Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1810

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 08 өдөр                   Дугаар 102/ШШ2020/01810                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Бын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Мд холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,920,200 /найман сая есөн зуун хорин мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах, нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.                                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.М 2019.08.14-нд зээлийн гэрээ хийж 2 сар буюу 60 хоногийн хугацаатай, 5,0 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй, 0,2 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Зээлийг хугацаандаа төлөлгүй, утсаа авахгүй зугтааж хаягтаа байхгүй, эрэн сурвалжлуулж хаягийг тогтоосон. Иймд үндсэн зээл 5,000,000 төгрөг, 7 сарын хүү 1,750,000 төгрөг, 210 хоногийн алданги 2,100,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн 70,2000 төгрөг, нийт 8,920,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: Би Зоригтбаатартай ОБЕГ-ын эмэгтэй дүрэмт хувцас өгөхөөр тохиролцон 2019.08.13-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хийж ажлаа хүлээлгэн өгөх гэтэл Зоригтбаатар Жаргалмаад залилуулсны улмаас хохирсон байсан. Уг ажлыг гүйцэтгэх зорилгоор Баас 5,0 сая төгрөг зээлсэн. Би дээрх этгээдүүдийн улмаас давхар хохироод байгаа тул эдгээр хүмүүсийн эрүүгийн хэргийг шийдтэл би Бын хохирлыг барагдуулахад хүндрэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.М хууль эрх зүйн мэдлэггүйгээс буруу тайлбар гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээнд 5,0 сая төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,2 хувийг хоног тутамд төлөх нөхцөлтэй байна. 5,0 сая төгрөгийг С.Мгийн Хаан банк дахь 5114167749 тоот дансанд шилжүүлснээр Зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж 1.5-д заасан байна. ИХШХШтХийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч татгалзал тайлбараа нотлох үүрэгтэй. Хэрэгт авагдсан дансны хуулгад 5,0 сая төгрөгийг 4884961117 тоот дансанд шилжүүлсэн. Дээрх данс нь С.Мгийн данс мөн эсэх тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа С.Мг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг төлсөн талаар баримтгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Мг Т.Бын төрсөн дүүтэй ирсэн талаар тайлбарладаг ба дүү нь одоог хүртэл С.Мгийн автомашиныг эзэмшиж байгаа. Хэрэгт С.Мг эрэн сурвалжуулсан болон холбоо барихаар залгасан зурвас бичсэн талаар баримтгүй. Зээлийн гэрээ мөнгө шилжигдсэнээр байгуулсанд тооцогддог. Уг үйл баримт нотлогдохгүй, нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Т.Б нь С.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,820,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2,100,200 төгрөгөөр шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул алдангийн хамт гаргуулна гэж, хариуцагч нь бусдад залилуулсан, гэж тайлбарлаж байна.

 

Зохигч 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлж гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн, гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь С.Мгийн эзэмшлийн Хаан банкны 5114167749 дугаар данс руу шилжүүлэх шилжүүлэх үүргээ биелүүлсэн, харин хариуцагч нь зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 5,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хүү тохиролцож болно гэж заасан ба гэрээний 1.4 дэх заалтаар 5 хувийн хүү тохиролцсон байх тул гэрээний 2 сарын хугацааны хүүний төлбөрт 500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна. Харин талууд 2019.10.14-ний өдрөөс хойш гэрээний хугацааг сунгасан нь хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байх тул 5 сарын хүү 1,250,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

Зээлийн гэрээний 1.9 дэх заалт нь Иргэний хуулийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүйгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” гэж тодорхойлсонд нийцжээ.

 

Хариуцагч нь гэрээний 2 сарын хугацаанд хүү төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байх тул сард төлөх хүү 250,000 төгрөгт 0,2 хувийн алданги тооцож, /500х30/ сарын 15,000 төгрөг, 2 сарын алданги 30,000 төгрөгийг тооцох үндэслэлтэй байна.

 

С.М нь 2019.10.14-ний өдөр 5,000,000 төгрөгийн зээлийг 500,000 төгрөгийн хамт буцаан төлөх үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020.02.14-ний өдрийг хүртэлх  120 хоногийн алдангийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 5,500,000 төгрөгөөс 0,2 хувиар бодоход хоногт 11,000 төгрөг болж байгааг хэтэрсэн 120 хоногоор тооцоход 1,320,000 төгрөг байх тул дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд /30,000+1,320,00/ нийт 1,350,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

С.Мг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нь баримтаар нотлохгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

Хэрэгт цагдаагийн байгууллагын албан бичигт эрэн сурвалжилж хаяг тогтоох ажиллагаа гүйцэтгэсэн гэж байгаа боловч шүүхийн шийдвэрийг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүйгээс тэмдэгтийн хураамжийг төлсөн эсэхийг дүгнэх боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 159,660 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 124,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Мгаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,850,000 /зургаан сая найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулан, Бт олгож, шаардлагаа үлдэх 2070,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 159,660 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 124,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ