Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 488

 

“Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2016/01239 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Нямжинд холбогдох

 

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 98 752 486 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Б.Нямжин нь Капитрон банктай 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн №3009-15/25/01 тоот “Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ” болон “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулж 80 000 000 төгрөгийн зээлийг жилийн 27,6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Б.Нямжингийн өмчлөлийн 000195269 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2203003560 тоот дугаартай, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 32 дугаар байрны 19 тоот 29 м,кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Тус банк нь зээлийн барьцааны эрхээ хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, баталгаажуулсан бөгөөд барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр болно. Зээлдэгч Б.Нямжинд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүний төлөлтийг тогтоосон хугацаандаа төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг тогтоосон хугацаандаа төлөхгүй байна. Иймд тус банкны шаардлага болон зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлдэгч Б.Нямжинтай байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн №3009-15/25/01 тоот “Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ”-г Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцалж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 болон 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу зээл 80 000 000.00 төгрөг, зээлийн хүү 18 193 528.95, нэмэгдүүлсэн хүү 558 956.72, нийт 98 752 486 төгрөг гаргуулж өгнө үү. Урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоолсон тооцоон дээр гомдол байгаа болно. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дүгээр зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан /РД:УШ68093007/ Урианхан овогтой Буриадын Нямжингаас зээлийн төлбөрт 98 752 486 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн  60.1, 56  дугаар зүйлийн  56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 651 713 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 651 713 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2016/01239 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Капитрон банк хариуцагч Б.Нямжинтай байгуулсан №3009-15/25/01 тоот Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, тус гэрээний үүрэгт хариуцагчаас 92 515 415 тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн үнийн дүнг 4 231 420 төгрөгөөр нэмэгдүүлж хариуцагчаас нийт 96 746 835 төгрөг болгон нэмэгдүүлсэн боловч 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралд нэхэмжлэгч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх 183/Ш32016/03444 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан.

Нэхэмжлэгч шүүхэд дахин нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үнийн дүнгээ мөн 2 005 651 төгрөгөөр нэмэгдүүлж гаргасан нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий хэргийг хянан шийдвэрлэхдээ энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэж байгаад хариуцагчийн зүгээс гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.6-д заасан журмыг баримтлалгүйгээр хэргийг шийдвэрлэж хариуцагчийн гүйцэтгэх ёстой үүрэг болох 92 515 415 төгрөг дээр нэмж 6 237 071 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие уг хэргийг хянан хэлэлцэх өдрийн буюу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11:00 цагаас хуралдах шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй талаарх баримтаа хүргүүлсэн байхад хариуцагч талыг шүүх хуралд оролцох, тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэх нөхцөл боломжийг хааж хариуцагч талыг оролцуулалгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2016/01239 дугаар шийдвэрээр хариуцагчаас 98 752 486 гаргуулахаар шийдвэрийн үнийн дүнгээс 6 237 071 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2016/01239 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 6 237 071 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагч Б.Нямжинд холбогдуулан зээлийн гэрээг цуцлаж, зээлийн төлбөрт 98 752 486 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг буруу тооцсон гэж маргасан байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр хариуцагч нь 80 000 000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай нэхэмжлэгчээс зээлж, үүргийн гүйцэтгэлд Ү-2203003560 улсын бүртгэлийн дугаартай 000195269 гэрчилгээний дугаартай Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 32 дугаар байр, 19 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалжээ.

/хэргийн 4-12 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “зээлдэгч Б.Нямжин зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүний төлөлтийг тогтоосон хугацаандаа төлөхийг удаа дараа шаардсан боловч үүргээ удаа дараа зөрчиж, тогтоосон хугацаанд төлөхгүй байгаагаас Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу хугацаанаас нь өмнө гэрээг цуцалж, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 болон 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулах” гэж тайлбарласан байна.

 

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд хариуцагч Б.Нямжин нь зээлийн гэрээнд заасан үүргээ 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зохих ёсоор гүйцэтгэж байсан талаар талууд маргаагүй, харин энэ хугацаанаас хойш хариуцагч гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй гэх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үгүйсгэсэн тайлбар, баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг татгалзаж буй үндэслэлээ зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол буруу гэж тайлбарлан маргаж байгаа боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон болох нь “Капитрон банк” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 16/07 тоот албан бичгээр тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ. /хэргийн 12 дугаар тал/

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу цуцлаж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцож, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас шаардах эрхтэй талаар шүүх зөв дүгнэж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуултад нийцжээ.

 

Мөн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцласан гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг баримтаар нотлогдоогүй гэж анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчивын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулуулахыг хүссэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2016/01239 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчивын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 744 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                   М.НАРАНЦЭЦЭГ     

 

                                               С.ЭНХТӨР