Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2020/01254

 

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2020/01254

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэгт байрлах ТУ  ХХК /РД:20/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах НШШГ  газарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагчийн төлөөлөгч Э.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТУ  ХХК шүүхийн шийдвэр гарснаас хойш шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 90,000,000 төгрөг төлсөн бөгөөд энэ нь нийт төлбөрийн 40 орчим хувийг бүрдүүлж байна. Тус дүүргийн шүүхээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн байх хугацаанд ч 20,000,000 төгрөг төлж үүргээ ухамсарлан ажиллаж байна. НШШГ  газрын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр үйлдсэн боловч цагийг нь тулган 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гардуулан 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа явуулсан. Мөн энэхүү хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан талаараа тайлбар өгсөн боловч хоёр дах албадан дуудлага худалдааг зарлахаар товлосон нь хууль бус гэж үзэж байна.

НШШГ  газрын хүсэлтээр гүйцэтгэсэн Хөрөнгийн үнэлгээний төвийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур гаргасан үнэлгээ гэж үзэж байна. Учир нь: 1997 онд ашиглалтанд орсон Дельтамон ХХК-иар 1996 онд үнэлүүлсэн улсын бүртгэлийн 22737 дугаарт бүртгэлтэй эд хөрөнгүүдийг ХБ ны зээлийн барьцаанд тавигдсан байхад 1997-2015 онд шинээр барьсан ба засвар шинэчлэлт хийгдсэн ХБ ны барьцаанд байхгүй, зээлэнд огт хамаагүй эд хөрөнгүүдийг үнэлсэн. Зөвхөн жишээ татахад DZL маркийн 0,7 мвт-ын хос уурын зуухны худалдаж авах зах зээлийн үнэ 200 сая төгрөг, дагалдах тоног төхөөрөмжийн үнэ 150 сая төгрөг, халаалтын төвийн 12х12х8м хэмжээтэй барилгын үнэ 144 сая төгрөг, Чингэлтэй дүүрэг 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэг айлын 0,7 га газрын үнэ 35-50 сая төгрөг, манай барьцаанд байгаа зөвхөн 3386мкв газар нь зах зээлийн үнэлгээгээр 200 сая болж байхад дээрхи үл хөдлөх хөрөнгүүдийг оролцуулаад ч хэт доогуур үнэлсэн нь бодит зах зээлийн үнэлгээтэй огт нийцэхгүй байна. Манай компаниас 2015 онд АТЕН ХХК-д хийлгэсэн хуучин үнэлгээ нь 2,6 тэрбум төгрөг байна. Мөн төлбөр төлөгч өөрийн хөрөнгөө худалдан борлуулах /ШШГТХууль 62 дугаар зүйл/, Дуудлага худалдааг төлбөр авагчийн хүсэлтээр хойшлуулах /ШШГТХууль 67 дугаар зүйл/ зэрэг заалтыг ашиглах боломж олгоогүйд гомдолтой байна.

Манай компани дээрхи асуудлаар тус дүүргийн шүүхэд нэхэмжпэлээ гаргасан боловч анхны товлосон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилох ёстойг сануулсан гэх боловч хоёрдах удаагийн шүүх хуралдаанд ерөнхий захирал Ө.Хишигмаагийн төрсөн дүү болох Ө.Оюунбилэг нь зуурдаар гэнэт нас нөгчсөн тул хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг нотлох баримтын хамтаар хурлаас өмнө хүргүүлсэн боловч хүлээн авалгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/Ш32020/01292 тоот захирамжаар нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн.

Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/Ш32020/01292 тоот захирамжаар нэхэмжлэгч ТУ  компанийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасныг зөвтгөн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар 25-ны өдрийн 182/ШШ2017/01202 дугаар захирамж ТУ  ХХК-иас 236,759,368 төгрөг гаргуулж ХБ инд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлийг удаа дараа өгч, тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 72 дугаар дунд сургуулийн зүүн талд байрлах Зочид буудал, уурын зуух, халуун ус, гараж, агуулах зэрэг үйлчилгээний зориулалттай барилга, газрын хамт битүүмжлэн хураасан.

Талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авахад үнийн санал өгөхөөс татгалзсан бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 174 дугаар тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон.

Хөрөнгийн үнэлгээний Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь дээрх үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,073,905.0 төгрөгөөр үнэлснийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөр шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтлөн талуудад үнэлгээний тайланг танилцуулж мэдэгдсэн. Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу уг үнэлгээний 70 хувь буюу 751,733,500 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй.

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ТУ  ХХК нь хариуцагч НШШГ  газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хураагдсан барьцаа хөрөнгө болох Ү-2202005320 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Г-2202015621 дугаартай газар эзэмших эрхийн үнэлгээ тогтоосон ажиллагаа болон анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эд хөрөнгийг хураан авч, үнэлгээ тогтоон, албадан дуудлага худалдаа явуулж байгаа талаар компанийн хувьцаа эзэмшигч надад мэдэгдээгүй, төлбөр авагчид төлөх ёстой төлбөрийн багагүй хэсгийг барагдуулсан атал харьцангуй өндөр үнийн дүнтэй хөрөнгийг бүхэлд нь албадан худалдахаар ажиллагаа хийж байгаа нь шударга бус гэх агуулга бүхий тайлбар гаргаж байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааны талаар ТУ  ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд болон шаардлага гаргах эрх бүхий бусад этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэж байсан. Үнэлгээ тогтоох шинжээч томилсон ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд хуульд заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэж хариу мэтгэлцэж байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон үйл баримтад суурилан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

1.  ХБ  ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ТУ  ХХК-нд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 251,341,879 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 182/ШШ2017/01202 дугаартай захирамжаар эцэслэн шийдвэрлэж хариуцагч ТУ  ХХК-аас 236,759,638 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагчийн улсын бүртгэлийн Ү-2202005320 дугаартай Чингэлтэй дүүргийн 15-р хороо, 72 дугаар дунд сургуулийн зүүн талд байрлах зочид буудал, уурын зуух, халуун ус, гараж, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г-2202015621 дугаартай газар эзэмших эрхийг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-ийн 26 дугаар тал/

Зохигчид шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад НШШГ  газраас битүүмжилж, хураан авсан эд хөрөнгө нь төлбөр төлөгч ТУ  ХХК-ийн өмчлөлийн Ү-2202005320 дугаартай Чингэлтэй дүүргийн 15-р хороо, 72 дугаар дунд сургуулийн зүүн талд байрлах зочид буудал, уурын зуух, халуун ус, гараж, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус компанийн эзэмших эрх бүхий Г-2202015621 дугаартай мөн хаягт байрлах газар болох үйл баримтын тухайд маргаагүй болно. Түүнчлэн зохигчид хуулийн этгээдийн улсын бүртгэлд төлбөр төлөгч ТУ  ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдээр Ө.Хишигмаа бүртгэгдсэн, дээр дурдрсан хөрөнгийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр битүүмжилсэн, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн эсэх асуудлаар тус тус маргаагүй.

2.  Нэхэмжлэгч ТУ  ХХК нь хариуцагч НШШГ  газарт холбогдуулан 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төлбөрт хураагдсан эд хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус болсон талаар маргаж байна. Ийнхүү маргах болсон үндэслэлээ төлбөр төлөгч компанийн хувьцааны 60 хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигчид шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар мэдэгдээгүй, харьцангуй бага төлбөрийн үүрэгт төлбөр төлөгчийн их үнийн дүнтэй хөрөнгийг худалдахаар оролдож байгаа нь шударга бус гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээний талаар мэдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар заажээ. Ахлах шийдвэр гүйцэтгэгч баталж, шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан Шинжээч томилох тухай 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 258 дугаар тогтоолын дагуу шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК томилогдсон байх бөгөөд үнэлгээчид 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг 1,073,905,000 төгрөгөөр үнэлэн үнэлгээний тайлан ирүүлжээ. /хх-ийн 40, 41 дүгээр тал/. Энэ үнэлгээний талаар төлбөр төлөгч ТУ  ХХК болон төлбөр авагч ХБ  ХХК-нд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр /хх-ийн 59, 60, 61 дүгээр тал/, ТУ  ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Мөнхжаргалд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр /хх-ийн 64 дүгээр тал/ тус тус мэдэгдсэн байна.

Төлбөр төлөгч ТУ  ХХК нь тус иргэний хэргийг үүсгэсэн нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 03 дугаар сарын 31-ны өдөр гаргасан байх бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянаад 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ. Хавтаст хэргийн 13 дугаар талд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 182/ШЗ202001292 дугаартай захирамж нотлох баримтын шаардлага хангахгүй байдлаар авагдсан байх хэдий ч зохигчид ТУ  ХХК-аас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус шүүхэд гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож байсан бодит байдлын талаар маргаагүй.

Дээрх байдлаар үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна.

Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шинжээч томилж үнэлгээ хийлгүүлсэн ажиллагаанд шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр тус асуудлаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй тул шийдвэр гүйцэтгэлийн үнэлгээ тогтоох ажиллагааны бусад асуудлаар хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй. Гэсэн хэдий ч нэхэмжлэгчийн тайлбарлаж буй бага үнийн дүнтэй шаардлагад харьцангуй өндөр үнийн дүнтэй үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулахаар ажиллагаа хийсэн гэх үндэслэлд хариуцагчийг буруутгах боломжгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Учир нь нэхэмжлэгч ТУ  ХХК нь нэг хаяг дээр байрших 4-өөс доошгүй салангид обьектод нэг үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ авч эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд нэг үл хөдлөх эд хөрөнгийн хэлбэрээр бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан үнэлгээний тайлан, эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжаар нотлогдож байна. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан эд хөрөнгө тус бүр дээр тус тусд нь үнэлгээ тогтоох ажиллагаа явуулах боломжгүй болжээ. Харин ТУ  ХХК-ийн эзэмших эрх бүхий газар нь дээр дурдсан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн байрлаж буй газар болох нь мөн дээр дурдсан баримтуудаар тогтоогдсон болно.

3.  Нэхэмжлэгч ТУ  ХХК нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэгт авагдсан баримтаас албадан дуудлага худалдааг явуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-44.5-д заасан журмын дагуу нэхэмжлэгч гомдол гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасны дагуу төлбөр төлөгч төлбөрт хураагдсан эд хөрөнгийг шинжээчийн дүгнэлтэд дурдсанаас багагүй үнээр өөрөө худалдан борлуулах саналыг гаргах эрхтэй. Гэвч төлбөр төлөгч ТУ  ХХК-нд шинжээчийн тогтоосон үнэлгээний талаар мэдэгдэхэд тус компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал Ө.Хишигмаа ийм санал гаргахгүй тухайгаа дурдаж байжээ. /хх-ийн 61 дүгээр тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээ тогтоосноос хойш 2 сарын дотор албадан худалдах ажиллагааг эхлүүлэхээр, 65 дугаар зүйлийн 65.1-д хэрэв төлбөрт хураагдсан эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгө байгаа бол албадан дуудлага худалдааны хэлбэрийг баримтлахаар тус тус заажээ. Дуудлага худалдааг эд хөрөнгийг битүүмжилсэн, хураан авсны дараа, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор явуулах бөгөөд дуудлага худалдааны зарыг дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлахаар дээрх хуулийн 68, 70 дугаар зүйлүүдэд тус тус зохицуулжээ.

Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлэхээр заасан байна. Маргаан бүхий тохиолдолд 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 10/37 тоот тогтоол үйлдэгдсэн байх бөгөөд тус тогтоолыг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төлбөр төлөгчид мэдэгджээ. /хх-ийн 68 дугаар тал/

Төлбөр төлөгч өөрөө худалдан борлуулах санал гаргаагүй, дуудлага худалдааг үнэлгээ тогтоосноос хойш 2 сарын дотор явуулах хуулийн зохицуулалттай байх тул албадан дуудлага худалдаа явуулах тухай тус тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62, 63 дугаар зүйлүүдэд заасан хугацааг зөрчөөгүй гэх үндэстэй.

Албадан дуудлага худалдааг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр товлон зарлаж, Өнөөдөр сонины 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаарт хэвлүүлж, олон нийтэд мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т заасантай нийцэж байна.

Иймд анхны дуудлага худалдааг явуулах журам зөрчсөн гэх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй, албадан дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Эдгээр үндэслэлээр НШШГ  газарт холбогдуулан гаргасан ТУ  ХХК-ийн үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу ТУ  ХХК-ийн НШШГ  газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА