Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00260

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч, даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01810 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1641 дүгээр магадлалтай,  

*******ын нэхэмжлэлтэй,

*******д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 8,920,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандахын гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. ******* нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,920,200 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01810 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан *******гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,850,000 төгрөг гаргуулан, *******т олгож, шаардлагаас үлдэх 2,070,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 124,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1641 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01810 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,000 төгрөгийг улсын орлогод үлдээсэн байна.  

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь *******гийн эзэмшлийн ХААН Банкны 5114167749 дугаар данс руу шилжүүлэх үүргээ биелүүлсэн тул 5,000,000 төгрөг шаардах эрхтэй байна гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хэргийн материалд хариуцагч *******гийн эзэмшлийн ХААН Банкны 5114167749 тоот дансанд 5,000,000 төгрөг орсон эсэхийг нотолсон нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт байхгүй байна. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 5,000,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, ******* нь уг мөнгийг хүлээн авсан гэдгийг нэхэмжлэгч нотолж чадаагүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хууль зүйн үндэслэлгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандахын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх *******гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,850,000 төгрөг гаргуулан *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,070,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. 

7. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...үндсэн зээлд 5,000,000 төгрөг, хүү 1,750,000 төгрөг, алданги 2,100,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн 70,200 төгрөг, нийт 8,920,200 төгрөг гаргуулах... гэж тодорхойлсон байна. 

8. Хариуцагч ******* ...бусдад залилуулсан... гэж мэтгэлцжээ. 

Зохигчийн хооронд зээлийг төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ. 

9. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.  

10. Зохигч 2019.08.14-ний өдрийн 5,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээлдэгч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол хоног тутам 0.2 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг бичгээр үйлдэж, түүнд хэн аль нь гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар зээлийн гэрээг байгуулсанд тооцно. 

Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.  

10.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ. 

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний гол шинж бол зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь хөрөнгийг хүлээн авч захиран зарцуулсан байхыг ойлгоно. 

10.2. Хэргийн 4 дүгээр талд авагдсан дансны хуулгаар зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг банк хоорондын гүйлгээгээр хариуцагчийн дансанд шилжүүлсэн байх бөгөөд уг баримтыг хариуцагч үгүйсгээгүй, ******* 2020.04.27-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа нэхэмжлэгчээс 5,000,000 төгрөг хүлээн авснаа зөвшөөрсөн зэрэг байдлаас дүгнэвэл ******* зээлийн гэрээний 1.5-д болон хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

11. ******* үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 500,000 төгрөг, алданги 1,350,000 төгрөг, нийт 6,850,000 төгрөгийг *******гаас шаардах эрхтэй бөгөөд энэ талаарх шүүхийн тооцоолол үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.  

Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан, шүүх хурлаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг дангаар бус нэг нэгнээ нөхсөн, талуудын тайлбартай уялдсан, холбогдсон байдлаар нь үнэлж хэргийн үйл баримтыг тогтоосон нь үндэслэл бүхий болжээ.  

12. Хариуцагч ******* 5,000,000 төгрөгийн зээл авснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах ...хариуцагч эрх зүйн мэдлэггүйгээс шалтгаалж шүүхэд буруу тайлбар гаргасан байна. ...нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 5,000,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй хариуцагч ******* нь уг мөнгийг хүлээн авсан гэдгийг нэхэмжлэгч нотолж чадаагүй... гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Энэ нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй гэж үзнэ. 

Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасны дагуу хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. 

13. Шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд болон зээлийн гэрээний 1.3, 1.4, 1.9-д тус тус зааснаар хариуцагчийн үүргийг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,850,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалт, тэдгээрт заасан ойлголт, шаардлага, агуулгад нийцсэн байна. 

14. Анхан шатны шүүх хариуцагч гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол болох *******г эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч холбогдох хуулийг баримтлалгүй орхигдуулсан, түүнчлэн уг хохирлыг хэрэгсэхгүй болгосон үнийн дүнд оруулаагүй байхад давж заалдах шатны шүүх эдгээр алдааг зөвтгөлгүй шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалд хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулна. 

15. Иймд дээр дурдсанаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандахын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1641 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01810 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан *******гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,850,000 төгрөг гаргуулан, *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,070,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандахын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.БАНЗРАГЧ  

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                    Г.АЛТАНЧИМЭГ

                                                            ШҮҮГЧИД                    П.ЗОЛЗАЯА 

                                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД