэ мөнгө нь манайх руу 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орж ирсэн. Долларын ханшны зөрүү үүссэн учраас манайх төлбөрөө доллараар авах шаардлага удаа дараа тавьсан. Хэрэв долларын ханшны зөрүү үүсээгүй бол төгрөгөөр тооцоод авах боломжтой байсан. Гэтэл долларын ханшны зөрүү үүсч талуудын дунд маргаан үүссэн учраас манайх доллараар төлбөрийг авах шаардлагыг бичгээр болон амаар хэд хэдэн удаа тавьсан. Тухай бүрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас боломжгүй гэх хариуг өгч битүүмжлэх болон хураан авах ажиллагаа явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай гэрээ байгуулах үед долларын ханш 1400 төгрөг байсан. Төлбөр төлөгдсөн өдөр болох 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр долларын ханш 2671 төгрөг болсон. Үүнд 28 000 000 төгрөгийн асуудал яригдаж байгаа. Хэрэв төгрөгөөр төлбөл 28 000 000 төгрөгийг нэмж төлөх, төгрөгөөр төлөхгүй тохиолдолд доллараа авъя гэх шаардлагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тавьсан боловч хүлээж аваагүй, ийм учраас шүүхэд хандсан. Хариуцагч тал шүүхэд ажиллагаа явагдаж байгаа гэдгийг мэдсээр байж 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тогтоол гаргасан. Төлбөр төлөгчөөс төлөгдсөн төлбөр, төлбөр авагч руу шилжээгүй байхад ажиллагааг дуусгавар болгох тогтоол гаргасан нь шийдвэр гүйцэтгэх алба хууль бус ажиллагаа явуулж байгааг нотолж байна. Гомдол гаргасан учраас мөнгийг нь шилжүүлэхгүй гэсэн атлаа ажиллагааг дуусгавар болгосон нь хууль бус байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол шүүхээр эцэслэн хянан шийдвэрлэгдээгүй байхад ажиллагааг дуусгавар болгох тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах үндэслэл болсон шүүхийн шийдвэрийн дагуу 22 646 ам.доллар, 34 168 820 төгрөг гарга гэсний дагуу ажиллагаа явуулж өгнө үү гэх шаардлагыг гаргаж байна гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 584 дүгээр магадлалаар Тамирын Тэнгисээс 22 646 ам.доллар, 34 649 363 төгрөгийг гаргуулж Есөн дэлбээ ХЗХ-нд олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйл 107.5 дахь хэсэгт гадаад улсын валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно гэж заасны дагуу төлбөр төлөгч Т.Тэнгисээс 22 646 ам.доллар буюу 31 711 420.26 төгрөг, үүнд 34 649 363 төгрөгийг нэмээд нийт төлбөр төлөгчөөс 66 410 783 төгрөгийг төлүүлж, төлбөр авагчийн дансанд 2020 оны 01 сард шилжүүлж олгосон. Гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тооцоолж олгосон. Төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн тайлбарт: Төлбөр төлөгч Т.Тэнгис болон Есөн дэлбээ ХЗХ-той холбоотой зээлийн маргаан шүүхээр шийдвэрлэгдсэн. Шүүхийн шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Нэхэмжлэгчийн үндэслэл шаардлага ойлгомжгүй байна. Төлбөрийг бүрэн төлж шүүхийн шийдвэр биелэгдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зогсоно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж байгаа учраас дуусгавар болсон тогтоол үйлдэнэ. Бид 62 410 783 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сард төлсөн. 2014 он, 2015 онуудад тус тус 2 000 000 төгрөг, нийт 4 000 000 төгрөг төлсөн байсан. Нийт 66 410 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлсөн. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт төлбөр тооцоог Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр хийж гүйцэтгэнэ, 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан. Монгол Улсын төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж заасан. Тус хуулийн 4.4 дэх хэсэгт банк, банк бус санхүүгийн байгууллага орж байгаа. Магадгүй долларын ханш унасан байвал нэхэмжлэгч тал яах байсан юм. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш өсч, буурч, өөрчлөгддөг учраас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр л төлбөр тооцоог гүйцэтгэнэ шүү дээ. Иймд үндэслэлгүй шаардлага гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага болон тайлбарт: Бид шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг гүйцэтгэсэн. Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан байсан. Төлбөрийг төлж гүйцэтгэсэн учраас үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авъя гэж шаардсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага танай гэрчилгээг өгөхгүй гэж байна гэж хэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тогтоол болон албан бичгүүдийг хийж өгсөн. Эдгээр зүйлүүдийг аваад бүртгэлийн байгууллагад хандахад барьцааны зүйлийг дуусгавар болгосон албан тооттой ирж байж барьцааны бүртгэл дуусгавар болно гэж хэлсэн. Бид төлбөрөө төлсөн атлаа өмчлөх эрхийн гэрчилгээг авч чадахгүй байгаа юм. Есөн дэлбээ ХЗХ барьцааны гэрээг дуусгавар болгосон албан тоотыг гаргаж өгөхгүй байгаа. Үүнээс болж Тамирын Тэнгис гэх хүн өөрийн орон сууц үл хөдлөх хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь хөндөгдөөд байна. Иймд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, барьцааны зүйлийг дуусгавар болгосон албан тоотыг нэхэмжлэгч М.Гантулгаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: Төлбөр төлөгч 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төлбөрийг манай данс руу бүрэн тушаасан. Үүний дагуу 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст төлбөр төлөгч Т.Тэнгис төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээнэ үү гэсэн албан тоот хүргэгдсэн. Битүүмжлэлээс чөлөөлсөн, албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон тогтоол гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд төлбөрийн мөнгийг шилжүүлснээр дуусгавар болгоно гэсэн заалт байхгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн тайлбарт: Гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага манай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай шууд холбоотой. Манай шаардлага хангагдах эсэх нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж байж гуравдагч этгээдийн асуудал шийдэгдэнэ. Манайх шүүхийн шийдвэрийн дагуу 22 646 ам.долларыг бодитой хүлээж аваагүй байж барьцааны гэрээг дуусгавар болгох боломжгүй. Шийдвэр гүйцэтгэх газрын Улсын бүртгэлийн байгууллага руу явуулсан албан тоотыг харахад 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн огноотой байна. Т.Тэнгис төлбөрөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данс руу 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хийсэн гэх боловч тус өдөр манай дансанд төлбөр орж ирээгүй байсан. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр буюу дуусгавар болгох тогтоол гарснаас хойш 4 сарын дараа мөнгөө өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. Шилжүүлж авсан мөнгө нь шүүхийн шийдвэрт заасан 22 646 ам.доллар болон 34 000 000 төгрөгийг төлж хүрэхгүй байсан. Шилжүүлсэн гэх 66 410 783 төгрөгөөс шүүхийн шийдвэрийн дагуу өгөх ёстой 34 168 820 төгрөгийг хасаад, үлдсэн 36 000 000 төгрөгийг долларын ханш руу шилжүүлэхээр 11 980 долларын төлбөр төлөгдсөн гэсэн үг юм. Үлдсэн доллар төлөгдөөгүй байгаа учраас манайх барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдсан гэж үзэж байгаа тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах, үлдэгдэл төлбөрийг төлүүлэх хүсэлтэй нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа учраас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Төлбөр бүрэн төлөгдсөний дараа барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжтой. Биелэгдэх боломжтой учраас доллараар гарга гэсэн шүүхийн шийдвэр гарсан гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 22 646 ам доллар, 34 168 820 төгрөгийг төлбөр авагчид шилжүүлэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 9/841 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Гантулгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 50 мянгат 28 дугаар байр 30 тоотод байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон барьцааны үүрэг ногдуулсан бүртгэлийг дуусгавар болгох тухай албан бичгийг тус тус Т.Тэнгист гаргаж өгөхийг М.Гантулгад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөг, гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Гантулгаас 70,200 төгрөг гаргуулж, гуравдагч этгээд Т.Тэнгист олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаартай шийдвэрээр хариуцагч Т.Тэнгисээс 13 000 ам.доллар, 34 168 820 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Есөн дэлбээ ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас 22 646 ам.доллар, 34 168 820 төгрөг гаргуулан гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн, Улсын Дээд шүүх 97 дугаартай тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн. Шийдвэр гүйцэтгэх алба зөвхөн зардал, урамшууллын мөнгийг тухайн үедээ тооцож, авахын тулд долларыг монгол төгрөгт шилжүүлэн гэрээ хийснээс болж төлбөр авагч би өнөөдөр төлбөрөө аваагүй байж долларын ханшийн зөрүү 28 788 727 төгрөгөөр нэмж хохироод байна. Гэтэл Тэнгис болон М.Гантулга нарын хооронд төлөх ёстой 22 646 ам.долларыг 1400 төгрөгөөр тооцоод ийм хэмжээний төлбөр төлнө гэсэн тохиролцоо огт байхгүй. Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдриин Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно гэж заажээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сүхбаатар дүүргиин шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаар шийдвэр гарсан өдрийн ханш буюу 1 ам.долларыг 1 400 төгрөгөөр тооцож 22 646 ам долларыг 31 711 420 төгрөгөөр тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хуулийн дээрх зохицуулалтанд нийцсэн байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь төлбөр төлөгч Т.Тэнгис нь долларын зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн асуудлыг шүүх хянан шийдвэрлэж, Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас 22 646 ам.доллар, 34 168 820 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь зээлийн гэрээний зүйл нь анхнаасаа төгрөг биш доллар зээлсэн учир доллар л гаргуулах шүүхийн шийдвэр гарсан байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэрийг болон талуудын хүсэл зоригийг дур мэдэн гуйвуулж төлбөр төлөгчөөс төлөгдөх төлбөрийг төгрөгөөр төлүүлж, төлбөр авагчийн эрх ашгийг ноцтой хохироож, төлбөр төлөгчид илт ашигтай байдал бий болгож байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж гомдолтой байна. Хариуцагч байгууллагын хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гуйвуулж байгаа энэ үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэсэн ерөнхий хуулийг баримтлах ёстой зарчмыг зөрчиж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл 6 жил гаруй хугацаа өнгөрөхөд шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлүүлэхгүй байгаа нь нэгт: шүүхийн шийдвэр 22 646 ам.доллар төлүүлэхээр гарсан, хоёрт ханшийн зөрүүний өөрчлөлт гарч төлбөр төлөгдөх үеийн ханш болох 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 2671.25 байгаа нь 60 493 127 төгрөг болж байгаа, гуравт: манайх анх зээл өгснөөс хойш 9 жил 3 сар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгснөөс хойш 6 жил 4 сарын хугацаа өнгөрсөн байгаа нь бизнесийн үйл ажиллагааг доголдуулж, манай мөнгийг түгжиж, маш их хохирол учруулж байна. Төлбөр төлөгч төлбөрийг төлөхгүй санаатайгаар хугацаа авах зорилгоор шүүхэд удаа дараа хандах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийх зэргээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ингэтлээ удааширсан нь төлбөр төлөгчөөс шалтгаалсан учир шүүх үүнийг анхаар үзэхийг хүсч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд төлбөр төлөгч Т.Тэнгисээс нийт 66 360 783 төгрөгийг төлүүлж, энэхүү мөнгийг манайх руу шилжүүлээгүй мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй, төлбөр авагч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус явагдсан гэж үзэж долларын зөрүүг авах, шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах талаар шат дараалан гомдол гаргаж хүлээж аваагүй учраас шүүхэд нэхэмжлэл гарган шийдүүлж байх энэ хугацаанд буюу 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгчөөс төлөгдсөн мөнгийг төлбөр авагчид шилжүүлээгүй, төлбөр авагчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаах ямар нэг хүсэлтгүйгээр эрх ашгийг маань ноцтой зөрчиж, нэг талын санаачилгаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол үйлдсэн нь хариуцагч байгууллагын бас нэг хууль бус үйл ажиллагаа юм. Энэ талаар төлбөр авагчид мэдэгдээгүй байсан бөгөөд дуусгавар болгосон тогтоолтой 3 сарын дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр танилцуулж, гардаж авсан. Мөн төлбөр төлөгчөөс төлөгдсөн төлбөрийг хариуцагч байгууллага төлбөр авагч хүсэлт гаргаад байхад шилжүүлэхгүй байсан учир дээд шатанд нь гомдол гаргаж байж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол гаргаснаас хойш 4 сарын дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 62 410 783 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үлдсэн 4 000 000 төгрөгийг төлбөр авагчийн дансанд шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-т Төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө, мөнгийг гаргуулснаар төлбөрийг биелүүлсэнд тооцно гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн магадлалд заасан 22 646 ам.доллар гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дуусаагүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч М.Гантулга нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 22 646 ам.доллар, 34 168 820 төгрөгийг төлбөр төлөгч Т.Тэнгисээс гаргуулан төлбөр авагч талд шилжүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 9/841 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Тэнгис нь нэхэмжлэгч М.Гантулгад холбогдуулан Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 50 мянгат 28 дугаар байр 30 тоотод байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны гэрчилгээг гаргуулах, барьцааны үүрэг ногдуулсан бүртгэлийг дуусгавар болгох тухай албан тоотыг М.Гантулгаас гаргуулах тухай шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч тус тус маргажээ.
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч Т.Тэнгисээс 13 000 ам.доллар, 34 168 820 төгрөг гаргуулж, төлбөр авагч Есөн дэлбээ ХЗХ-д олгож, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 53-р тал/
Энэхүү шийдвэрт хариуцагч тал давж заалдах гомдол гаргаснаар Нийслэлийн шүүх 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, хариуцагч Т.Тэнгисээс 22 646 ам.доллар, 34 168 820 төгрөг гаргуулан, төлбөр авагчид олгохоор шийдвэрлэсэн 854 дүгээр магадлал хүчин төгөлдөр болсон байна./хх-ийн 57-61-р тал/
Төлбөр авагч Есөн дэлбээ ХЗХ нь 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр дээрх шийдвэр, магадлалаар төлбөр төлөгч Т.Тэнгисээс гаргуулахаар шийдвэрлэсэн 22 646 ам.доллар 34 168 820 төгрөг шаардах эрхийг нэхэмжлэгч М.Гантулгад шилжүүлэн, шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулжээ. /хх-ийн 34-р тал/
Дээрх гэрээний дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлсөн төлбөр төлөгч Т.Тэнгисийн 66 410 783 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгчид шилжүүлэн, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 9/841 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. /хх-ийн 38-р тал/
Хариуцагч нь төлбөр төлөгчийн төлөх 22 646 ам.долларыг шүүхийн шийдвэр гарах үеийн ам.долларын ханш буюу 1400.31 төгрөгөөр тооцож, нийт 66 410 783 төгрөгийг төлбөр авагчид шилжүүлэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дах хэсэгт Гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно гэж заасанд нийцжээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчөөгүй, гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тооцоолсон нь зөв бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцсэн байх тул нэхэмжлэгч талын гомдолд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/01556 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
А.МӨНХЗУЛ