Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01002

 

 

 

У.Онэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2020/00939 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У.Охариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори .... сургуульд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч У.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Цагаан, Д.Оюунням, хариуцагчийн төлөөлөгч М.Туулсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Би ерөнхий боловсролын сургуульд 30 жил багшаар ажилласан. Үүнээс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ерөнхий боловсролын лаборатори ... дугаар сургуульд хөгжмийн боловсролын багшаар ажиллаж эхэлсэн. Захирлын 2019 оны ... дугаар сарын 31-ний өдрийн Б/108 дугаар тушаалаар хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас халагдаж, уг тушаалыг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цагт сургуулийн менежер З.Агардан авсан. Ажиллаж байх хугацаандаа хүүхдүүдийг хөгжүүлэх, бага дунд боловсролын ёс зүйн дүрмийг чандлан баримтлах зэргээр ажиллаж байсан. Гэтэл хүүхдүүдийн эцэг эхчүүдээс дамжин ирсэн явган яриатай холбоотой өргөдөл гомдлын дагуу намайг ажлаас халсанд гомдолтой байна. Эцэг эхчүүдийн зүгээс өгсөн өргөдөл гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би боловсролын салбарт 31 жил ажилласан, 3 жилийн дараа тэтгэвэрт гарах учраас ажилдаа эргэн орж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах саналтай байна. Мөн захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг тус тус үндэслэл болгосон нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.2, 4.2.2 дахь хэсэгт нь ажлаас халах үндэслэл болохгүй гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори ... дугаар сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/55 дугаар тушаалаар У.Оийг тус сургуулийн дуу хөгжмийн багшаар авч ажиллуулсан. 2019 оны 01 дүгээр сард 4 дүгээр ангийн нэр бүхий 18 хүүхдийн эцэг эхээс У.О багшийг бага насны хүүхдүүдэд дарамт шахалт үзүүлдэг, бага насны хүүхдүүдийг нүдэндээ нулимстай, зүрхэндээ айдастай сургаж байгаа талаар бичсэн гомдлын дагуу сургуулийн захирал хөгжмийн боловсролын багш У.Отэй биечлэн уулзаж амаар сануулга өгч зөвлөн тусалж, хугацаат үүрэг даалгавар өгч ажилласан. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/45 дугаар захирлын тушаалаар үндсэн цалинг 20 хувиар 3 сарын хугацаатай бууруулах сахилгын шийтгэл, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/95 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулж 2019 оны ... дугаар сарын 31-ний өдрийн Б/108 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгчтэй холбоотой суралцагчдын эцэг эх, асран хамгаалагч нараас удаа дараа гомдол санал гаргаж байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т заасан сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрөөгүй байхад давтан /3 удаа/ зөрчил гаргасан, суралцагчийг ялгаварлан гадуурхдаг, хэл амаар доромжилдог, айлгаж сэтгэл зүйн дарамт үүсгэж байсан нь тогтоогдсон. Тус сургуулийн дэргэдэх ёс зүйн зөвлөлийн хурлаар орж өөрийн алдааг хүлээн зөвшөөрсөн. Мөн Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт бус шалгалтын дагуу дуу хөгжмийн багш У.О нь багшийн хувийн журнал хөтлөөгүй, бага дунд боловсролын стандартын хэрэгжилтийн ахиц, үр дүнг тооцдоггүй зөрчил гаргасан нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн. Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын улсын байцаагч Э.Оюунтуяа тус сургуулийн дуу хөгжмийн багш нарын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулж 2019 оны ... дугаар сарын 10-ны өдрийн 02-16/304 тоот албан бичгээр дуу хөгжмийн багш У.Од арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдсэн. Нэхэмжлэгч У.О нь сахилгын шийтгэл ногдуулсан Б/45, Б/95 дугаар захирлын тушаалд гомдол санал гаргаж, маргаан үүсгэж байгаагүй бөгөөд хяналт шалгалтын талаар гомдол гаргаагүй нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

Шүүх:  Хөдөлмөрийн тухай хуулийн ...8 дугаар зүйлийн ...8.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори ... дугаар сургуулийн хөгжмийн боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч У.Онэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ төрлийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурджээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Цагааны давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/45 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.2, хөдөлмөрийн дотоод журмын 8.4.2, ёс зүйн зөвлөлийн санал дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн үндсэн цалинг 3 сар 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан. Энэ тушаалыг сургуулийн нябод хүргүүлээгүй бөгөөд санхүүгийн баримтад У.О2019 оны 05 дугаар сарын цалингаас үндсэн цалингийн 20 хувь буюу 157 540 төгрөг, лабораторийн нэмэгдэл 30 хувь буюу 236 310 төгрөг, 11 дүгээр сарын лабораторын нэмэгдэл 30 хувь буюу 236 310 төгрөг нийт 630 160 төгрөгөөс 154 540 төгрөг илүү суутгаж нэхэмжлэгчийг хохироосон болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/95 тоот тушаалаар нэхэмжлэгчид сануулах арга хэмжээ авч, 2019 оны ... дугаар сарын 11-ний өдрийн Б/108 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Эдгээр 4 тушаалын эхний хоёрыг нь нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. Тус сургуулийн 2019 оны ... дугаар сарын 31-ний өдрийн Б/108 тоот тушаалыг нэхэмжлэгчид 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гардуулсан бөгөөд энэхүү тушаалаар ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус сургуулийн захирлын 2019 оны ... дугаар сарын 11-ний өдрийн Б/108 тоот тушаалыг хүчингүй болгосон тушаал гаргасан гэж хариуцагч тайлбарлаад байхад 2019 оны ... дугаар сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчөөгүй гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Хариуцагч хариу тайлбартаа захирлын 2019 оны ... дугаар сарын 31-ний өдрийн Б/108 тоот тушаалыг хүлээн зөвшөөрч техникийн алдаа гэж үзэж, тушаалд засвар хийх тухай 2019 оны ... дугаар сарын 31-ний өдрийн Б/114 тоот тушаалыг гаргасан. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 03178 тоот захирамж, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар ерөнхий боловсролын лаборатори ... дугаар сургуулийн захирлын 2019 оны ... дугаар сарын 31-ний өдрийн Б/108 тоот тушаалаар хууль бусаар халсан тухай нэхэмжлэлийг хэлэлцсэн атлаа шүүх 2019 оны ... дугаар сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчөөгүй гэсэн нь илт хууль бус дүгнэлт болсон. 2019 оны ... дугаар сарын 31-ний өдрийн захирлын тушаал У.Оийг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа шийдвэр бөгөөд энэ тушаалыг нэхэмжлэгчид 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гардуулсан. Энэ нь ажил хүлээлгэн өгөх эцсийн хугацааг хойшлуулан тогтоосон шийдвэр гэж үзэх боломжгүй. 2019 оны ... дугаар сарын 11-ний өдрийн Б/108, 2019 оны ... дугаар сарын 31-ний өдрийн Б/108 тоот тушаалын алинд ч ажил хүлээлцэх сүүлчийн хугацааг тооцсон заалт байхгүй. 20 хоногийн дараа ажил хүлээлцэх сүүлчийн хугацааг тогтоосон практик ч байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалт нь хөдөлмөрийн гэрээг 2019 оны ... дугаар сарын 31-ний өдөр цуцласан гэж үзэх үндэслэл болохгүй. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах шийдвэр гаргах, ажилтныг ажлаас халагдсан гэж үзэх нь өөр өөр эрх зүйн үр дагавар бүхий хууль зүйн ойлголтууд юм. Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг тушаал гаргахдаа хэрэглээгүй, мөн ажилтны зөрчлийг нэрлэн заагаагүй зэрэг хууль хэрэглээний болон албан бичгийн найруулга зүйн алдаанууд гаргасан. Дээрх зөрчлүүд нь хөдөлмөрийн гэрээг хууль зүйн үндэслэлгүйгээр цуцалсан гэх үндэслэлд хамаарахгүй гэсэн нь Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2000 оны 259 дүгээр тогтоолын холбогдох заалтыг илт зөрчиж, хуулийг буруу тайлбарласан. Хөдөлмөрийн гэрээний 4.2.2 дахь хэсгийг зөв гэсэн дүгнэлт хийж байгааг хариуцагч талд үйлчилсэн гэж үзэж байна. У.О нь ажлаас халагдах тушаал гаргахаас өмнө 2 удаа сахилгын шийтгэл авсан бөгөөд энэ нь дээр дурдсан хэсгийн эхний хэсэгт заасан ноцтой зөрчилд тооцогдох боломжгүй гэж үзэж байна. 2019 оны ... дугаар сарын 11-ний өдрийн Б/108 тоот тушаалаар ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсгийг баримталж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, ажилтны зөрчлийг тушаалдаа нэрлэн заагаагүй зэрэг хууль хэрэглээний болон албан бичгийн найруулга зүйн алдаанууд гаргасан. Дээрх зөрчлүүд нь ажилтныг ажлаас буруу халсан, хөдөлмөрийн гэрээг хууль зүйн үндэслэлээр цуцласан гэх үндэслэлд хамаарахгүй гэсэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байна. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон ............. нар эерэг мэдүүлэг өгсөн бөгөөд бусад гэрчүүд нь У.О ноцтой зөрчил гаргасан болохыг шууд нотлогдоогүй, мэдүүлэгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй ам дамжсан хоосон яриа болох нь шүүх хуралдаанаар тогтоогдсон. Нэхэмжлэгч 2019 оны ... дугаар сарын 11, ... дугаар сарын 31-ний өдрийн Б/108 дугаартай нэг утга агуулгагай 2 тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд захирал М.Туулсайхан хол хорио тогтоосон үед н.Энэбиш, н.Энхцэцэг нараар хуурамч материал бүрдүүлсэн гэсэн У.Отайлбарыг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

 Нэхэмжлэгч У.О нь хариуцагч Ерөнхий боловсролын лаборатори ... дугаар сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

 Нэхэмжлэгч нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Ерөнхий боловсролын лаборатори ... дугаар сургуульд хөгжмийн багшаар ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2019 оны ... дугаар сарын 31-ний өдрийн Б/108 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.2, 4.2.2 дахь хэсэг, сургуулийн дотоод журмын 8.2.4, 8.4 дэх хэсгийг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2 удаа сахилгын шийтгэл ногдуулсан, 3 дахь удаагийн зөрчил нь Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн хяналт шалгалтаар тогтоогдсон учраас ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарладаг.

 

 

Талууд хөдөлмөрийн гэрээний 4.2.2-т ажилтан хөдөлмөрийн гэрээгээр болон байгууллагын дотоод журамд заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүйгээс сахилгын шийтгэлийг 3 ба түүнээс дээш удаа хүлээсэн тохиолдолд ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохиролцсон байна. /хх31/

 

 Хэргийн баримтаар ажил олгогч нь 2019 оны 05 дугаар 08-ны өдрийн Б/45 тоот, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/95 тоот тушаалаар нэхэмжлэгч У.Оийг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үндсэн чиг үүргээ биелүүлээгүй, сургалтын хэвийн үйл ажиллагааг тасалдуулж давтан ажлын хариуцлага алдсан, сурагчидтай зүй бус харьцсан алдааг удаа дараа гаргасан гэх үндэслэлээр сануулах, сарын үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан байх ба нэхэмжлэгч нь уг шийдвэрт гомдол гаргаагүй байна. /хх69, 131/

 

 

Нэхэмжлэгчийн гаргасан гэх 3 дахь зөрчлийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ.

 

 

Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн тухай 2019 оны ... дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл, 2019 оны ... дугаар сарын 10-ны өдрийн 02-16/304 тоот албан бичигт ... тус сургуулийн дуу хөгжмийн багш У.О нь багшийн журнал огт хөтлөөгүй, бага, дунд боловсролын стандартын хэрэгжилтийн ахиц, үр дүнг тооцдоггүй зөрчлүүд илэрсэн. Иймд У.Од холбогдох арга хэмжээг авч ажиллахыг мэдэгдье гэж тусгагдсан байна. /хх103-104/

 

 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9, 5.10, 5.11 дэх хэсэгт шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана, хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгнө, улсын байцаагч шалгалтын тэмдэглэл болон үр дүнгийн талаар дээд шатны улсын байцаагчид тухайн шалгалт дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор танилцуулна гэж тус тус заасан.

 

 

Гэтэл уг шалгалтын тэмдэглэлийг шалгуулагч этгээд буюу нэхэмжлэгч У.Од гардуулсан, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг шалгалтын явцад гарсан шийдвэрийн талаар гомдол гаргах эрхээр хангасан эсэх нь тодорхойгүй, энэ талаар талууд мэтгэлцээгүй байна. Мөн тухайн шалгалтын үр дүнгийн талаар дээд шатны улсын байцаагчид танилцуулсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Хяналт шалгалттай холбоотой баримт хэрэгт хангалттай авагдаагүй байхад давж заалдах шатны шүүхээс хэрэгт байгаа баримтын хүрээнд маргааны үйл баримтыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2020/00939 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

А.МӨНХЗУЛ