Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00618

 

“РЭС” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/01153 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1204 дүгээр магадлалтай,

“РЭС” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“БТ” ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 92,532,651 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгаригийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ядамсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “РЭС” ХХК нь “БТ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 92,532,651 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/01153 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “БТ” ХХК-аас /РД:2088967/ гэрээний үүргийн гүйцэтгэлд 92,532,651 /ерэн хоёр сая таван зуун гучин хоёр мянга зургаан зуун тавин нэг/ төгрөг гаргуулан “РЭС” ХХК-д /РД:0000000/ олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 620,614 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 620,614 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1204 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/01153 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 620 614 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгариг хяналтын гомдолдоо: шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шийдвэрт “...хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан татгалзлын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй буюу дээрх вагон цементийг хүлээн аваагүйгээ нотолж чадахгүй байх тул гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагчаас 86,722,260 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов...” гэжээ. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримт нь өөрийнх нь нэрээр биш “Н Я Х” ХХК-аас “БТ” ХХК-д цемент нийлүүлсэн баримт байхад уг баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь 2019.09.26-ны өдөр “БТ” ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээнд “Н Я Х” ХХК нь цемент нийлүүлэх талаар ямар нэгэн эрх үүрэг хүлээгээгүй, нэхэмжлэгч “РЭС” ХХК нь зуучилсан талаар заалт ороогүй байхад “РЭС” ХХК-ийг “БТ” ХХК-д цемент нийлүүлсэн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

6. Нэхэмжлэгч “РЭС” ХХК нь хариуцагч “БТ” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 86,722,260 төгрөг, алдангид 5,810,391 төгрөг нийт 92,532,651 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг  зөвшөөрөхгүй, маргажээ.

7. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, хууль хэрэглээний хувьд алдаа гаргаагүй байх тул шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв.

8. Талууд 2019.09.26-ны өдөр гэрээ байгуулж, “РЭС” ХХК нь 1 тонн цементийг 162,000 төгрөгөөр тохирч, нийт 243,000,000 төгрөгийн задгай цемент нийлүүлэх, худалдан авагч “БТ” ХХК нь бүтээгдэхүүнийг хүлээн авч, үнийг төлөх үүрэг хүлээсэн гэрээний харилцааг худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ. Нэхэмжлэлийн үндэслэл болсон уг гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний талууд үүргийн гүйцэтгэлийг харилцан шаардах эрхтэй. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

9. Нэхэмжлэгч нь 207,802,260 төгрөгийн цемент нийлүүлж, үүнээс 121,080,000 төгрөгт нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Алтай хотхон 33 дугаар байр, 23 тоотын 60,54 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тооцож авсан, хариуцагч нь үлдэх 86,722,260 төгрөгийг төлөөгүй болох нь төлбөр барагдуулах тухай албан бичиг, тооцооны үлдэгдлийн баталгаа, орон сууц хүлээлцэх акт, бараа материалын зарлагын баримтаар тогтоогдсон, шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. /хх13, 15-17, 29-31/

10. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө.” гэж зааснаар “РЭС” ХХК нь “Н Я Х прожект” ХХК-д бетон зуурмаг нийлүүлсэн, бетон зуурмагийн оронд цемент авч, хариуцагч компанид нийлүүлсэн буюу үүргээ  биелүүлсэн тул “...хэрэгт “Н Я Х прожект” ХХК-аас “БТ” ХХК-д задгай цемент нийлүүлсэн баримт байдаг болохоос “РЭС” ХХК-аас гэрээний дагуу бараа нийлүүлсэн гэх баримтгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлоогүй гэх хариуцагчийн татгалзал, гомдол үндэслэлгүй байна. Түүнчлэн гэрээний 3.12, 6.3-д тухайн сард нийлүүлсэн цементийн үнийн дүнгийн 50 хувийг дараа сардаа багтаан төлөх, худалдан авагч нийлүүлсэн барааны төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг худалдагч талд төлнө гэж заасан, шүүх үндсэн төлбөр 86,722,260 өөс гадна 5,810,391 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйл ийн 172.2-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” үндэслэлд хамаараагүй тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/01153 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1204 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 620,613 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

                                       ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                                              Д.ЦОЛМОН

                                                                                                              Х.ЭРДЭНЭСУВД