Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00699

 

Б.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/00996 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1353 дугаар магадлалтай,

Б.Аын нэхэмжлэлтэй,

Г.Бд холбогдох,

Гэм хорын төлбөрт 1,298,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагвын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Г.Бд холбогдуулан гэм хорын төлбөрт 1,298,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/00996 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Бгаас 1,198,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдгийн хураамжид төлсөн 35,800 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Бгаас 33,307 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ат олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1353 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/00996 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,310 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалууд нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс хэрэглэвэл зохих Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасныг хэрэглээгүй байх ба нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Вендо гэх үнэлгээний компанийн 2020.01.21-ний өдрийн Автомашин техникийн үнэлгээний тайлан гэх ганцхан нүүр баримтыг хэрэгт гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн зүгээс түүнтэй нь танилцаад автомашины хохирлыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, эвдрэлийг засварлах эсхүл солиход гарах зардал эсэх нь тодорхойгүй, үндэслэлгүйгээр зах зээлийн үнэлгээнээс хэт өндрөөр үнэлсэн гэж маргасан бөгөөд шүүх хуралдаан эхлэхэд хэрэгт зөвхөн энэхүү нэг хуудас баримт л авагдсан байсан. Шүүх бүрэлдэхүүнээс шинээр өгөх баримт, гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулахад зохигчид хэн аль нь баримт байхгүй гээд шүүх хуралдаан цааш үргэлжилсэн боловч шүүх хуралдааны асуулт, хариултын шатанд нэхэмжлэгч талаас дээрх үнэлгээний тайлангийн задаргаа гэх баримтыг шүүхэд гарган өгсний шүүхээс хүлээн авч, хэрэгт хавсарган, үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн хэргийн материалтай танилцах эрхийг ноцтой зөрчсөн, шүүх өөрөө хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг ноцтой зөрчиж, хэт нэг талыг барьсан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал хариуцагчийн зүгээс хэргийн материалтай танилцах эрхтэй гэж хуульд заасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хэргийн аль ч шатанд гаргаж өгсөн баримттай танилцах эрхээ хэрэгжүүлдэг байтал шүүх хуралдааны төгсгөл шатанд шинээр баримт гарган хэрэгт хавсаргаж, түүнийг нь шүүх хүлээн авч, цаашлаад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа болохын зэрэгцээ хариуцагчийн эрхийг ноцтой зөрчиж, энэ тохиолдолд хэрэглэвэл зохих Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасныг хэрэглээгүй, хэрэгжүүлээгүй, зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс энэ ч үндэслэлээр үнэлгээг хэрхэн хийсэн, солих эсхүл засварлахад гарах зардал эсэх нь тодорхойгүй тул дахин үнэлгээ хийлгэх, шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хуралдаан эхлэхэд гаргасан боловч шүүх хүлээн аваагүй, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба тэр хүртэл уг баримт хэрэгт авагдаагүй байсан болно. Шүүх хуралдааны явцад тэрхүү баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд өгөхөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад харуулсан боловч түүнд тайлбар гаргах, няцаасан баримт гаргаж өгөх, маргах боломжгүй, мөн төлөөлүүлэгчдээ танилцуулж, байр суурийг нь ч мэдэх боломжгүй, үнэлгээний аль хэсэгт зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр, аль хэсэгт засварлах боломжтой байгааг шинээр солих гэх зэрэг нөхцөл байдлууд байгааг мэдэх боломжгүй, хугацаа олгогдоогүй ба тухайн үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ингэж болохгүй, энэ бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж байгааг хэлсэн боловч шүүх харгалзан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Хэдийгээр нэхэмжлэгч нь шинээр нотлох баримтыг гаргаж өгөх эрхтэй ч хуульд заасан журмын дагуу хариуцагч танилцах боломжит хугацааны өмнө эсхүл хүндэтгэн үзэх шалтгаантайгаар шүүх хуралдаан дээр өгч байгаагаа нотолсны үндсэн дээр гаргаж өгөх, хариуцагчийн хувьд түүнтэй танилцах, тайлбар гаргах, мөн түүнтэй холбоотой шинээр баримт гаргаж өгөх зэрэг эрхтэй байхаар хуульчилсан байхад анхан шатны шүүхээс энэ боломжоор хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйл 105.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэж заасныг ноцтой зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар давж заалдах шатны шүүхээс “...хэргийн 12-13, 37 дугаар хуудсанд авагдсан автомашины фото зураг, Вендо” ХХК-ийн 2020.01.21-ний өдрийн автомашинд хийсэн үнэлгээний тайлангаас үзэхэд...” гэж дурдсан байгаагаас харахад шүүх хуралдаан эхлэхэд хавтаст хэргийн 12-13 дугаар хуудсанд зөвхөн гэрэл зураг, 7 дугаар хуудсанд үнэлгээний тайлан гэх ганцхан нүүр баримт л зөвхөн авагдсан байсан болох нь харагдаж байх ба шүүх хуралдааны тэмдэглэлд шинээр нэг ч баримт өгөөгүй болох нь мөн харагдаж байхад гэнэт 37 дугаар хуудсанд шинээр баримт орж ирсэн байгааг харж болохоор байхад ганц шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй гэдгээр хэрэгт байсан баримт мэтээр дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүйгээр зөвтгөсөн байна.

4.2. Шүүхээс хэргийн харьяалал буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж заасныг зөрчсөн ба хариуцагч Г.Б нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 11-169 тоотод бүртгэлтэй, цагдаагийн байгууллагад уг хаягаа өгсөн боловч бодит байдал дээр Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, ЗАА25-10-322 тоот хаягт оршин суудаг байхад хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх хүсэлтийг хүлээн авалгүйгээр, хэргийн харьяаллыг зөрчиж, хэргийг шийдвэрлэсэн нь мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

4.3. Хариуцагч Г.Б нь 2020.01.20-ны өдөр өөрийн эзэмшлийн 71-25 УБА улсын дугаартай, Хонда инсайт маркийн автомашинаа жолоодож явахдаа нэхэмжлэгч Б.Аын эзэмшлийн 43-50 УАЕ улсын дугаартай, Тоёота Приус маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан, нэгэнт Замын цагдаагийн газраас ослын шалтгаан, нөхцөлийг шалгаж, хариуцагч Г.Бгийн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзсэн асуудалтай холбогдуулан маргадаггүй ба гагцхүү хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй талаар болон хэргийг харьяаллын дагуу шийдвэрлүүлэх талаар зөвхөн маргадаг байхад энэхүү эрх хэрэгжүүлэх боломжийг олгоогүй хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх хэт нэг талыг баримталсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх түүнийг зөвтгөж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч Г.Бгийн хувьд авто тээврийн осол гаргасан буруутай байж болох ч учруулсан хохирлыг бодитоор тогтоолгох эрхээ хэрэгжүүлэхийг хүссэн боловч энэ боломжоор хангагдаж чадаагүй, энэхүү боломжоор шүүхүүд хангаагүй, эрхийг хязгаарласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэт нэг талыг баримталсан гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагчийн зүгээс хуульд заасан эрхээ бүрэн хэрэгжүүлсний үндсэн дээр шударгаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасны дагуу хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.

6. Нэхэмжлэгч Б.А хариуцагч Г.Бд холбогдуулан автомашины ослоос шалтгаалж эд хөрөнгөд учирсан гэм хорын төлбөрт 1,298,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “Г.Б нь тухайн үед өөрийн буруутай гэдгээ болон дээрх хэмжээний хохирол учирсан болохыг зөвшөөрөөгүй боловч хохирлын асуудлыг цагдаагийн байгууллага шийдвэрлэхгүй шүүх шийднэ гэсэн учраас 1,298,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа мэт тайлбарыг бичиж өгсөн, хэрэгт авагдсан гэрэл зураг, үнэлгээний тайлан зэргээс баруун урд крыло нугарч хойш гүйсэн, баруун урд шанаа гулзайсан гэдэг нь нэг эд анги байхад давхардуулж бичсэн, урд доод сетка ком эд анги ба хэт өндрөөр үнэлсэн,” гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

8. Хариуцагч Г.Б 2020.01.20-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр телевизийн замд Хонда Инсайт маркийн 71-25 УБА улсын дугаартай автомашин жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалт буюу баруун гар талаас уулзвар нэвтрэх журмыг зөрчсөнөөс Приус-20 маркийн 43-50 УАЕ улсын дугаартай автомашиныг мөргөж эвдрэл учруулсан гэм буруутай болох нь тогтоогджээ.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын ...эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн зүйлийн 497.2-т “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж тус тус заасан.

Хариуцагч Г.Бгийн гэм буруутай хууль бус үйлдэл тогтоогдсон, уг үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан, үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоотой тул тэрээр гэм хорыг арилгах үүрэгтэй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

10. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан байна.

Нэхэмжлэгч нар хохирлын үнэлгээг тогтоосон “Вендо” ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэн 1,298,200 төгрөг шаардсан бөгөөд харин анхан шатны шүүх хуралдаанд эд зүйлийн үнэлгээнээс 100,000 төгрөг (үнэлгээний тайланд баруун урд крыло нугарч гүйсэн, баруун урд шанаа гүйсэн гэж давхцуулж үнэлсэн) хасч тооцохыг зөвшөөрсөн тул уг мөнгийг хасч үлдэх хэсгийг гаргуулж шийдвэрлэхдээ шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо, “...нэхэмжлэгчээс үнэлгээний тайлангийн задаргааг шүүх хуралдааны асуулт, хариулт явагдах үед өгснийг шүүх хүлээн авсан, уг баримтыг хариуцагч талд танилцуулаагүй, улмаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, үнэлгээг дахин хийлгэхээр шинжээч томилуулах хариуцагчийн хүсэлтийг хүлээн аваагүй эрх зөрчсөн, шүүхийн харьяалал зөрчиж хэргийг шийдвэрлэсэн” гэжээ.

11.1. Өмнө нь гаргаагүй баримт буюу үнэлгээний хавсралт хуудсыг шүүх хуралдааны явцад шүүх хүлээн авч хариуцагчийг танилцах боломжоор хангаагүй гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь хэргийн баримтаас үзэхэд “Вендо” ХХК-ийн үнэлгээний тайланг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсарган өгчээ. Уг үнэлгээгээр тогтоосон үнийн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэгч автомашинд учирсан хохирлыг шаардаж нэхэмжлэлээ гаргасан байх ба уг шаардлагад хариуцагч хариу тайлбар өгч талууд мэтгэлцжээ. Түүнчлэн “Вендо” ХХК-ийн үнэлгээг зөвшөөрч уг үнийн дүнгээр хохирлыг бүрэн төлөхөө хариуцагч хүлээн зөвшөөрч байснаас үзэхэд шүүх хуралдааны явцад үнэлгээний хавсралт хуудсыг шүүх нэхэмжлэгчээс хүлээн авсныг хариуцагчийн мэтгэлцэх эрхийг зөрчсөн шүүхийн шийдвэрт нөлөөлсөн ноцтой зөрчил болохгүй гэж дүгнэв.

11.2. Шинжээч томилж үнэлгээг дахин тогтоолгох хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс шүүх хариуцагч талаас гаргасан энэ хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

12. Дээрх байдлаар хоёр шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд заасныг хянахад хяналтын шатны шүүхээс гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй гэж дүгнэв.

13. Харин хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага гаргасан хууль зүйн үндэслэлийг оновчтой тодорхойлоогүйг залруулах нь зүйтэй гэж үзэв. Учир нь хариуцагч Г.Б автомашиныг жолоодон явахдаа гэм буруутай хууль бус үйлдлээр бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх зохицуулалтыг хэрэглэх нь зөв болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1353 дугаар магадлалын тогтоох хэсгийн дэх 1 заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/00996 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “499 дүгээр зүйлийн 499.1” гэснийг “497 дугаар зүйлийн 497.1” гэж өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.Б /итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва/-ийн 2020.07.29-ний өдөр 33,310 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД