Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00356

 

 

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00356

 

 

Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2020/00767 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1151 дүгээр магадлалтай,

Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

А.Насанбат, Б.Отгонтуул нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 309,486,311.76 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шагдарсүрэн, хариуцагч А.Насанбат, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хаан банк ХХК нь хариуцагч А.Насанбат, Б.Отгонтуул нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 309,486,311.76 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2020/00767 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хариуцагч А.Насанбат, Б.Отгонтуул нараас ЗГ2585 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 265,517,794 төгрөг, ЗГ201542427995 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 22,285,724 төгрөгийг, нийт 287,803,518 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,682,793 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох А.Насанбат, Б.Отгонтуул нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2202014952 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 15-р хороо Жаргалантын 12 гудамжны 0316 тоот хаягт байрлалтай 482 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээ, гаражийн зориулалттай, 3 давхар үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Г-2202005333 дугаарт хариуцагч А.Насанбатын өмчлөлийн зүйлээр бүртгэлтэй мөн хаягт байрлах 202 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний, өмчлөх эрх бүхий газар, WAUZZZ4L88D062074 тоот арлын дугаартай 4588 УНЗ улсын дугаартай AUDI Q7 маркийн суудлын автомашиныг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,775,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч нараас 1,596,968 төгрөгийг гаргуулж Хаан банк ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1151 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2020/00767 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.09-ний өдрийн 182/ШШ2020/00767 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.27-ны өдрийн 1151 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шийдвэрийн үндэслэх хэсгийн З-т Хаан банк ХХК нь зээлийн хүүгийн тооцооллыг хамгийн сүүлийн төлбөр хийсэн 2017.06.28-ны өдрөөс 2019.12.12-ны өдрийг хүртэлх 887 хоногийн хугацаагаар тооцож /156,367,500 * 21,6% : 365 * 887 = 82,078,800/ төгрөг нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн. Улмаар өмнөх хугацаанд хуримтлагдсан хүүгийн төлбөр 24,178,955 төгрөгийг уг дүн дээр нэмснээр зээлдэгч 2019.12.12-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн хүүгийн төлбөрт нийт 106,257,755 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан 2014.04.25-ны өдрийн ЗГ/2585 тоот Зээлийн гэрээнд зээлдэгч нарын хүсэлтийн дагуу 2016.11.17-ны өдөр ЗГ/2585-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулсан бөгөөд зээлийн хүүг жилийн 22.8% болгож өөрчилж, 2017.11.05-ны өдөр хүртэл борлуулалт буурсан үед нь үндсэн төлбөр болон зээлийг хүүг бага хэмжээгээр төлөхөөр эргэн төлөх хуваарийг өөрчилсөн талуудын гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн. Гэтэл анхан шатны шүүх 2017.06.28-ны өдрөөс 2019.12.02-ныг хүртэл анхны зээлийн гэрээний хүүгийн хэмжээгээр буюу 21.6 хувиар зээлийг хүүг бууруулан 4,363,963 төгрөгийг хасаж тооцсон байна. Өөрөөр хэлбэл, /156,367,500*22.8% :365*887= 86,442,763/ төгрөг болох байтал 21.6 хувиар тооцоолон 82,078,800 төгрөг болгож тооцсон нь үндэслэлгүй. Мөн анхан шатны шүүх нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагаас 2,892,539 төгрөгт холбогдох хэсэг /106,257,755 *4,32%:365 *230/-ийг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ. Нэмэгдүүлсэн хүү тооцох 230 хоногийг гэрээний хугацаа дуусгавар болсон 2019.04.25-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2019.12.13-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцов гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх Банкны эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт нийцсэн гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч Хаан банк нь зээлийн гэрээний 1.2.2-т Нэмэгдүүлсэн хүү Зээлдэгч зээлийн гэрээний 2.1.6 болон Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-т заасан дэд хугацаанд төлбөрөө эргүүлэн төлөөгүй тохиолдолд нэмж төлөхөөр тохиролцсон энэхүү гэрээний 2.1.5.-д заасан хүүг Нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэж заасны дагуу болон Иргэний хуулийн 452.2.-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453.1-д заасны дагуу зээлдэгч эргэн төлөх хуваарийн дагуу сар бүр төлөх үндсэн төлбөрийн төлөгдөөгүй дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцож 13,212,992.85 төгрөгийг гаргасан бөгөөд зээлдэгчийн төлсөн 288,412 төгрөгийг хасаж, нийт 12,924,580 төгрөгийг нэхэмжилсэн.

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А-203 дугаар тушаалын 1 дэх хавсралт буюу Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 5.2-т Нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гүйцэтгээгүй үүргээс тооцно. 5.3-т Зээлийн хүүгийн төлбөрт нэмэгдүүлсэн хүү бодохгүй, Журмын 1 дүгээр хавсралтын 4-т Нэмэгдүүлсэн хүүг дараах томъёогоор бодно. I=Р*R*R*Т/365 Нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ= Эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй зээлийн дүн, зарласан хүүгийн хувь, жилийн, нэмэгдүүлсэн хүүгийн хувь, хугацаа хэтэрсэн хоног. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч зээлийн бүртгэлийн картад дээрх аргачлалаар бодож нийт 12,924,580 төгрөг гаргуулахаар шаардсан байхад анхан болон давж заалдах шатны гэрээний хугацаа дуусгавар болсон 2019.04.25-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2019.12.13-ны өдрийг хүртэлх хугацаанд дутуу тооцсон нийт хүүгийн төлбөрөөс тооцож 2,892,539 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэж, 10,032,041 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.-т Хаан банк ХХК нь 2017.12.02-ны өдөр дуусгавар болсон зээлийн гэрээний үүрэг 2016 оны дунд үеэс эхлэн тогтмол зөрчилтэй болж ирсэн нөхцөл байдлын мэдсээр атал өөрийн хууль ёсны шаардах эрхийг хэрэгжүүлээгүй 2 жил гаруйн хугацаа өнгөрчээ.

Зээлийн гэрээний зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг бодитой хийх хүртэлх хугацаанд хүүгийн төлбөрийг тооцон шаардах тусгайлсан хууль тогтоомжид заасан, гагцхүү банк санхүүгийн байгууллагад хуулиар олгогдсон давуу байдлыг ашиглан хангалттай барьцаа хөрөнгө бүхий зээлдэгчээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шаардлага гаргалгүй 2 жилийн хугацаанд үндсэн хүү ба нэмэгдүүлсэн хүү тооцон нэхэмжилсэн нь зүй ёсны бус байна. Иймд Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй гэж үзэн ЗГ201542427995 тоот зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн хүүгийн хэмжээг 50 хувиар бууруулж үндсэн хүүгийн төлбөрт 5,461,126 төгрөг хариуцагчаас гаргуулж, үндсэн зээлийн үлдэгдэл 16,824,598 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх зөв гэж үзсэн. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг үзэхэд зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээл эргэн төлөгдөх хүртэл хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх ёстой бөгөөд зээлдүүлэгчийн эрхийг хамгаалсан зохицуулалт юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, арга хэмжээ аваагүйгээс болж хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж зээлдүүлэгчийг буруутгаж, зээлдэгч нарыг хуулиар хүлээсэн үүргээс нь чөлөөлж, нэмэгдүүлсэн хүү болон хүүгийн 50 хувь буюу нийт 7,286,787 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй, хууль тогтоомжид заасан давуу эрхээ ашиглан үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй гэж дүгнэн зээлдүүлэгчийн эрхийг үгүйсгэж, зээлдэгчийг үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Талуудын байгуулсан гэрээнд заасан шаардах эрх нь зээлдүүлэгчид олгогдсон эрх боломж бөгөөд заавал биелүүлэх үүргийн шинж чанартай биш тул анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно. Зээлдүүлэгчийн хуулиар олгогдсон боломжийг үүргээ биелүүлээгүй мэтээр дүгнэж, эргэн төлөгдөх хуваарь зөрчигдсөн үеэс эхлэн зээлдүүлэгч шаардах ёстой гэж үзэн хүүгийн төлбөрийг хасаж шийдвэрлээд байвал гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэх зээлдэгч нар байхгүй болно. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.-д Б.Отгонтуулын газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгагдсан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, 35.3.6-д заасны дагуу эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг авсан, улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны шаардлагыг хангах боломжгүй байна гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх зөв гэж дүгнэжээ.

Хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Отгонтуул Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Г/Д-00512534 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай, 9000 м.кв талбайтай газар эзэмших эрхээ сунгуулах үүргээ биелүүлээгүйгээс болж зээлдүүлэгчийн тус хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Тухайн газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон эсхүл дуусгавар болгосон талаарх эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, хэрэгт энэ талаарх баримт байхгүй болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хавсралтад Эрхийн гэрчилгээ барьцаалсан тухай тэмдэглэл хэсэгт барьцааг бүртгүүлсэн талаар тэмдэглэл үйлдэж, улсын бүртгэгч гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна. Хариуцагч нар тус эзэмших эрхтэй газрыг төрд буцаан өгснөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь өөрсдөд ашигтай байтал үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй гэж маргаж байгаа нь газар эзэмших эрх дуусгавар болоогүй, цуцлагдаагүй, харин сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй болохыг харуулж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний төлбөр гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Отгонтуулын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Г/Д-00512534 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай, 9000 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: 2020.04.20-ны өдрийн 00767 тоот анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.20-ны өдрийн 1094 дугаар магадлалын ЗГ2585 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 265,517,794 төгрөгийг гаргуулах хэсгийг 97,060,817 төгрөгөөр эс зөвшөөрч хариуцагч бидний зүгээс ИХШХШтухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар дараах гомдлыг гаргаж байна. Хариуцагч А.Насанбат, Б.Отгонтуул нар нь нэхэмжлэгч Хаан банк ХХК-тай ЗГ2585 дугаартай зээлийн гэрээг 2014.04.25-ны өдөр байгуулж гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг 2 жилийн хугацаанд төлж байгаад 2016 оноос эхлэн бидний бизнесийн үйл ажиллагаа доголдсоноос болж санхүүгийн дарамтад орохын зэрэгцээ банкан дахь өр төлбөрөө төлөхийн тулд хувь хүмүүсээс өндөр хүүтэй зээл авч төлөлт хийсээр байгаад 2017 оноос эхлэн зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд орж зээлийн төлөлт тогтмол зөрчилтэй болж зээлийн гэрээний үүрэгт сүүлчийн төлөлтийг 2016.06.28-ны өдөр хийснээс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ аль хэдийн биелүүлэх боломжгүй болсон байсан. Энэ тухайгаа хариуцагч бид нарын зүгээс холбогдох банканд амаар болон бичгээр хүсэлт гарган өгч байсан. Гэтэл нэхэмжлэгч Хаан банк ХХК нь хариуцагч нар нь зээлийн гэрээний төлөлт тогтмол зөрчилтэй болж биелүүлэх боломжгүй болсныг мэдсээр байж, хууль тогтоомжид заасан банканд хуулиар олгосон давуу байдлыг ашиглан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломж байсаар байтал, мөн тус гэрээний 5 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасан нөхцөл байдал аль хэдийн бий болсон байхад нэхэмжлэлийн шаардлагыг 2019.12.12-ны өдөр гаргаж зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгаа нь хариуцагч нарт хэт хохиролтой байдлыг бий болгосон, хуульд заасан эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлээгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн дээрх нөхцөл байдал нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3-т заасантай нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн ЗГ/2585 тоот зээлийн гэрээний үүрэгт гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад зээлийн үндсэн төлбөрт 156,367,500 төгрөг, зээлдэгч бидний зээлээ төлөх чадваргүй болсон бодит нөхцөл байдал болон бизнесийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж байгаа санхүүгийн хямралд орсон байгаа зээлдэгч бид нарын нөхцөлд байдлыг харгалзан үзэж үндсэн хүүгийн төлбөрийг 50 хувиар бууруулж 12,089,477 төгрөг гаргуулж, зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хариуцагч бид нараас ЗГ/2585 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 168,456,977 төгрөг гаргуулахаар давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:  

 

6. Нэхэмжлэгч Хаан банк ХХК нь хариуцагч А.Насанбат, Б.Отгонтуул нарт холбогдуулан 2017 оноос хойш гэрээний үүргээ зөрчсөн тул зээлийн үндсэн төлбөр, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг тооцон ЗГ2585 тоот зээлийн гэрээний үүрэгт 279,913,799.85 төгрөг, ЗГ542427995 тоот зээлийн гэрээний үүрэгт 29,572,511.91 төгрөг, нийт 309,486,311.76 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас гэрээ дуусгавар болсноос хойшхи хугацааны хүүгийн төлбөрийг эс зөвшөөрч, ... ЗГ542427995 тоот зээлийн гэрээний хугацаа 2017 онд дуусгавар болсноос хойш зээлийн төлбөрийг нэхэмжлэхгүй өнөөдрийг хүрч хүүгийн төлбөрийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлсэн нь шударга бус, түүнчлэн барьцаа хөрөнгө гэх автомашин болон бараа материал нэгэнт байхгүй болсон тул эдгээр хөрөнгөөс үүргийг хангах боломжгүй гэж маргажээ.

 

7. Анхан шатны шүүх хариуцагч А.Насанбат, Б.Отгонтуул нараас ЗГ2585 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 265,517,794 төгрөг, ЗГ201542427995 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 22,285,724 төгрөгийг, нийт 287,803,518 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,682,793 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох А.Насанбат, Б.Отгонтуул нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2202014952 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 15-р хороо Жаргалантын 12 гудамжны 0316 тоот хаягт байрлалтай 482 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээ, гараашийн зориулалттай, 3 давхар үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Г-2202005333 дугаарт хариуцагч А.Насанбатын өмчлөлийн зүйлээр бүртгэлтэй мөн хаягт байрлах 202 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрх бүхий газар, WAUZZZ4L88D062074 тоот арлын дугаартай 4588 УНЗ улсын дугаартай AUDI Q7 маркийн суудлын автомашиныг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

 

8. Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2014.04.25-ны өдөр байгуулагдсан ЗГ/2585 дугаартай зээлийн гэрээгээр хариуцагч нар нь 200,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар жилийн 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлэх, үүргийн гүйцэтгэлд Улсын бүртгэлийн Ү-2202014952 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 12 дугаар гудамж, 0316 тоот хаягт байрлах 482 м.кв талбай бүхий хувийн сууц, үйлчилгээ, гараашийн зориулалттай 3 давхар үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах Г-20202005333 дугаарт бүртгэлтэй 202 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, бараа материал, 45-88 УНЗ улсын дугаартай, AUDI Q7 суудлын автомашин барьцаалсан БГҮ/2585 дугаартай барьцааны гэрээ байгуулсан. Энэхүү ЗГ/2585 дугаартай гэрээнд 2016.11.17-ны өдөр зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, хүүгийн хэмжээнд өөрчлөлт оруулсан байна.

Түүнчлэн 2015.12.02-ны өдөр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 26,000,000 төгрөг, жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ЗГ/201542427995 дугаартай зээлийн гэрээ байгуулахдаа үүргийн гүйцэтгэлд дээр дурдсан хөрөнгө дээр нэмэлтээр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, төмс хүнсний ногооны зориулалттай 9000 м.кв талбайтай Г/Д-00512534 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалсан тухай БГҮ/201542427995 дугаартай гэрээ байгуулагджээ.

 

9. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгтэй нийцсэн гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

10. Зээлдэгч ЗГ/2585 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 339,794,235.6 төгрөг, ЗГ/201542427995 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 32,868,026.3 төгрөг төлөхөөс эхний гэрээний үүрэгт үндсэн зээлээс 43,632,500 төгрөг, зээлийн хүүд 97,390,355.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 288,412.29 төгрөг, нийт 141,311,247.83 төгрөг, хоёрдахь гэрээний үүрэгт үндсэн зээлээс 9,175,401.90 төгрөг, зээлийн хүүд 4,985,538.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,632.68 төгрөг, нийт 14,170,572.94 төгрөг төлсөн ба тэрээр гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх бөгөөд хоёр шатны шүүхээс хариуцагчийн гүйцэтгэвэл зохих нийт үүргийг 287,803,518 төгрөг гэж тодорхойлохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

10.1. Зээлийн эргэн төлөлтийн хуваариас үзэхэд нэхэмжлэгч нь 200,000,000 төгрөгийг тогтоосон хувь хэмжээгээр сар бүрийн 05-ны өдөр төлөлт хийж, 2019.05.05-ны өдөр бүрэн төлж дуусгахаар тохиролцсон боловч 2017.06.28-ны өдөр үндсэн зээлээс 377,500 төгрөгийн төлөлт хийж, үүргийн зөрчил үүсгэсэн байх бөгөөд зээлдэгч нь 2017.06.28-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 156,367,500 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд шүүх хуримтлагдсан хүү 24,178,955 төгрөг дээр 2017.06. 28-ны өдрөөс 2019.12.12-ны өдрийг хүртэл 887 хоногийн 82,078,800 төгрөгийг нэмж 106,257,755 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,892,539 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

10.2. Хэргийн баримтаас үзэхэд 26,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2017.12.02-ны өдөр дуусгавар болсон, 2016.11.30-ны өдрөөс хойш гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн, хариуцагч нь зээлийн гэрээг өөрчлөх болон хүүг багасгах хүсэлтийг гаргаж байсан, төлбөрийн чадваргүй болсон тухайгаа банкны төлбөр төлөх мэдэгдэл өгөхөд тайлбарлаж байсан байх тул шүүх үндсэн хүүгийн хэмжээг 50 хувиар бууруулж, нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан ...нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй, хууль тогтоомжид заасан давуу эрхээ ашиглан үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй гэж дүгнэн зээлдүүлэгчийн эрхийг үгүйсгэж, зээлдэгчийг үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэсэн гомдлыг хангахгүй.

 

11. Зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн эргэн төлөлтийн талаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, 2014.04.25-ны өдрийн ЗГ/2585 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 265,517,794 төгрөг, 2015.12.02-ны өдрийн ЗГ/201542427995 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 22,285,724 төгрөг хариуцагч нараас гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ.

 

12. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан ... ЗГ/2585 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 156,367,500 төгрөг, зээлдэгч бидний зээлээ төлөх чадваргүй болсон бодит нөхцөл байдал болон бизнесийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж байгаа санхүүгийн хямралд орсон байгаа зээлдэгч бид нарын нөхцөл байдлыг харгалзан үзэж үндсэн хүүгийн төлбөрийг 50 хувиар бууруулж 12,089,477 төгрөг гаргуулж, зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хариуцагч бид нараас ЗГ/2585 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 168,456,977 төгрөг гаргуулахаар давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн гомдлыг энэ тогтоолын 10.1 болон 11-д заасан үндэслэлээр хангахгүй.

 

13. Нэхэмжлэгчийн ...шүүх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг буруу тооцоолсон гэсэн үндэслэлд давж заалдах шатны шүүхээс хийсэн ...талууд эхний гэрээгээр зээлийн хүүг 21.6 хувиар тогтоосныг 22.8 хувь болгож өөрчилсөн байх бөгөөд зээлийн нэмэлт өөрчлөлтийн агуулгаас /гэрээний 1.4/ зээлдэгчийн бизнесийн борлуулалт буурсан шалтгааны улмаас зээл эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан байхад зээлийн хүүг 22.8 хувь болгож нэмэгдүүлснийг зээлдэгчид хохиролтой тохиролцоо гэсэн дүгнэлтийг зөв гэж үзсэн тул энэ гомдлыг хангахгүй.

 

14. ...Б.Отгонтуулын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Г/Д-00512534 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай, 9000 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна. Барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 9,000 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн хугацаа сунгасан талаарх баримтгүй гэсэн үндэслэлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу буюу гэрчилгээний хугацааг сунгах үүрэг нь нэхэмжлэгчид хамааралгүй байна.

 

15. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоос энэ тогтоолын 14-д заасан үндэслэлээр хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1151 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2020/00767 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...AUDI Q7.. гэсний дараа ...автомашин, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Г/Д-00512534 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай, 9000 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газрыг гэж нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 336,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 643,254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН