Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2020/01634

 

 

 

 

 

                         2020       05          11

    101/ШШ2020/01634

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.А-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “М” ТӨҮГазарт холбогдох

 

Оршуулгын зардал 21,205,150 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, А.Э, Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов. 

                                   

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний хүү Б.П нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Уулын баяжуулах үйлдвэрийн саунд тогонд цохиулж амь насаа алдсан юм. Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын шинжээчийн дүгнэлтээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.4 заалтууд 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалт /цахилгааны тоног төхөөрөмж удирдлага, дохиолол, хаалт хамгаалалттай, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх хэрэгслээр тоноглогдсон эсэх /9.4 дэх заалт/ цахилгаан тоног төхөөрөмж нь зураг төслийн дагуу угсрагдсан, газардуулга, даацын баталгааг мэргэжлийн хяналтаар хийлгэж, цахилгаан ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлага хангасан эсэх/-ийг хангаж ажиллаагүй. УБҮ-ийн сауны тоноглол нь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн, “Саун Ерөнхий шаардлага’’ МNS 5164:2002 стандартын шаардлагыг хангаж ажиллана” гэсэн заалтын нотлох баримт бичиг байхгүй байгаа. Сауны тоног төхөөрөмж нь аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, /Үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ/ мөн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн МNS 5164:2002 аюулгүй ажиллагаа, ерөнхий шаардлага стандартыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт гарсан тул УБҮ-ийг буруутай гэж үзэж оршуулгын зардалд зарцуулсан 21,205,150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэнтий аймгийн Бор өндөр суманд байрлах М ТӨҮГ-ын саунд 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 9 цаг 30 минутад Б.П тогонд цохиулж нас барсан. Тогонд цохиулж нас барсан үйлдэл нь хариуцагчийн эзэмшилд байдаг Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн ажилчдын халуун усны газарт болсон. Тухайн үед үүрэг даалгавар өгсний дагуу сауныг цэвэрлэх үүрэг авсан ээждээ туслах гэж үйлдвэрийн хориотой бүс рүү нэвтрэн орсонтой холбоотой нас барсан. Нас барсан шалтгаан нь Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагаатай шууд холбоотой. Тус саунд 1980-аад оны хөргөгчний цахилгааны утас шалбарч, тог цахилгааны битүүмжлэл алдагдсаны улмаас хүний амь насанд аюултай нөхцөл байдал үүссэнийг мэдэлгүй сауныг цэвэрлэхээр орсон. Хариуцагч байгууллага өөрийн эзэмшил ашиглалтад байгаа ажилчдын саунд цахилгаан тоног төхөөрөмжийг аюулгүй байдлын шаардлага хангаагүй ажиллуулж байсан нь 2018 оны 09 сарын 12-ны өдрийн 05/18 гэсэн тоот дүгнэлтээр нотлогдож байгаа. Энэ нь Хөдөлмөр аюулгүй байдлын дүрэм журмын 28, 25, 9.3 дугаар зүйлүүдийг зөрчсөн байна. Энэ хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн 16.1-т заасан хүнийг болгоомжгүйгээр алах гэмт хэрэг үүсгэн шалгаж байсан. Тухайн үед хариуцагч тал манайх сауныг хүлээж аваагүй, түр саунаар ажиллаж байсан зэргээр хариуцлагаас зайлсхийж байсан. Эрүүгийн хэрэгт эзэн холбогдогч нь тогтоогдохгүй байна гэж үзэн 2018 оны 02 дугаар сард хэргийг хэрэгсэхгүй болгосон ба иргэний шүүхээр хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзсэн. Энэ үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас гомдол гаргаж чадаагүй. Хохирогч сэтгэл санааны хүнд байдлаас гарсны дараа гомдол гаргатал хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хүлээж аваагүй. Хариуцагч тал хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас энэхүү хэрэг гарсан. Санаатайгаар хүн алаагүй боловч хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул оршуулгын зардлаа нэхэмжилж байгаа. Хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын дүрэм, журам зөрчигдсөн мөн тухайн газар ажилладаггүй хүмүүст түлхүүр өгсөн учраас энэ хохирол үүсэх шууд бодит шалтгаан болсон. Гэм буруутай этгээдийг тогтоохгүй боловч М нэгдэл нь аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчсөн тул хүн нас барсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т зааснаар хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллага түүний гүйцэтгэх захирал хариуцахаар шууд заасан. М нэгдлийн зөрчсөн дүрэм журам, заалтууд нь дүгнэлтэд тодорхой тусгагдсан байгаа. Иймд шатахууны зардал 608,000 төгрөг хүнсний бүтээгдэхүүнд 2,944,500 төгрөг, 2,108,450 төгрөг, 2,015,100 төгрөг, зэдийн зүйлд 8,795,000 төгрөг, 1,246,700 төгрөг, мах 1,150,000 төгрөг, 280,000 төгрөг,  хайрцаг хоргой торго 276,000 төгрөг, хөшөө 135,000 төгрөг, нийт баримтаар тогтоогдож байгаа 19,558,750 төгрөгийн оршуулгын зардал нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.А нь Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын шинжээчийн дүгнэлтэд үндэслэн Б.П нас барсан хор уршигт М ТӨҮГ-ыг буруутгаж оршуулгын зардал 21,205,150 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын шинжээч нь осол болсон сауны схем зураг, ослын талаарх бусад мэдээлэлд үндэслэн сауны тоноглол нь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн “Сауны ерөнхий шаардлага” МNS 5164:2002 стандартад нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргасан байх ба шинжээчийн дээрх дүгнэлтээр Б.П-ийн амь хохирсон хор уршигт УБҮ-р болон М ТӨҮГ-р  гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир бусдын амь насанд гэм хор учруулснаас үүсэх үүргийг Иргэний хуулийн 2 дугаар дэд бүлэгт “Зөрчлийн улмаас үүсэх үүрэг”-т хамааруулж зохицуулсан байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь зөрчил гаргасан этгээдийн гэм бурууд үндэслэгдсэн, зөрчил гаргагчийн үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт шалтгаант холбоотой байх “Зөрчил”-д тавигдах шинжийг агуулсан байна. Мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-д заасан “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж хуульчилсан. 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр осол гарсан саунд үзлэг хийсэн тэмдэглэлд “Үзлэгээр сауны усан санд ус дүүргэх зориулалтаар халуун, хүйтэн усыг онгойлгож, усаа хаалгүй орхисноос ус хашлаганаас хальж хувцас солих өрөөнд хүчдэлд залгаастай ажиллаж байсан хөргөгчний моторын амраагч реле усанд автаж эргэн тойрны хэсэгт цахилгаан соронзон орны аюултай орчин үүссэнийг тогтоов” гэснээс үзэхэд сауны усан сангийн халуун, хүйтэн усны крантыг нээж орхисон бусдын үйлдлийн улмаас Б.П-ийн амь нас хохирсон байна. “Монголросцветмет” ХХК-ийн харьяа Бор-Өндөр УБҮ-ийн үйлдвэрлэлийн талбайд байрлах саунд болсон золгүй тохиолдлыг судалсан 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн актад “2017 оны 09 дүгээр сарын 20-ны орой 19 цаг 47 минутад Б.П-ийн эх Б.А нь золгүй тохиолдол болсон саунд орохоор нэгэн эмэгтэйн хамт УБҮ-ийн 1-р постоор нэвтрэн орж эргээд 21 цаг 44 минутад гарсан нь хяналтын камерийн бичлэгт хадгалагдсан байна”, “...Б.А нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө алдаж буй усыг хаахаар өөрийн хүү Б.П-г дагуулан 38-07 улсын дугаартай авто машинаар УБҮ-ийн 1 дүгээр постоор нэвтрэн орсон. Ус алдалтыг хаахаар орсон Б.П нь усанд автсан саунд алхамын цахилгаан гүйдэлд нэрвэгдсэн байдалтай байсан талаар тэмдэглэгдсэн байна. Иймд Б.П-ийн амь нас хохирсон хор уршигт Б., С.Б нарын хайхрамжгүй үйлдэл шууд шалтгаант холбоотой гэж үзэж байна. Иргэн Д.А нь осол гарах үед Бор-Өндөр УБҮ-ийн Дулааны станцад конвейрийн машинчаар ажиллаж байсан ба үйлдвэрийн саунд ус алдаж бусдын амь насанд аюултай байдал үүсэж болзошгүй нөхцөл байдал үүссэн болохыг мэдсээр байж үйлдвэр цехийн удирдлагад мэдэгдэж шаардлагатай арга хэмжээ авахуулахаар ХАБЭА тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.14 болон Бор-Өндөр УБҮ-т мөрдөгдөж буй аюулгүй ажиллагааны зааврыг зөрчин, асуудлыг дур мэдэн шийдвэрлэсэн түүний үйлдлийг мөн хор уршигтай холбон үзэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т “хохирогч өөрөөр санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно” гэсний дагуу чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд иргэн Д.А-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.А нь М ТӨҮГазрын Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт холбогдуулан оршуулгын зардал 21,205,150 төгрөг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг сольж, хариуцагчаар “Монголросцветмет” ТӨҮГазар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

 

            Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн дүнг багасгаж, оршуулгын зардалд нотлох баримтаар тогтоогдсон 19,558,750 төгрөгийг нэхэмжилжээ. 

             

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн “Эрчим хүчний”-ний цехийн харьяа саунд Б.П нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09 цаг 30 минутын орчимд тогонд цохиулж нас барсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд хуулийн этгээдэд ял оногдуулахаар заагаагүй тул хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэлгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хааж, хохирогчийн төлөөлөгч Д.А нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын Прокурорын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 30 дугаартай тогтоолоор тогтоогдож байна. /хх-3-11 тал/

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаар дүгнэлтээр талийгаач Б.Пүрэвхүүг цахилгааны үйлчлэлийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан гэж тогтоосон байна. /хх-108-111 тал/

 

Нэхэмжлэгч Д.А нь М ТӨҮГазрын харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт Дулааны станцын конверийн машинч, ХАБЭА, нөхөн сэргээлтийн хэлтэст туслах ажилчнаар тус тус ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс мэргэжлээс шалтгаалах өвчний группийг 40 хувиар тогтоосон тул хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөгдсөн болох нь Уулын баяжуулах “Бор-Өндөр” үйлдвэрийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар тогтоогдож байна. /хх-46, 48-49 тал/

 

Нэхэмжлэгч Д.А-ийн хүү Б.П нь Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн Дулааны станцын конверийн машинчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн захирлын тушаалын хуулбараар тогтоогдож байгаа ба зохигч энэ талаар маргаагүй. /хх-44-45, 47 тал/

 

Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч “Монголросцветмет” ТӨҮГазар нь осол болсон сауны өмчлөгчийн хувиар оршуулгын зардлыг хариуцах үндэслэлтэй гэж тайлбарлаж,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сауны усан сангийн халуун, хүйтэн усны крантыг нээж орхисон Б.А, С.Б нарын үйлдлийн улмаас Б.П-ийн амь нас хохирсон, Д.А нь осол гарах үед Бор-Өндөр УБҮ-ийн Дулааны станцад конвейрийн машинчаар ажиллаж байсан ба үйлдвэрийн саунд ус алдаж бусдын амь насанд аюултай байдал үүсэж болзошгүй нөхцөл байдал үүссэн болохыг мэдсээр байж үйлдвэр цехийн удирдлагад мэдэгдэж шаардлагатай арга хэмжээ авахуулаагүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.14, Бор-Өндөр УБҮ-т мөрдөгдөж буй аюулгүй ажиллагааны зааврыг зөрчин, асуудлыг дур мэдэн шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т “хохирогч өөрөөр санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно” гэсний дагуу чөлөөлөх үндэслэлтэй гэж маргажээ.

 

Хариуцагч М ТӨҮГазар нь уг сауны өмчлөгч болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон, үүнд:

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 05/092/18 дугаар дүгнэлтийн 2 дахь хэсэгт “Бор-Өндрийн Уулын Баяжуулах үйлдвэрийн хашаан дотор байрлах сауны газар нь 1980-аад оны үед тус үйлдвэрийн барилга угсралтын ажил явагдаж байх үеэс Оросын мэргэжилтнүүд ашиглаж байсан ба үйлдвэрийг ашиглалтад хүлээлгэж өгөх үед талбай дээрх түр байгууламжуудыг "Благоуст-во отоплен” нэртэй бүртгэгдсэн байжээ. 1987 оноос өнөөг хүртэл Уулын Баяжуулах үйлдвэрийн энергетикийн албаны халуун усны зориулалтаар ашиглаж ирсэн байна. Уг объект нь М ХХК-ийн нэг албанд харьяалагдаж байгаа тул хэрхэн ашиглах талаар үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирал шийдвэр гаргасан байх үүрэгтэй бөгөөд энэ талаар ямар нэгэн албан тушаалтанд хариуцуулсан тушаал шийдвэр гараагүй, үүнтэй холбоотой ажил үүргийн хуваарь, дүрэм журмыг баталж мөрдөгдөөгүй байна. Мөн хавтаст хэргийн 39 дүгээр хуудаст авагдсан Ерөнхий захирлын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/93 тоот, 2017 оны 10 дугаар сарын 05-ний А/110 тоот тушаалуудаар Бор-Өндрийн Уулын Баяжуулах үйлдвэрийн эзэмшил байсан нь нотлогдож байгаа тул Уулын Баяжуулах үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирал сауны ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баталж мөрдүүлэх, ашиглах эзэмшигчийг тодорхой болгох үүргээ хэрэгжүүлээгүй,” гэсэн байна.

 

Түүнчлэн хариуцагч М ТӨҮГазрын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн талбайд байрлах саунд болсон золгүй тохиолдлыг судалсан 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн актанд 2017 оны 09 сарын 21-ний өглөө 09 цаг өнгөрч байхад УБҮ-ийн үйлдвэрлэлийн талбайд байрлах саунд /усанд орох газар/ Бор-Өндөр сумын иргэн Б.П-ийн цахилгаан гүйцдэлд өртсөн золгүй тохиолдлыг судлан,

-Золгүй тохиолдлын нөхцөл байдлын талаар 2017 оны 09 дүгээр сарын 20-ны орой 19 цаг 47 минутад Б.П-ийн эх тус УБҮ-ийн дулааны станцын конвейерын машинч ажилтай Б.А нь уг золгүй тохиолдол болсон саунд нэгэн эмэгтэйн хамт орохоор УБҮ-ийн 1-р постоор явганаар нэвтрэн орж эргээд 21 цаг 44 минутад гарсан нь хяналтын камерын бичлэгт хадгалагдсан байна. Маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 21-ний  өглөө саунд ус алдаж байгаа тул хаахаар очлоо гэж дулааны цехийн орон сууцны мастер Э.Э Б. нь утасдан хэлсэн. Уг сауны түлхүүрийг Б.Э-аас урьд өдөр нь цагдаагийн ажилтан В гэдэн хүн авсан байна. Ингээд Б.А нь 2017 оны 09 сарын 21-ний өглөө алдаж байгаа усыг хаахаар өөрийн хүүг дагуулан 38-07 ХЭҮ улсын дугаартай автомашинаар УБҮ-ийн 1-р постоор нэвтрэн орсон. Ус алдалтыг хаахаар орсон Б.А нь усанд автсан саунд алхамын цахилгаан гүйдэлд нэрвэгдсэн байдалтай байсан. Асгарсан усны түвшин саунд байгаа хөргөгчний компрессорын моторын амраах релений шонд хүрсэн нь алхамын гүйдэл үүсэх гол шалтгаан болсныг УБҮ-ийн мэргэжилтэнүүд үзлэгээр тогтоосон...

-Г.А ажил үүргийн шаардлагагүйгээр өөрийн хүүг дагуулан үйлдвэрийн бүсэд дур мэдэн нэвтрэн орж тухайн саунд алдаж байсан усыг хаах оролдлого хийлгэсэн гэж дүгнэж, саунтай холбоотой аюулгүй ажиллагааны үзлэг зохион байгуулж, шаардлагатай материалыг захиалгыг хангамжийн албанд ирүүлэх, зохих шаардлагыг хангуулан актаар баталгаажуулахыг саун эзэмшигч цех, нэгжүүдийн даргад үүрэг болгож, дээр арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавихыг эрх бүхий этгээдэд үүрэг болгож, Саун халуун усны газрын хариуцагч томилох, аюулгүй ажиллагааны санамжийг хасварган ашиглах нэгдсэн журмыг боловсруулан батлуулахыг эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгож, үйлдвэрийн бүсэд зөвшөөрөлгүй гадны хүмүүс болон тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхийг хориглох, ажлын бус цагаар нэвтрэх шаардлагатай ажилтнуудын бүртгэлийг гаргах, сауны түлхүүр өгсөн гэх Э.Э-д сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэжээ.

 

Мөн Бор-Өндөр УБҮ-ийн Харуул хамгаалалтын албаны ахлах мэргэжилтэн З.М Ослын нөхцөл байдлын талаар дүрс бичлэг, осол болсон өдөр ажиллаж байсан харуул Д.Ш-ын тайлбар, рапортын дэвтрийн хуулбар зэргийг үндэслэн Ослын нөхцөл байдлын талаар тайлбар бичгээр гаргаж, уг тайлбарыг Золгүй тохиолдлыг судласан актад тусгажээ. /хх-50-56/

 

М ТӨҮГ-ийн харьяа Бор-Өндөр УБҮ-ийн ажилтнууд тухайлбал, Дулааны станцын мастер Э.Э нь Эрчим хүчний цехийн цахилгааны инженер Ж.Э-с сауны түлхүүрийг авч  гэх хүний гуйлтаар түүнд өгсөн болох нь эрүүгийн хэрэгт Э.Э, Э.Э, Д.Э нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. /хх-191-209/

 

Дээр дурдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 05/092/18 дугаар дүгнэлт, Монголросцветмет ТӨҮГазрын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн талбайд байрлах саунд болсон золгүй тохиолдлыг судалсан 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн акт, эрүүгийн хэрэгт гэрчүүдийн өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд хариуцагч нь уг обьектийн өмчлөгч гэдэг нь тогтоогдож байгаа ба үйлдвэрийн объектод зохих зөвшөөрөлгүй этгээдүүдийг нэвтрүүлсэн, үйлдвэрийн объектод байрлах саун /халуун усны газар/-ы түлхүүрийг албаны чиг үүрэгт хамаарахгүй этгээдэд шилжүүлсэн буруутай байхаас гадна саун /халуун усны газар/-ы тоног төхөөрөмж нь аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, "Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн МNS 4930:2000 аюулгүй ажиллагаа. Ерөнхий шаардлага.” стандартыг зөрчсөн, сауны цахилгаан монтаж цахилгааны холболт нь цахилгаан ашиглалтын аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаагүй нөхцөл байдал нь саунд ус алдсан үед цахилгаан соронзон орны аюултай орчин /алхмын гүйдэл/ үүсэхэд нөлөөлсөн ба Б.Пүрэвхүү нь цахилгааны үйлчлэлийн улмаас, амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан нь байна.

 

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 05/092/18 дугаар дүгнэлтээр Бор-Өндөр УБҮ-ийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т заасан үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах, 28 дугаар зүйлийн 28.1.4-т заасан ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх, 9 дүгээр зүйлийн 9.3-т заасан цахилгааны тоног төхөөрөмж нь удирдлага, дохиолол, хаалт, хамгаалалттай, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх хэрэгслээр тоноглогдсон байна, 9 дүгээр зүйлийн 9.4-т заасан цахилгааны тоног төхөөрөмж нь зураг төслийн дагуу угсрагдсан, газардуулга, газардуулгын даацын баталгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, цахилгаан ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагыг хангасан байна гэснийг тус тус зөрчсөн, сауны цахилгаан монтаж цахилгааны холболт нь цахилгаан ашиглалтын аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаагүй гэж үзсэн байна.

 

Иймээс Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1-т зааснаар Барилга байгууламжийн хийц, зохион байгуулалтыг дур мэдэн өөрчилсөн, эсхүл түүнд байрлуулсан буюу дамжуулан оруулсан эрчим хүч, галын болон тэсрэх аюултай, хортой бодисын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учирсан бол уг гэм хорыг тухайн үйл ажиллагаа явуулж байгаа этгээд, эсхүл аюултай зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй тул хариуцагч Монголросцветмет ТӨҮГазар нь обьектийн өмчлөгчийн хувиар хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.А, түүний хүү талийгаач Б.П нар нь үйлдвэрийн объектод дэр мэдэн нэвтрэн, албаны чиг үүрэгт хамааралгүй үйлдэл хийсэн буруутай тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болох тул нотлох баримтаар тогтоогдсон гэм хорын хохирлын хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас гаргуулах нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй тул хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон шатахууны зардал 608,000 төгрөг, хүнсний зүйлийн үнэ 7,068,050 төгрөг, оршуулгын зан үйлтэй холбоотой /зэд/ зардалд 8,795,000 төгрөг, махны үнэ 1,430,000 төгрөг, хайрцаг, торгоны үнэ 276,000 төгрөг, хөшөөний үнэ 135,000 төгрөг, нийт 18,312,050 төгрөгийн оршуулгын зардал баримтаар тогтоогдсон, харин нотлох баримтын шаардлага хангаагүй, цаг хугацааны хувьд хэзээ үйлдэгдсэн нь тодорхойгүй 1,246,700 төгрөгийн оршуулгын зардал баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.

 

Иймд хариуцагч М ТӨҮГазраас гэм хорын хохиролд 9,156,025 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.А-д олгож, нэхэмжлэлээс 10,402,725 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хавтаст хэргийн 130-143 дугаар талд авагдсан аюулгүй ажиллагааны заавар, Зааварчлагын хяналтын хуудас, Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн захирлын зарим албан тушаалтанд арга хэмжээ авсан тушаал зэрэг нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасантай нийцэхгүй байгаа тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болохыг дурдав.

 

 Шүүх хуралдаанд сонгогдсон иргэдийн төлөөлөгч ирээгүй тул зохигчид иргэдийн төлөөлөгчийн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэхэд татгалзахгүй гэснийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 502 дугаар зүйлийн 502.1, 508 дугаар зүйлийн 508.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар хариуцагч “М” ТӨҮГ-аас 9,156,025 /есөн сая нэг зуун тавин зургаа мянга хорин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгож, нэхэмжлэлээс 10,402,725 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,975 /хоёр зуун жаран гурван мянга есөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 164,446 /нэг зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун дөчин зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

                                                      ШҮҮГЧИД                                         Б.МАНДАЛБАЯР

 

                                                                                                  Л.ЭНХЖАРГАЛ