Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2020/00939

 

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2020/00939

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч Б.Азбаяр, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Д ХХК.

Хариуцагч УБДС.

713.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Б, Ц.М, хариуцагчийн төлөөлөгч А.Г, иргэдийн төлөөлөгч Д.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Д ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б, Ц.М нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Д ХХК иргэн Н.Б нарын хооронд 3060700037 дугаартай жолоочийн хариуцлагын албан журам, авто тээврийн хэрэгслийн хосолсон даатгалын гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний дагуу даатгуулагч 2004 онд үйлдвэрлэгдсэн 0000 УБЛ дугаартай тоёота приус 20 маркийн автомашиныг даатгуулсан. Даатгуулагч өөрийн тээврийн хэрэгслээр 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 11-12 цагийн орчим Барс захын арын зам дээр авто замын хөдөлгөөнд оролцож байх үед нь УБДС төрийн өмчит хувьцаат компаний хариуцдаг дулааны шугам гэнэт задарсны улмаас чулуу хайрга гэх мэт зүйлс үсэрч уг тээврийн хэрэгслийн салхины шил, хаалга, багана зэрэг хэсгүүдэд хохирол учруулсан. УБДС-ийн үндсэн хөрөнгийн балансад бүртгэлтэй шугам задарч автомашинд хохирол учирсан тул хариуцагчийг бид зөв тодорхойлсон. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар даатгагч учирсан хохиролыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох бөгөөд, даатгагч даатгуулагчид учирсан хохиролыг нөхөн төлж шаардах эрх шилжинэ гэж зааснаар бид даатгуулагчид гэм хорыг нөхөн төлснөөр шаардах эрх манай байгууллагад шилжсэн. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд бусдын эд хөрөнгөнд учруулсан хохиролтой холбоотой шаардах эрхийн хугацаа 5 жил гэж заасан. Нөхөн төлбөр даатгалын компаниас олгосон эсэхтэй холбоотой харилцааны тухайд даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйл хамаардаггүй юм. Хариуцагч гэрээний харилцаа үүсээгүй гэж тайлбарлаж байгаа боловч даатгуулагчтай гэрээ байгуулагдаж, хохирол төлөгдөн Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар шаардах эрх шилжсэн. Иймд хариуцагч УБДС-наас 713.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч УБДС шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Д ХХК, Н.Б нарын хооронд жолоочийн хариуцлагын албан журмын болон авто тээврийн хэрэгслийн хосолсон даатгалын гэрээ байгуулж 0000 УБЛ дугаартай приус 20 маркийн авто машиныг даатгасан байна. 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Барс захын арын зам дээр хөдөлгөөнд оролцож явахад нь УБДС-ийн эзэмшилд бүртгэлтэй төрийн өмчийн 400 мм-ийн голчтой дулааны шугам задарсны улмаас шороо, чулуу үсэрч машиныг гэмтээсэн даатгалын тохиолдол бий болсон. Гэрээний дагуу Н.Д ХХК нь иргэнтэй байгуулсан даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдолд бий болсон учирсан хохиролыг төлсөн. Гэхдээ УБДС-аас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно. 82.2-т зохицуулах хорооны шийдвэрийг давж заалдсан нь хариуцлага хүлээлгэх шийдвэрийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй гэж заасан. Нэхэмжлэгч шүүхээс урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн тул шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй байхад хариуцагчаар татсан. Талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Даатгалын гэрээний үндсэн дээр даатгагч байгууллага даатгуулагчид даатгалын нөхөн төлбөр олгосныг даатгалын байгууллагын хуульд заасан эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигсдөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд иргэний хэрэг үүсгэсэн нь хуульд нийцээгүй. Мөн нэхэмжлэгч байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх онолын болон хууль зүйн үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл бусдын эрхийг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн үр дагаврыг гэм буруутай этгээдээс гэм хорын эрх зүйн зохицуулалтын дагуу арилгуулахаар шаардах эрхтэй. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хариуцагч байгууллага нь төрийн өмчит тусгай чиг үүрэгтэй компани бөгөөд инженерийн байгууламжаар дулааныг хангагч байгууллага. Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар хэрэглэгч хангагч нарын хооронд үүссэн аливаа маргааныг эрчим хүчний зохицуулах хорооны гаргасан журмаар шийдвэрлэнэ. Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандана. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад       

  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Д ХХК нь хариуцагч УБДС-нд холбогдох 713.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Н.Д ХХК, Н.Б нарын хооронд №00000000000 дугаартай жолоочийн хариуцлагын албан журам, авто тээврийн хэрэгслийн хосолсон даатгалын гэрээ байгуулагдаж даатгуулагч нь 0000 УБЛ дугаартай тоёота приус маркийн автомашин даатгуулсан, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Барс худалдааны захын арын замд авто замын хөдөлгөөнд оролцож явах үед УБДС-ийн эзэмшилд бүртгэлтэй 400 мм-ийн голчтой дулааны шугам задарснаас даатгуулагч Н.Б-ий автомашинд гэмтэл учруулсан, учирсан хохирол 713.000 төгрөгийг нэхэмжлэгч тал төлсөн байдалд зохигч маргаагүй, энэ үйл явдал баримтаар тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Даатгалын гэрээний 3.10-т даатгагч даатгуулагчид учирсан хохирлыг хууль болон гэрээнд заасан хугацаанд нөхөн барагдуулсны дараа буруутай этгээдээс даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлыг нэхэмжлэх эрхтэй байх тул нэхэмжлэгч Н.Д ХХК нь даатгуулагчид төлсөн 713.000 төгрөгийг хариуцагч УБДС-наас шаардах эрхтэй.

Хариуцагч шүүх хуралдаанд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн, талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй тул хариуцагчаар татсан болон гэм хор учруулсан гэх тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан байна.

Даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл авсан даатгагчийн даатгалын үйл ажиллагаа,тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэх, даатгалын багц дүрмийг батлах, хэрэгжүүлэх, түүний хэрэгжилтэд байнгын хяналтыг тавих эрхтэй байхаар зохицуулсан бөгөөд үүнтэй холбоотой маргааныг хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно гэж заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргааныг Зохицуулах хороо шийдвэрлэх эрхгүй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байх ба 75.2.4-т бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байхаар хуульчилсан, даатгалын гэрээний 3.10-т даатгалаар олгогдсон нөхөн төлбөрийг даатгагч буруутай этгээдээс шаардах эрхтэй тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй.

Мөн УБДС-ийн үндсэн хөрөнгийн балансад бүртгэлтэй 400 мм-ийн голчтой дулааны шугам задарсны улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учирч даатгалын гэрээгээр даатгагчаас даатгуулагчид учирсан хохиролыг төлсөн тул хариуцагч биш гэсэн тайлбар нь хуулийн үндэслэлгүй байна.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжихээр заасан ба Даатгалын тухай хууль, Иргэний хуульд зааснаар даатгалын нөхөн төлбөр шаардах эрх нэхэмжлэгчид шилжсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд хариуцагч УБДС-наас 713.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Д ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 21.670 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар хариуцагч УБДС-наас 713.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Д ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.670 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч УБДС-аас 21.670 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Д ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА

 

ШҮҮГЧ Б.АЗБАЯР

М.МӨНХТӨР