Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/00487

 

                                              Капитрон банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2016/01239 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 488 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Капитрон банк ХХК,

Хариуцагч : Б.Нямжин,

Нэхэмжлэлийн шаардлага :  98.752.486 төгрөг гаргуулах тухай,

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн, хариуцагчийн төлөөлөгч Г.Жанчив, нарийн бичгийн даргад Э.Боролдой  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: 2015.4.24-ний өдрийн №3009-15/25/01 тоот Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ-г тус тус байгуулж 80 сая төгрөгийн зээлийг жилийн 27,6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Б.Нямжингийн өмчлөлийн  Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 32 дугаар байрны 19 тоот 29 м,кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Тус банк нь зээлийн барьцааны эрхээ хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, баталгаажуулсан бөгөөд барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр болно. Зээлдэгч Б.Нямжинд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүний төлөлтийг тогтоосон хугацаандаа төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй байна. Иймд  Б.Нямжинтай байгуулсан 2015.4.24-ний өдрийн №3009-15/25/01 тоот Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцалж, зээл 80 сая төгрөг, зээлийн хүү 18.193.528 нэмэгдүүлсэн хүү 558.956, нийт 98.752.486 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоолсон тооцоон дээр гомдол байгаа болно. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2016/01239 дугаар шийдвэр гаргаж,  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дүгээр зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Б.Нямжин-с 98 752 486 төгрөг гаргуулан Капитрон банк ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан  улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 651.713 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  651.713 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 488 дугаартай магадлал гаргаж,  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2016/01239 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа: Нэхэмжлэгч Капитрон банк ХХК хариуцагч Б.Нямжинтай байгуулсан №3009-15/25/01 тоот Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж тус гэрээний үүрэгт хариуцагчаас 92.515.415 тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016.6.27-ны өдөр гаргасан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016.8.23-ны өдөр нэхэмжлэлийн үнийн дүнг 4.231.420 төгрөгөөр нэмэгдүүлж хариуцагчаас нийт 96.746.835 төгрөг болгон нэмэгдүүлсэн боловч 2016.9.14-ний өдрийн шүүх хуралд нэхэмжлэгч тал хүндэтгэн шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.2-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан юм. Нэхэмжлэгч шүүхэд дахин нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үнийн дүнгээ мөн 2.005.651 төгрөгөөр нэмэгдүүлж гаргасан нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна. Гэтэл анхан болон давж шатны маргаан бүхий хэргийг хянан шийдвэрлэхдээ энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэж байгаад хариуцагчийн зүгээс гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-д заасны дагуу нотлох баримтыг үнэлж үзсэнгүй мөн Иргэний хуулийн 79.6-д заасан журмыг баримтлалгүйгээр хэргийг шийдвэрлэж хариуцагчийн гүйцэтгэх ёстой үүрэг болох 92.515.415 төгрөг дээр нэмэж 6.237.071 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүх маргаан хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хуралд оролцуулалгүй шийдвэрлэсэн асуудалд мөн үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 6.237.071 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       ХЯНАВАЛ:

Капитрон банк ХХК нь Б.Нямжинд холбогдуулан нэхэмжлэл гаргаж “... 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээг цуцалж үндсэн зээл 80 сая төгрөг, хүү 18.193.528 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 558.956 төгрөг нийт 98.752.486 төгрөг...” шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа “...нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 92.515.415 төгрөг шаардаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр шаардлага нэмэгдүүлж 96.746.835 төгрөг болгосон бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд Капитрон банк ХХК ирээгүйгээс нэхэмжлэлийг шүүх буцаасан... гэтэл 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа үнийн дүнг 98.752.486 төгрөг болгосон... иймд анх шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр зээлийн гэрээг цуцалсан гэж үзэж 6.237.071 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Зохигчид  2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, Капитрон банк ХХК 80 сая төгрөгийг нэг жилийн 27.6 хувийн  хүүтэй, 36 сарын хугацаатай зээлүүлэх, Б.Нямжин уг мөнгийг зээлж авах талаар тохиролцсон нь тогтоогджээ. Нэхэмжлэгч 80 сая төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн боловч хариуцагч гэрээгээр тохирсон хугацаанд заасан хэмжээний мөнгийг зээлдүүлэгчид төлөөгүйгээс маргаан үүссэн байна. 

Хоёр шатны шүүх талуудын гаргаж өгсөн баримт болон тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйгээс гадна зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Хяналтын гомдол дурдсан нөхцөл байдлын талаар зохигчид анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй хэдий ч нэхэмжлэгч зээлдэгчдээс 2016 оны 7 сард  92.515.415 төгрөг шаардаж 2016 оны 9 сард нэхэмжлэлээ 6.237.071 төгрөгөөр нэмэгдүүлж 98.752.486 төгрөг болгосон үйл баримтыг Капитрон банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй  болно. Нэхэмжлэгч 2016 оны 7 сард гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байгаа хэдий ч энэ талаар талуудын хэн аль нь баримт гаргаж өгөөгүй учир зохигчдын татгалзаагүй үнийн дүнг үндэслэн нэхэмжлэлээс 2.005.651 төгрөг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 172 дугаар зүйлийн 172.4-г зөрчихгүй гэж дүгнэн,  энэ үндэслэлээр шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 488 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2016/01239 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн  нэг дэх заалтыг “...Иргэний хуулийн 451.1, 453.1, 225.1,227 дугаар зүйлд заасныг баримтлан Б.Нямжингээс 96.746.835 төгрөг гаргуулан Капитрон банк ХХК-д  олгож, нэхэмжлэлээс 2.005.651 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай..” гэж,  2 дахь заалтын “...651.713 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай...”  гэснийг “... 641.145 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай...”  гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 114.744 төгрөгийг шүүгчийн захирамжаар Б.Нямжинд буцаан олгосугай.  

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ