Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/01203

 

С.Т, Т.Өнарын нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/00892 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Т, Т.Өнарын хариуцагч Х ЧХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Д.Баянцагаан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Х ЧХХК нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр С.Т, Т.Өнартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ...ард байрлах 27 айлын орон сууцны барилгын дулааны ЦТП-ийн тоноглол, 1 дүгээр хэлхээний дулааны шугамыг солих ажлыг 100 000 000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцсон. 2018 оны 08 дугаар сарын 20, 21-ний өдөр Х ЧХХК-ийн захирал Д.Бгэрээний урьдчилгаа 80 000 000 төгрөгийг Т.Өдансанд шилжүүлсэн байдаг. С.Т, Т.Өнар нь гэрээний дагуу 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гадна дулаан, цэвэр усны хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт үйлдэж, уг ажлыг ОСНААУГ-ын 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн албан бичгийн дагуу хүлээлгэн өгсөн. Гэрээнд захиалагчийн болон гуравдагч этгээдийн өмнө ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгнө гэсэн хоёр заалт байдаг. Х ЧХХК нь тусгай мэдлэг шаардсан ЦТП-ийн ажлын гүйцэтгэлийг мэдэхгүй, тиймээс гэрээнд гуравдагч этгээдийг оруулж ирсэн. Х ЧХХК-ийн барьсан барилга Болдын ЦТП-ээс дулаанаа авчихсан, байр нь ашиглалтад орчихсон байгаа. Хариуцагч талаас хийсэн ажлын талаар ямар нэгэн гомдол санал тавиагүй, ажлын доголдол илрээгүй. Х ЧХХК нь үлдэгдэл 20 000 000 төгрөгийг өгөхгүй гэж маргадаг боловч энэ талаарх нотолсон бичгийн баримтгүй. Иймд хариуцагч Х ЧХХК-аас ажлын хөлсний үлдэгдэл 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: С.Т, Т.Өнар гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Гэрээний 5.4-т заасан ажлуудаас дулааны төв узель, ЦТП-ийн мотор солих, нэмэлт усны насос солих ажлууд, 1.3-т заасан дулаан механикийн ажлыг зургийн дагуу хийгээгүй дутуу хийсэн, 3.2-т заасны дагуу манай компани харъяа конторт нь актаар хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардаж байсан. Иймд талуудын хооронд гэрээ зөрчсөн маргаантай байгаа бөгөөд үүргээ зохих ёсоор гүйцэтгэх, зөрчлөө арилгахыг манай компани шаардаж, төлбөр төлөхөөс татгалзсан гэжээ. 

 

Шүүх:   Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хариуцагч Х ЧХХК-аас 20 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Т, Т.Өнарт олгож, нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 258 000 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Х ЧХХК-аас 258 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Т, Т.Өнарт олгож шийдвэрлэжээ.  

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Баянцагааны давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Х ЧХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Цэндбаатарт олгосон итгэмжлэлээсээ 2020 оны 1 дүгээр сараас татгалзаж, тус компанийн Ерөнхий захирал Д.Бшүүх хуралдаанд оролцож эхэлсэн. Гэтэл 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны товыг тус компанийн төлөөлөгч Д.Бмэдэгдээгүй атлаа төлөөлөхөө больсон н.Цэндбаатарт мэдэгдсэн. Шүүх хуралдааны товыг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 12.00 цагийн орчимд Д.Бнадад мэдэгдсэн бөгөөд би шүүх хуралдааны товыг дөнгөж сая мэдэгдсэн ба хөдөө байгаа бас өвчтэй тул шүүх хуралдаанд очих боломжгүй, энэ талаар нотлох баримт хүргүүлэх боломжит хугацаа байхгүй талаар мэдэгдсэн байхад шүүх хуралдаанд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж хууль бус дүгнэлт хийж, хариуцагчийг шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй шүүх хуралдааныг явуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Өмнөх шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд, шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орсны дараа шүүгч өөрөө санаачлан нэмж нотлох баримт гаргуулах үндэслэлээр шүүх хурлыг хойшлуулсан. Шүүх өөрөө санаачлан, хэрэгт ямар хамааралтай нь тодорхой бус нотлох баримтыг гаргуулахаар шүүх хурлыг хойшлуулж, нэхэмжлэгч нарт ашигтай байдлыг бий болгосон. Гэтэл уг нотлох баримтаа хариуцагчид танилцуулаагүй атлаа зориуд хурлын товыг хариуцагчид тулган мэдэгдэж шүүх хуралдааныг явуулж нэхэмжлэлийг хангасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгч нэхэмжлэл, түүний үндэслэлд хамаарах нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл ийм нотлох баримт гаргаагүй байхад анхан шатны шүүгч өөрөө санаачлан нотлох баримт гаргуулахаар шүүх хурлыг хойшлуулж, өөрөө цуглуулсан нотлох баримтаа хариуцагчид танилцуулахгүйгээр өөрөө ийнхүү нотлох баримтаар үнэлсэн. Хариуцагч нь нэхэмжлэгч ажлыг зургийн дагуу гүйцэтгээгүй, солих шаардлагатай зарим төхөөрөмжийг солиогүй, гэрээнд заасан үүргээ дутуу хийсэн тул гүйцэтгэсэн ажлыг хүлээж аваагүй гэж маргаж байгаа. Хариуцагч нэхэмжлэгч ажлыг зургийн дагуу гүйцэтгээгүй, солих шаардлагатай зарим төхөөрөмжийг солиогүй гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй, нэхэмжлэгч ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн эсэхийг нотлох баримт байхгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь хуульд нийцээгүй. Шүүх ... ОСНААУГ-аас ирсэн бичиг, хавсралт баримтууд, дулааны зангилааны механикийн зургаар тогтоогдсон гэжээ. Хариуцагч Х ЧХХК уг ажлын захиалагч бөгөөд захиалагч ажлаа хүлээн авахаас татгалзсан байхад ОСНААУГ-ын харъяа байгууллага ажлыг хүлээн авсан гэж, зургаар ажлаа зохих ёсоор гүйцэтгэсэн гэх зэрэг илт нэг талыг баримталсан дүгнэлт гаргасан нь хууль бус байна. Нэхэмжлэгч нар ажлаа зохих ёсоор хийж гүйцэтгэсэн бол захиалагч нь Иргэний хуульд заасан журмын дагуу ажлаа хүлээн авч, хөлсийг төлөх үүрэгтэй. Хариуцагч нь нэхэмжлэгчийг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж маргаж байхад энэ байдалд нотлох баримтад үндэслэсэн дүгнэлт хийгээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч С.Т, Т.Өнарын хариуцагч Х ЧХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, хэргийн материалтай танилцах эрхийг зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

 

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлогдсон 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч Д.Бхэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан С.Цэндбаатараас татгалзаж, цаашид өөрөө биечлэн оролцохоо илэрхийлэн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байхад шүүх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. /хх122-123/

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш цугларсан нотлох баримтуудыг танилцуулаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т зааснаар хэргийн оролцогч нь эсрэг талын тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхтэй бөгөөд энэ нөхцөлийг шүүх бүрдүүлэх үүрэгтэй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/00892 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

 

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

 

 

А.МӨНХЗУЛ