Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01577

 

Д.Анэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/01634 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Ахариуцагч М ТӨҮГ-т холбогдуулан Оршуулгын зардал 21 205 150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, А.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү ...Хэнтий аймгийн Бор өндөр суманд байрлах М ТӨҮГ-ын саунд 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 9 цаг 30 минутад тогонд цохиулж нас барсан. Нас барсан шалтгаан нь Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагаатай шууд холбоотой. Тус саунд 1980-аад оны хөргөгчний цахилгааны утас шалбарч, тог цахилгааны битүүмжлэл алдагдсаны улмаас хүний амь насанд аюултай нөхцөл байдал үүссэнийг мэдэлгүй сауныг цэвэрлэхээр орсон. Хариуцагч байгууллага өөрийн эзэмшил ашиглалтад байгаа ажилчдын саунд цахилгаан тоног төхөөрөмжийг аюулгүй байдлын шаардлага хангаагүй ажиллуулж байсан нь 2018 оны 09 сарын 12-ны өдрийн 05/18 гэсэн тоот дүгнэлтээр нотлогдож байгаа. Энэ нь Хөдөлмөр аюулгүй байдлын дүрэм журмын 28, 25, 9.3 дугаар зүйлүүдийг зөрчсөн байна. Энэ хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн 16.1-т заасан хүнийг болгоомжгүйгээр алах гэмт хэрэг үүсгэн шалгаж байсан. Тухайн үед хариуцагч тал манайх сауныг хүлээж аваагүй, түр саунаар ажиллаж байсан зэргээр хариуцлагаас зайлсхийж байсан. Эрүүгийн хэрэгт эзэн холбогдогч нь тогтоогдохгүй байна гэж үзэн 2018 оны 02 дугаар сард хэргийг хэрэгсэхгүй болгосон ба иргэний шүүхээр хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзсэн. Энэ үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас гомдол гаргаж чадаагүй. Хохирогч сэтгэл санааны хүнд байдлаас гарсны дараа гомдол гаргатал хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хүлээж аваагүй. Хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын дүрэм, журам зөрчигдсөн мөн тухайн газар ажилладаггүй хүмүүст түлхүүр өгсөн учраас энэ хохирол үүсэх шууд бодит шалтгаан болсон. Гэм буруутай этгээдийг тогтоохгүй боловч М нэгдэл нь аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчсөн тул хүн нас барсан. Иймд шатахууны зардал 608,000 төгрөг хүнсний бүтээгдэхүүнд 2,944,500 төгрөг, 2,108,450 төгрөг, 2,015,100 төгрөгзэдийн зүйлд 8,795,000 төгрөг, 1,246,700 төгрөгмах 1,150,000 төгрөг, 280,000 төгрөгхайрцаг хоргой торго 276,000 төгрөгхөшөө 135,000 төгрөгнийт баримтаар тогтоогдож байгаа 19,558,750 төгрөгийн оршуулгын зардал нэхэмжилж байна гэжээ.

 Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын шинжээч нь осол болсон сауны схем зураг, ослын талаарх бусад мэдээлэлд үндэслэн сауны тоноглол нь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн Сауны ерөнхий шаардлага МNS 5164:2002 стандартад нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргасан байх ба шинжээчийн дээрх дүгнэлтээр ...амь хохирсон хор уршигт УБҮ-р болон М ТӨҮГ-р гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр осол гарсан саунд үзлэг хийсэн тэмдэглэлд үзлэгээр сауны усан санд ус дүүргэх зориулалтаар халуун, хүйтэн усыг онгойлгож, усаа хаалгүй орхисноос ус хашлаганаас хальж хувцас солих өрөөнд хүчдэлд залгаастай ажиллаж байсан хөргөгчний моторын амраагч реле усанд автаж эргэн тойрны хэсэгт цахилгаан соронзон орны аюултай орчин үүссэнийг тогтоов гэснээс үзэхэд сауны усан сангийн халуун, хүйтэн усны крантыг нээж орхисон бусдын үйлдлийн улмаас ...амь нас хохирсон байна. М ХХК-ийн харьяа Бор-Өндөр УБҮ-ийн үйлдвэрлэлийн талбайд байрлах саунд болсон золгүй тохиолдлыг судалсан 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн актад 2017 оны 09 дүгээр сарын 20-ны орой 19 цаг 47 минутад ...эх Б.Ань золгүй тохиолдол болсон саунд орохоор нэгэн эмэгтэйн хамт УБҮ-ийн 1-р постоор нэвтрэн орж эргээд 21 цаг 44 минутад гарсан нь хяналтын камерийн бичлэгт хадгалагдсан байна, ...Б.Ань 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө алдаж буй усыг хаахаар өөрийн хүү Б.Пүрэвхүүг дагуулан 38-07 улсын дугаартай авто машинаар УБҮ-ийн 1 дүгээр постоор нэвтрэн орсон. Ус алдалтыг хаахаар орсон ...нь усанд автсан саунд алхамын цахилгаан гүйдэлд нэрвэгдсэн байдалтай байсан талаар тэмдэглэгдсэн байна. Иймд ...амь нас хохирсон хор уршигт Д.А, С.Бнарын хайхрамжгүй үйлдэл шууд шалтгаант холбоотой гэж үзэж байна. Иймд иргэн Д.Агаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

.

Шүүх:  Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1, 508 дугаар зүйлийн 508.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар хариуцагч М ТӨҮГ-аас 9,156,025 /есөн сая нэг зуун тавин зургаа мянга хорин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ад олгож, нэхэмжлэлээс 10,402,725 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.160 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,975 /хоёр зуун жаран гурван мянга есөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 164,446 /нэг зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун дөчин зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...түлхүүрийг албаны чиг үүрэгт хамааралгүй этгээдэд шилжүүлж, зохих зөвшөөрөлгүй этгээдүүдийг нэвтрүүлсэн гэх асуудалд хариуцагч гэм буруугүй бөгөөд халуун усны түлхүүрийг шүүгч С.Бболон цагдаагийн ажилтан Внар нь эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглан үйлдвэрийн ажилтан ........... гаргуулж авсан, шүүгч С.ББ.Анар нь үйлдвэрийн хамгаалалт бүхий бүсэд харуул хамгаалтын болон хөдөлмөр, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг санаатай зөрчин, дур мэдэн нэвтэрч, эрх бүхий албан тушаалтны шийдвэр, зөвшөөрөлгүйгээр халуун усанд орохдоо усан сангийн хаалтийг нээж орхин, эрсдэл бүхий нөхцөл үүсгэж, улмаар бусдын амь насанд гэм хор учруулсан ноцтой зөрчил гаргасанЗөрчил гаргасан этгээд Д.А нарт холбогдох зөрчилтэй холбогдсон асуудлыг хянан хэлэлцэх явцад зөрчил гаргагч бусдаар эрхээ төлөөлүүлсэн явдал нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлэх, хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд саад учруулсаныг шүүх анхаарч үзэхийг хүсч байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

  Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч М ТӨҮГазарт холбогдуулан оршуулгын зардал 21 205 150 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн дүнг 19 558 750 төгрөг болгон багасгасан байна.

  Хэргийн 3-11, 108-111 дүгээр талд авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогджээ.

..................... багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ............ үйлдвэрийн Эрчим хүчний цехийн харьяа саунд ...нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09 цаг 30 минутын орчимд тогонд цохиулж нас барсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд хуулийн этгээдэд ял оногдуулахаар заагаагүй тул хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэлгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хааж, хохирогчийн төлөөлөгч Д.Ад өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж ............сум дахь сум дундын Прокурорын газрын Прокурорын 2019 оны 30 дугаартай тогтоолоор шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 17 дугаар дүгнэлтээр талийгаач ............. цахилгааны үйлчлэлийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж үйлдвэрийн саунд нас барсан болох нь тогтоогдсон. /хх3-11, 108-111/

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ ... сауны усан сангийн халуун, хүйтэн усны крантыг нээж орхисон Д.А, С.Бнарын үйлдлийн улмаас ...амь нас хохирсонД.А нь осол гарах үед Бор-Өндөр УБҮ-ийн Дулааны станцад конвейрийн машинчаар ажиллаж байсан ба үйлдвэрийн саунд ус алдаж бусдын амь насанд аюултай байдал үүсэж болзошгүй нөхцөл байдал үүссэн болохыг Д.А, С.Байгалмаа нар мэдсээр байж үйлдвэр цехийн удирдлагад мэдэгдэж шаардлагатай арга хэмжээ авахуулаагүй, асуудлыг дур мэдэн шийдвэрлэсэн... гэж тайлбарласан нь үндэслэл муутай болжээ.

Осол болсон газар болох М ТӨҮГазрын харьяа .................. үйлдвэрийн үйлдвэрлэлийн талбайд байрлах сауны газар нь 1980-аад оны үед Благоуст-во отоплен нэрээр бүртгэгдсэн бөгөөд 1987 оноос өнөөг хүртэл М ТӨҮГазрын Уулын Баяжуулах үйлдвэрийн албанд харьяалагддаг болох нь Ерөнхий захирлын 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/93 тоот, 2017 оны 10 дугаар сарын 05-ны А/110 тоот тушаалуудаар ................... үйлдвэрийн эзэмшил байсан нь Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон буюу энэ талаар зохигчид маргаагүй. /Хх-15-17/

Хэргийн 15 дугаар талд авагдсан 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтэд ... Ажил олгогч үйлдвэрлэлтийн явцад бий болж байгаа сөрөг хүчин зүйлийг илрүүлэх эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, техник зохион байгуулалтын арга хэмжээ аваагүй, үйлдвэрлэлтийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах, ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдлийн үнэлгээ хийх заалтуудыг тус тус зөрчсөнөөс гадна М ТӨҮГазрын харьяа ............ баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн талбайд байрлах саунд болсон золгүй тохиолдлыг судалсан 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн акт, эрүүгийн хэрэгт гэрчүүдийн өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд үйлдвэрийн объектод зохих зөвшөөрөлгүй этгээдүүдийг нэвтрүүлсэн, үйлдвэрийн объектод байрлах сауны түлхүүрийг албаны чиг үүрэгт хамаарахгүй этгээдэд шилжүүлсэн буруутай байхаас гадна сауны тоног төхөөрөмж нь аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн МNS 4930:2000 аюулгүй ажиллагаа, Ерөнхий шаардлага стандартыг зөрчсөнсауны цахилгаан монтаж цахилгааны холболт нь цахилгаан ашиглалтын аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаагүй нөхцөл байдал нь саунд ус алдсан үед цахилгаан соронзон орны аюултай орчин үүссэн... гэж заажээ.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд хариуцагчийн эзэмшлийн саунд ус алдаж цахилгаан соронзон орны аюултай орчин үүсч, нэхэмжлэгч Д.Ахүү ...нь цахилгааны үйлчлэлийн улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан гэж дүгнэхээр байна.

Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэгт Барилга байгууламжийн хийц, зохион байгуулалтыг дур мэдэн өөрчилсөн, эсхүл түүнд байрлуулсан буюу дамжуулан оруулсан эрчим хүч, галын болон тэсрэх аюултай, хортой бодисын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учирсан бол уг гэм хорыг тухайн үйл ажиллагаа явуулж байгаа этгээд, эсхүл аюултай зүйлийн өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Иймд ...нас барсны улмаас учирсан хохиролын дүнг хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулан дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь оршуулгын зардалд нийт 18 312 050 төгрөг зарцуулсан гэж нэхэмжилсэн боловч шүүх 1 246 700 төгрөгт холбогдох хэсгийг нотлох баримтын шаардлага хангаагүй, цаг хугацааны хувьд хэзээ үйлдсэн нь тодорхойгүй баримт гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт нийцнэ.

Харин нэхэмжлэгч Д.А, түүний хүү талийгаач ...нар нь үйлдвэрийн объектод дур мэдэн нэвтрэн, албаны чиг үүрэгт хамааралгүй үйлдэл хийсэнд зохих хэмжээгээр буруутайИргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болох тул нотлох баримтаар тогтоогдсон гэм хорын хохирлын хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас гаргуулах нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/01634 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

  ШҮҮГЧИД  А.ОТГОНЦЭЦЭГ

 

  А.МӨНХЗУЛ