Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 297

 

З.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай      

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 19 дүгээр магадлалтай, З.Бт холбогдох 1935004690230 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1963 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2007 оны 5 дугаар сарын 9-нд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 5 хоног хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуульд хамрагдан суллагдсан, Булгадар овогт Зын Б нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч З.Быг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч З.Бт 2 жил 3 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 238.095 төгрөгийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.Бт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр Увс аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүгдэгч З.Б нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 20-39 тоотод байрлах иргэн Б.Мын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 32 инчийн зурагт хулгайлж, нийт 238.095 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 13 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

...Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Б.Болормаа, Д.Бунжаа нарын давж заалдсан гомдлоор хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хянан хэлэлцээд 19 дугаар магадлалаар Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.Бт холбогдох эрүүгийн 1935004690230 дугаартай хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд:

1.Увс   аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн магадлалын ТОДОРХОЙЛОХ хэсэгт “З.Бд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор хохирогчийн хулгайд алдагдсан гэх зурагтад үзлэг хийсэн байх бөгөөд үзлэгийн тэмдэглэл хэрэгт авагдсан байна. Үзлэгийн тэмдэглэлд “үзлэгийн явцад Samsung А3О загварын гар утсаар - кадр зураг авч үзлэгийн тэмдэглэлд хавсаргахаар тогтов” гэж бичсэн байх боловч уг гэрэл зургаа хэрэгт хавсаргаагүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 6, 7 дахь хэсэгт зааснаар үзлэгийн ажиллагааг гэрэл зургаар бэхжүүлсэн бол хэрэгт хавсаргах ёстой” гэж дурьдсан нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Ажиллагааны явцад мэдээллийг тусгасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, хэмжилт хийх, ул мөрнөөс хэв, хээ буулгаж авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэсэн бол тэдгээрийг тэмдэглэлд тусган хавсаргана”, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “тэмдэглэлд мөрдөн шалгах ажиллагаанд ашиглаж байгаа техник хэрэгслийн нэр төрөл, үзүүлэлтийг тэмдэглэж, хэдэн минутын бичлэг хийсэн, хэдэн ширхэг гэрэл зураг авсныг тусгана” гэж тус тус заасан. Хэдийгээр Увс аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Даваа-Од нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зурагтанд үзлэг хийж, тэмдэглэл үйлдэхдээ Samsung А3О загварын гар утсаар хэдэн кадр гэрэл зураг авсан болохоо тэмдэглээгүй боловч уг гэрэл зургийг дахин хэрэгт хавсаргаснаар хэргийн нөхцөл байдалд өөрчлөлт орохгүй юм. Мөрдөгч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч шалгах ажиллагааны явцад хулгайд алдагдсан телевизорт үзлэг хийж, нотлох баримт цуглуулахдаа үзлэгийн явцыг хэдэн кадр зургаар бэхжүүлсэн болохоо дурьдаагүй алдаа гаргасан.

Иймд нэгэнт мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй нотлох баримтыг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “...Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” байх гэсэн заалтыг баримталж бусад нотлох баримтаар шүүгдэгч З.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон эсэх, үзлэгийн тэмдэглэлийг гэрэл зургаар бэхжүүлээгүй нь шүүхийн шийдвэр гарахад ноцтойгоор нөлөөлөх нөхцөл байдал мөн эсэхэд дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлж аваагүй бол түүнийг дахин мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн хийж гүйцэтгүүлэх шаардлагагүй, түүнийг нотлох баримтанд тооцохгүйгээр хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн нарын мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой юм.

2.Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...мөрдөгч эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоолгох шинжилгээ хийлгэхдээ шинжилгээний объектын талаарх мэдээллийг агуулсан баримт материал болох зурагтанд үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт зэргийг шинжээчид хүргүүлээгүй нь шинжилгээний үр дүн буюу үнэлгээ бодитой гаргах нөхцөл бүрдээгүй гэж үзнэ” гэх дүгнэлтийг хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үйл баримтыг зөвхөн нэг талаас нь харж дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлгүйгээр хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан гэж үзнэ. Мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Даваа-Од нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хулгайд алдагдсан хөрөнгийн үнэлгээг эрх бүхий байгууллагаар гаргуулахаар шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолыг үйлдсэн. Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолын ТОГТООХ хэсэгт “...Увс аймгийн Улаангом суманд 2019 оны 11 дүгээр сарын 8-ны байдлаар SAMSUNG загварын 32 инчийн LCD зурагт, 2019 оны 7 дугаар сард Улаанбаатар хотоос 250.000 төгрөгөөр худалдан авч байсан” гэх зурагтны зах зээлийн үнэлгээг гаргуулахаар дурьдсан болно. Өөрөөр хэлбэл мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинжээч томилох шийдвэрт шинжилгээ хийлгэх үндэслэл, шинжилгээний байгууллага, шинжээчийн нэр, шинжээчид тавих асуулт, шинжилгээ хийх хугацаа, шинжилгээний объектийн талаарх мэдээллийг тусгана” гэж заасны дагуу хулгайд алдагдсан эд хөрөнгийн талаарх мэдээллийг шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолд бүрэн тусгасан байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх нь эд хөрөнгийн үнэлгээг гаргуулахаар шинжээч томилж, шинжилгээ хийлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хорин долдугаар бүлэгт заасан аль журмыг ноцтой зөрчсөн болохыг хууль зүйн талаас нь тодорхой дурьдаагүй, үндэслэлгүй дүгнэлт болжээ. Мөрдөгчийн гаргасан шийдвэрийн дагуу "Увс Финанс Аудит” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 416 дугаар шинжээчийн дүгнэлтээр Samsung загварын 32 инчийн LCD зурагтыг 238.095 төгрөгөөр үнэлсэн байна. Иймд мөрдөгчийн эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу гарсан “Увс Финанс Аудит” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 416 дугаар шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт, мэдээлэл байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхээр байна. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч З.Б нь хохирогч Б.Мын орон байрны халдашгүй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж, эд хөрөнгийг нь хулгайлсан үйлдэлд дүгнэлт хийхгүйгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитой тогтоогоогүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн хууль ёсны үндэслэлтэй гарсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзнэ.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...эд зүйлийн үнэлгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол болон эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 416 дугаартай дүгнэлтийг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1, 27.2, 27.7 дугаар зүйлд тус тус заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн” гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзнэ. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13 дахь хэсэгт “оролцогч гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг” хэлнэ гэж тайлбарласан. Увс аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Даваа-Од нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол үйлдэж, шинжээчийн дүгнэлт гаргуулах цаг хугацаанд прокуророос З.Бд холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй байсан тул хэргийн оролцогч гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөрдөгч нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж прокуророос дугаар авч мөрдөн шалгах ажиллагаа явуулаад 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр З.Бд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргасан. Прокуророос хэргийг хүлээн авч хянаад 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр З.Быг Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 20-39 тоотод байрлах иргэн Б.Мын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 32 инчийн зурагт хулгайлж, нийт 238.095 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан цаг хугацаанаас эхлэн З.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болсон байна.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс эд зүйлд үнэлгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг яллагдагч болон түүний өмгөөлөгчид танилцуулаагүй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болоогүй хүнд шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол, шинжээчийн дүгнэлтийг танилцуулахыг шаардаж байгаа нь хууль бус үйлдэл юм. Хуульд нэгэнт томилсон шинжилгээ хийлгэх тогтоол, шинжээчийн дүгнэлтийг нөхөж танилцуулах зохицуулалт байхгүй бөгөөд харин хэргийн оролцогч нар буюу яллагдагч З.Б, өмгөөлөгч Д.Бунжаа нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн материалыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр танилцуулахдаа хэргийг бүхэлд нь танилцуулсан болно. Энэ ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1, 27.2, 27.7 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн нөхцөл байдал биш, харин эрүүгийн хэргийн оролцогч нарын эрхийг хангаж, хэргийн материалыг бүхэлд нь танилцуулах замаар оролцогчийн эрхийн хангасан гэж үзнэ. Цагдаагийн байгууллагын ажилтан буюу Увс аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Батзориг нь тухайн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг ажил үүргээ гүйцэтгэж байхдаа олж мэдэж, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр илтгэх хуудас бичиж өгсөн ба тус гомдол мэдээллийг мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Даваа-Од хүлээн авч шалгасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.4 дүгээр зүйлд албан тушаалтан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг бичгээр гаргаж болохоор заасан ба цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа олж мэдсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн эх сурвалжийг тогтоох нь хэргийн шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ талаар дурдагдсан нь илүүц дүгнэлт болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн мэдүүлгийг магадлах нь хэргийн нотолгооны хувьд шаардлагагүй . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг заасан ба З.Бд холбогдох хэргийг хавтаст хэргийн хүрээнд дүгнэлт хийж шийдсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байхад хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан шудрага ёсны зарчим, гэм буруугийн зарчимд нийцээгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

Иймд Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 19 дүгээр магадлал нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль ёсны үндэслэлтэй болж чадаагүй байх тул хүчингүй болгож, харин Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нямсүрэн хэлсэн саналдаа: “Шинэ, эсвэл хуучин зурагт авсан эсэхийг тодруулах боломж байсан. Мөн зурагтны үнэлгээг гаргахдаа хохирогчийн хэлсэн үнийн дагуу гаргасан. Тийм учраас үнэлгээг дахин гаргах шаардлагатай. Тухайн үед шинжээч томилсон тогтоолыг хэргийн холбогдогч нарт зайлшгүй танилцуулах шаардлагатай байсан боловч танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчил юм. Иймд магадлалыг дэмжиж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн заалт нь хэрэгт ач холбогдолгүй. Мөрдөн байцаалтын шатанд алдагдсан зурагтанд үзлэг хийж, гэрэл зургийг хавсаргаагүй нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлөх зөрчил биш юм. Мөн шинжээчийн дүгнэлтэд зурагтны шинж чанарыг дэлгэрэнгүй дурдсан байхад давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийгдэж байх хугацаанд шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд тухайн үед хэргийн оролцогч биш З.Бд шинжээч томилсон тогтоолыг танилцуулах боломжгүй учраас мөрдөн шалгах ажиллагаа хийсний эцэст хэргийн материалтай танилцуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтооолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн З.Бт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч З.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 20-39 тоотод байрлах иргэн Б.Мын гэрт хууль бусаар нэвтэрч “Самсунг” загварын 32 инчийн зурагт хулгайлж, 238.095 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч З.Быг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч З.Бт 2 жил 3 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Харин шүүгдэгч нь хулгайлсан зурагтаа хохирогчид биет байдлаар нь буцаан өгсөн байхад анхан шатны шүүхээс зурагтны үнэ болох болох 238.095 төгрөгийг шүүгдэгчээс хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь буруу байх тул энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан үндэслэлээр З.Бт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагагүй, энэ талаар прокурор үндэслэл бүхий эсэргүүцэл бичсэн байх тул эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой мэдээллийг шийтгэх тогтоол, магадлалд тусгахдаа урьд ял шийтгүүлсэн байдлыг тодорхой бичиж байхыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаярын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 19 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                              Б.БАТЦЭРЭН

                                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН