Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2016/01239

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 хороо, “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 хороо, Үйлдвэр 2ХД, 64 байр 11 тоотод оршин суух, /РД:УШ68093007/, Урианхан овогтой Буриадын Нямжинд холбогдох,

 

зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 98.752.486 /ерэн найман сая долоон зуун тавин хоёр мянга дөрвөн зуун наян зургаа/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Б.Нямжин нь Капитрон банктай 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн №3009-15/25/01 тоот “Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ” болон “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулж 80,000,000.00 /наян сая/ төгрөгийн зээлийг жилийн 27,6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Б.Нямжингийн өмчлөлийн 000195269 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2203003560 тоот дугаартай, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 32 дугаар байрны 19 тоот 29 м,кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Тус банк нь зээлийн барьцааны эрхээ хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, баталгаажуулсан бөгөөд барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр болно. Зээлдэгч Б.Нямжинд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүний төлөлтийг тогтоосон хугацаандаа төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг тогтоосон хугацаандаа төлөхгүй байна. Иймд тус банкны шаардлага болон зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлдэгч Б.Нямжинтай байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн №3009-15/25/01 тоот “Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ”-г Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцалж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 болон 451.1-т заасны дагуу зээл 80,000,000.00, зээлийн хүү 18,193,528.95, нэмэгдүүлсэн хүү 558,956.72, нийт 98,752,486 төгрөг гаргуулж өгнө үү. Урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа Капитрон банкны нэхэмжлэлтэй иргэн Б.Нямжинд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоолсон тооцоон дээр гомдол байгаа болно. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлохбаримтуудыгшинжлэнсудлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь Б.Нямжинд холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 98.752.486 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн үндэслэлээр гэрээг банкны санаачилгаар цуцалж, зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийг хүү, алдангийн хамт гаргуулна гэж, хариуцагч нь гэрээг цуцалдсанд маргаагүй харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоолсон тооцоон дээр маргасан байна.

 

Хариуцагч Б.Нямжин нь Капитрон банктай 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 80.000.000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, “Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ” болон “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203003560 дугаартай, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 32 дугаар байрны 19 тоот 2 өрөө, 29 м2 талбайтай орон сууцыг барьцаалж, талууд гэрээнд гарын үсэг зурж, нотариатчаар гэрчлүүлэн, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл байх ба талуудын байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь зээлийг хариуцагчид шилжүүлэх, зээлдэгч Б.Нямжин зээл, хүүг гэрээнд заасан хугацаан буцаан төлөх үүргийг хүлээсэн байна.

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч банк нь зээлдэгчид мөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч Б.Нямжин нь 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл зохих ёсоор гүйцэтгэжээ.

 

Харин 2016 оны 1, 2, 3, 4, 6, 7, 8, 9 дүгээр саруудад зээлийг хүүгийн хамт төлөх үүргээ хариуцагч нь биелүүлээгүйгээс нэхэмжлэгч банк нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар татгалзаж байна.

 

Иргэний хуулийн 204.1-д “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь Б.Нямжинд 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 16/07 тоот албан бичгээр мэдэгдсэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн заасан нэмэлт хугацаанд үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний дагуу шаардах эрхтэй.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дүгээр зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Нямжингээс зээлийн төлбөрт 98.752.486 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгон шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 651.713 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 651.713 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хэдийгээр хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаан давхацсанаас оролцох боломжгүй, хурлыг хойшлуулахаар ирүүлсэн хүсэлтэд хавсаргасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааны зард энэ өдөр “Багануур” ХК-д холбогдох хэргийг хэлэлцэх хуралдаан товлогдсон байгаа боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив оролцохыг нотолсон баримтгүй байх тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтийг үндсэлэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дүгээр зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан /РД:УШ68093007/ Урианхан овогтой Буриадын Нямжингээс зээлийн төлбөрт 98.752.486 /ерэн найман сая долоон зуун тавин хоёр мянга дөрвөн зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 651.713 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 651.713 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ