Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Сарангэрэл |
Хэргийн индекс | 119/2016/0011/З |
Дугаар | 00002 |
Огноо | 2016-12-26 |
Маргааны төрөл | Татвар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 00002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Д.Бүрнээ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “**” ХХК
Хариуцагч: Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч С.Базар, Г.Гүндэгмаа нарт холбогдох
“Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч нарын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ** дугаартай актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2016/0011/з/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, иргэдийн төлөөлөгч **, нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “**” ХХК-ийн захирал ** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Орхон аймаг дахь Татварын хэлтсийн Улсын байцаагч нар 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ** дугаартай актаараа манай ХХК-ийг 2012 онд “**” ХХК-иас 67.839.000 төгрөгийн бараа, материалыг худалдан авснаар 2012-10-21-ний өдөр 0012308654 дугаартай падааныг хий бичүүлэн авч, барааны үнийг НӨАТ-ын ногдуулалт төлөлтийн тайлангийн үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тайлагнасан гэж буруутгалаа.
Манай ХХК-ийн санхүүгийн 2012 оны баримтад 2013 онд шалгалт хийж акт тавьсан атлаа дахиад энэ актыг тавиад байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм.
Иймд Орхон аймгийн Татварын хэлтсийн Улсын байцаагч нарын 2015-06-24-ний өдрийн ** дугаартай актыг хууль зөрчиж гарсан үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орхон аймгийн Татварын улсын байцаагч С.Базар Г.Гүндэгмаа нар 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч “**” ХХК-д акт тавьсан. Тухайн актыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар бүх шат, шатны шүүхүүдэд хандсан. Энэ актыг ямар үндэслэлээр тавьсан гэхээр 2012 онд байгууллагын санхүүд хяналт шалгалт хийсэн. Цагдаагийн Ерөнхий газрын Зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 9д/2933 дугаартай албан тоот, Татварын Ерөнхий газрын албан тоотын хүрээнд “**” ХХК-д шалгалт хийсэн. “**” ХХК нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падааныг “**” ХХК-д бичиж олгосон нь нотлогдоогүй. ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2015.04.24-ны өдрийн 9д/2933 тоотоор Татварын ерөнхий газарт 45 аж ахуй нэгжийн НӨАТ-ын падааныг ашигласан талаар дурьдаж 175,0 саяаас доош үнийн дүн бүхий хий бичилт ашигласан ААН-үүдэд татварын хяналт шалгалт хийх албан тоот хүргүүлсэн. Энэ дагуу Татварын ерөнхий газраас 2015.05.12-ны 7/1277 тоотоор аймаг, дүүргийн Татварын газарт, хэлтэст шалгалт хийхийг мэдэгдсэн. Энэ хоёр тоотыг үндэслээд 2015 оны 06 дугаар сарын 24-ний ** дугаартай 11 577 036 төгрөгийг акт тавигдсан. Татварын Ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8-д тодорхой заасан байгаа. Татварын Ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийхийг хориглосон заалт байгаа. Өнөөдөр энэ хоёр тоотыг үндэслэсэн учраас энэ шалгалтыг хийх удирдамж, томилолт мөн гэж үзэх хууль үндэслэл байхгүй. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2-т “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийнэ” гэж заасан. Гэтэл өнөөдөр тийм удирдамж байхгүй. Акт нь өөрөө хууль зөрчсөн гэж үзэж байна. Актан дээр цахилгаан бараа авч борлуулсан байна гээд “**” ХХК-иас хууль зүйн үндэслэлгүй нэмэгдсэн өртгийн падаан бичигдсэн юм байна. “**” ХХК тайлангаа гаргаж өгсөн. Баримтууд нь хэрэгт авагдсан байгаа. “**” ХХК нь тухайн дүүрэгтээ тайлангаа гаргаж өгсөн байдаг. Тайландаа “**” ХХК-д 67 839 000 төгрөгийн бараа борлуулалт хийсэн.
Энэ борлуулалтанд цахилгаан бараа биш барилгын материалын бараа байсан. “**” ХХК өнөөдөр хий бичилттэй бараа өгсөн бол тайлангаа гаргаж өгөхгүй. Үнэн зөв байж тайландаа тусгаж өгнө. Нэмэгдсэн өртгийн албан татварын зарлагын падаан дээр бичигдсэн үнийн дүнгээрээ Эрдэнэт Үйлдвэр ХХК-тай хийсэн гэрээ байгаа. Гэрээний хавсралт, жагсаалтан дээр 68 295 000 төгрөг гээд байж байгаа. Энэ гэрээ оросоор хийгдсэн байсан. Үүнийг Монгол хэл дээр орчуулад өгсөн. Тиймээс “**” ХХК нь хий бичилттэй падаан бичүүлж аваагүй, авсан бараа материалаа 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний дагуу бараагаа нийлүүлсэн. Үүнийхээ дагуу тайлангаа гаргаж өгөөд явж байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч С.Базар, Г.Гүндэгмаа нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын Улсын байцаагч С.Базар, Г.Гүндэгмаа нар “**” ХХК-ийн 2012-2014 оны санхүүгийн баримтад татварын хяналт шалгалт хийж 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ** тоот актаар нийт 11.743.562.70 төгрөгийн төлбөр ногдуулсан. Иймд дээрх нөхөн татвар торгуулийг ямар хуулийн үндэслэлээр ногдуулсаныг тайлбарлая.
1.2012 онд “**” ХХК-иас Нэмэгдсэн өртгийн албан татварын 2012 оны 10 дугаар сарын 21-ний 0012308654 тоот падаанаар 67.839.000.00 төгрөгийн худалдан авалтыг хий бичүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд татвар ногдох орлогоос хасч тайлагнасан нь Монгол улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл “14.1 Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурьдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно: 14.1.1 үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн ..., 14.3 Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй ...” гэж заасныг зөрчсөн тул 6.783.900.00 төгрөгийн нөхөн татвар, 2.035.170.00 төгрөгийн торгууль, 2.757.966.00 төгрөгийн алданги, нийт 11.577.036.00 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.
Тус компани нь Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйл 18.1, 18.1.1, 18.1.14-д заасныг зөрчсөн байх тул мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтуудыг үндэслэн 2012 оны нэмэгдсэн өртгийн албан татвараар 68.978.788 төгрөгийн зөрчилд 6.897.878.8 төгрөгийн нөхөн татвар, 2.080.761.5 төгрөгийн торгууль, 2.764.751.4 төгрөгийн алданги, 171 төгрөгийн хүү ногдуулж ** тоот акт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж байгаа бөгөөд тус хэлтэст Цагдаагийн ерөнхий газрын “Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар”-аас ТЕГазарт 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 9д/2933 тоот албан бичгээр “Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа “**” ХХК-тай холбогдох аж ахуйн нэгжүүдийг шалган хуульд заасны дагуу захиргааны арга хэмжээ авч шийдвэрлэх“ тухай албан бичиг ирсэн байдаг. Энэ албан бичгийн хүрээнд ТЕГ-с харъяа хэлтэс, газруудад ажлын чиглэлийг хүргүүлсэний дагуу татварын хяналт шалгалтыг зохих хууль, журмын хүрээнд олгогдсон томилолтын дагуу татварын Улсын байцаагчид гүйцэтгэсэн. Мөн түүнчлэн татвар төлөгчийн гаргасан гомдлын дагуу маргаан хянан хэлэлцээд аймгийн маргаан таслах зөвлөл, ТЕГ-ын маргаан таслах зөвлөлөөс ТУБ-ын актыг хэвээр үлдээн татвар төлөгчийн гомдлыг тус тус хүчингүй болгосон тогтоолууд гарсан байгааг дурьдах нь зүйтэй байна. Иймд “**” ХХК-ийн гаргасан гомдлыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Татварын улсын байцаагч Г.Гүндэгмаа, С.Базар нар нь “** ХХК”-д хяналт шалгалт хийсэн. Энэ шалгалтын ** тоот актаар 11 743 56270 төгрөгийн төлбөрийг хариуцуулсан. Үүнээс татвар төлөгч 166 526 70 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Үлдсэн хэсэг дээр маргаан гаргасан. Орхон аймгийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, маргаан таслах зөвлөл тухайн актыг хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Маргаан таслах зөвлөл Улсын байцаагчийн тавьж байгаа акт ямар хууль хэрэглэсэн талаар хянаж шалгах, татварын Улсын байцаагчийн тооцоолол төлбөрийн асуудал алдаатай эсэхийг хянаж үздэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилолтын талаар дурьдаж байна. Томилолт 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хяналт шалгалтын тасгийн дарга олгосон. 2010-2014 оноос үйлдэлтэй Улс орон даяар татварын нэмэгдсэн өртгийн албан татвар, падааныг татварын системд хий бичиж олгосон. Энэ байдал нь татварын бичилт хийх явцад илрээгүй.
Сүүлд татвар төлөхөөс зайлсхийж байгааг улсын мөрдөн байцаах газар, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж илрүүлж тогтоосны үндсэн дээр нийт татварын хэлтэс, албадууд буюу Татварын Ерөнхий газарт зөрчил гараад байна, зөрчлийг тодруул гэдэг байдлаас хандаж 2013-2014 оноос эхлээд татварын алба шалгаж эхэлсэн. Эрүүгийн зөрчилтэй холбоотой асуудлыг Цагдаагийн байгууллагаар шалгуулдаг. Эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээнд хүрээгүй бол Татварын байгууллагын Улсын байцаагч захиргааны арга хэмжээ авдаг. 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас Татварын ерөнхий газарт албан бичиг хүргүүлсэн байдаг. 175 000 000 төгрөгнөөс доош хий бичилттэй падаан ашигласан аж ахуй нэгжүүдэд татварын хяналт шалгалт хийж татварын Улсын байцаагчийн акт тавьж, захиргааны арга хэмжээ авч тус тус шийдвэрлэх шаардлагатай байна. Эрх бүхий байгууллага гэдгийг Цагдаагийн байгууллагыг хэлж байгаа. Цагдаагийн байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд асуудлаа шийддэг. Татвар төлөхөөс зайлсхийсэн асуудлыг Цагдаагийн байгууллага тогтоогоод өгсөн. Уулын баяжуулах Эрдэнэт-Үйлдвэр ХХК-тай хийсэн гэрээ, бараа материал байгаа. Үүнийг маргаан таслах зөвлөлөөс шалгаж үзсэн.
Аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулахын тулд бараа материалыг худалдан авч байж тодорхой хэмжээний зардал гарч байж ажил гүйцэтгэнэ. Татварын байгууллагын хувьд худалдан авалт нь худлаа юм чинь аж ахуй нэгж “**” ХХК-иас бараа материалыг аваагүй. Магадгүй Хятад улсаас авсан байх. Нягтлан бодох бүртгэлийн зарчмыг баримтлах юм бол та “**” ХХК–иас аваагүй л бол өөр газраас авсан. Ингэхээр татвар төлөхөөс зайлсхийсэн байна гэж үзээд аж ахуй нэгжийн орлогын албан татварыг давхар тавих ёстой. Бид бүхэн Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 13 дугаартай шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзсэн боловч эргээд энэ шатанд хүрээд ирсэн. Тиймээс татвар төлөгчийн гаргасан гомдол, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Иргэдийн төлөөлөгч ** дүгнэлтдээ: “**” ХХК нь НӨАТ-ын тайланд 67,839,000 төгрөгийг тусгасан байна. Нийт тавигдсан актын 11,743,562 70 төгрөгөөс 166,526 70 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. “**” ХХК нь тайландаа тусгасан байгаа нь хуурамчаар үйлдээгүй байх талтай. Аж ахуйн нэгжийн дотоод үйл ажиллагаа, санхүүгийн нягтлан бодох бүртгэл хөтлөлт зэрэг нь нотлох баримт болж өгөхөөргүй байна гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “**” ХХК нь “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч С.Базар, Г.Гүндэгмаа нарын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ** дугаартай актыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны явцад дээрх маргаан бүхий актаар тогтоосон 11 743 56270 төгрөгийн төлбөрөөс 166 52670 төгрөгийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг хэсэгт холбогдох хэсгээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсаныг баталж, үлдэх хэсэгт хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэрлэлээ.
1.Татварын Ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасан татварын Улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд, Цагдаагийн Ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 9д/2933 дугаартай албан бичиг[1], Татварын Ерөнхий газрын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 7/1277 дугаартай албан бичиг[2], Татварын Ерөнхий газрын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/102 дугаартай “татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, томилолт[3]”-ийн дагуу Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч нар “**” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн нь Татварын Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Үндэсний татварын алба нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна.” гэсэн заалттай нийцсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд “...татварын Улсын байцаагч нар удирдамжгүй шалгалт хийсэн..” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
2.“**” ХХК нь 67,839,000.00 төгрөгийн бараа, материалыг “**” ХХК-иас худалдан авсан гэх ба уг гүйлгээг зарлагдсан, болон бараа материал худалдан авсантай холбоотой санхүүгийн анхан шатны баримтыг[4] нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргуулж тус компаний 2012, 2013 оны санхүүгийн эх баримтыг шинжлэн судлахад дээрх маргаан бүхий гүйлгээтэй холбоотой зарлагын баримт байхгүй, уг зарлагыг хэрхэн хийснээ нэхэмжлэгч тал нотлоогүй, мөн Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 9д/2933 тоот /тус албан бичгийн 2 дугаар хавсралтын 111-т бичигдсэн ”**” ХХК-ийг “**” ХХК-аас 67,839,000.00 төгрөгийн хий бичилттэй падааныг авч ашигласаныг шалгаж тогтоосон/ албан бичиг[5], Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 24/0000228 тоот /2012 онд “**” ХХК нь “**” ХХК-д 67,839,000.00 төгрөгийн хий бичилттэй падаан олгосоныг хяналт шалгалтаар тогтоосон/ акт[6] зэрэг баримтуудаас дүгнэхэд “**” ХХК-ийг 2012 онд Нэмэгдсэн өртгийн албан татвараар хий бичилттэй худалдан авалтанд оруулж хассан 67,839,000.00 төгрөгийг зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч нараас “**” ХХК-д: “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын Улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.3 “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх” гэсэн хуулийн заалтыг тус тус зөрчсөн гэж үзээд 2012 онд НӨАТ-аар хий бичилттэй худалдан авалтанд оруулж хассан 67,839,000.00 төгрөгийн зөрчилд 6,783,900.00 төгрөгийн нөхөн татвар, 2,035,170.00 төгрөгийн торгууль, 2,757,966.00 төгрөгийн алданги, 171.00 төгрөгийн хүү ногдуулж, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ** тоот акт тавьсаныг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилго нь зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн байх бөгөөд ийнхүү чөлөөлөхдөө ямар төрлийн захиргааны шийтгэлийг өршөөн хэлтрүүлэхийг хууль тогтоогчоос нарийвчлан заагаагүй, хууль тогтоомж зөрчиж, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэхээр хуулийг баталсан байх тул зөрчил гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг үндэслэл болгов.
Иймд Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар маргаан бүхий ** тоот татварын Улсын байцаагч нарын актаар тогтоосон 11 743 56270 төгрөгийн төлбөрөөс 166 52670 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч төлөхийг зөвшөөрсөн тул хасч, 2,080,76150 төгрөгийн торгууль, 2,764,75140 төгрөгийн алданги, 171.00 төгрөгийн хүүг өршөөн хэлтрүүлж, актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг 6,560,52310 төгрөг болгон багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Харин Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс гэм буруутай этгээдийг чөлөөлөхгүй байхаар зохицуулсан тул татварын хууль тогтоомж зөрчсөн нэхэмжлэгч “**” ХХК нь нөхөн татвар 6,560,52310 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ний “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ** дугаартай актаар ногдуулсан нийт 11 743 56270 төгрөгийн төлбөрөөс 16652670 төгрөгийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталсугай.
2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ** тоот акт”-ын 2.080.761.5 төгрөгийн торгууль, 2.764.751.4 төгрөгийн алданги, 171 төгрөгийн хүүг өршөөн хэлтрүүлж, актаар оногдуулсан төлбөрийн хэмжээг 6.560.523 10 төгрөг болгон багасгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Орхон аймгийн төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧИД Б.МӨНХЖАРГАЛ
Д.БҮРНЭЭ
[1] ХХ-ийн 33 дугаарт
[2] ХХ-ийн 33 дугаарт
[3] ХХ-ийн 57, 27 дугаарт
[4] “**” ХХК-ний 2012, 2013 оны санхүүгийн тайлан /эх материал/
[5] ХХ-ийн 33, 34 дүгээр талд
[6] ХХ-ийн 144-148 дугаар талд