Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01607

 

МАГАДЛАЛ ТӨСӨЛ

2020.07.22 1607 Улаанбаатар

 

 

 

 

 

 

Т-У ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, А.Отгонцэцэг шүүгч, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01254 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т-У ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон ажиллагаа, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Т ХХК шүүхийн шийдвэр гарснаас хойш шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 90 000 000 төгрөг төлсөн, нийт төлбөрийн 40 орчим хувийг бүрдүүлж байна. Тус дүүргийн шүүхээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн байх хугацаанд ч 20 000 000 төгрөг төлж үүргээ ухамсарлан ажиллаж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 сарын 04-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг 2019 оны 09 сарын 17-ны өдөр үйлдсэн боловч цагийг нь тулган 2019 оны 10 сарын 02-ны өдөр гардуулан 2019 оны 10 сарын 04-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа явуулсан. Мөн энэхүү хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан талаараа тайлбар өгсөн боловч хоёр дахь албадан дуудлага худалдааг зарлахаар товлосон нь хууль бус гэж үзэж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хүсэлтээр гүйцэтгэсэн Хөрөнгийн үнэлгээний төвийн 2019 оны 09 сарын 05-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханшнаас хэт доогуур гаргасан үнэлгээ гэж үзэж байна. Учир нь 1997 онд ашиглалтанд орсон Дельтамон ХХК-иар 1996 онд үнэлүүлсэн улсын бүртгэлийн 22737 дугаарт бүртгэлтэй эд хөрөнгүүдийг Хас банкны зээлийн барьцаанд тавигдсан байхад 1997-2015 онд шинээр барьсан ба засвар шинэчлэлт хийгдсэн Хас банкны барьцаанд байхгүй, зээлэнд огт хамаагүй эд хөрөнгүүдийг үнэлсэн. Зөвхөн жишээ татахад DZL маркийн 0,7 мвт-ын хос уурын зуухны худалдаж авах зах зээлийн үнэ 200 000 000 төгрөг, дагалдах тоног төхөөрөмжийн үнэ 150 000 000 төгрөг, халаалтын төвийн 12х12х8м хэмжээтэй барилгын үнэ 144 000 000 төгрөг, Чингэлтэй дүүрэг 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэг айлын 0,7 га газрын үнэ 35-50 сая төгрөг, манай барьцаанд байгаа зөвхөн 3386 м.кв газар нь зах зээлийн үнэлгээгээр 200 000 000 төгрөг байхад дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг оролцуулаад ч хэт доогуур үнэлсэн нь бодит зах зээлийн үнэлгээтэй огт нийцэхгүй байна. Манай компаниас 2015 онд АТЕН ХХК-д хийлгэсэн хуучин үнэлгээ нь 2,6 тэрбум төгрөг байна. Мөн төлбөр төлөгч өөрийн хөрөнгөө худалдан борлуулах, дуудлага худалдааг төлбөр авагчийн хүсэлтээр хойшлуулах зэрэг заалтыг ашиглах боломж олгоогүйд гомдолтой байна.

Манай компани дээрхи асуудлаар тус дүүргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан боловч анхны товлосон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилох ёстойг сануулсан гэх боловч хоёрдах удаагийн шүүх хуралдаанд ерөнхий захирал Ө.Хишигмаагийн төрсөн дүү болох Ө.Оюунбилэг нь зуурдаар гэнэт нас барсан тул хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг нотлох баримтын хамтаар хурлаас өмнө хүргүүлсэн боловч хүлээн авалгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 сарын 30-ны өдрийн 182/Ш32020/01292 тоот захирамжаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/Ш32020/01292 тоот захирамжаар нэхэмжлэгч Түвшин-Ундраа ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасныг зөвтгөн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 сарын 25-ны өдрийн 182/ШШ2017/01202 дугаар захирамж Түвшин Ундраа ХХК-иас 236 759 368 төгрөг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлийг удаа дараа өгч, тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 72 дугаар дунд сургуулийн зүүн талд байрлах Зочид буудал, уурын зуух, халуун ус, гараж, агуулах зэрэг үйлчилгээний зориулалттай барилга, газрын хамт битүүмжлэн хураасан. Талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад үнийн санал өгөхөөс татгалзсан бөгөөд 2019 оны 08 сарын 16-ны өдрийн 174 дугаар тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээний Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь дээрх үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 073 905 төгрөгөөр үнэлснийг 2019 оны 08 сарын 20-ны өдрөөр шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтлөн талуудад үнэлгээний тайланг танилцуул мэдэгдсэн. Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу уг үнэлгээний 70 хувь буюу 751 733 500 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2019 оны 10 сарын 04-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу Түвшин-Ундраа ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хуульд заасан сайн дураараа биелүүлэх хугацаа огт олгоогүй шууд дуудлага худалдаанд оруулсанд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө, мөн хуулийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж тус тус заасан байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч энэхүү боломжийг эдлэх боломж олгоогүй болно. Шүүх Түвшин-Ундраа ХХК нь нэг хаяг дээр байрших 4-өөс доошгүй салангид обьектод нэг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд нэг үл хөдлөх эд хөрөнгийн хэлбэрээр бүртгүүлсэн байна. Үүнээс шалтгаалж эд хөрөнгө тус бүр дээр тус тусад нь үнэлгээ тогтоох боломжгүй гэж үзсэн байна. Гэтэл тухайн хөрөнгийг мэргэшсэн шинжээч үнэлэх бүрэн боломжтой бөгөөд жишээ татахад маркийн 0,7 мвт-ын хос уурын зуухны худалдаж авах зах зээлийн доод үнэ 200 000 000 төгрөг, дагалдах тоног төхөөрөмжийн үнэ 150 000 000 төгрөг, халаалтын төвийн 12х12х8м хэмжээтэй барилгын үнэ 144 000 000 төгрөг, Чингэлтэй дүүрэг 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэг айлын 0,7 га газрын үнэ байршлаасаа хамаарч 35-50 сая төгрөг байна. Зөвхөн манай 3386 мкв талбай газар нь 200 000 000 төгрөг болж байхад зах зээлийн үнэлгээг харгалзахгүй хийсэн үнэлгээ бодит байдалтайгаа огт нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, орон нутгийн зах зээлийн ханш нь 2,6 тэрбумын үнэлгээтэй хөрөнгийг 1 тэрбумаар үнэлсэн нь үнэхээр гомдолтой байна. Шийдвэр гүйцэтгэгч нар биднийг татвар төлөгч аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч гэж хардаггүй төлбөр төлөгч, залилан мэхлэгч, луйварчин гэж харж ханддагт гомдолтой байна. Бид ахиад ч өөр татвар, нийгмийн даатгал, банк санхүүгийн байгууллагад шүүхийн шийдвэр гарсан өр бий. Бид өөрсдийн бүх чадал боломжоороо төлж байгаа бөгөөд дээрхи үндэслэлийг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Т-У ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон ажиллагаа, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01202 дугаар шийдвэрээр Т-У ХХК-аас 236 759 638,18 төгрөгийг гаргуулан Хас банк ХХК-д олгох, ................. байрлах зочид буудал, уурын зуух, халуун ус, гарааш, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн, хариуцагч байгууллага гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2017 оны 17301028 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх 24, 28/

Дээрх шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар биелүүлэх үүрэгтэй боловч сайн дураараа биелүүлээгүй тул хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч Түвшин Ундраа ХХК-ийн өмчлөлийн шүүхийн шийдвэрт дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ. /хх 30-38/

Тэрээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар санал ирүүлэхийг 2019 оны 05 сарын 14-ний өдрийн 4/11687 тоот албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлж мэдэгдсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасантай нийцжээ. /хх 39/

Нэхэмжлэгч тал төлбөр төлөгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй, мөн албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар саналаа ирүүлээгүй тул хариуцагч байгууллага Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх 40/

Шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийхдээ хөрөнгийн шинж байдал, онцлогийн талаар тайландаа тусгаж, хөрөнгийн орчны судалгаа, зах зээлийн үнэ ханшийг судлан тооцож гаргасан тооцооллоо тайландаа тодорхой тусгасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.1, 9.2.3, 9.3.8 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Тодруулбал, шинжээч нь төлбөрт хураагдсан газар болон үйлчилгээний зориулалттай барилгыг 1 073 905,0 /нэг тэрбум далан гурван сая есөн зуун таван мянга/ төгрөгөөр үнэлж, дүгнэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч буюу Түвшин Ундраа ХХК-ийн төлөөлөгч Ө.Хишигмаа, хувьцаа эзэмшигч Ч.Мөнхжаргалд нарт 2019 оны 08 сарын 20-ны өдрийн мэдэгдэлээр танилцуулан ажиллагааг зохих ёсоор хийсэн гэж үзнэ. /хх 58-61, 64/

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 182/ШЗ2020/01292 дугаар захирамж хэрэгт хуулбар хэлбэрээр авагдсан боловч шүүхийн албан баримт тул үнэлэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь зөв. Шүүгчийн 182/ШЗ2020/01292 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн 2019 оны 11 сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар тогтоогдсон үнэлгээг зөвшөөрөхгүй, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах талаарх гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханш 2,6 тэр бумын үнэлгээтэй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу баримтаар нотлоогүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар 7 хоногийн дотор буюу Түвшин Ундраа ХХК-ийн төлөөлөгч Ө.Хишигмаа, хувьцаа эзэмшигч Ч.Мөнхжаргал нар нь гомдол гаргах хугацааг хэтрүүлж 2019 оны 11 сарын 01-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь буруу болсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв юм.

Шийдвэр гүйцэтгэгчээс үнэлгээг тогтоосон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26ы өдрийн 182/ШШ2020/01254 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

А.МӨНХЗУЛ