Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/01204

 

 

Р ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/01153 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р ХХК-ийн хариуцагч Б Т ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 92 532 651 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ядамсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Манай компани 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Б ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээгээр манай компани 1 282 73 тонн цементийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нийлүүлж дууссан бөгөөд гэрээний нийт төлбөр 207 802 260 төгрөгөөс 121 080 000 төгрөгт орон сууц бартераар авсан. 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үлдэгдэл төлбөрийг төлж дуусгах ёстой байсан ч төлбөр хийгээгүй. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 01/01 тоот албан бичгээр төлбөрөө барагдуулахыг шаардсан боловч бэлэн мөнгөний оронд дахин байр өгөх хүсэлтэй гэсэн албан тоот ирүүлснийг манайх хүлээн зөвшөөрөөгүй. 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дахин албан тоот явуулсан боловч төлбөр барагдуулаагүй. Иймд хариуцагчаас үндсэн төлбөр болох 86 722 260 төгрөг, алданги 5 810 391 төгрөг, нийт 92 532 651 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэгч нэхэмжлэлээ баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл хэрэгт өгсөн зарлагын баримтуудыг Р ХХК-аас манайд өгөөгүй, харин Н Я ХХХК-аас цемент нийлүүлсэн баримт байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Б Т ХХК-аас /РД:___/ гэрээний үүргийн гүйцэтгэлд 92 532 651 /ерэн хоёр сая таван зуун гучин хоёр мянга зургаан зуун тавин нэг/ төгрөг гаргуулан Р ХХК-д /РД:___/ олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 620 614 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 620 614 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгаригийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шийдвэрт ... хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан татгалзлын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй буюу дээрх вагон цементийг хүлээн аваагүйгээ нотолж чадахгүй байх тул гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагчаас 86 722 260 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов... гэжээ. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримт нь өөрийнх нь нэрээр биш Н Я ХХХК-аас Б Т ХХК-д цемент нийлүүлсэн баримт байхад уг баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Б Т ХХК-тай байгуулсан худалдах худалдан авах гэрээнд Н Я ХХХК нь цемент нийлүүлэх талаар ямар нэгэн эрх үүрэг хүлээгээгүй, нэхэмжлэгч Р ХХК нь зуучилсан талаар заалт ороогүй байхад Р ХХК-ийг Б Т ХХК-д цемент нийлүүлсэн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч Б Т ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 86 722 260 төгрөг, алдангид 5 810 391 төгрөг, нийт 92 532 651 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр цемент худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч нь 1 тонныг нь 162 000 төгрөгөөр үнэлж, нийт 243 000 000 төгрөгийн үнэтэй задгай цемент нийлүүлэх, худалдан авагч нь нийлүүлсэн бүтээгдэхүүнийг хүлээн авч, үнийг төлөх үүрэг хүлээсэн байх ба зохигчид гэрээний үнийн дүнгийн 50 хувь буюу 121 080 000 төгрөгт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Алтай хотхон 33 дугаар байр, 23 тоотын 60,54 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тооцон өгөх, үлдэх төлбөрийг бэлнээр төлөхөөр тохиролцсон байна. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. /хх10-12/

Нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 207 802 260 төгрөгийн үнэ бүхий нийт 1 282.73 тонн цемент нийлүүлж, үүнээс 121 080 000 төгрөгт нь орон сууц арилжаагаар шилжүүлэн авсан, 86 722 260 төгрөгийн үлдэгдэлтэй, уг төлбөрийн үлдэгдэлд бэлэн мөнгөний эргэлтийн хомсдолын улмаас орон сууц санал болгож байсан нь төлбөр барагдуулах тухай албан бичиг, тооцооны үлдэгдэлийн баталгаа, орон сууц хүлээлцэх акт, бараа материалын зарлагын баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх13, 15-17, 29-31/

Хариуцагчийн хэрэгт Н Я Хпрожект ХХК-аас Б Т ХХК-д задгай цемент нийлүүлсэн баримт байдаг болохоос Р ХХК-аас гэрээний дагуу бараа нийлүүлсэн гэх баримтгүй гэх тайлбар, гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч гэрээний зүйлийг хариуцагчид хэрхэн нийлүүлэх талаар гэрээний 2.1-д заасан байх ба нэхэмжлэгч нь Н Я Хпрожект ХХК-д бетон зуурмаг нийлүүлсэн, бетон зуурмагийн оронд цемент авч, илүү гарсаныг нь хариуцагч компанид худалдсан гэж тайлбарласан нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсэгт нийцжээ. Иймд нэхэмжлэгчийг хариуцагчийн өмнө хүлээсэн цемент нийлүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэв.

Хэргийн 29-31 дүгээр талд авагдсан цемент худалдан борлуулсан зарлагын баримтад Н Я Хпрожект ХХК гэж бичигдсэн нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй, уг баримтад худалдан авагч нь Р ХХК, тээвэрлэгчийн хаяг УБ өртөө, Б Т ХХК-ийн салаа замд гэж тодорхой бичигдсэн байх тул гэрээний үүрэгт 86 722 260 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Түүнчлэн гэрээний 3.12, 6.3-д тухайн сард нийлүүлсэн цементийн үнийн дүнгийн 50 хувийг дараа сардаа багтаан төлөх, худалдан авагч нийлүүлсэн барааны төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг худалдагч талд төлнө гэж заасан байна. Шүүх гэрээний зүйл нийлүүлсэн өдрийг алданги төлөх талуудын тохиролцоотой харьцуулан тооцоолж 5 810 391 төгрөгийн алданги хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/01153 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 620 614 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

А.МӨНХЗУЛ