Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2020/00996

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, шүүгч Ж.Цэнгэл, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: дүүрэг, дүгээр хороо, гудамж  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, М овогт Б-ийн А-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, дүгээр хороо, гудамж  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, Ш овогт Г-ын Б-д холбогдох,

 

Гэм хорын төлбөрт 1,298,200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагчийн төлөөлөгч Т.Ц, иргэдийн төлөөлөгч П.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнх-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 10 цагийн үед Тоёота приус 20 маркийн  УАЕ улсын дугаартай суудлын автомашинаар Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Буурал ээжийн буудлаас Зурагтын шинэ эцэс рүү явах чиглэлд  нэгдүгээр эгнээгээр явж байх үед Хонда инсайт маркийн  УБА улсын дугаартай суудлын автомашины жолооч Г.Б нь баруун гар талаас уулзвар нэвтрэх журмыг зөрчин зам тээврийн осол гарсан. Г.Бгийн буруутай үйлдэл нь Замын цагдаагийн газрын хэргийн газар үзлэг хийсэн актаар тогтоогдсон. Вендо ХХК-ийн үнэлгээгээр 1,298,000 төгрөгийн хохирол учирсан дүгнэлт гарч Г.Б нь учруулсан хохирлоо 2 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож өргөдөл бичиж өгсөн. Вендо ХХК-ийн үнэлгээ хийлгэхээр Г.Бгийн нөхөр Даваа, түүний найз нь хамт явсан. Үнэлгээг зөвшөөрч Даваа 58,000 төгрөгийн үнэлгээний төлбөрийг төлж дүгнэлтийг авсан. Баруун урд крыло нугарч хойш гүйсэн, баруун урд шанаа гулзайсан” гэдгийг нэг эд анги гэж үзэж байвал 100,000 төгрөг хасч тооцохыг зөвшөөрч байна. Харин урд буферын доод сетка ком эд анги биш тусад нь үнэлсэн тул 35,000 төгрөгийг хасахгүй. Иймд Г.Бгаас машинд учруулсан хохирол болох 1,198,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Бгийн төлөөлөгч Т.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан  хариу  тайлбартаа:  Г.Б  нь  2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн  УБА улсын дугаартай, Хонда инсайт маркийн автомашинаа жолоодож явахдаа Б.Аын эзэмшлийн  УАЕ улсын дугаартай, Тоёота приус маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан. Тухайн үед Замын цагдаагийн газраас ослын шалтгаан нөхцөлийг шалгаж, Г.Бгийн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзсэн ба хохирлын үнэлгээг хийхэд 1,298,000 төгрөгөөр үнэлсэн байна. Харин Г.Б нь тухайн үед өөрийн буруутай үйлдэл гэдгээ болон дээрх хэмжээний хохирол учирсан гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй боловч Баянгол дүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн а/д С.Болдбаатарын зүгээс болсон асуудалд та нар хоёулаа буруутай, гэхдээ нэг нь заавал хариуцлага хүлээнэ, арай илүү буруутайгаараа Г.Бд торгууль ногдуулна, харин хохирлын асуудлыг цагдаагийн байгууллага шийдвэрлэхгүй шүүхээрээ шийдвэрлүүл гэж хэлсэн учраас Г.Б нь 1,298,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа мэт тайлбарыг бичиж өгсөн. Цагдаагийн байгууллагын шийдвэрээр Г.Бг буруутай гэж үзэж, хариуцлага хүлээлгэсэн боловч хохирлын асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хэрэгт авагдсан гэрэл зураг, үнэлгээний компанийн үнэлгээний тайлан гэх мэт баримтуудаас харахад Баруун урд крыло нугарч хойш гүйсэн, баруун урд шанаа гулзайсан” гэдгийг нэг эд анги бөгөөд давхардуулж бичсэн. Мөн урд буферын доод сетка ком эд анги бөгөөд үнэлгээг хэт өндрөөр үнэлсэн болох нь харагдаж байна. Иймд дахин үнэлгээ тогтоолгох хүсэлттэй байна. Г.Б Вендо ХХК-ийн үнэлгээнд гомдол гаргаагүй байсан гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Г.Бд холбогдуулан ослын улмаас учирсан хохирол болох засварын зардалд 1,298,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Т.Ц нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “Г.Бд торгууль ногдуулна. Харин хохирлын асуудлыг Цагдаагийн байгууллага шийдвэрлэхгүй, шүүхээр шийдвэрлүүл гэж хэлсэн учраас Г.Б 1,298,200 төгрөгийг зөвшөөрч байгаа мэт тайлбар бичиж өгсөн” гэж маргаж байна.

 

Хариуцагч Г.Б 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны  нутаг дэвсгэр телевизийн замд Х.Инсайт маркийн  УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалтыг зөрчсөнөөс Т.Приус маркийн  УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Х.Соната маркийн  УБВ улсын дугаартай автомашиныг шүргэж, тээврийн хэрэгсэлд 1,298,200 төгрөгийн хохирол учруулсан болох нь Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Осол хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч схем, “Вендо” ХХК-ийн Үнэлгээний тайлан, Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай  2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 3100006200084419 дугаартай “Шийтгэлийн хуудас”, зохигчдын тайлбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар зөрчил гаргагч Г.Бд торгох шийтгэл ногдуулжээ.

Мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол гэх үндэслэлээр зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байх ба зөрчил гаргагч Г.Б нь дээрх шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргаагүй байна.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар нэхэмжлэгч учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах шаардах эрхтэй.

 

Хариуцагч Г.Б нь нэхэмжлэгч Б.Аын  УАЕ улсын дугаартай, Приус-20 маркийн автомашинд учруулсан эвдрэл, хохирлыг Вендо ХХК-иар үнэлүүлэхэд нэхэмжлэгч Б.Атай хамт байлцсан, үнэлгээний тайлангаар хохирлыг 1,298,200 төгрөг гэж тодорхойлсон, хариуцагч Г.Б нь үнэлгээний төлбөрт 54,000 төгрөгийг нөхөр гэх Б.Даваадоржоор дамжуулж төлсөн, уг үнэлгээг тухайн үедээ зөвшөөрч гарын үсэг зурсан, энэ талаар гомдол гаргаагүй, тэрээр осол гаргасан гэм буруугийн талаар маргаагүй, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хохиролд 1,298,200 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргаж байжээ.

 

Харин хариуцагчийн төлөөлөгч Т.Ц нь дээр дурдсан Вендо ХХК-ийн үнэлгээнээс тайлангийн 4 дэх хэсэгт “баруун урд крыло нугарч хойш гүйсэн, баруун урд шанаа гулзайсан” гэж нэг эд ангийг 2 удаа бичсэн, урд буферын доод сетка комыг эд анги гэж маргаж дахин үнэлгээ гаргуулна” гэж мэтгэлцсэн.

 

“Вендо” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний  тайлангийн хавсралтаар “баруун урд шанаа 100,000 төгрөг, урд буферын доод сетка 35,000 төгрөг” гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч Б.А нь “баруун урд крыло нугарч хойш гүйсэн, баруун урд шанаа гулзайсан” гэдгийг нэг эд анги гэж үзэж байвал үнэлгээний тайлангаар тогтоосон 100,000 төгрөгийг нь хасаж тооцохыг зөвшөөрч, харин урд буферын доод сетка ком эд анги биш тусад нь үнэлсэн” гэж тайлбарлав.

 

Гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо, гэм буруу тогтоогдсон байхыг шаардах бөгөөд хариуцагч Г.Бгийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б.Аын автомашинд 1,298,200 төгрөгийн хохирол учирсан үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой гэж үзэхээр байна.

Иймд Вендо ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон 1,298,200 төгрөгөөс нэхэмжлэгч Б.Аын зөвшөөрсөн 100,000 төгрөгийг хасаж, хариуцагч Г.Бгаас 1,198,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Бгаас 1,198,200 /нэг сая нэг зуун ерэн найман мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдгийн хураамжид төлсөн 35,800 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бгаас 33,307 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ат олгосугай.

 

3. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.НАРАНГЭРЭЛ

 

                                  ШҮҮГЧИД                                       Ж.ЦЭНГЭЛ

 

                                                                                       Т.ЭНХТУЯА