Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00912

 

  Түвшин Ундраа ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01254 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1607 дугаар магадлалтай,

 

Түвшин Ундраа ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, 2019.10.04-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Хишигмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Түвшин Ундраа ХХК шүүхийн шийдвэр гарснаас хойш шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 90,000,000 төгрөг төлсөн бөгөөд энэ нь нийт төлбөрийн 40 орчим хувийг бүрдүүлж байна. Тус дүүргийн шүүхээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн байх хугацаанд ч 20,000,000 төгрөг төлж үүргээ ухамсарлан ажиллаж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.10.04-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг 2019.09.17-ны өдөр үйлдсэн боловч цагийг нь тулган 2019.10.02-ны өдөр гардуулан 2019.10.04-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа явуулсан. Мөн энэхүү хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан талаараа тайлбар өгсөн боловч хоёр дахь албадан дуудлага худалдааг зарлахаар товлосон нь хууль бус гэж үзэж байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хүсэлтээр гүйцэтгэсэн Хөрөнгийн үнэлгээний төвийн 2019.09.05-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн ханшнаас хэт доогуур гаргасан үнэлгээ гэж үзэж байна. Учир нь 1997 онд ашиглалтанд орсон Дельтамон ХХК-иар 1996 онд үнэлүүлсэн улсын бүртгэлийн 22737 дугаарт бүртгэлтэй эд хөрөнгүүдийг Хас банкны зээлийн барьцаанд тавигдсан байхад 1997-2015 онд шинээр барьсан ба засвар шинэчлэлт хийгдсэн Хас банкны барьцаанд байхгүй, зээлэнд огт хамаагүй эд хөрөнгүүдийг үнэлсэн. Зөвхөн жишээ татахад DZL маркийн 0,7 мвт-ын хос уурын зуухны худалдаж авах зах зээлийн үнэ 200 сая төгрөг, дагалдах тоног төхөөрөмжийн үнэ 150 сая төгрөг, халаалтын төвийн 12х12х8м хэмжээтэй барилгын үнэ 144 сая төгрөг, Чингэлтэй дүүрэг 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэг айлын 0,7 га газрын үнэ 35-50 сая төгрөг, манай барьцаанд байгаа зөвхөн 3,386 мкв газар нь зах зээлийн үнэлгээгээр 200 сая болж байхад дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг оролцуулаад ч хэт доогуур үнэлсэн нь бодит зах зээлийн үнэлгээтэй огт нийцэхгүй байна. Манай компаниас 2015 онд АТЕН ХХК-д хийлгэсэн хуучин үнэлгээ нь 2,6 тэрбум төгрөг байна. Мөн төлбөр төлөгч өөрийн хөрөнгөө худалдан борлуулах /ШШГТХууль 62 дугаар зүйл/, дуудлага худалдааг төлбөр авагчийн хүсэлтээр хойшлуулах /ШШГТХууль 67 дугаар зүйл/ зэрэг заалтыг ашиглах боломж олгоогүйд гомдолтой байна.

Манай компани дээрх асуудлаар тус дүүргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан боловч анхны товлосон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилох ёстойг сануулсан гэх боловч хоёр дахь удаагийн шүүх хуралдаанд ерөнхий захирал Ө.Хишигмаагийн төрсөн дүү болох Ө.Оюунбилэг нь зуурдаар гэнэт нас нөгчсөн тул хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг нотлох баримтын хамтаар хурлаас өмнө хүргүүлсэн боловч хүлээн авалгүй 2020.01.30-ны өдрийн 182/Ш32020/01292 тоот захирамжаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.01.30-ны өдрийн 182/Ш32020/01292 тоот захирамжаар нэхэмжлэгч Түвшин Ундраа компанийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасныг зөвтгөн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ичинхорол шүүхэд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.05.25-ны өдрийн 182/ШШ2017/01202 дугаар захирамжаар Түвшин Ундраа ХХК-иас 236,759,368 төгрөг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлийг удаа дараа өгч, тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 72 дугаар дунд сургуулийн зүүн талд байрлах Зочид буудал, уурын зуух, халуун ус, гараж, агуулах зэрэг үйлчилгээний зориулалттай барилга, газрын хамт битүүмжлэн хураасан.

Талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авахад үнийн санал өгөхөөс татгалзсан бөгөөд 2019.08.16-ны өдрийн 174 дугаар тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээний Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь дээрх үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,073,905,000 төгрөгөөр үнэлснийг 2019.08.20-ны өдрөөр шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтлөн талуудад үнэлгээний тайланг танилцуулж мэдэгдсэн. Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу уг үнэлгээний 70 хувь буюу 751,733,500 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2019.10.04-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01254 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу Түвшин-Ундраа ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1607 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01254 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байх тул гомдол гаргаж байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.26-ны өдөр гарсан 182/ШШ2020/01254 тоот дугаар бүхий шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.22-ны өдрийн 1607 дугаар магадлал хэт нэг талыг барьсан, нэхэмжлэгч талыг хохироосон шийдвэрүүдийг гаргасан гэж үзэж байна.

ШШГТХуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасан байхад НШШГГазар нь хариуцагч талуудаас үнийн санал албан ёсоор аваагүй бөгөөд Хас банкнаас үнийн санал асуусан албан ёсны мэдэгдэл гүйцэтгэх баримт бичигт огт байхгүй бөгөөд 2019.10.04-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг 2019.09.17-ны өдөр үйлдсэн боловч цагийг нь тулган 2019.10.02-ны өдөр гардуулсан. Энэ тухай шийдвэрт тусгаж өгсөн байх бөгөөд хууль зүйн дагуу мэдэгдсэн мэтээр бичсэн байна. Түүнчлэн хуульд заасан сайн дураараа биелүүлэх хугацаа огт олгоогүй, шууд дуудлага худалдаанд оруулсанд гомдолтой байна.

ШШГТХуулийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө, ШШТТХуулийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж тус тус заасан байхад шийдвэр гүйцэтгэгч энэхүү боломжийг эдлэх боломж олгоогүй болно.

Шүүх нэхэмжлэгчийн нэг хаяг дээр байрших 4-өөс доошгүй салангид обьектод нэг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд нэг үл хөдлөх эд хөрөнгийн хэлбэрээр бүртгүүлсэн нь эд хөрөнгө тус бүр дээр тус тусад нь үнэлгээ тогтоох боломжгүй гэж үзсэн байна. Гэтэл тухайн хөрөнгийг мэргэшсэн шинжээч үнэлэх бүрэн боломжтой бөгөөд жишээ татахад 07Г маркийн 0.7 м.вт-ын хос уурын зуухны худалдаж авах зах зээлийн доод үнэ 200 сая төгрөг, дагалдах тоног төхөөрөмжийн үнэ 150 сая төгрөг, халаалтын төвийн 12х12х8м хэмжээтэй барилгын үнэ 144 сая төгрөг, манай 3,386 м.кв талбай газар нь 200 сая төгрөг байхад өөрөөр хэлбэл орон нутгийн зах зээлийн ханш нь 2,6 тэрбумын үнэлгээтэй хөрөнгийг нэгхэн тэрбумаар үнэлсэн нь үнэхээр гомдолтой байна.

Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээчин хөрөнгийг үнэлэхдээ тухайн уурын зуух болон газрын зах зээлийн үнэлгээг огт тооцоолоогүй зөвхөн байрны гадна талаас үнэлсэн нь маш их алдаатай байгаа бөгөөд аль ч шүүх хуралд Хөрөнгийн үнэлгээний төвийг оролцуулахгүй байгааг гайхаж байна.

Иймд Монгол улсын Улсын дээд шүүх дээрх алдааг засч залруулан, банкны өндөр хүүний өмнө сөхөрсөн татвар төлөгч аж ахуйн нэгжийн олон жилийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээр бий болсон хөрөнгийн үнэлгээний бодит байдал, шийдвэр гүйцэтгэлийн буруутай үйл ажиллагааг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Түвшин Ундраа ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, 2019.10.04-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгчийн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх нэг талыг барьж, нэхэмжлэгч талыг хохироосон шийдвэрүүд гаргасан, ...хариуцагч талаас үнийн санал албан ёсоор аваагүй, ...салангид эд хөрөнгийг тусад нь үнэлээгүй, ...зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, ...албадан дуудлага худалдааны мэдэгдлийг хугацаа тулгаж гардуулсан, ...шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлж, эд хөрөнгийг өөрсдөө худалдах боломж олголгүй шууд дуудлага худалдаанд оруулсан нь хууль зөрчсөн ... гэх үндэслэл зааж, ...шийдвэр гүйцэтгэлийн буруутай үйл ажиллагааг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1.-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ, 55.3.-т шийдвэр гүйцэтгэгч... шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө, 62 дугаар зүйлийн 62.1.-д ...төлбөр төлөгч 55.3.-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах санал гаргаж болно, 62.2.-т шийдвэр гүйцэтгэгч ...саналыг хүлээн авсан тохиолдолд бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг олгоно гэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д дуудлага худалдаагаар худалдах... үнийг ...үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн ...хувиар тогтооно... гэж тус тус зохицуулсан.

 

Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч нь төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй, мөн хөрөнгийн үнэлгээтэй танилцаад хөрөнгийг өөрсдөө худалдан борлуулахгүй, албадан дуудлага худалдаанд оруулах хүсэлтэй болохоо шийдвэр гүйцэтгэгчид илэрхийлсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2., 62 дугаар зүйлийн 62.2., 63 дугаар зүйлийн 63.1. дэх заалтыг зөрчөөгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Төлбөр төлөгч үнийн саналаа ирүүлээгүй нь хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ хийлгэх үндэслэл болох тул төлбөр авагчаас үнийн санал аваагүй гэх гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

Түүнчлэн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан зочид буудал, уурын зуух, халуун ус, гараж зэрэг хөрөнгүүд нь нэг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд бүртгэгдсэн байх бөгөөд шинжээч хөрөнгө тус бүрийг үнэлж, үнэлгээг нэгтгэж гаргасан нь хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан, үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагад нийцсэн бөгөөд нэхэмжлэгч нь тухайн хөрөнгийг зах зээлийн үнээс хэтэрхий доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Түвшин Ундраа ХХК-иас 236,759,368 төгрөг гаргуулж Хас банк ХХК-д олгуулах тухай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.25-ны өдрийн 01202 дугаартай шүүхийн шийдвэрт хариуцагч 2017.10.05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, 2019.08.16-нд хурааж, улмаар хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ

 

Иймд хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01254 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1607 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Түвшин Ундраа ХХК-иас 2020.08.17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Х.ЭРДЭНЭСУВД