Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01353

 

 

 

Б.Аын нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/00996 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Аын хариуцагч Г.Бд холбогдуулан гаргасан гэм хорын төлбөрт 1 298 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 10 цагийн үед Тоёота приус 20 маркийн ...УАЕ улсын дугаартай суудлын автомашинаар Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Буурал ээжийн буудлаас зурагтын шинэ эцэс рүү явах чиглэлд нэгдүгээр эгнээгээр явж байх үед Хонда инсайт маркийн ...УБА улсын дугаартай суудлын автомашины жолооч Г.Б нь баруун гар талаас уулзвар нэвтрэх журмыг зөрчин зам тээврийн осол гарсан. Г.Бгийн буруутай үйлдэл нь Замын цагдаагийн газрын хэргийн газар үзлэг хийсэн актаар тогтоогдсон. Вендо ХХК-ийн үнэлгээгээр 1 298 000 төгрөгийн хохирол учирсан дүгнэлт гарч Г.Б нь учруулсан хохирлоо 02 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож өргөдөл бичиж өгсөн. Вендо ХХК-ийн үнэлгээ хийлгэхээр Г.Бгийн нөхөр Даваа, түүний найз нь хамт явсан. Үнэлгээг зөвшөөрч Даваа 58 000 төгрөгийн үнэлгээний төлбөрийг төлж дүгнэлтийг авсан. Баруун урд крыло нугарч хойш гүйсэн, баруун урд шанаа гулзайсан гэдгийг нэг эд анги гэж үзэж байвал 100 000 төгрөг хасч тооцохыг зөвшөөрч байна. Харин урд доод сетка ком эд анги биш тусад нь үнэлсэн тул 35 000 төгрөгийг хасахгүй. Иймд Г.Бгаас машинд учруулсан хохирол болох 1 198 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Г.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн ...УБА улсын дугаартай, Хонда инсайт маркийн автомашинаа жолоодож явахдаа Б.Аын эзэмшлийн ...УАЕ улсын дугаартай, Тоёота приус маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан. Тухайн үед Замын цагдаагийн газраас ослын шалтгаан нөхцөлийг шалгаж, Г.Бгийн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзсэн ба хохирлын үнэлгээг хийхэд 1 298 000 төгрөгөөр үнэлсэн байна. Харин Г.Б нь тухайн үед өөрийн буруутай үйлдэл гэдгээ болон дээрх хэмжээний хохирол учирсан гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй боловч Баянгол дүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч С.Бзүгээс болсон асуудалд та нар хоёулаа буруутай, гэхдээ нэг нь заавал хариуцлага хүлээнэ, арай илүү буруутайгаараа Г.Бд торгууль ногдуулна, харин хохирлын асуудлыг цагдаагийн байгууллага шийдвэрлэхгүй шүүхээрээ шийдвэрлүүл гэж хэлсэн учраас Г.Б нь 1 298 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа мэт тайлбарыг бичиж өгсөн. Цагдаагийн байгууллагын шийдвэрээр Г.Бг буруутай гэж үзэж, хариуцлага хүлээлгэсэн боловч хохирлын асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хэрэгт авагдсан гэрэл зураг, үнэлгээний компанийн үнэлгээний тайлан гэх мэт баримтуудаас харахад баруун урд крыло нугарч хойш гүйсэн, баруун урд шанаа гулзайсан гэдгийг нэг эд анги бөгөөд давхардуулж бичсэн. Мөн урд доод сетка ком эд анги бөгөөд үнэлгээг хэт өндрөөр үнэлсэн болох нь харагдаж байна. Иймд дахин үнэлгээ тогтоолгох хүсэлттэй байна. Г.Б Вендо ХХК-ийн үнэлгээнд гомдол гаргаагүй байсан гэжээ.

 

 

 

Шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Бгаас 1 198 200 /нэг сая нэг зуун ерэн найман мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдгийн хураамжид төлсөн 35 800 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Бгаас 33 307 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ат олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагвын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэргийн харьяаллыг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Вендо ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн автомашин техникийн үнэлгээний тайлан гэх ганцхан нүүр баримтыг хэрэгт гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зүгээс түүнтэй нь танилцаад автомашины хохирлыг хэрхэн үнэлсэн болон эвдрэлийг засварлах эсхүл солиход гарах зардал эсэх нь тодорхойгүй, зах зээлийн үнэлгээнээс хэт өндрөөр үнэлсэн гэж маргасан. Шүүх хуралдаан эхлэхэд хэрэгт зөвхөн нэг хуудас баримт л авагдсан байсан ба шүүхээс шинээр өгөх баримт, гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулахад зохигчид хэн аль нь баримт байхгүй гэсэн боловч шүүх хуралдааны асуулт, хариултын шатанд нэхэмжлэгч талаас дээрх үнэлгээний тайлангийн задаргаа гэх баримтыг гаргаж өгснийг шүүх хүлээн авч, хэрэгт хавсарган, нотлох бармтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн хэргийн материалтай танилцах эрхийг ноцтой зөрчсөн, шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг зөрчиж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааны төгсгөл шатанд шинээр баримт гаргаж өгснийг шүүх хүлээн авч, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа бөгөөд хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Хариуцагчийн зүгээс энэ үндэслэлээр үнэлгээг хэрхэн хийсэн, солих эсхүл засварлахад гарах зардал эсэх нь тодорхойгүй тул дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг шүүх хуралдаан эхлэхэд гаргасан боловч хүлээн авахгүйгээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид харуулсан боловч түүнд тайлбар гаргах, няцаасан баримт гаргаж өгөх, маргах боломж олгоогүй, төлөөлүүлэгчдээ танилцуулж, байр суурийг нь мэдэх боломжгүй, үнэлгээний аль хэсэгт зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр, аль хэсэгт засварлах боломжтой байгааг шинээр солих гэх зэрэг нөхцөл байдлууд байгааг мэдэх хугацаа олгогдоогүй ба тухайн үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж байгааг хэлсэн боловч харгалзаж үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Хэдийгээр нэхэмжлэгч нь шинээр нотлох баримтыг гаргаж өгөх эрхтэй ч хуульд заасан журмын дагуу хариуцагчид танилцах боломжит хугацааны өмнө эсхүл хүндэтгэн үзэх шалтгаантайгаар шүүх хуралдаан дээр өгч байгаагаа нотлох, хариуцагчийн хувьд түүнтэй танилцах, тайлбар гаргах мөн холбоотой шинээр баримт гаргаж өгөх зэрэг эрхтэй байхаар хуульчилсан байхад анхан шатны шүүхээс энэ боломжоор хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйл 105.2-т заасныг ноцтой зөрчсөн. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хэргийн харьяаллыг зөрчсөн. Хариуцагч Г. Болортуяа нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 11-169 тоотод бүртгэлтэй, Цагдаагийн байгууллагад уг хаягаа өгсөн боловч бодит байдал дээр Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, ЗАА25-10-322 тоот хаягт оршин суудаг байхад хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх хүсэлтийг хүлээн авалгүй хэргийн харъяаллыг зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагч нь хохирлын үнэлгээ болон хэргийг харьяаллын дагуу шийдвэрлүүлэх байсан гэж маргаж байхад энэхүү эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна. Хариуцагч Г.Бгийн хувьд авто тээврийн осол гаргасан буруутай байж болох ч учруулсан хохирлыг бодитоор тогтоолгох эрхээ хэрэгжүүлэхийг хүссэн байхад энэ боломжоор хангагдаж чадсангүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Г.Бд холбогдуулан гэм хорын хохиролд 1 298 200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагаас 1 198 200 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Зохигчид зам тээврийн осол хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас гарсан талаар маргаагүй боловч автомашинд учирсан хохирлын хэмжээний талаар маргасан байна.

 

Хариуцагч Г.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, телевизийн замд Хондо инсайт маркийн ...УБА улсын дугаартай автомашинийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дах заалтыг зөрчиж Б.Аын жолоодон явсан Тоёото приус маркийн ...УАЕ улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан байна. Цагдаагийн байгууллагаас хариуцагч Г.Бд Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 51 дэх хэсэгт заасан үндэслэлээр 100 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. /хх4-5,9/

 

Вендо ХХК автомашинд учирсан хохирлын хэмжээг 1 298 200 төгрөг гэж тогтоосон байх ба хариуцагч нь нэхэмжлэгчийн автомашинд 1 298 200 төгрөгийн хохирол учруулсан, уг хохирлыг 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаа зөвшөөрч Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргажээ. /хх8, 37/

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

 

Хэргийн 37 дугаар тал дахь автомашины техникийн үнэлгээний тайланд автомашинд үзлэг хийх үед урд буфер хагарч бутарсан, баруун урд крыло нугаларч хойш гүйсэн, баруун урд гэрэл хагарсан, баруун урд нэмэлт гэрэл хагарсан, урд доод сетка хугарсан, урд хөөсөнцөр хугарсан, урд кранштейн хугарсан, баруун урд шанаа гулзайсан, баруун урд лонжром гулзайсан, урд панел баруун талаараа гулзайсан, урд баруун тогтоогч зам хугарсан, радиаторын хуванцар хаалт хугарсан байдалтай байсан гэж тэмдэглэгдсэн байх ба хариуцагч нь баруун урд крыло нугарч хойш гүйсэн, баруун урд шанаа гулзайсан гэж эд ангийг 2 удаа давхардуулан бичсэн гэж маргасныг нэхэмжлэгч зөвшөөрч үнэлгээний тайлангаар тогтоосон үнийн дүнгээс 100 000 төгрөг хассан байна.

 

Хэргийн 12-13, 37 дугаар талд авагдсан автомашины фото зураг болон Вендо ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн автомашинд хийсэн үнэлгээний тайлангаас үзэхэд буферийн хөөсөнцөр, буферийн доод сеткийг нэг эд анги гэж үзэх боломжгүй, шинжээч үнэлгээ хийхдээ дээрх эд ангийг тус бүрт нь үнэлсэн байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

 

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй. Тус шүүхийн 2020 оны 00126 дугаар тогтоолоор хариуцагчийн шинжээч томилуулах хүсэлтийг хангахгүй орхисныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. /хх38-39/

 

Мөн хариуцагчийн хэргийн харьяалал болон нотлох баримттай танилцуулаагүй гэх гомдол үндэслэлгүй. Хэргийн 7 дугаар талд авагдсан оршин суугаа хаягийн тодорхойлолтод хариуцагч Г.Б Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 11 гудамж 169 тоотод оршин суудаг гэж тэмдэглэгдсэн байх ба тэрээр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюуш 10-322 тоотод оршин суудаг гэсэн баримтгүй байна. 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд зохигчдын хэн аль нь шүүх хуралдаанд шинээр гаргаж өгөх бичгийн нотлох баримтгүй гэж тэмдэглэгдсэн байхын зэрэгцээ шүүх хуралдааны асуулт, хариултын явцад нэхэмжлэгчээс үнэлгээний баримт гаргаж өгсөн талаар хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол 3 хоногийн дотор засвар хийлгэх эрхтэй байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй тул хуульд заасан журмын дагуу баталгаажуулсан тэмдэглэлийг үндэслэн давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийв.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/00996 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 310 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

 

А.МӨНХЗУЛ