Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/01641

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/01641

 

 

 

 

Т.Б-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01810 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Б-ын хариуцагч С.М-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 8 920 200 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: С.М нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 2 сарын хугацаатай, 5 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 0,2 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Зээлийг хугацаандаа төлөлгүй, утсаа авахгүй зугтааж хаягтаа байхгүй, эрэн сурвалжлуулж хаягийг тогтоосон. Иймд үндсэн зээл 5 000 000 төгрөг, 7 сарын хүү 1 750 000 төгрөг, 210 хоногийн алданги 2 100 000 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн 70 200 төгрөг, нийт 8 920 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Би ..........-тай Онцгой байдлын ерөнхий газрын эмэгтэй дүрэмт хувцас өгөхөөр тохиролцон 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, ажлаа хүлээлгэн өгөх гэтэл Зн нь Ж-д залилуулсны улмаас хохирсон байсан. Уг ажлыг гүйцэтгэх зорилгоор Буянбаатараас 5 000 000 төгрөг зээлсэн. Би дээрх этгээдүүдийн улмаас давхар хохироод байгаа тул эдгээр хүмүүсийн эрүүгийн хэргийг шийдтэл би Бн хохирлыг барагдуулахад хүндрэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан ..........С.М зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 850 000 /зургаан сая найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулан, Т.Б-т олгож, шаардлагаас үлдэх 2 070 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 159 660 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 124 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандахын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдэлж давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь С.Мөнхтуяагийн эзэмшлийн Хаан банкны 5114167749 дугаар данс руу шилжүүлэх үүргээ биелүүлсэн тул 5 000 000 төгрөг шаардах эрхтэй байна гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хэргийн материалд хариуцагч С.Мөнхтуяагийн эзэмшлийн Хаан банкны 5114167749 тоот дансанд 5 000 000 төгрөг орсон эсэхийг нотолсон нэхэмжлэгчийн гаргасан өгсөн нотлох баримт байхгүй байна. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 5 000 000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй хариуцагч С.Мөнхтуяа нь уг мөнгийг хүлээн авсан гэдгийг нэхэмжлэгч нотолж чадаагүй байна. Тиймээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01810 тоот шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч Т.Б нь үндсэн зээлд 5 000 000 төгрөг, хүү 1 750 000 төгрөг, алданги 2 100 000 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн 70 200 төгрөг, нийт 8 920 000 төгрөг хариуцагч С.Мас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байх ба шүүх хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг талуудын гэрээгээр тогтоосон нөхцөлөөр тодорхойлсон нь зөв байна.

 

Зохигчид 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчид 5 000 000 төгрөг, 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувийн алданги тооцож төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 3-р тал/

 

Талууд зээлийн гэрээний харилцаа үүсгэж, үүрэг зөрчигдсөн үед хүлээх хариуцлагын хэмжээг тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт нийцсэн, энэ талаар шүүх хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Хариуцагч нь гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 500 000 төгрөг, алданги 1 350 000 төгрөг, нийт 6 850 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй бөгөөд энэ талаарх шүүхийн тооцоолол үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. Хэргийн 4 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг банк хоорондын гүйлгээгээр хариуцагчийн дансанд шилжүүлсэн байх бөгөөд уг баримтыг хариуцагч үгүйсгэж чадаагүй. Мөн хариуцагч 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа нэхэмжлэгчээс 5 000 000 төгрөг зээлснээ хүлээн зөвшөөрсөн байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01810 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

А.МӨНХЗУЛ