Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2020/01265

 

 

 

Ш.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/01412 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Гын хариуцагч С.Эд холбогдуулан гаргасан 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрхүү, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн Д.Отгонтуул, Б.Мөнгөнзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Өөрийн худ ургийн хамаатан болох иргэн С.Эд ...дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөө бэлэглэсэн. Миний бие дээрх орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд бэлэг хүлээн авагч С.Э нь орон сууцыг 2019 оны 07 дугаар сард Хас банкны өмчлөлд шилжүүлэн байрнаас хөөж гаргахаар улайрч байгаа нь намайг ноцтой гомдоож байна. 2008 онд бэлэглэлийн гэрээ байгуулсаныг мэдэж байсан, орон сууцыг зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн бөгөөд С.Э нь байрыг буцаан шилжүүлж өгнө гэж байсан. С.Э нь Хас банкны зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй хэрэгт эвлэрлийн гэрээ байгуулахдаа гуравдагч этгээд болох Ш.Гыг оролцуулаагүй байдаг. Иймд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасны дагуу орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, мөн хуулийн 280.2-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Ш.Г нь С.Эд орон сууцыг худалдах зорилготой байсан бөгөөд 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдөр орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулахдаа мөн өдрөө уг орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. С.Э нь орон сууцыг худалдан авах зорилгоор Хас банкнаас урт хугацааны зээл авсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХБХХК-ийн тайлбарт: ХБХХК нь иргэн С.Этэй 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 59000074 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 14.933 ам.долларыг жилийн 10.15 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатайгаар орон сууц худалдан авах зориулалтаар зээлдүүлсэн. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талууд эвлэрлийн гэрээ байгуулж, шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/00952 дугаартай захирамжаар эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. С.Э нь дээрх эвлэрлийн гэрээнд заасан төлбөрийг төлөөгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх ажиллагааг явуулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, ...80 тоотод байрлах ...улсын бүртгэлийн дугаартай, 14 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцаар хангуулж, ХБХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. ХБХХК, С.Э нарын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдах үед С.Э нь тухайн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь байсан бөгөөд түүнийг өмчлөгч биш, хөрөнгийг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрхгүй этгээд байсан гэх ямар ч нотлох баримт байхгүй, ийм нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн ХБХХК нь С.Эд зээл олгох, түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалах, тухайн барьцаа үндэслэлээр бэлэглэлийг хүчингүйд тооцуулахаар маргах эсэхийг урьдчилан тооцоолох боломжгүй байсан бөгөөд хуульд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийг барьцаалахыг хориглосон зохицуулалт байхгүй тул Ш.Г, С.Э нарын хооронд байгуулагдсан 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон ч ХБХХК нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 109 дүгээр зүйлийн 109.3-т тус тус заасны дагуу маргаан бүхий орон сууцны шударга өмчлөгч болох хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулахтай холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөлгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280 дугаар зүйлийн 280.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Гын хариуцагч С.Эд холбогдуулан гаргасан 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, ......... 14 мкв талбайтай, улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцыг буцаан авах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 150 төгрөгийг улсын орлогод үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Ш.Г нь өөрийн орон сууцаа анхнаасаа худалдах зорилготой, С.Э нь анхнаасаа худалдан авах зорилготой гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэжээ. Зохигчид худалдах худалдан авах гэрээ байгуулаад бэлэглэлийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарагдахаар байна. Хэрэгт хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний дагуу ямар нэгэн байдлаар төлбөр төлсөн баримт байхгүй, нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл уг орон сууцыг бодитойгоор ашиглаж, эзэмшиж байгаа зэрэг нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдах зорилготой байсан гэх үйл баримтыг үгүйсгэж байна. Мөн бэлэглэгчийг ноцтой гомдоосон нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн хувьд С.Э болон түүний хүү н.Төрхүү нарт өөрийн орон сууцаа барьцаалах зорилготой байсан боловч орон сууцыг Хас банкинд барьцаалсан гэдгийг банкны ажилтан гэрт нь очиход мэдсэн. Хариуцагчтай уулзахад зээлийг асуудалгүй төлөөд байрыг буцаагаад шилжүүлээд өгнө гэж хуурч мэхэлсээр ХБХХК-д нэхэмжлэгчид мэдэгдэлгүй сайн дураар, хүсэлтээрээ шилжүүлсэн байдаг. Уг үйлдэлд нь өндөр настай хүн ноцтой гомдсон. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлоогүй, хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байхад шүүхээс нэг талыг барьж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Шүүх маргааны үйл баримтыг бүрэн тогтоолгүй зөвхөн бэлэглэлийн гэрээний эрх зүйн үндэслэлд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Маргааны зүйл болсон орон сууц нь нэхэмжлэгч Ш.Г, Г.Н, Г.Ннарын өмчлөлөөс хариуцагч С.Эийн өмчлөлд бодитоор8 бэлэглэлийн гэрээний үндсэн дээр эсхүл худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр шилжсэн үү гэдэг нь тодорхой биш байна.

Хэргийн 148, 194 дүгээр талуудад маргаан бүхий орон сууцыг 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Ш.Г, Г.Н, Г.Ннараас хариуцагч С.Эд үнэ төлбөргүйгээр бэлэглэх тухай орон сууц бэлэглэлийн гэрээ, 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Ш.Г, Г.Н, Г.Ннараас хариуцагч С.Эд 25 000 000 төгрөгөөр худалдах тухай орон сууц худалдах, худалдан авах гэрээ авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар бэлэглэлийг хүчингүй болгоно гэж тайлбарладаг бол хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцыг өмчлөлдөө авсан гэж үгүйсгэдэг.

Орон сууц худалдах, худалдан авах гэрээнд хариуцагч нь байрны урьдчилгаа төлбөрт 7 500 000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл 17 500 000 төгрөгийг банкны зээлээр төлнө гэж бичигдсэн байх ба талуудын хооронд бодитоор орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бол худалдан авагч орон сууцны үнийг хэрхэн төлсөн, 2008 оноос одоог хүртэл 12 жилийн хугацаанд гэрээний зүйлийг худалдагч буюу нэхэмжлэгч ямар тохиролцооны үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байгаа нь тодорхойгүй байна.

2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ХБХХК нь хариуцагч С.Этэй барьцаат зээлийн гэрээ байгуулж, хариуцагчийг ................ байрлах 14 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авахад зориулан 14 933 ам.долларын зээл олгох, үүргийн гүйцэтгэлд уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар тохиролцсон байх ба зээлийн мөнгөн хөрөнгө нэхэмжлэгч Ш.Гад бүрэн шилжсэн эсэхийг тодруулах шаардлагатай байна. Дээрх нөхцөл байдал нь талуудын хоорондын маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодруулан, энэ талаар хэргийн оролцогчдыг хангалттай мэтгэлцүүлэх шаардлагатай тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/01412 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

А.МӨНХЗУЛ