Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2020/00767

 

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2020/00767

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ХБ ХХК /РД:26/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэгэгт оршин суух, О овогт А.Н /РД:ХЖ77/,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэгт оршин суух Т овогт Б.О /РД:ХО77/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 309,486,311.76 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш, Б.Е, хариуцагч бөгөөд хариуцагч Б.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнх-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: А.Насанбат, Б.О  нар нь нэхэмжлэгч ХБ ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/2585 тоот Зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг, жилийн 21.6%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нар бизнесийн борлуулалт буурсан шалтгаанаар зээлийн эргэн төлөх хуваарийг өөрчилж, зээлийн хүүг жилийн 22,8 хувь болгон, холбогдох заалтуудад өөрчлөлт, нэмэлт оруулж 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний барьцаанд 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр БГҮ/2585 тоот Барьцааны гэрээ байгуулж:

-Чингэлтэй дүүргийн 15-р хороо, Жаргалантын 12 гудамж, 0316 тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн Ү-2202014952 дугаартай, 482 мкв талбайтай, хувийн сууц, үйлчилгээ, гараашийн зориулалттай, 3 давхар үл хөдлөх хөрөнгө,

- Чингэлтэй дүүргийн 15 -р хороо, Жаргалантын 12 гудамж, 03166 тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн Ү-2202005333 дугаартай, 202 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар,

-Бараа материал,

-WAUZZZ4L88D062074 тоот арлын дугаартай, 45 УНЗ улсын дугаартай, AUDI Q7 суудлын автомашиныг тус тус барьцаалсан.

Мөн Зээлдэгч нар нь 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ЗГ/201542427995 тоот Зээлийн гэрээ байгуулж, 26,000,000 /хорин зургаан сая/ төгрөгийг, жилийн 21.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний барьцаанд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр БГҮ/201542427995 тоот Барьцааны гэрээ байгуулж 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээний барьцаанд дурдсан хөрөнгө дээр нэмж Б.О ын эзэмшлийн, Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд байрлах, нэгж талбарын 18612323043132 дугаартай, 9000 мкв газрыг тус тус барьцаалсан.

Зээлдэгч нар нь 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний үүрэгт 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 43,632,500 төгрөг, зээлийн хүүд 97,390,355.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 288.412.29 төгрөг, нийт 141,311,247.83 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ЗГ/201542427995 тоот Зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 9,175,401.90 төгрөг, зээлийн хүүд 4,985,538.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,632.68 төгрөг, нийт 14,170,572.94 төгрөг тус тус төлсөн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан ч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, зээл төлөгдөхгүй гэрээний хугацаа дууссан тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Зээлдэгч нар нь 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний үүрэгт 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 156,367,500 төгрөг, зээлийн хүүд 110,621,719.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12,924,580.56 төгрөг, нийт 279,913,799.85 төгрөгийн үлдэгдэлтэй, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/201542427995 тоот Зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 16,824,598.10 төгрөг, зээлийн хүүд 10,922,252.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,825,661.29 төгрөг, нийт 29,572,511.91 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд хариуцагч нараас 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний үүрэгт 279,913,799.85 төгрөгийг гаргуулах, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 29,572,511.91 төгрөг, нийт 309,486,311.76 төгрөг гаргуулах,

Зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд дараах барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах: Үүнд:

-Чингэлтэй дүүргийн 15-р хороо, Жаргалантын 12 гудамж, 03166 тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн Ү-2202014952 дугаартай, 482 мкв талбайтай, хувийн сууц, үйлчилгээ, гараашийн зориулалттай, 3 давхар үл хөдлөх хөрөнгө

-        Чингэлтэй дүүргийн 15 -р хороо, Жаргалантын 12 гудамж, 03166 тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн Ү-2202005333 дугаартай, 202 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар,

-        Бараа материал,

-        WAUZZZ4L88D062074 тоот арлын дугаартай, 4588 УНЗ улсын дугаартай, AUDI Q7 суудлын автомашин,

-        Б.О ын эзэмшлийн, Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд байрлах, нэгж талбарын 18612323043132 дугаартай, 9000 мкв газар

Дээрх хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч А.Насанбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2014 онд Хаан банкнаас 200,000,000 төгрөг 18 хувийн хүүтэй зээлсэн ба нэмэлтээр 27,000,000 төгрөг зээлсэн. Зээл авсанаас хойш 150,000,000 орчим төгрөг банкинд төлсөн. Уг зээлийг авахдаа дараа нь хөнгөлөлттэй зээл болгохоор тохирч, сар бүр 7,560,000 төгрөг тогтмол хугацаандаа төлж ирсэн. Хөнгөлөлттэй зээлд хамруулах хүсэлт тавьсан боловч ХБ төлөлт сайн байгаа учир хөнгөлөлттэй зээлд хамруулаагүй. Дараа нь нэмэлт нөхцлөөр хүүг бууруулж өгнө гэж гарын үсэг зуруулчихаад 0,1 хувь хүүгээ нэмсэн байсан. Гэр оронд удаа дараа ирж мөнгөө төл гэж дарамталдаг байсан. Өрөө төлөх гэж олон хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлээд өгч чадахаа байсан. Хаан банкинд гомдолтой байна гэв.

Хариуцагч Б.О  шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Миний бие А.Насанбаттай хамтран зээл авсан нь үнэн боловч энэ асуудлын талаар сайн мэдэхгүй байгаа тул манай нөхөр А.Насанбат намайг төлөөлж энэ асуудлыг шийдвэрлүүлнэ гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХБ ХХК нь хариуцагч А.Насанбат, Б.О  нарт холбогдуулан ЗГ2585 тоот зээлийн гэрээний үүрэгт 279,913,799.85 төгрөг, ЗГ542427995 тоот зээлийн гэрээний үүрэгт 29,572,511.91 төгрөг гаргуулах, нийт 309,486,311.76 төгрөгийн шаардлагыг барьцаа хөрөнгүүдээр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргээ 2017 оноос хойш биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн тул зээлийн үндсэн төлбөр, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжлэх, зээлдэгч нар нь барьцааны зүйлийн өмчлөгч тул барьцааны шаардлагыг тэдгээрт холбогдуулан гаргасан нь үндэстэй хэмээн тайлбарлаж байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу гэрээ дуусгавар болсноос хойших хугацааны хүүгийн төлбөрийг эс зөвшөөрч маргаж байх ба ЗГ542427995 тоот зээлийн гэрээний хугацаа 2017 онд дуусгавар болсноос хойш зээлийн төлбөрийг нэхэмжлэхгүй өнөөдрийг хүрч хүүгийн төлбөрийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлсэн нь шударга бус, түүнчлэн барьцаа хөрөнгө гэх автомашин болон бараа материал нэгэнт байхгүй болсон тул эдгээр хөрөнгөөс үүргийг хангах боломжгүй гэж маргаж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1.   Зохигчид 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ2585 тоот зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг, 60 сарын хугацаатай жилийн 21,6 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцжээ. /хх-ийн 10 дугаар тал/ Улмаар тус гэрээнд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан байх ба ингэхдээ жилийн хүүг 22,8 хувь болгон 1.2 нэгжээр нэмэгдүүлж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банкны зээлийн гэрээ байгуулагджээ.

 

2.   Зохигчдын хооронд байгуулсан ЗГ2585 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр БГҮ2585 тоот барьцааны гэрээ байгуулж Чингэлтэй дүүргийн 15-р хороо Жаргалантын 12 гудамжны 0316 тоот, 482 мкв талбайтай, хувийн сууц, үйлчилгээ, гаражийн зориулалттай, 3 давхар үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 202 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний, өмчлөх эрх бүхий газар, бараа материал, AUDI Q7 суудлын автомашин гэх хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалахаар зохицуулсан байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасны дагуу бичгээр байгуулан үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд тавигдах хэлбэрийн шаардлагыг хангасан байна. /хх-ийн 13 дугаар тал/

3.   Зээлдүүлэгч ХБ ХХК нь дээрх зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор зээлийн үндсэн төлбөрт 156,367,500 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 110,621,719.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12,924,580.56 төгрөг, нийт 279,913799.85 төгрөгийг нэхэмжилж байна. Зохигчид ЗГ2585 дугаартай зээлийн гэрээний үүрэгт сүүлийн төлөлт хийсэн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөгдөөгүй үндсэн төлбөр 156,367,500 төгрөг байгаа болон үндсэн хүүгийн төлбөрт 24,178,955 төгрөгийн өр хуримтлагдсан үйл баримтын тухайд харилцан маргаагүй. Түүнчлэн нэхэмжлэгч ХБ ХХК нь зээлийн үндсэн хүүгийн тооцооллыг хамгийн сүүлийн төлбөр хийсэн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх 887 хоногийн хугацаагаар тооцож /156,367,500*21.6%:365*887=82,078,800/ нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна. Улмаар өмнөх хугацаанд хуримтлагдсан хүүгийн төлбөр 24,178,955 төгрөгийг уг дүн дээр нэмсэнээр зээлдэгч нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн хүүгийн төлбөрт нийт 106,257,755 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд үндсэн хүүгийн төлбөрт энэ дүнгээр хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасантай нийцэх юм.

 

Зээлдүүлэгч ХБ ЗГ2585 дугаартай зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүгийн үүрэгт 12,924,580 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Шүүхийн нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагаас 2,892,539 төгрөгт холбогдох хэсэг /106,257,755*4,32%:365*230/ -ийг хангах хууль зүйн үндэстэй гэж үзлээ. Нэмэгдүүлсэн хүү тооцох 230 хоногийг гэрээний хугацаа дуусгавар болсон 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцов.

 

4.   Нэхэмжлэгч ХБ ХХК нь хариуцагч А.Насанбат, Б.О  нарт холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан ЗГ201542427995 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 16,824,598 төгрөг, зээлийн хүүд 10,922,252.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,825,661.29 төгрөг, нийт 29,572,511.91 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээр дурдсан БГҮ2585 дугаартай барьцааны гэрээний зүйл болох хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгүүдийг давхар барьцаалсны зэрэгцээ нэмж Г/Д-00512534 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 9000 м2 газрыг 5 жилийн хугацаагаар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалахаар заажээ.

Зохигчид эдгээр хэлцэл бодитой байгуулагдсан бөгөөд зээлийн гэрээний төлбөрт 20,000,000 төгрөгийг хүлээн авсан, зээлийн гэрээний үндсэн ба хүүгийн хувь хэмжээ, гэрээний хугацаа, төлбөрийн үлдэгдэл дүн буюу бодит байдлын талаар маргаагүй болно. Харин тус гэрээний хугацаа 24 сар буюу 2 жил бөгөөд гэрээ 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон, зээлийн гэрээний үүрэгт сүүлчийн төлөлтийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хийж зөрчил нэгэнт үүссэн байхад нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нь зээлдэгчид хэт хохиролтой байдлыг бий болгосон хэмээн тайлбарлаж байна. Энэ үндэслэлээр хүүгийн төлбөрийг гэрээ дуусгавар болсон тухайн өдрөөр тасалбар болгон тооцуулах үндэслэлтэй хэмээн шүүхэд тайлбарлаж байна. Шүүх тус тайлбарыг анхаарах нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж, 13.3-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ гэж тус тус заасан байна. Нэхэмжлэгч ХБ ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон зээлийн гэрээний үүрэг 2016 оны дунд үеэс эхлэн тогтмол зөрчилтэй болж ирсэн нөхцөл байдлыг мэдсээр атал өөрийн хууль ёсны шаардах эрхийг хэрэгжүүлээгүй 2 жил гаруй хугацаа өнгөрчээ. Зээлийн гэрээний зээлдэгч тал зээлийн эргэн төлөлтийг бодитой хийх хүртэлх хугацаанд хүүгийн төлбөрийг тооцон шаардах тусгайлсан хууль тогтоомжид заасан, гагцхүү банк санхүүгийн байгууллагад хуулиар олгогдсон давуу байдлыг ашиглан хангалттай барьцаа хөрөнгө бүхий зээлдэгчээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шаардлага гаргалгүй 2 жилийн хугацаанд үндсэн ба нэмэгдүүлсэн хүү тооцон нэхэмжилж байгаа нөхцөл байдал нь зүй ёсны бус байна.

 

Иймд шүүх ХБ ХХК-ийг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй, хуулиар олгогдсон давуу байдлаа хууль бусаар ашигласан гэж үзэн зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн бүхий л хугацааны хүү шаардах эрхийг бүхэлд нь эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Энэ үндэслэлээр ЗГ201542427995 зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн хүүгийн хэмжээг 50 хувиар бууруулж үндсэн хүүгийн төлбөрт 5,461,126 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов. Харин тус зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 16,824,598 төгрөгийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасантай нийцнэ.

 

5.   Хариуцагч ЗГ2585, ЗГ201542427995 тоот зээлийн гэрээний үүргийг дор дурдсан барьцааны хөрөнгөөс хангуулахаар шаардлага гаргасан байна. Үүнд:

1)     Чингэлтэй дүүргийн 15-р хороо Жаргалантын 12 гудамжны 0316 тоот хаягт байрлалтай 482 мкв талбайтай, хувийн сууц, үйлчилгээ, гаражийн зориулалттай, 3 давхар үл хөдлөх эд хөрөнгө;

2)     Чингэлтэй дүүргийн 15-р хороо Жаргалантын 12 гудамжны 0316 тоот хаягт байрлах 202 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний, өмчлөх эрх бүхий газар;

3)     Г/Д-00512534 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар хариуцагч Б.О ын эзэмших эрхтэй 9000 м2 газрыг 5 жилийн хугацаагаар эзэмших эрхийн гэрчилгээ;

4)     бараа материал;

5)     WAUZZZ4L88D062074 тоот арлын дугаартай 4588 УНЗ улсын дугаартай AUDI Q7 маркийн суудлын автомашин зэрэг болно.

 

Чингэлтэй дүүргийн 15-р хороо Жаргалантын 12 гудамжны 0316 тоот хаягт байрлалтай 482 мкв талбайтай, хувийн сууц, үйлчилгээ, гаражийн зориулалттай, 3 давхар үл хөдлөх эд хөрөнгө нь А.Насанбат, Б.О  нарын өмчлөлийн зүйл байх ба улсын бүртгэлийн Ү-2202014952 дугаарт бүртгэгдсэн, мөн хаягт байрлах 202 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний, өмчлөх эрх бүхий газар нь хариуцагч А.Насанбатын өмчлөлийн зүйлээр улсын бүртгэлийн Г-2202005333 дугаарт бүртгэгдсэн талаарх баримт хавтаст хэргийн 32, 33 дугаар талд тус тус нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагджээ. Эдгээр үл хөдлөх эд хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагуудыг бүрэн хангасан байх тул мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу эдгээр хөрөнгөд холбогдох барьцааны шаардлагыг хангах үндэстэй гэж шүүх дүгнэв

Харин хариуцагч бараа материал байхгүй гэж тайлбарлаж байх ба хөдлөх эд хөрөнгө болох бараа материалын дүрслэлийг ерөнхий ба нарийвчилсан байдлаар барьцааны гэрээнд тодорхойлон заагаагүйгээс барьцааны гэрээ энэ хэсгээр хэрхэн хэрэгжих нь ойлгомжгүй болжээ. Иймд хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд тавигдах барьцааны зүйл хөдлөх эд хөрөнгө байгаа бол ерөнхий ба тусгайлсан байдлаар дүрслэгдсэн байх шаардлагыг хангаагүй гэж үзэн энэ хэсгээр гэрээ байгуулсанд тооцох боломжгүй байна.

Түүнчлэн хариуцагч Б.О ын газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгагдсан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, 35.3.6-д заасны дагуу эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг авсан, улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны шаардлагыг хангах боломжгүй байна.

 

Харин хариуцагч барьцааны гэрээний зүйл автомашиныг бусдад худалдсан гэж тайлбарлаж байх боловч шинэ эзэмшигчид тээврийн хэрэгсэл шилжсэн болохыг нотлох аливаа баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн эзэмшилд эд хөрөнгө бодитой байхгүй гэх үйл баримт тогтоогдсонгүй.

 

Эдгээр үндэслэлээр барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаас А.Насанбат, Б.О  нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2202014952 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 15-р хороо Жаргалантын 12 гудамжны 0316 тоот хаягт байрлалтай 482 мкв талбайтай, хувийн сууц, үйлчилгээ, гаражийн зориулалттай, 3 давхар үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Г-2202005333 дугаарт хариуцагч А.Насанбатын өмчлөлийн зүйлээр бүртгэлтэй мөн хаягт байрлах 202 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний, өмчлөх эрх бүхий газар, WAUZZZ4L88D062074 тоот арлын дугаартай 4588 УНЗ улсын дугаартай AUDI Q7 маркийн суудлын автомашиныг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж, барьцааны шаардлагаас бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дээр дурдсан хууль зүйн дүгнэлт, үйл баримтад үндэслэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хариуцагч А.Насанбат, Б.О  нараас ЗГ2585 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 265,517,794 төгрөг, ЗГ201542427995 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 22,285,724 төгрөгийг, нийт 287,803,518 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХБ ХХК-нд олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,682,793 төгрөгийг хэрэгсэхгүй болгож үл хөдлөх эд хөрөнгө болон тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны шаардлагыг хангаж, барьцааны шаардлагаас бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,775,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч нараас 1,596,968 төгрөгийг гаргуулж ХБ ХХК-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хариуцагч А.Насанбат, Б.О  нараас ЗГ2585 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 265,517,794 төгрөг, ЗГ201542427995 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 22,285,724 төгрөгийг, нийт 287,803,518 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХБ ХХК-нд олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,682,793 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох А.Насанбат, Б.О  нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2202014952 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 15-р хороо Жаргалантын 12 гудамжны 0316 тоот хаягт байрлалтай 482 мкв талбайтай, хувийн сууц, үйлчилгээ, гаражийн зориулалттай, 3 давхар үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Г-2202005333 дугаарт хариуцагч А.Насанбатын өмчлөлийн зүйлээр бүртгэлтэй мөн хаягт байрлах 202 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний, өмчлөх эрх бүхий газар, WAUZZZ4L88D062074 тоот арлын дугаартай 4588 УНЗ улсын дугаартай AUDI Q7 маркийн суудлын автомашиныг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,775,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч нараас 1,596,968 төгрөгийг гаргуулж ХБ ХХК-нд олгосугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

5.   Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА