Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/01086

 

 

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/01086

 

 

 

НДХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/00939 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч НДХХК-ийн хариуцагч УБДСТӨХК-д холбогдуулан гаргасан 713 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Буяндэлгэр, Ц.Мөнхчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Галбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: НДХХК иргэн Н.Бнарын хооронд 3060700037 дугаартай жолоочийн хариуцлагын албан журам, авто тээврийн хэрэгслийн хосолсон даатгалын гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний дагуу даатгуулагч 2004 онд үйлдвэрлэгдсэн ...УБЛ дугаартай тоёота приус 20 маркийн автомашиныг даатгуулсан. Даатгуулагч өөрийн тээврийн хэрэгслээр 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 11-12 цагийн орчим Барс захын арын зам дээр авто замын хөдөлгөөнд оролцож байх үед нь УБДСтөрийн өмчит хувьцаат компанийн хариуцдаг дулааны шугам гэнэт задарсны улмаас чулуу хайрга гэх мэт зүйлс үсэрч уг тээврийн хэрэгслийн салхины шил, хаалга, багана зэрэг хэсгүүдэд хохирол учруулсан. УБДСТӨХК-ийн үндсэн хөрөнгийн балансад бүртгэлтэй шугам задарч автомашинд хохирол учирсан тул хариуцагчийг бид зөв тодорхойлсон. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар даатгуулагчид гэм хорыг нөхөн төлснөөр шаардах эрх манай байгууллагад шилжсэн. Нөхөн төлбөр даатгалын компаниас олгосон эсэх нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйл хамаардаггүй. Хариуцагч гэрээний харилцаа үүсээгүй гэж тайлбарлаж байгаа боловч даатгуулагчтай гэрээ байгуулагдаж, хохирол төлөгдөн Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар шаардах эрх шилжсэн. Иймд хариуцагч УБДСТӨХК-наас 713 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн тайлбарт: НДХХК, Н.Бнар жолоочийн хариуцлагын албан журмын болон авто тээврийн хэрэгслийн хосолсон даатгалын гэрээ байгуулж ...УБЛ дугаартай приус 20 маркийн авто машиныг даатгасан. 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Барс захын арын зам дээр хөдөлгөөнд оролцож явахад нь УБДСТӨХК-ийн эзэмшилд бүртгэлтэй төрийн өмчийн 400 мм-ийн голчтой дулааны шугам задарсны улмаас шороо, чулуу үсэрч машиныг гэмтээсэн даатгалын тохиолдол бий болсон. НДХХК нь иргэнтэй байгуулсан даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдолд бий болж учирсан хохиролыг төлсөн. Гэхдээ УБДСТӨХК-аас уг хохирлыг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь шүүхээс урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн тул шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй байхад хариуцагчаар татсан. Талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Даатгалын гэрээний үндсэн дээр даатгагч байгууллага даатгуулагчид даатгалын нөхөн төлбөр олгосныг даатгалын байгууллагын хуульд заасан эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй. Иймд иргэний хэрэг үүсгэсэн нь хуульд нийцээгүй. Мөн нэхэмжлэгч байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх онолын болон хууль зүйн үндэслэл байхгүй. Бусдын эрхийг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн үр дагаврыг гэм буруутай этгээдээс гэм хорын эрх зүйн зохицуулалтын дагуу арилгуулахаар шаардах эрхтэй. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хариуцагч байгууллага нь төрийн өмчит тусгай чиг үүрэгтэй, инженерийн байгууламжаар дулааныг хангагч байгууллага. Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар хэрэглэгч, хангагч нарын хооронд үүссэн аливаа маргааныг Эрчим хүчний зохицуулах хорооны гаргасан журмаар шийдвэрлэнэ. Харин Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд ханддаг. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ

Шүүх:   Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар хариуцагч УБДСТӨХК-аас 713 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч НДХХК-нд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 670 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч УБДСТӨХК-аас 21 670 төгрөг гаргуулж нэхэмжлэгч НДХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Галбаатарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. НДХХК, иргэн Н.Бнар жолоочийн хариуцлагын албан журмын болон авто тээврийн хэрэгслийн хосолсон даатгалын гэрээ байгуулж ...УБЛ улсын дугаартай Приус 20 маркийн авто машиныг даатгуулсан. 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Барс захын арын зам дээр хөдөлгөөнд оролцож, явахад шугам задарсаны улмаас шороо, чулуу үсэрч автомашиныг гэмтээсэн даатгалын тохиолдол бий болжээ. НДХХК нь иргэнтэй байгуулсан даатгалын гэрээний дагуу ослын хохиролд 713 000 төгрөг төлсөн бөгөөд шүүх уг төлбөрийг хөндлөнгийн этгээд болох УБДС ТӨХК-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүх Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1-д Гэм хор учруулах гэдэг ойлголтыг нарийн тодорхой зааж өгсөнийг үл харгалзаж, хариуцагч байгууллагыг гэм хор учруулсан гэж үзэж хэргийг үндэслэлгүй шийдсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, хэтэрхий нэг талыг барьж хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх зорилгоосоо ухарсан, шийдвэр гаргасан гэж үзэж байна. Гэм хор учруулаагүй нөхцөл байдал илэрхий байхад хууль буруу хэрэглэж, гэм хорын хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 443 дугаар зүйл нь гэм хорын даатгалын зохицуулалт юм. Шүүх 443.7-д заасныг баримтлан хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч компани нь гэм хор учруулсан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэргийг хэт нэг талыг барьж шийдсэн. Хариуцагч Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм хор учруулаагүй тухай шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаан дээр удаа дараа тайлбарласан боловч шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэг болон үндэслэх хэсэгт энэ талаар дүгнэлт өгөөгүй. Дулааны шугам хэдийгээр тус компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байдаг хэдий ч компани 100 хувь төрийн аж ахуйн нэгж тул өмчлөгч нь төр юм. Тус байгууллагын буюу төрийн өмчийн 390 км урт дулааны шугам байгаагаас ашиглалтын хугацаа дууссан 70 гаруй км шугам одоо ашиглагдаж байна. Эдгээрийг засах, өргөтгөл шинэчлэл хийхэд төрөөс их хэмжээний төсөв мөнгө шаардлагатай байдаг талаарх нарийн мэдээлэл, баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Тус байгууллагад төрөөс хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэж өгсөөр байтал компанийн зүгээс засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгээгүй тохиолдолд /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болно. Харин төсвийн хөрөнгө оруулалтаас хамааралтай, улс орны санхүүгийн чадамж хүрэлцэхгүй байгаа учраас шугам хоолой шинэчлэгдээгүй байхад гэм хор учруулсан гэж үзэж, хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иргэний хуулийн 497.1 дэх заалт нь гэм буруутай этгээдээс хууль бус гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учирсан эдийн болон эдийн бус хохирол учирсан байхаас гадна санаатай буюу санамсар болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр хэлбэржсэн байхыг мөн шаарддаг. Иргэний хуулийн 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэлд суурилсан буюу гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй нөхцөлд бусад хэлбэрээр тодорхой эрх, үнэт зүйлсэд халдасны улмаас учирсан хохирлыг гэм хорын эрх зүйн зохицуулалтаар арилгадаг. Гэм хорын эрх зүй нь гагцхүү хуульд заасан нөхцөл биелсэн тохиолдолд үүснэ. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдаж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хууль бус болсон тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч НДХХК нь хариуцагч УБДСТӨХК-аас даатгуулагчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг төлсөн тул буруутай этгээдээс нөхөн төлбөрт 713 000 төгрөг гаргуулна гэжээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдсон. 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ...худалдааны төвийн зүүн талын УБДСТӨХК-ийн өмчлөлд бүртгэлтэй 400 мм-ийн голч бүхий дулааны шугам задарсны улмаас иргэн Н.Болд-Эрдэнийн эзэмшлийн ...УБЛ улсын дугаартай приус-20 маркийн автомашины урд, хойд талын салхины шил хагарч, жолооч талын хаалга, карлон, хойд спойлер, гэрэл, дээвэр /орой/ хэсэг хонхойж сэвтсэний улмаас нэхэмжлэгч нь Н.Бучирсан 713 000 төгрөгийн хохирлыг төлсөн байна. /хх9-16/

Хариуцагч нь нэхэмжлэгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид гэм хор учруулаагүй тул хариуцах этгээд биш, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа нь үндэслэлгүй.

Даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжих бөгөөд нэхэмжлэгчийн даатгуулагчид олгосон нөхөн төлбөр болох 713 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн шүүхийн шийдэл Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дах хэсэгтэй нийцсэн байна.

Шүүх тухайн маргааныг Санхүүгийн зохицуулах хорооноос урьдчилан шийдвэрлэх журам, хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар Даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-13.1.6, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Хэргийн 43-59 дүгээр талд авагдсан Улаанбаатар хотын дулаан хангамжийн схем, ЗГ магистраль дулааны төв шугамын насжилтын судалгаа, Монгол улсын 2020 оны төсвийн тухай хууль, их засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлт, компанийн 2020 оны техник, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшний төлөвлөгөө батлах тухай тогтоол, УБДС ТӨХК-ийн 2020 оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөө ... зэрэг баримтууд нь тухайн маргаанд хамааралгүй байна. Хариуцагч нь дулааны эрчим хүчийг түгээх, хангах, шугам тоноглолын засвар үйлчилгээ хийх, найдвартай ажиллагааг хангаж ажиллах, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй. Иймд даатгагч нь нөхөн төлбөрийг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалт нь гэрээний бус үүрэгтэй холбоотой зохицуулалт. Нэхэмжлэгч нь иргэн Н.Б байгуулсан даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж даатгуулагчид төлсөн нөхөн төлбөрөө даатгалын гэрээ, тухайн харилцааг зохицуулсан хуулийн үндсэн дээр шаардана, шүүх холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаар хариуцагчийн гомдол үндэслэлгүй болно.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/00939 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 670 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

А.МӨНХЗУЛ