Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01151

 

 

 

Х БХХК-ийн нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2020/00767 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х БХХК-ийн хариуцагч А.Н, Б.Онарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 309 486 311.76 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Шагдарсүрэн, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: А.Н, Б.Онар нэхэмжлэгч Х БХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/2585 тоот зээлийн гэрээ байгуулж, 200 000 000 төгрөгийг, жилийн 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нар бизнесийн борлуулалт буурсан шалтгаанаар зээл эргэн төлөх хуваарийг өөрчилж, зээлийн хүүг жилийн 22.8 хувь болгон, холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан. 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр БГҮ/2585 тоот барьцааны гэрээ байгуулж, ...дугаартай, 482 мкв талбайтай, хувийн сууц, үйлчилгээ, гараашийн зориулалттай, 3 давхар үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах Улсын бүртгэлийн Ү-2202005333 дугаартай, 202 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, бараа материал,... тоот арлын дугаартай, ... УНЗ улсын дугаартай, AUDI Q7 суудлын автомашиныг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар нь 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ЗГ/201542427995 тоот зээлийн гэрээ байгуулж, 26 000 000 төгрөгийг, жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэн авч, БГҮ/201542427995 тоот барьцааны гэрээ байгуулж нэмж Б.Оэзэмшлийн, ...дугаартай, 9000 м.кв газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар нь 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний үүрэгт 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 43 632 500 төгрөг, зээлийн хүүд 97 390 355.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 288 412.29 төгрөг, нийт 141 311 247.83 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ЗГ/201542427995 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 9 175 401.90 төгрөг, зээлийн хүүд 4 985 538.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9 632.68 төгрөг, нийт 14 170 572.94 төгрөг төлсөн. Зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээнд заасан үүргээ зөрчиж, зээл төлөгдөхгүй гэрээний хугацаа дууссан. Зээлдэгч нар нь 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний үүрэгт 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 156 367 500 төгрөг, зээлийн хүүд 110 621 719.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12 924 580.56 төгрөг, нийт 279 913 799.85 төгрөгийн үлдэгдэлтэй, ЗГ/201542427995 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 16 824 598.10 төгрөг, зээлийн хүүд 10 922 252.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 825 661.29 төгрөг, нийт 29 572 511.91 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч нараас 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний үүрэгт 279 913 799.85 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 29 572 511.91 төгрөг, нийт 309 486 311.76 төгрөг гаргуулах, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Нын тайлбарт: Миний бие 2014 онд Х Б-аас200 000 000 төгрөг 18 хувийн хүүтэй, нэмэлтээр 27 000 000 төгрөг тус тус зээлдэн авсан. Зээл авснаас хойш 150 000 000 орчим төгрөг банкинд төлсөн. Зээл авахдаа дараа нь хөнгөлөлттэй зээл болгохоор тохирч, сар бүр 7 560 000 төгрөг тогтмол хугацаанд төлж байсан. Банкинд хөнгөлөлттэй зээлд хамруулах хүсэлт тавьсан боловч төлөлт сайн байгаа гэж хөнгөлөлттэй зээлд хамруулаагүй. Дараа нь нэмэлт нөхцлөөр хүүг бууруулж өгнө гэж гарын үсэг зуруулчаад 0.1 хувиар хүүгээ нэмсэн байсан. Зээлээ төл гэж дарамталдаг байсан. Өрөө төлөх гэж олон хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлдэн өгч чадахаа байсан. Хаан банкинд гомдолтой байна гэжээ.

 

Хариуцагч Б.Отайлбарт: Миний бие А.Нтай хамтран зээл авсан нь үнэн боловч энэ асуудлын талаар сайн мэдэхгүй. Манай нөхөр А.Н намайг төлөөлж энэ асуудлыг шийдвэрлүүлнэ гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хариуцагч А.Н, Б.Онараас ЗГ2585 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 265 517 794 төгрөг, ЗГ201542427995 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 22 285 724 төгрөг, нийт 287 803 518 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х БХХК-нд олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 682 793 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох А.Н, Б.Онарын өмчлөлийн, улсын бүртгэлийн ...хаягт байрлалтай 482 мкв талбайтай, хувийн сууц, үйлчилгээ, гаражийн зориулалттай, 3 давхар үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Г-2202005333 дугаарт хариуцагч А.Нын өмчлөлийн зүйлээр бүртгэлтэй мөн хаягт байрлах 202 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний, өмчлөх эрх бүхий газар, ... тоот арлын дугаартай ... УНЗ улсын дугаартай AUDI Q7 маркийн суудлын автомашиныг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 775 600 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч нараас 1 596 968 төгрөг гаргуулж Х БХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шагдарсүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ/2585 тоот зээлийн гэрээнд зээлдэгч нарын хүсэлтийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЗГ/2585-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулсан бөгөөд зээлийн хүүг жилийн 22.8 хувь болгон өөрчилж, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл борлуулалт буурсан үед нь үндсэн төлбөр болон зээлийг хүүг бага хэмжээгээр төлөхөөр эргэн төлөх хуваарийг өөрчилсөн. Гэтэл анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл анхны зээлийн гэрээний хүүгийн хэмжээгээр буюу 21.6 хувиар зээлийг хүүг буруулан тооцож 4 363 963 төгрөгийг хасч тооцсон. 156 367 500*22.8% :365*887= 86 442 763 төгрөг болох байтал 21.6 хувиар тооцоолон 82 078 800 төгрөг болгож тооцсон нь үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч зээлийн бүртгэлийн картад дээрх аргачлалаар бодож нийт 12 924 580 төгрөг гаргуулахаар шаардсан байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж гэрээний хугацаа дуусгавар болсон 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд дутуу тооцсон нийт хүүгийн төлбөрөөс тооцож 2 892 539 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт гаргуулахаар шийдвэрлэж, 10 032 041 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлаж гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрт ... Зээлийн гэрээний зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг бодитой хийх хүртэлх хугацаанд хүүгийн төлбөрийг тооцон шаардах тусгайлсан хууль тогтоомжид заасан, гагцхүү банк санхүүгийн байгууллагад хуулиар олгогдсон давуу байдлыг ашиглан хангалттай барьцаа хөрөнгө бүхий зээлдэгчээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шаардлага гаргалгүй 2 жилийн хугацаанд үндсэн хүү ба нэмэгдүүлсэн хүү тооцон нэхэмжилсэн нь зүй ёсны бус байна. Иймд Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй гэж үзэн ЗГ201542427995 тоот зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн хүүгийн хэмжээг 50 хувиар бууруулж үндсэн хүүгийн төлбөрт 5 461 126 төгрөг хариуцагчаас гаргуулж, үндсэн зээлийн үлдэгдэл 16 824 598 төгрөгийг хангаж шийдвэрлэнэ" гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэтэрхий нэг талыг барьсан гэж үзэж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээл эргэн төлөгдөх хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх ёстой бөгөөд зээлдүүлэгчийн эрхийг хамгаалсан зохицуулалт юм. Гэтэл шүүх нэхэмжлэгч хууль болон гэрээнд заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, арга хэмжээ аваагүйгээс болж хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж зээлдүүлэгчийг буруутгаж зээлдэгч нарын хуулиар хүлээсэн үүргээс нь чөлөөлж нэмэгдүүлсэн хүү болон хүүгийн 50 хувь буюу нийт 7 286 787 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй, хууль тогтоомжид заасан давуу эрхээ ашиглан үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй гэж дүгнэн зээлдүүлэгчийн эрхийг үгүйсгэж, зээлдэгчийг үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр чөлөөлсөн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Талуудын байгуулсан гэрээнд заасан шаардах эрх нь зээлдүүлэгчид олгогдсон эрх боломж бөгөөд заавал биелүүлэх үүргийн шинж чанартай биш. Зээлдэгч Б.Оэзэмшлийн, Сонгинохайрхан дуүргийн 21 дүгээр хороонд байрлах Г7Д-00512534 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай, 9 000 мкв талбайтай газар эзэмших эрхээ сунгуулах үүргээ биелүүлэх биелүүлээгүйгээс болж зээлдүүлэгчийн тус хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Тухайн газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон талаарх эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, хэрэгт энэ талаарх баримт байхгүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хавсралтад Эрхийн гэрчилгээ барьцаалсан тухай тэмдэглэл хэсэгт барьцааг бүртгүүлсэн талаар тэмдэглэл үйлдэж, улсын бүртгэгч гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна. Иймд тус барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой, шийдвэрт энэ талаар тусгах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Оэзэмшлийн, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Г/Д-00512534 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай, 9 000 мкв талбайтай газраар үүргийг гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч Х БХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 309 486 311.76 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч А.Н, Б.Онар 110 621 719 төгрөгийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хөрөнгө оруулалтын зориулалтаар 200 000 000 төгрөг, жилийн 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдэн авах тухай ЗГ/2585 дугаартай зээлийн, үүргийн гүйцэтгэлд ...12 дугаар гудамж, 0316 тоот хаягт байрлах 482 м.кв талбай бүхий хувийн сууц, үйлчилгээ, гаражийн зориулалттай 3 давхар үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах Г-20202005333 дугаарт бүртгэлтэй 202 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, бараа материал, ...УНЗ улсын дугаартай, AUDI Q7 суудлын автомашин барьцаалсан БГҮ/2585 дугаартай барьцааны гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 26 000 000 төгрөг, жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэн авах тухай ЗГ/201542427995 дугаартай зээлийн, үүргийн гүйцэтгэлд дээр дурдсан хөрөнгө дээр нэмэлтээр ... төмс хүнсний ногооны зориулалттай 9 000 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалсан БГҮ/201542427995 дугаартай барьцааны гэрээ тус тус байгуулагджээ. Тэрээр 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЗГ/2585 дугаартай гэрээнд зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, хүүгийн хэмжээнд өөрчлөлт оруулсан байна. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэг хэсэгтэй нийцсэн гэх шүүхийн дүгнэлт зөв байна.

 

 

 

Зээлдэгч ЗГ/2585 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 339 794 235.6 төгрөг, ЗГ/201542427995 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 32 868 026.3 төгрөг төлөхөөс эхний гэрээний үүрэгт үндсэн зээлээс 43 632 500 төгрөг, зээлийн хүүд 97 390 355.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 288 412.29 төгрөг, нийт 141 311 247.83 төгрөг, хоёрдахь гэрээний үүрэгт үндсэн зээлээс 9 175 401.90 төгрөг, зээлийн хүүд 4 985 538.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9 632.68 төгрөг, нийт 14 170 572.94 төгрөг төлж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

 

Шүүх дээрх 2 гэрээгээр хариуцагчийн гүйцэтгэвэл зохих нийт үүргийг 287 803 518 төгрөг гэж тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй болно.

 

Хэргийн 15 дугаар тал дахь зээл эргэн төлөлтийн хуваариас үзэхэд нэхэмжлэгч нь 200 000 000 төгрөгийг тогтоосон хувь хэмжээгээр сар бүрийн 05-ны өдөр төлөлт хийж, 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр бүрэн төлж дуусгахаар тохиролцсон боловч 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр үндсэн зээлээс 377 500 төгрөгийн төлөлт хийж, үүргийн зөрчил үүсгэжээ.

 

Зээлдэгч нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 156 367 500 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд шүүх хуримтлагдсан хүү 24 178 955 төгрөг дээр 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 887 хоногийн /156 367 500*21.6 хувь:365*887/ 82 078 800 төгрөгийг нэмж 106 257 755 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 892 539 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

26 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болсон, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн байна. Шүүх Х БХХК-ийг хуульд заасан эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй, давуу байдлаа хууль бусаар ашигласан гэж үзэж үндсэн хүүгийн хэмжээг 50 хувиар бууруулж, нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Үүргийн зөрчил 2016 оны 11 дүгээр сараас үүссэн байхад банк 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрээний үүрэг шаардаж шүүхэд хандсан нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, гэрээний 5.1.5-5.1.7, 6.1.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүх зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн эргэн төлөлтийн талаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ/2585 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 265 517 794 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/201542427995 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 22 285 724 төгрөг хариуцагч нараас гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 , 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Харин барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 000 м.кв талбай бүхий 5 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн хугацаа 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болсон байх ба хугацаа сунгасан талаарх баримтгүй тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгчийн шүүх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг буруу тооцоолсон гэх гомдол үндэслэлгүй. Учир нь, талууд эхний гэрээгээр зээлийн хүүг 21.6 хувиар тогтоосныг 22.8 хувь болгож өөрчилсөн байх бөгөөд зээлийн нэмэлт өөрчлөлтийн агуулгаас /гэрээний 1.4/ зээлдэгчийн бизнесийн борлуулалт буурсан шалтгааны улмаас зээл эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан байхад зээлийн хүүг 22.8 хувь болгож нэмэгдүүлснийг зээлдэгчид хохиролтой тохиролцоо гэж үзнэ.

 

 

 

Зохигчид гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийн талаар тохиролцсон байх ба шүүх нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл тооцоолон 2 892 539 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нийцэж байна.

 

 

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2020/00767 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336 600 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

А.МӨНХЗУЛ