Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 1153

 

 

              

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 13 өдөр                   Дугаар 102/ШШ2020/01153                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох,

гэрээний үүргийн гүйцэтгэлд 92,532,651 /ерэн хоёр сая таван зуун гучин хоёр мянга зургаан зуун тавин нэг/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ядамсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгариг, нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани 2019.09.26-ны өдөр “Билгүүнтрейд” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээнд заасны дагуу манайх 1282,73 тонн цемент 2019.11.07-ны өдөр нийлүүлж дууссан бөгөөд гэрээний нийт төлбөр 207,802,260 төгрөг болсон ба төлбөрөөс 121,080,000 төгрөгт орон сууц бартераар авсан. 2019.12.07-ны өдөр үлдэгдэл төлбөрийг төлж дуусгах ёстой байсан ч төлбөр хийгээгүй. 2020.01.06-ны өдөр 01/01 тоот албан бичгээр төлбөр барагдуулахыг шаардсан ч бэлэн мөнгөний оронд дахин байр өгөх хүсэлтэй гэсэн албан тоот ирүүлснийг манайх хүлээн зөвшөөрөөгүй. 2020.01.09-ний өдөр дахин албан тоот явуулсан боловч төлбөр барагдуулаагүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагчаас үндсэн төлбөр болох 86,722,260 төгрөг, алданги 5,810,391 төгрөг, нийт 92,532,651 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлээ баримтаар нотлох үүрэгтэй, гэтэл хэрэгт өгсөн зарлагын баримтууд нь “Р”ХХК-иас манайд өгөөгүй, харин “Нью яармаг хаусинг” ХХК-иас цемент нийлүүлсэн баримт байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

“Р” ХХК нь “Б” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн үндсэн төлбөрт 86,722,260 төгрөг, алдангид 5,810,391 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж тайлбарлав.

 

Хариуцагч  нь нийлүүлсэн баримт нь өөр компанийнх байх тул нэхэмжлэлээ нотолж чадахгүй байна гэж маргав.  

 

Нэхэмжлэгч нь “Билгүүнтрейд” ХХК-тай 1500 тонн цемент худалдахаар гэрээг 2019.09.26-ны өдөр байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хүчин төгөлдөр болжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг зохицуулжээ.

 

Дээрх гэрээний дагуу худалдагч тал болох “Р” ХХК нь 2019.11.07-ны өдрийг хүртэл 1282,73 тонн цементийг нийлүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн, нийт төлбөр 207,802,260 төгрөг болсноос худалдан авагч нь 121,080,000 төгрөгт орон сууц бартераар авахаар тохиролцсон, харин үлдэгдэл төлбөрөө төлөх үүргээ “Б” ХХК биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Зохигч байгууллагын эрх бүхий этгээдүүд болох нягтлан нар нь 2019.12.12-ны өдөр тооцоо нийлж, 86,722,260 төгрөгийн үлдэгдэлтэйг баталгаажуулан баримт үйлдсэн, хариуцагч энэ талаар маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч 2020.01.06 болон 2020.01.09-ний өдрүүдэд дээрх төлбөрийг барагдуулах тухай албан тоотуудыг хүргүүлж, хариуцагчаас 2020.01.07-ны өдрийн албан бичгээр бэлэн мөнгөний төлбөр ирэхгүй удсан үндэслэлээр хойшлуулсан талаар хариу илгээжээ.

    

Энэ өдрийн хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэгт авагдсан зарлагын баримтууд нь нэхэмжлэгчийн баримт биш гэж маргаж байгаа боловч хүлээн авах боломжгүй байна.

   

Учир нь нэхэмжлэгч тал “Нью яармаг хаусинг” ХХК-иас цементийг вагоноор нь хүлээн авч, хариуцагчийн эзэмшлийн салаа замд буулгадаг гэж тайлбарласан ба тухайн баримтуудад УБ өртөө “Б” ХХК-д гэж тэмдэглэсэн байх тул нэхэмжлэгч нь цементийг хариуцагчид хүргэж өгөх үүргээ биелүүлсэн гэж үзлээ.   

   

Харин хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан татгалзлын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй буюу дээрх вагон цементийг хүлээн аваагүйгээ нотолж чадахгүй байх тул гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагчаас 86,722,260 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

   

Зохигч гэрээний 6.3 дахь заалтаар төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлээгүй үнийн дүнгээс хоног тутуамд 0.1%-иар тооцож алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн  232 дугаар зүйлийн 232.6-д заасанд нийцэж байх тул алданги тооцох үндэслэлтэй байна.

   

Хариуцагчийн биелүүлээгүй үүрэг болох 86,722,260 төгрөгөөс алдангийг тооцоход хоногт 86,722 төгрөг болох ба хугацаа хэтрүүлсэн 67 хоногт нийт 5,810,391 төгрөг байх тул хариуцагчаас гаргууллаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 620,614 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 620,614 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “Б” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 92,532,651 /ерэн хоёр сая таван зуун гучин хоёр мянга зургаан зуун тавин нэг/ төгрөг гаргуулан “Р” ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 620,614 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 620,614 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ