Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00613

 

                                 “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/00939 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1086 дугаар магадлалтай,

        “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ТӨХК-д холбогдох

713,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Галбаатарын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Буяндэлгэр, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ТӨХК-д холбогдуулан 713,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/00939 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ТӨХК-аас 713,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,670 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ТӨХК-аас 21,670 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1086 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/00939 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,670 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Галбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, иргэн Н.Болор-Эрдэнэ нар №3060700037 дугаартай жолоочийн хариуцлагын албан журмын болон авто тээврийн хэрэгслийн хосолсон даатгалын гэрээ байгуулж, 98-69 УБЛ улсын дугаартай “Приус 20” маркийн авто машиныг даатгасан байна. Улмаар 2016.05.31-ний өдөр Барс захын арын зам дээр хөдөлгөөнд оролцож явахад нь шугам задарсны улмаас шороо, чулуу үсэрч автомашиныг гэмтээсэн даатгалын тохиолдол бий болжээ. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь иргэнтэй байгуулсан даатгалын гэрээний дагуу ослын хохиролд 713,000 төгрөг төлсөн бөгөөд уг төлбөрийг хөндлөнгийн этгээд болох “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ТӨХК-д холбогдуулан эд хөрөнгөд гэм хор учруулсны хохирол төлүүлэхээр нэхэмжилсэн, уг хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Гэм хор” учруулах гэдэг ойлголтыг нарийн тодорхой зааж өгснийг үл харгалзаж, хариуцагч байгууллагыг гэм хор учруулсан гэж үзэж, Иргэний хуульд заасан гэм хорын зохицуулалтыг баримтлан хэргийг үндэслэлгүй шийдсэн нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэтэрхий нэг талыг барьж хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх зорилгоосоо ухарсан шийдвэр гаргасан гэж үзэх дараах үндэслэл байна. Гэм хор учруулаагүй нөхцөл байдал илэрхий байхад хууль буруу хэрэглэж, гэм хорын хохирол төлүүлэхээр шийдвэрлэжээ.

4.2. Шийдвэрийн тогтоох хэсэгт: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ТӨХК-аас 713,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож шийдвэрлэжээ. Иргэний хуулийн 443 дугаар зүйл нь гэм хорын даатгалын зохицуулалт бөгөөд 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө” гэж заасныг баримтлан шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч компани нь гэм хор учруулсан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэргийг хэт нэг талыг барьж шийдсэн. Хариуцагчаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагчийг гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй тухай шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаан дээр удаа дараа тайлбарласан боловч шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт огт дурдаагүй, мөн үндэслэх хэсэгт энэ тухай дүгнэлт өгөөгүй байна.

4.3. Мөн дулааны шугам нь хэдийгээр тус компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байдаг хэдий ч тус компани 100 хувь төрийн аж ахуйн нэгж тул өмчлөгч нь төр юм. Тус байгууллагын буюу төрийн өмчийн 390 км урт дулааны шугам байгаагаас ашиглалтын хугацаа дууссан 70 гаруй км шугам одоо ашиглагддаг. Эдгээрийг засах, өргөтгөл шинэчлэл хийхэд төрөөс их хэмжээний төсөв мөнгө шаардлагатай байдаг тухай нарийн мэдээлэл баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Тус компани өөрийн хөрөнгөөр жилдээ 2 км гаруй шугамыг шинэчлэн сольдог тухай ТУЗ-ийн болон Эрчим хүчний сайдын тушаалаар батлагдсан “Компанийн бизнес төлөвлөгөө”-г баримтаар гаргаж өгч тайлбарласан, мөн улсын төсвийн хөрөнгөөр 6 жилийн хугацаанд 4,2 км-ийн урттай шугамыг 16 тэрбум төгрөгөөр сольж байна гэдгийг Төсвийн тухай хуулийн баримтаар гаргаж өгч тус тус тайлбарласан. Шугам хоолой шинэчлэх энэ мэт ажлууд нь хөрөнгө мөнгөний дутагдлаас болоод шугамын насжилтынхаа хурдыг гүйцэхгүй байгаа. Тус байгууллагад төрөөс хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэж өгсөөр байтал компанийн зүгээс засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгээгүй бол (эс үйлдэхүйгээр) гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болно. Харин төсвийн хөрөнгө оруулалтаас хамааралтай, улс орны санхүүгийн чадамж хүрэлцэхгүй байгаа учраас шугам хоолой шинэчлэгдээгүй байхад гэм хор учруулсан гэж үзэж, хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн явдалд гомдолтой.

4.4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэжээ. Энэхүү хуулийн заалт нь гэм буруутай этгээдээс хууль бус гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учирсан эдийн болон эдийн бус хохирол учирсан байхаас гадна санаатай буюу санамсар болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр хэлбэржсэн байхыг шаарддаг. Мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэлд суурилсан буюу гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй нөхцөлд бусад хэлбэрээр тодорхой эрх, үнэт зүйлсэд халдсаны улмаас учирсан хохирлыг гэм хорын эрх зүйн зохицуулалтаар арилгадаг. Гэм хорын эрх зүй нь гагцхүү хуульд заасан бүрэлдэхүүн биелсэн тохиолдолд үүснэ”, 8 дугаар зүйлийн 8.1.5-д “гэм хор учруулах” гэж заасан. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдаж, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн хууль бус шийдвэр болсон тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.30-ны өдрийн 939 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

5. Нэхэмжлэгч тал “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ТӨХК-д холбогдуулан 713,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

8. Нэхэмжлэгчээс “... “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, иргэн Н.Болор-Эрдэнэ нарын хооронд 3060700037 дугаартай жолоочийн хариуцлагын албан журам, авто тээврийн хэрэгслийн хосолсон даатгалын гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний дагуу даатгуулагч 2004 онд үйлдвэрлэгдсэн ... маркийн автомашиныг даатгуулсан. Даатгуулагч өөрийн тээврийн хэрэгслээр 2016.05.31-ний өдөр 11-12 цагийн орчим Барс захын арын зам дээр авто замын хөдөлгөөнд оролцож байх үед нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ТӨХК-ийн хариуцдаг дулааны шугам гэнэт задарсны улмаас чулуу хайрга гэх мэт зүйлс үсэрч уг тээврийн хэрэгслийн салхины шил, хаалга, багана зэрэг хэсгүүдэд хохирол учруулсан. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ТӨХК-ийн үндсэн хөрөнгийн балансад бүртгэлтэй шугам задарч автомашинд хохирол учирсан тул хариуцагчаар тодорхойлсон. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар бид даатгуулагчид гэм хорыг нөхөн төлснөөр шаардах эрх манай байгууллагад шилжсэн... Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэсэнд,

хариуцагч “...Хохирлыг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ТӨХК-аас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.2-т заасан шүүхээс урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн тул шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй байхад хариуцагчаар татсан. Талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй... Нэхэмжлэгч байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх онолын болон хууль зүйн үндэслэл байхгүй. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хариуцагч байгууллага нь төрийн өмчит тусгай чиг үүрэгтэй компани бөгөөд инженерийн байгууламжаар дулааныг хангагч байгууллага. Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар хэрэглэгч хангагч нарын хооронд үүссэн аливаа маргааныг эрчим хүчний зохицуулах хорооны гаргасан журмаар шийдвэрлэнэ. Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандана. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан зохицуулалт нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй тул “урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн” гэх, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ТӨХК-ийн үндсэн хөрөнгийн балансад бүртгэлтэй 400 мм-ийн голчтой дулааны шугам задарсны улмаас бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг даатгалын гэрээний дагуу нэхэмжлэгч буюу даатгагчаас даатгуулагчид төлсөн тул “хариуцагч биш” гэх, мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-ийн дагуу бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 5 жил байхаар хуульчилсан тул “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх хариуцагчийн тайлбар тус тус үндэслэлгүй, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ...”, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч байгууллага нь даатгуулагчид төлсөн 713,000 төгрөгийн нөхөн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй.

10. Тодруулбал, нэхэмжлэгч нь иргэн Н.Болд-Эрдэнэтэй байгуулсан даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж даатгуулагчид нөхөн төлбөрийг төлснөөр хуулийн дагуу түүнд шаардах эрх шилжсэн тул шүүх “гэм хорын даатгал”-ын талаарх тусгай зохицуулалт болох Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-г хэрэглэсэн нь үндэслэлтэй. Гэтэл “... Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм хорын зохицуулалтыг баримтлан хэргийг үндэслэлгүй шийдсэн нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэтэрхий нэг талыг барьж хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх зорилгоосоо ухарсан шийдвэр гаргасан… Хариуцагчаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагчийг гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй тухай шүүхэд удаа дараа тайлбарласан боловч шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт огт дурдаагүй, дүгнээгүй…” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1, 4.2-т заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол ойлгомжгүй буюу үндэслэлгүй.

11. Хариуцагчаас даатгуулагч Н.Болд-Эрдэнийн машинд хохирол учруулсан (задарсан) шугам сүлжээний хоолой нь тус байгууллагын өмчлөлд бүртгэлтэй гэдгийг үгүйсгээгүй, тухайн эд зүйлийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах нь хариуцагч байгууллагын үүрэг бөгөөд уг үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас даатгуулагчийн эд хөрөнгөд хохирол учирсан байх тул хариуцагчийг гэм буруугүй гэж үзэхгүй. Иймд,  “... шугам хоолой шинэчлэх ажлууд нь хөрөнгө мөнгөний дутагдлаас болоод хийгдээгүй, төрөөс хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэж өгсөөр байтал компанийн зүгээс засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгээгүй бол (эс үйлдэхүйгээр) гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болно... шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэснийг хэрэглээгүй, ... гэм хорын эрх зүй нь гагцхүү хуульд заасан бүрэлдэхүүн биелсэн тохиолдолд үүснэ...” гэх (Тодорхойлох хэсгийн 4.3-4.4) гомдлыг хангах боломжгүй. Төсвийн санхүүжилтгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг төр, түүний байгууллага хүлээхгүй гэх хууль зүйн үндэслэл байхгүй юм.  

12. Иймд, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/00939 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1086 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 21,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                                                                                                     

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                     ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ